Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0164

 

“С-Э” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “С-Э” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай 13,467,500 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх асуудал дээр хууль буцаан хэрэглэж хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчсөн, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” буюу илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.

Шүүхийн шийдвэрт “... маргаан бүхий 13 дугаартай шийтгэлийн хуудсаар 2017 онд үүссэн өрийг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан байдлыг холбогдох баримтуудыг үндэслэн түүнд тооцох алданги, шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчид оногдуулсан шийтгэлийг хүндрүүлсэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн гэх үндэслэлгүй” гэсэн. Гэтэл хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь нэгэнт батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хуулийг хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн үйлдэлд хэрэглэх үйл ажиллагаа бөгөөд шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн үйлдэлд шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал юм.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснээс үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хариуцлага дээр торгуулийн санкц нэмэгдэж байгаагаар шийтгэлийг хүндрүүлсэн гэж үзэх үндэстэй.

Мөн шүүхийн шийдвэрт “тухайн оны нийгмийн даатгалын шимтгэлийг жилийн эцсийн байдлаар төлөлгүй үргэлжлүүлэн нийгмийн даатгалын журмыг зөрчсөн болохыг тогтоож, хариуцлага тооцсон нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д заасан “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй’’ гэснийг зөрчсөн үйлдэл биш бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөрчилд тооцож хуульд заасан арга хэмжээ авсан үйлдэл болжээ" гэсэн нь үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд омогдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсний дагуу Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх харилцаанд Нийгмийн даатгалын тухай хуулийг, харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших харилцаанд Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх байсан.

Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д заасныг буруу тайлбарласан, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд прокурор оролцуулах санал гаргасан байх шүүгч энэ талаар нь тодруулаагүй, хариуцагч нарын үйлдсэн хуурамч баримтад тулгуурлаж, нийгмийн даатгал төлдөггүй, өртэй этгээд гэх субъектив хандлагаар хандаж хэргийг шийдсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж, хуурамч нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай шийтгэлийн хуудсаар “С-Э” ХХК-ийн 2014-2017 оны хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн 32,717,153.26 төгрөгийн өрөөс 2017 онд үүссэн 7,645,000 төгрөгийн өрийг хугацаанд нь төлөхгүй хуримтлуулсан болох нь тогтоогдсон хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн 7,645,000 төгрөгийн өр, түүнд тооцсон алданги 3,822,500 төгрөг, нийт 13,467,500 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргагчаас “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байтал 2017 оныг бүхэлд нь хамруулан шийтгэж байгаа нь оногдуулах шийтгэлийг хүндрүүлсэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй ...” хэмээн гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлж, “...илт хууль хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Зөрчлийн тухай хуулийн “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих” гэсэн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж ... хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байх бөгөөд Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15-д “нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17-д ... заасан зөрчлийг хянан шийдвэрлэх”-ээр харьяалуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар гомдол гаргагч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа буюу сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Мөн маргаан бүхий шийтгэлийн хуудас бичигдсэний дараа гомдол гаргагчийн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ” байгуулж, нийт 37,337,153 /7,645,000 төгрөгийн өр багтсан/ төгрөгийн өглөгийг бүрэн хүлээн зөвшөөрчээ.

Үүнээс үзвэл, гомдол гаргагч “С-Э” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан даатгуулагчийн шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж ... хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцагч нь дээрх маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон бөгөөд утга агуулгын хувьд илэрхий алдаатай, баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу илэрхий алдаатай, мөн бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж ойлгох бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус шийтгэлийн хуудас гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Учир нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дээр дурдсан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан байх тул үндэслэлтэй эсэхээс үл хамааран “илт хууль бус” гэж үзэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарахгүй.

Түүнчлэн “...Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх харилцаанд Нийгмийн даатгалын тухай хуулийг, харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших харилцаанд Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх байсан ... хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь энэхүү хэргийн тухайд хариуцагчаас шинэ хууль үйлчилж эхэлснээс хойш гарсан буюу үргэлжилсэн зөрчлийг шалган тогтоож, шийдвэрлэсэн тул хууль гарахаас өмнө нь гарсан зөрчилд Зөрчлийн хуулийг буцааж хэрэглэсэн гэж үзэхгүй юм.

Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдох хуульд нийцээгүй, тухайлбал зөрчлийн хэрэгт ... нэхэмжлэгчийг оролцуулаагүй, нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулаагүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэх зэрэг давж заалдах гомдол үндэслэлтэй байх тохиолдолд шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоос бус илт хууль бусад тооцохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

                            ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

                           ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ