Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2017/0737/З |
Дугаар | 480 |
Огноо | 2017-06-16 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Халиуна, шүүгч А.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Т” ХХК-нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрийн хэлтсийн (хуучин нэрээр) даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 295 дугаар шийдвэрийн давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, иргэдийн төлөөлөгч С.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Т” ХХК Ашигт малтмалын газар геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийг олгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Давж заалдах шатны магадлал, хяналтын шатны тогтоолын дагуу тусгай зөвшөөрлийг сэргээлгэх асуудал нь Урт нэртэй хуулийн хүрээнд давхцалгүй хэсгээр нь сэргээх боломжгүй үлдсэн хэсэгт тусгай зөвшөөрлийг сэргээх боломжтой гэх ойлголтыг олж авсан. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Урт нэртэй хуулийн хүрээнд давхцалгүй хэсгийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ашигт малтмалын газар геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын 15332А тусгай зөвшөөрлийн талбайд Урт нэртэй хуулийн хилийн заагтай давхцалгүй байх тул “Т” ХХК-ийг ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Манай “Т” ХХК Булган аймгийн Бүрэгхангай сумын “Баруун зах цаг” нэртэй газар нутагт орших 28 гектар талбай бүхий газрыг анх 1998 онд 1328А дугаартайгаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан. 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын 1038 гэсэн тоот шийдвэрээр 15332А тусгай зөвшөөрлийг авсан. Уг тусгай зөвшөөрлийг эзэмшээд 19 жил болж байна. 2012 оны 295 тоот шийдвэр гарахаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж, биелүүлж байсан. 2009 онд Улсын Их Хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсны дагуу усны сан бүхий газартай давхцалтай байна гэж Ашигт малтмалын газраас тухайн үед хэлсэн. Төрийн захиргааны үйл ажиллагааны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, хянуулж явж байсан. Урт нэртэй хууль гарснаар ойн сан бүхий, усны сан бүхий хамгаалалтын талбайг буцаан авах талаар хэлж байсан. Урт нэртэй хуулийн хилийн заагт давхцалтай хэсгийн талбайг буцаан өгөх талаар өргөдөл гаргасан. Уг өргөдлийг хүлээн авч хуульд заасан нөхөн олговрыг олгоно гэж байсан. 2014 оны Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журам үйлчилж байсан. “Т” ХХК-ийн хувьд 28.67 гектар талбайг эзэмшдэг. Тойм зургаас харахад 1.42 м.кв талбай нь усны сан бүхий газартай давхцалтай байгааг манай зүгээс үгүйсгэж байгаа зүйл байхгүй. Урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамаарсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.
27.25 гектар талбай нь урт нэртэй хуулийн үйлчлэлд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байгаа юм. Хамаарахгүй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбараас харагдаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үүргээ биелүүлж явж байхад Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2012 оны 295 дугаар шийдвэрийг гаргасан байдаг. Уг шийдвэрийн үндэслэл болгосон заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Уг шийдвэрт 46 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан байдаг. Бид уг шийдвэрийг эс зөвшөөрч холбогдох төрийн захиргааны байгууллагад хандаж байсан. Төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа заалт. Энэ хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа бол нөхөн олговор олгож байж тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргана гэж ярьж байсан.
Тухайн үед бид тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа бол бүхэлд нь нөхөн олговор олгоно гэж ойлгож байсан. Гэтэл Сангийн яам болон Засгийн газрын хамтран баталсан 2011 оны 174 дүгээр тогтоолыг бариагүй. Уг тогтоолоор батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.3-д “нөхөн олговор олгож байж тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудын эрхийг цуцална” гэж заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д тодорхой заасан. Энэ утгаараа тухайн үед маргаан үүсгээгүй. Сүүлд Сангийн яамнаас нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг журмаар зохицуулан нөхөн олговрыг хязгаарласан. Хуульд нөхөн олговрыг олгож байж тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан байхад үүнийг үгүйсгэн журам гаргаж компаниудад нөхөн олговрыг “0” төгрөгөөр төлбөр тооцсон. Төрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш нөхөн олговор бидэнд огт олгогдоогүй. 2012 оны 295 дугаар шийдвэр нь илт хууль бус актын шинжийг агуулж байгаа юм.
Хууль, дүрэм журмаар тогтоосон хил хязгаарын хүрээнд манай талбайн хэсгээс тодорхой хэсэг нь огт хамааралгүй байгаа. Манай талбай бүхэлдээ давхацсан зүйл байхгүй. Зөвхөн 1.42 м.кв талбай хамаарч байгаа. Уг захиргааны акт гаргах болсон үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх заалт юм бол бид давхцалтай хэсгийг нийт талбайн үзүүр хэсгийг хамаарч байгаа гэж ойлгож байгаа. Тэгтэл ашигт малтмалын газраас бүхэлд нь давхцаж байгаа гэж үзсэн нь хууль бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 1998 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших 28 гектар талбай бүхий 991А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай зөвшөөрөл нөхөн олгох тухай 1038 тоот шийдвэрээр 991А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр 15332А тоот гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон байна. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно" гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд ашигт малтмалын 15332А тоот дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан.
Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нэхэмжлэгч компанид 2011оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын тухайн үеийн www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.
Гэтэл “Т” ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэсэн заалтын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө 15332А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна. “Т” ХХК-ийн эзэмшлийн 15332А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “...хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй...” болохыг дурдсан байна.
Дээр дурдсан үндэслэлүүд байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэсэн заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-д заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.
Дээрх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 295 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэр гаргахаас өмнөх мэдэгдлийг 2012 онд холбогдох албан бичгээр тус нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын 2012 оны шуудангийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ;
“Т” ХХК-нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрийн хэлтсийн (хуучин нэрээр) даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 295 дугаар шийдвэрийн давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрийн хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Т” ХХК-д эзэмшүүлсэн байна.
Дээрх шийдвэрийн дагуу эзэмшиж байсан “Т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаар тусгай зөвшөөрлийн 28 гектар талбайгаас 1.42 гектар талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон 7211 солбицолд хамаарч байхад тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалж мэдээллийн санд бүртгэжээ.
Ийнхүү Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрийн хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг үндэслэн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2-т заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулах тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшиж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан нь холбогдох хууль, журмыг зөрчсөн байна.
Учир нь “Т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаар тусгай зөвшөөрлийн 28 гектар талбайгаас зөвхөн 1.42 гектар талбай нь Засгийн газрын 2011 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон 7211 солбицолд хамаарч байхад түүнийг бүхэлд нь цуцалсан нь үндэслэлгүй.
Нөгөө талаар дээрх тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай (1.42 гектар) хэсэгчилсэн давхцалтай нь Ашигт малтмалын кадастрийн тойм зургаар нотлогдсон бөгөөд маргаан бүхий 295 дугаар шийдвэрийн давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн нэхэмжлэгч 15332А дугаар тусгай зөвшөөрлийн 15 дахь жилийн буюу 2012 оны төлбөрийг төлснийг хариуцагч 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэсэн,(хх132 дугаар хуудас) хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр гараагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцлана:, 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3- заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн:” гэж зохицууласнаас үзэхэд хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хуулийн дээрх заалтыг зөрчихгүй байх үүрэгтэй байна.
“Т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаар тусгай зөвшөөрлийн 28 гектар талбайн 1.42 гектар нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хязгаарласан солбицолд хамаарч хэсэгчилсэн давхцалтай байсан бөгөөд нэхэмжлэгч Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т заасан хугацаанд нөхөх олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй учир хуулиар хориглосон талбайд хэсэгчилсэн давхцалтай хэсэгт нөхөх олговор олгосонтой адилтган тусгай зөвшөөрлийг цуцалсныг буруутгахааргүй байна.
Гэвч хариуцагч “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Засгийн газрын 2010 оны 299, 2011 оны 174 дүгээр тогтоолууд, Сангийн яамны тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох эсэх талаар чиглэл болгосон албан бичгийг үндэслэлэн цуцлахдаа нийт эзэмшил бүхий талбайн тодорхой хэсэг хуулиар хязгаарласан хэсэгт тавхцалтай байхад тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх нөхөн олговор авах эсэх тухай биш зөвхөн нийт эзэмшиж байсан 28 гектар талбайн хуулиар хориглосон талбайд хэсэгчилсэн давхцалгүй 27.25 гектар талбайг эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрийн хэлтсийн (хуучин нэрээр) даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 28 гектар талбайн хуулиар хориглосон талбайд давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайг эзэмших тусгай зөвшөөрөл цуцалсан хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн дээрх давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайг эзэмших тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ