| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2024/0692/З |
| Дугаар | 001/ХТ2025/0085 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2025/0085
нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0233 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0403 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 340 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нарыг оролцуулан, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах.
1.2.“А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-*** дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/201 дүгээр тушаалаар сонгон шалгаруулалт зарлах 25 талбайг баталсны дотор Дундговь аймгийн Сайхан овоо сумын “Зүүн хар чих уул” нэртэй 4952.63 га талбай багтсан.
2.1.Сонгон шалгаруулалтын комиссын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр дүгнэлтээр 64421 талбайн кодтой, Дундговь аймгийн Сайхан овоо сумын “Зүүн хар чих уул” нэртэй талбайд “А” ХХК шалгарч, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулжээ.
2.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дүгээр шийдвэрээр “А” ХХК-д Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Зүүн хар чих уул нэртэй 4952.63 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй. ... шийдвэр гаргахдаа хүчингүй болгосон журмыг үндэслэл болгосон, тусгай зөвшөөрлийн талбайд төсөл хэрэгжсэнээр газрын гадарга, хөрсөн бүрхэвч элэгдэн доройтох, талхлагдах, ургамлын нөмрөг устах, ... хүрээлэн буй орчин бохирдох, газрын доорх усан орчин бохирдсон тохиолдолд хөрсөөр дамжин хүрээгээ тэлж хөрс, хүн, мал амьтан, ургамалд сөргөөр нөлөөлнө. Ингэх тохиолдолд тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” нь асар ихээр зөрчигдөнө” гэж,
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... маргаан бүхий талбайд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлан “А” ХХК шалгарч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 69 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй. ... Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газраар батлуулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу “... зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны санал” авах шаардлагагүй” гэж тайлбарлан маргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0233 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан “О” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XҮ-*** дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0403 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0233 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дүгээр шийдвэр, “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XҮ-*** дугаар тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч “О” НҮТББ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Хариуцагч Кадастрын хэлтсийн дарга шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдол гаргаж байна.
7.2. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.3-д “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолын хавсралтаар “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-ыг баталсан байна.
7.3.Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажилладаг.
7.4.Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг орших “Зүүн хар чих уул” нэртэй 4952.63 гектар талбайд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлан явуулснаас “А” ХХК шалгарч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-***дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болно.
7.5.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсцын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг ойлгоно, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж хуульчилсан.
7.6.Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулах бөгөөд уг солбицол бүхий талбай нь хуулийн 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж заасныг бүрэн хангасан байдаг.
7.7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.9-д заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны эрх зүйн мэдээллийн сан (https://eic.mn) болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем (СМС5)-д Гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутаг, орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байна.
7.8.Дээрх сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газраар батлуулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу “... зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны санал ...” авах шаардлагагүй болно.
7.9.Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэх журам”-ыг зохицуулсан ба 18.1-д “... Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана ...” гэж хуульчилсан ба тус хавсаргах баримтад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хавсаргаж өгөх талаар тусгаагүй.
7.10.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хавсаргаж өгөхөөр хуульчилсан.
Иймд шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 340 дүгээр тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/201 дүгээр тушаалаар Дундговь аймаг Сайхан-Овоо сум “Зүүн хар чих уул” нэртэй газарт 4952.63 га талбайд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэж, Сонгон шалгаруулалтын комиссоос “2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд “А” ХХК тус сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн тухай” 19 дүгээр дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар баталгаажуулж, шалгарсан оролцогчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
11.Улмаар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд “А” ХХК-д Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Зүүн хар чих уул” нэртэй 4952.63 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, ХҮ-*** дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналыг аваагүй нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгох үндэслэл болох эсэх тухай байна.
Хууль хэрэглээний хувьд:
12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасны дагуу хуульд заасан шаардлагыг хангасан этгээд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.
13.Ингэхдээ, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан “... хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч ...”-ийг хамгаалах зорилгоор, мөн зүйлийн 18.3.1 болон 18.3.2-т тус тус заасан дүрмийн зорилго нэхэмжлэлийн шаардлагад нийцсэн байх, гурван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх нэхэмжлэл гаргах эрхийн процессын шаардлага болон 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасны дагуу “хангалттай сонирхол илэрхийлсэн” байх материаллаг шаардлагыг хангасан байх учиртай.
14.Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй “О” НҮТББ-ийн дүрмийн зорилго хүрээлэн буй орчныг хамгаалах нэхэмжлэлийн шаардлагад нийцсэн, сүүлийн гурван жил дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулсан нь татварын албаны тодорхойлолт, улсын бүртгэлийн албан бичгүүдээр тогтоогдсон, нэхэмжлэлдээ тусгай зөвшөөрлийн талбайд төсөл хэрэгжсэнээр “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” зөрчигдөх талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нэгтгэн дүгнэвэл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.
15.Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны үйл ажиллагаа, акт чиглээгүй этгээдийн хувьд тогтоохдоо хуулийн үзэл баримтлал, зорилго, актаар хөндөгдөж болзошгүй ашиг сонирхлын агуулга, мөн чанарыг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд хуулийн үзэл баримтлал, зорилгын хувьд харилцан адил зорилго бүхий хуулийг харгалзан үзэх замаар, ашиг сонирхлын агуулга, мөн чанарын хувьд хөндөгдөх нөхцөл байдал, хэр хэмжээг харгалзан тогтоох нь зүйтэй гэж Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХТ-111 дүгээр тогтоолд дүгнэсэн нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй энэ маргааны хувьд нэгэн адил хамааралтай.
16.Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль ... эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан.
17.Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалын холбогдох үйл ажиллагааны үндсийг бүрдүүлэхээс гадна дээр дурдсан хүрээлэн буй орчин болон хүний эрхэд учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгыг өөртөө агуулж, уг зорилгод нийцсэн урьдчилсан нөхцөл, шаардлагуудыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тавигдахаар зохицуулсан. Энэ хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж дүгнээд Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах нэгэн урьдчилсан нөхцөл мөн гэсэн агуулгаар дүгнэсэн нь үндэслэлтэй.
18.Маргаан бүхий тохиолдолд хариуцагчаас сонгон шалгаруулалтын журмаар гуравдагч этгээдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо сонгон шалгаруулалт зарлахын өмнө усны сав газрын захиргааны саналыг аваагүй нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасныг зөрчсөн буюу шийдвэр гаргах ажиллагааны журмын зөрчил гаргажээ.
19.Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтаар олгох талбай нь гол мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газартай давхцаагүй байхаас гадна эдгээрт нөлөөлөх сөрөг нөлөөгүй талаар мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарсны эцэст сонгон шалгаруулалтыг зарлах, ийнхүү хүчин төгөлдөр, хуульд нийцсэн сонгон шалгаруулалтын үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шаардлагатай.
20.Сонгон шалгаруулалт зарлахаас өмнө усны сав газрын захиргаанаас санал авах үүрэгтэй талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ХТ-20 дугаар тогтоол болон 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХТ-32 дугаар тогтоолд тус тус тухайлан хууль хэрэглээний хувьд дүгнэсэн.
21.Иймд хариуцагч нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны санал авах шаардлагыг зөрчсөн талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв боловч маргаан бүхий актуудыг шууд хүчингүй болгосон нь өмнө дурдсан ижил төстэй хэрэгт хуулийг Улсын дээд шүүхийн тайлбарлаж хэрэглэснээс зөрүүтэй байна.
22.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан бөгөөд Усны тухай хуулиар нэгэнт сав газрын захиргаанаас санал авах шаардлагатай, энэ тохиолдолд шүүхээс тухайн ажиллагааг нөхөн гүйцэтгэх үндэсгүй.
23.Анхан болон давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэж “маргаан бүхий актуудаар олгогдсон талбай нь усан бүхий газарт хамаарч байна, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учирч болзошгүй байна” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд шинжээчийн дүгнэлт Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан саналыг орлох баримт биш, хуульд заасан сав газрын захиргааны саналтай адилтгаж үзэхгүй юм.
24.Мөн хариуцагчаас “Байгаль орчны эрх зүйн мэдээллийн сангийн лавлагаагаар гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй нь тогтоогдсон” гэж тайлбарласныг дээрх үндэслэлээр хүлээн авахгүй.
25.Энэхүү шүүхийн тогтоолыг биелүүлэх арга журам, үүсэх үр дагаврын тухайд: Захиргааны байгууллагаас хуульд нийцүүлэн холбогдох ажиллагааг хийж, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас санал, дүгнэлт авсны дараа, усны сав газраас “усны хууль тогтоомж зөрчигдөх, нөхөн сэргээгдэх боломжгүй үр дагавар үүсэх” тухай санал ирсэн тохиолдолд маргаан бүхий актууд хүчингүй болох үр дагавар үүсэх бөгөөд хэрэв усны сав газраас зөвшөөрсөн санал ирсэн бол хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөрт тооцогдох ба өмнөх хэсэгт дурдсаны дагуу байгаль орчны холбогдох үнэлгээ, төлөвлөгөөг гаргасны үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болно.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд маргаан бүхий актуудыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0233 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0403 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дүгээр шийдвэр, “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-*** дугаар тусгай зөвшөөрлийг тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ актууд гаргаагүй бол уг маргаан бүхий 69 дүгээр шийдвэр, ХҮ-*** дугаар тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ