Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2017/ДШМ/28

 

 *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч Л.Наранбаяр, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                            Г.Намуунзул

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч         ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Б.Энхбаатар, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, насанд хүрээгүй шүүгдэгч *******ын давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201611000485 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2000 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Гагнуурчин мэргэжлийн 2-р ангид суралцаж байсан, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******ын , Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 05 сарын 27-ны өдөр төрсөн, 14 нас 11 сар 10 хоногтой, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А бүлгийн сурагч байсан, ам бүл 3, эцэг, ахын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.

Насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нар нь согтуугаар, бүлэглэн 2016 оны 11 сарын 29-ний орой 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг "Цагдаагийн хэсгийн" баруун талд байрлах худгийн баруун талын гудамжинд хохирогч ийн эд зүйлийг авах зорилгоор зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, "Нокиа Х1", "Самсунг эс-3" маркийн гар утаснууд болон улаан шонхор тамхи 13 ширхэг зэрэг эд зүйлийг дээрэмдэж нийт 101040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор: Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******аагийн *******, ******* овогт *******аагийн нарыг бүлэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******аагийн *******, *******аагийн нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар ялтан *******, ******* нарт оногдуулсан тус бүрийн 2 жил 7 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******ын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар насанд хүрээгүй ялтан *******од 2 жил 7 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хүмүүжүүлэхийг эцэг Д.*******ад үүрэг болгож, хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, насанд хүрээгүй ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, ялтан нар нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  134  дүгээр  зүйлийн  134.10-т  зааснаар насанд хүрээгүй ялтан *******ын эзэмшлээс 10000 /арван мянга/ төгрөг, насанд хүрээгүй ялтан *******ын эзэмшлээс "Nokio 1661" маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг  тус тус хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн насанд хүрээгүй ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж, насанд хүрээгүй ялтан *******ын регистрийн дугаартай төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, насанд хүрээгүй ялтан *******т авсан цагдан хорих, насанд хүрээгүй ялтан *******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, эдлэх ялыг 2017 оны 04 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, …шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие иргэн Мягмардоржийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн гар утас, тамхи зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ялыг хөнгөлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүх насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна. 

Насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нар нь согтуугаар, бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн нутагт, цагдаагийн хэсгийн баруун талын худгийн баруун талын гудамжинд хохирогч ийн эд хөрөнгийг авах зорилгоор зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, нийтдээ 101040 төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа Х1, Самсунг Эс3 маркийн хоёр гар утас, 13 ширхэг тамхийг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь;

Хохирогч ийн «би тэр өдөр 23:30 цагийн үед ээжийнх рүүгээ явж байхад хоёр хүүхэд таараад тамхи байна уу гэхээр нь байхгүй гэхэд намайг түлхэж унагаад хоёулаа зодсон. Ах ******* нь намайг дарж суухад дүү ******* нь хажуу талаас өшиглөж цохиод халааснаас тамхи, гар утсуудыг авсан байсан. Би тэднийг манай ойролцоо байдаг айлын хүүхдүүд мөн гэдгийг таниад “та хоёр болио, ах нь та хоёрыг таньж байна, *******аагийн хүүхдүүд мөн биз дээ, Мийгаа ах нь байна” гэхэд тэд “Мийгаа байна уу, *******аа байна уу хамаа байхгүй” гээд зодсон. Миний хамар, нүднээс их цус гарсан.  Би тэр хоёрыг явсны дараа ээжийнх рүүгээ очоод цагдаад дуудлага өгсөн» гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 180-181-р тал/,

Гэрч ын «2016 оны 11 дүгээр сарын 29-ны орой 23 цаг нилээн өнгөрч байхад манай хүү “*******аагийн хоёр хүүхдэд дээрэмдүүлчихлээ” гээд ам хамраас нь цус гараад танигдахгүй болтлоо зодуулсан орж ирсэн» гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

Шинжээч эмч гийн «ийн биед дээд уруулын язралт, баруун дээд 1-р шүдний хугарал, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний доод хэсэг, дээд уруулны дунд хэсгийн зулгаралт, доод уруулын дотор хэсгийн цус хуралт, баруун гарын сарвууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна» гэх дүгнэлт /хх-ийн 42-р тал/,

Насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-60, 64-65, 176-177/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд  шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогджээ.   

Анхан шатны шүүх, насанд хүрээгүй шүүгдэгч *******т хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх тул түүний гаргасан “ял хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДОЛГОРМАА

                                          ШҮҮГЧИД                        О.БААТАРСҮХ

                                                                                    Л.НАРАНБАЯР