| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0113/э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Хгийн Ад холбогдох 1935002230106 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 17-11 тоотод оршин суух, 2019 оны улсын аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээний тусгай байрны шагналтай, ял шийтгэлгүй, Ш овогт Хгийн А, РД:ОС01250315,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.А нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд насанд хүрээгүй хохирогч Т.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.А нь насанд хүрээгүй хохирогч Т.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч Т.Г-ийн “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хагас сайн өдөр байсан. Манай сургуулийн сагсан бөмбөгийн 3x3 тоглолтын сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болсон. ...Манай баг сургуулийн 12-р ангийн В бүлэгтэй, хожсон нь медалийн төлөө тоглох, хожигдсон нь хасагдах тоглолт болж байсан. Тэр үед манай баг хожиж явсан юм. Тэгтэл уг манай багтай тоглож байсан 12 дугаар ангийн В бүлгийн сагсан бөмбөгийн багт тоглож байсан Х.А гэдэг хүүхэд намайг тэмцээн дээр зааланд тоглож байх үед тоглолт дунд намайг 2 удаа түлхэж унагасан юм. Тэгээд би сүүлчийн түлхэж унагах үед уг Х.А гэдэг хүүхдийг яаж тоглоод байгаа юм бэ пизда минь гэж хэлсэн юм. Тэгтэл Х.А гэдэг хүүхэд яасий гэж хэлээд ... баруун гараараа хоёр удаа миний аман дээр цохисон юм. ...Тэр үед би гараараа амаа дарахад миний амнаас миний 1 шүд хугарсан байдалтай унаад ирсэн. Би гар утасныхаа шилэнд шүдээ харахад үүдэн нэг шүд хугарсан дахин миний нэг үүдэн шүд хөдөлсөн байсан юм. ...Х.А нь намайг манай багт хожигдлоо гэж уурлаад шаралхсандаа намайг зодсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
2. Гэрч Б.А-ийн “...Тэгээд манай багийн тоглогч Х.А очоод биеэрээ хамгаалсан. Тэр үед Г зүгээр хаалдаа гээд бөмбөгөө хана руу шидсэн. Тэр үед А “би яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Т.Г шууд Х.Аг зодох гээд дайраад цээж рүү нэг удаа өшиглөөд авсан. Тэр үед Х.А урдаас нь нэг удаа Т.Г-ийн ам орчим газарт баруун гараараа цохичихсон. ...тэр үед Т.Ганзоригийн амнаас нь нэг шүд нь унаад цус гарсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/,
3. Гэрч Ч.Б-ын “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манай сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 3-н эсрэг 3 тэмцээн болж байсан юм. Тэр үед манай багт Х.А, Б.А бид 3 нэг баг болоод тоглож байсан юм. ...Тэгж байтал манай эсрэг талын тоглогч Т.Г нь Х.А рүү уурлаад, хараалын үг хэлээд Х.А рүү очсон юм. Тэр үед Х.А ...Т.Ганзоригийг баруун гараараа нэг удаа цохих гэхэд ...оноогүй юм. Тэгээд Т.Г Х.Аг нэг удаа цээж орчим газарт нь өшиглөсөн юм. Тэгэхэд Х.А Т.Г-ийг нэг удаа баруун гараараа аман дээр нь цохичихсон юм. Тэр үед зодооныг Х.А эхлүүлсэн юм. Гэхдээ эхлээд Т.Ганзоригийг ...цохиход онож цохиж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
4. Насанд хүрээгүй гэрч М.М-ийн “...Х.А Т.Г-той “би яаж алдаа гаргасан юм” гэж маргалдаад Т.Гийг баруун гараараа нэг удаа ам орчим газарт нь цохиход тэр үед хамт байсан хүүхдүүд тэр хоёрыг салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
5. Насанд хүрээгүй гэрч А.М-ын “...Т.Ганзориг Х.Ад “яаж тоглоод байгаа юм бэ” гэж хэлсэн юм. Урдаас нь Х.А би яасан юм бэ? Би яасан юм бэ? гээд орилж хэлсэн юм. Тэгээд би бөмбөгөө аваад эргээд харахад Х.А Т.Ганзоригийг баруун гараараа нэг удаа ам орчим газарт нь цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжилгээний “Үзүүлэгч Т.Г-ийн биед гэмтэл учирсан байна. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний хугарал, үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, буйлны ирмэгээр салстын урагдалт, дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эмчийн үзлэгээр 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 409 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 409 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Т.Г намайг цохих гэж байгаа шинжтэй, элдэв бусын үг хэлж доромжлоод над руу гүйгээд ирсэн юм. Тэгээд Т.Г намайг цохих гэж ирээд над руу дайрахад би урдаас нь нэг удаа Т.Г-ийг цохих гэхэд оноогүй хий цохигдсон юм. Тэгээд Т.Г миний цээж рүү өшиглөөд над руу дайрахад би урдаас нь өөрийгөө хамгаалаад би нэг удаа Ганзоригийн ам орчим газарт нь цохичихсон юм. Тухайн үед би өөрийгөө хамгаалаад Т.Г-ийг цохихдоо өөртөө бас гэмтэл учруулж өөрийнхөө эрүүл мэндийг хохироосон учраас би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” /хх-ийн 44-46 дугаар хуудас/ гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Үзүүлэгч Х.А-н биед гэмтэл учирсан байна. Баруун сарвууны ард 5 дугаар хурууны уг язарсан шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 34 дүгээр хуудас/ гэх 410 дугаартай дүгнэлтээр шүүгдэгчийн биед гэмтэл учирсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би өөрийгөө хамгаалаад Т.Г-ийг цохихдоо өөртөө бас гэмтэл учруулж, өөрийнхөө эрүүл мэндийг хохироосон. Миний баруун гар ... Т.Г-ийг өөрийгөө хамгаалаад цохих үед гэмтсэн” гэж мэдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийгөө хамгаалах буюу аргагүй хамгаалалт гэдэгт “өөрийн, ойр дотнын хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” байхаар хуульчилсан. Харин шүүгдэгчийн өөрийгөө хамгаалахаар Т.Г-ийн биед халдсан үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэлд тооцогдохгүй. Учир нь насанд хүрээгүй хохирогч Т.Г нь шүүгдэгчийн эсрэг тулгарсан довтолгооны хийгээгүй байхад шүүгдэгч түрүүлж довтолсон. Улмаар шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нар нь харилцан нэг нэгнийхээ биед халдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн биед учирсан гэмтэл нь насанд хүрээгүй хохирогчийн довтолгооноос бус шүүгдэгч нь бусдын биед халдах үедээ буюу насанд хүрээгүй хохирогчийг цохихдоо өөртөө гэмтэл учруулсан байна.
Иймд шүүгдэгч Х.А 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд насанд хүрээгүй хохирогч Т.Г маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Т.Г, гэрч Б.А, Ч.Б, насанд хүрээгүй гэрч М.М, А.М нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Ганзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 409 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь насанд хүрээгүй хохирогч Т.Ганзоригийн “...Х.А миний шүд хийлгэх хохиролд 1 сая төгрөг өгч миний хохирлыг барагдуулж өгсөн юм. Одоо би Х.Ад ямар нэгэн гомдол, санал байхгүй, Х.Агөөс нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Түмэнбаярын “...Х.А миний хүүгийн биед учирсан гэмтлийг бүрэн арилгаж, 1 сая төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болно” /хх-ийн 62 дугаар хуудас/ гэх тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 53 дугаар хуудас/ тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Хгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА