| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2019/01141/И |
| Дугаар | 210/МА2020/00862 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2020/00862
*******-ийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00553 дугаар шийдвэртэй, *******-ийн хүсэлттэй, *******ийн нэхэмжлэлтэй дампуурсанд тооцож, татан буулгуулах хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хэрэг гүйцэтгэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах ажлыг голлон эрхэлсэн боловч харилцагч үйлчлүүлэгчдийн тоо цөөрч компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн эрсдэлд орсон. Мөн бизнесийн буруу төлөвлөгөө гарган, санхүү, нягтлан бодох бүртгэлийн алдаа, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн хяналт суларч чанар алдсанаас үүдэлтэй хохирлуудаас санхүүгийн алдагдалд орж, татвар, нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өртэй болсон. Манай компани өөрийн хөрөнгийн 10-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж байна. Иймд дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, улмаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт зааснаар татан буулгаж өгнө үү гэжээ.
Өнөөдрийн байдлаар дрийлинг ХХК нь 166 633 285.4 төгрөг, *******т 436 000 төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 5 878 548 төгрөг, нийт 173 277 833.4 төгрөгийн өр төлбөртэй байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татвар төлөгч *******-ийн өр төлбөр нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 183 550 706 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 2 772 462 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн өр 38 717 781 төгрөг цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын өр 17 782 863 төгрөг, 2015 оны 250021318 дугаартай татварын улсын байцаагчийн актаар 14 888 587 төгрөг, 2016 оны 250011077 дугаартай татварын улсын байцаагчийн актаар 32 714 172 төгрөгийн өр төлбөртэй байна. Мөн 2016 оны 250021376 дугаартай татварын улсын байцаагчийн актаар 119 574 840 төгрөгийн нөхөн татвар ногдуулснаас 42 900 000 төгрөгийн төлж маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан шийдвэрлэгдээгүй байна. Иймд Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу тус компаниар 183 550 706 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.
Хэрэг гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ******* нь 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа, өрмийн үйл ажиллагаа эрхлэхээр 1 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгуулагдсан. 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр компанийн дүрмийг өөрчилж, шинэчлэн найруулж улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн захирлаар *******ийг бүртгүүлсэн. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь *******, хувьцаа эзэмшигч нь Грейтпарагон групп ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигч нар нь *******, нар байдаг. Хариуцагчийн санхүү, үйл ажиллагаад хийсэн дүгнэлтийг 2013-2018 оны санхүүгийн тайлангийн үндсэн дээр хийсэн.
Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан ******* төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013-2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим зүйлийг тодруулахад 2013 оны санхүүгийн тайланд мөнгө 815 914.43 төгрөг байх ба 597 237 820.31 төгрөгийн өр тайлагнасан байна. Үндсэн хөрөнгөд 298 496 046.59 төгрөг, авлагад 465 655 977.38 төгрөгийг тус тус тайлагнасан байна. 2015 оны санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгө 951 600.00 төгрөг, авлага 576 690 900.00 төгрөг, үндсэн хөрөнгө 258 944 400.00 төгрөг, өр төлбөрийн дүн нь 490 391 200.00 төгрөг болсон байна. 2016, 2017, 2018 онуудад үйл ажиллагаа явуулаагүй байх тул санхүүгийн тайланд өөрчлөлт оруулаагүй. Борлуулалтын орлогоос нь харахад 2015 онд үйл ажиллагаа нь зогссон байх нь харагдаж байх ба 2014 онд зардал буурсан байгаа нь ашигтай ажилласан мэт харагдаж байна. Үндсэн хөрөнгөд бүртгэсэн 258 944 400 төгрөг нь Канад улсад үйлдвэрлэсэн Longyear 44 маркийн хайгуулийн өрмийн тоног төхөөрөмжийг блансдаа бүртгэж авсан өртөг байна. Гэвч бодит байдал дээр шалгаж үзэхэд техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан цаашид ашиглаж, борлуулах боломжгүй, үнэ цэнэгүй, төмрийн хаягдал болсон. 2013-2018 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн 566 996 000 төгрөгийг ******* нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Грейтпарагон групп ХХК, -ийн өрөмдлөгийн ажлын гэрээний авлагаар бүртгэсэн, өөрөө өөрөөсөө авах авлага гэж үзэхээр байна. Энэхүү санхүүгийн тайлангуудаас харахад компанийн өр төлбөр 546 559 600 төгрөг болж өөрийн хөрөнгийн 188,04 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан болон төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү дрийлинг ХХК нь 2013 онд төлбөрийн чадваргүй болсон.
Тус компанийг төлбөрийн чавдаргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгчийн зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ. Нэгдүгээрт: ******* нь гадаад худалдаа, гэрээгээр өрөмдлөг хийх үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч Грейтпарагон групп ХХК, зэрэг өөрийн хамаарал бүхий этгээдийн захиалгаар өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн төлбөрийг хамаарал бүхий этгээдээс авахгүй, авлагад бүртгэж, хувьцаа эзэмшигчдээс хэт хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна. Хоёрдугаарт: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус зөрчиж ажил үйлчилгээндээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, НӨАТ-ын падаан хий бичилт хийлгэн татвар ногдох орлого оруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна. Гуравдугаарт: Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийн хувьд *******-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй. татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна.
Шүүгчийн захирамжаар *******-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар мэдээллүүдийг гаргуулахад Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 175 тоот лавлагаагаар 1994 онд үйлдвэрлэгдсэн Урал маркийн бор өнгөтэй ачааны автомашин, , улсын дугаартай маз чиргүүл, 1975 онд үйлдвэрлэгдсэн чиргүүл, дугаартай дансны үлдэгдэл 165.9 ам.доллар байна. Санхүү эдийн засгийн тооцоонд ашиглагддаг 5 загвараар шинжилгээ хийхэд дампуурах магадлал маш их байна гэж дүгнэсэн. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт, хавтаст хэрэгт бусад байгууллагуудаас ирүүлсэн баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэнд үндэслэн ******* нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс *******-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах саналтай байна гэжээ.
Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн *******-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-иас 166 663 285.4 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлтэд хавсаргасан нотлох баримтаар ******* Дампуурлын тухай хуульд заасан дампуурсанд тооцож, татан буулгах нөхцөл байдал нотлогдсон атал шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10, 155 1 дугаар зүйлийн 155 1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр хүсэлт гаргагчийн дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон", дампуурлын хэрэг үүсгэж хэрэг гүйцэтгэгчийг томилсноос хойш *******ээс өөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд хуурамчаар дампуурсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад дампуурлын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Дампуурлын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хүсэлт гаргагчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Хүсэлт гаргагч ******* нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүссэн байна.
Шүүх хүсэлтийг хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, шүүгчийн мөн сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/04686 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцон, энэ тухай Өнөөдөр сонины 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 080 дугаарт нийтэлж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3., 5.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулжээ.
Нэхэмжлэгч нь *******-ийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлснээс хойш шүүхэд хандан, татварын өр 166 663 2856.4 төгрөгийг тус компаниас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш түүнийг дахин хөрөнгөжүүлэх санал болон төлөвлөгөө гараагүй байна.
Шүүх 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6262 дугаар шүүгчийн захирамжаар *******ыг хэрэг гүйцэтгэгчээр томилжээ. Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу зохих ажиллагааг явуулж, хариуцагч *******-ийн дампуурах болсон шалтгааныг ... ажил гүйцэтгэлийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээдээс авахгүй, авлагад бүртгэж хувьцаа эзэмшигчдээс хэт хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон, мөн татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдсон гэж дүгнэжээ. /2хх-133/
Хэрэгт цугларсан хариуцагч компанийн санхүүгийн тайлан, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Татварын улсын байцаагчийн акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хариуцагч компани нь өмчлөлдөө байгаа хөрөнгийн талаар үнэн зөв мэдүүлээгүй, өр төлбөрийн хэмжээгээ бодитоор тодорхойлоогүй, үндсэн хөрөнгө болох 285 944 000 төгрөгийн үнэ бүхий өрмийн тоног төхөөрөмжийн өнөөгийн бодит үнийг тогтоож, бүртгэлдээ тусгаагүй үйл баримт тогтоогджээ. /1хх-11-28, 111-250, 2хх1-19, 115-121, 146-156, 160-212/
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******-ийг шүүхэд хүсэлт гаргахдаа Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу үнэн зөв мэдүүлээгүй, үндсэн хөрөнгө болон өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй, төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэх үндэслэлээр хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хүсэлт гаргагчийн тайлбар, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, геологи хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүх харьцуулан үнэлээд хамаарал бүхий этгээдээс авлагыг авах боломжгүй байдал нь хариуцагч компанийг дампууруулж, татан буулгах үндэслэл болохгүй гэж дүгнэхдээ Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551 .1 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул гэж өөрчлөн, шийдвэрийн заалтыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ч.ЦЭНД