Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Ат холбогдох 1835002060225 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум, 5 дугаар баг, Барилгын хороо, 16-8 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бийн А /РД: ОЮ93030225/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2018 оны 6 дугаар сарын 04-ний, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрүүдэд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Б.Аийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн “...2017 оны 4 дүгээр сард Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Соёмбо караокед зөөгчийн ажил хийдэг байсан. Тэгээд ажиллаж байхад манай найз Со өөрийн найз гэх нэг охинтой хамт орж ирж надтай уулзсан. Бид гурав Соёмбо караокены текний хажууд зогсож байхад Сотой хамт явсан охины найз нь гэсэн 2 залуу ороод ирсэн. Тэгээд бид тав Соёмбо караокены нэг өрөөнд сууж пиво ууж дуулсан. Манай ажил шөнийн 00 цагт тарж бид тав “Хяргас нуур” зочид буудал руу орж тэнд пиво болон архи уусан. Тухайн үед би хэтрүүлж хэрэглэсэн болохоор миний ухаан балартаад тасраад өгсөн байсан. Гэтэл шөнө дунд Согийн найз охины найз нь гэсэн нэг бүдүүн залуу надтай бэлгийн харьцаанд орсон. Би тухайн бүдүүн залуутай хэрэлдээд буудлаас гарч гэр лүүгээ харьсан. Маргааш орой нь би Андууд бааранд орлогоо тушаагаад гараад ирэхэд надтай бэлгийн харьцаанд орсон бүдүүн залуу Андууд баарны гадна цагаан өнгийн “Пробокс” машинтай зогсож байсан. Тухайн залуу намайг дуудаж “Чи манай найзын эхнэр байсан байна, чамайг найздаа хэлнэ дээ” гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Тухайн үед ганцаараа байсан. Тэр явдлаас хойш 2 хоногийн дараа “Ану” дэлгүүрийн гадна тухайн бүдүүн залуу машинтайгаа зогсож байгаад намайг дуудсан. Би яваад очиход нөгөө залуу “чи манай найзын эхнэр байсан байна. Надтай яаж тохирох гэж байна даа” гэж хэлэхээр нь би “чамтай яаж тохирдог юм бэ” гэхэд нөгөө залуу “би чамайг надтай хоносон, бас секс хийсэн гэж нөхөрт чинь хэлнэ дээ” гэж хэлсэн. Би тухайн үед айгаад “Би сард 140000 төгрөгийн группийн мөнгө авдаг эндээс өөр надад орлого байхгүй энийг өгье” гэж хэлсэн. Тэгээд нөгөө бүдүүн залуу энэ мөнгөө надад сар сард нь өгч бай гэж хэлсэн. Би нөгөө залуутай тохироод өөрийнхөө утасны дугаараа үлдээсэн. Тэгээд удаагүй байхад халамжийн мөнгө орсны дараахан нөгөө бүдүүн залуу танихгүй дугаараас залгаад мөнгөө авъя би банк нь дээр байж байя гэж хэлсэн. Би банкнаас мөнгөө аваад нөгөө бүдүүн залуугийн дугаар луу залгахад миний дугаарыг блоколчихсон байсан. Би гэр лүүгээ явахаар болж Тобу рестораны хажуугаар зам хөндлөн гарч байхад нөгөө бүдүүн залуутай хамт явж байсан намхан жижигхэн залуу нэг өндөр залуутай ирж надаас 140.000 төгрөг аваад явсан. Тэндээс хойш 320.000 төгрөгөөр 1 удаа, 560.000 төгрөгөөр 1 удаа, 250.000 төгрөгөөр 1 удаа, 380.000 төгрөгөөр 1 удаа, 420.000 төгрөгөөр 1 удаа сүүлд 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.900.000 төгрөгөөр 1 удаа өгсөн. Тухайн үед би өөрийн Сарангуа гэх нэртэй хүүхдийн хадгаламжийн данснаас авч өгсөн. Тэндээс хойш сураггүй болоод холбоо барихгүй байгаа.

...Би Төрийн банкнаас зээл аваагүй. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө хүүхдийнхээ хадгаламж барьцаалаад төрийн банкнаас 1.900.000 төгрөг авчихсан гэж хэлсэн. Энэ нь худлаа тухайн үед би нөхрөөсөө айгаад тэгээд хэлчихсэн. Хүүхдийнхээ хадгаламжаас 2016 оны 7 сарын орчим 240.000 юм уу 270.000 төгрөг авсан санагдаж байна. Яг хэдэн төгрөг авсан болохоо сайн санахгүй байна. Харин группэд авсан 1.920.000 төгрөгөө надтай бэлгийн харьцаанд орсон залууд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

2. Гэрч Д.С “Би Атэй Соёмбо караокед орж архи уусан асуудал байхгүй. Харин А болон түүний найз гэх хоёр залуутай хамт Хяргас нуур зочид буудалд орж байсан удаа байгаа. Гэхдээ бид нар пиво уугаад дуусахаар нь шөнө 02 цагийн орчим гарч байсан. Өөр ямар нэгэн асуудал байхгүй. Би ганц удаа л Б.Атэй хамт орж байсан. Тэгээд энэ оны 4 дүгээр сарын 10-ны орчим Б.А эмнэлэг дээр таараад “миний найз надад гэрч болоод өг би чамтай хамт явж байгаад хүнтэй унтчихсан тэгээд тэр залуу нь миний нөхрийг таньдаг болохоор чамайг хэлнэ гэж хэлээд дарамталж мөнгө авсан гээд хэлчихсэн болохоор чи надад тус болоод гэрч болоод өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгж болохгүй шүү тэгж худал хэлмээргүй байна. Хэрэв тэр залуу чинь баригдвал намайг хамт яваагүй гэж хэлнэ шүү дээ гэхэд тэр залуу тэгж хэлэхгүй гэж хэлэхээр нь би лав гэрч болж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би удалгүй Ховд аймаг явчихсан учир би Ховд их сургуульд сурч байсан. Би Ховд аймгаас 2018 оны 6 сард ирчихсэн байхад Б.А өөрийн 99450911 юм уу 95380501 дугаарын утаснаас залгаад танихгүй дугаар залгавал битгий аваарай гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

3. Гэрч А.Бийн “... 2017 онд Б.Атэй Соёмбо караокед сууж архи дарс уусан асуудал байхгүй боловч би өөрийн найз Саранмандахын хамт Со болон А нартай Хяргас нуур зочид буудалд орж байсан удаа байгаа бид нар ганц хоёр пиво уугаад л гарч явсан санагдаж байна. Түүнээс биш өөр янз бүрийн асуудал болоогүй. 2017 оны 04 сард гэдгийг нь санаж байна. Хэдний өдөр Хяргас нуур зочид буудал руу орсон болохоо сайн санахгүй байна. Тэнд хэн нэгэн нь тасарсан асуудал байгаагүй. Мөн дотно харилцаанд орсон асуудал байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

4. Гэрч Ш.Сын “...2017 оны 04 сард байх, яг өдөр цагийг нь сайн санахгүй байна. ...Тэр өдөр ажлаа тараад оройны 19-20 цагийн орчим манай найз А.Б миний утас руу залгаад уулзах уу гэхээр нь тэгье, хаана уулзах юм гэтэл Соёмбо гэдэг караокед хүрээд ир гэсэн. ...Тэгээд А.Б намайг дуудахаар нь уг караокены өрөөнд яваад ороход найз А.Б нь С, А гэдэг хоёр эмэгтэйтэй сууж байсан. Тухайн үед энэ хоёр эмэгтэйг надад А.Б танилцуулсан бөгөөд тэгж л энэ 2 эмэгтэйн нэрийг мэддэг болсон. Тэгээд тэндээ 2-3 лааз жижиг пивонууд захиалж А.Б, би, С бид гурав уусан. А нь уг Соёмбо гэж караокег ажиллуулдаг гээд гарч гүйгээд байсан. Тэгээд уг караокед дуу дуулцгааж байгаад гарцгаасан. ...Тэндээс А.Б, С, А бид дөрөв тэндээс цуг гараад цагдаагийн газрын эсрэг талд байдаг Хяргас нуур гэдэг нэртэй зочид буудлын 1 давхрын нэг өрөөнд орцгоосон. ...Тэр буудлын өрөөнд А.Б бид хоёр 2,5 литрийн хэмжээтэй том пиво хоёрыг уусан. А, С хоёр хажууд зүгээр юм яриад сууж байсан. Тэгж байтал Аийн нөхөр нь залгаж байна гээд С, А хоёр гараад явсан. Б бид хоёр тэр буудлын өрөөнд пиво ууж байгаад гэр гэртээ харьцгаасан. ...Би А гэх эмэгтэйг сайн танихгүй ш тээ. Тэр буудлын өрөөнд ямар ч хүч хэрэглэх, хурьцал үйлдэх явдал гараагүй. Миний бие болон Б ч тэр хүүхнийг оролдоогүй. Тэр хүүхэнтэй хурьцал үйлдсэн зүйл огт байхгүй, хурьцал үйлдэхийг ч оролдсон юм байхгүй. ...Би Аийн утасны дугаарыг ч мэдэхгүй ш тээ. Би тэгж дээрх байдлаар хүн сүрдүүлж хэнээс нь ч мөнгө төгрөг аваагүй, тэгж байсан удаа ч байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

6. Шүүгдэгч Б.Аийн “...Би 2017 онд нөхөр маань халамжийн мөнгөө юунд зарцуулж байгааг асуухаар нь санаа зовоод хуримтлуулж байгаа гээд хэлчихсэн юм. 2018 оны 5 дугаар сард нөхөр бид хоёр хадмуудын хамт Улаанбаатар хот явж ирсний дараа мөнгөний шаардлага гарч нөхөр болон хадмууд надаас халамжийн мөнгийг хуримтлуулсан байх ёстой тэр мөнгийг аваад ир гэж хэлсэн. Би тухайн үед хуримтлуулсан мөнгө байхгүй зарцуулчихсан учир санхүүжилт орж ирээгүй байна, буцааж татсан байна, санхүүжилтийн мөнгө нь дуусчхаж гэж хэлээд хэд хоног болсон. Би тухайн үед жирэмсэн байсан бөгөөд үе үе татаж унадаг тул эмнэлэгт хэвтэж байх хойгуур хадам аав Д болон нөхөр Шупа нар банк дээр очиж данс шүүлгээд миний халамжийн мөнгийг сар болгон авсан, хуримтлал байхгүйг мэдчихсэн юм. Тэгээд надаас уг мөнгийг яаж зарцуулсан талаар асууж шаардаж загнаад байсан. Би тухайн үед ойр зуурын гэр ахуйн зүйл, хэрэгцээнд зарцуулсан, бага багаар авч хэрэглээд дуусчихсан гэж үнэнээ хэлэхэд чи тэгж зарцуулаагүй би мэдэж байна, гэр оронд авч тавьсан зүйл байхгүй, худалдаж авсан хувцас ч байхгүй гэж хэлээд хэн нэгэн чамайг дарамтлаад мөнгө төгрөг авсан юм уу би мэдэж байна, чи үнэнээ хэл гэж загнаад байсан, хадам аав бас согтуудаа тэр мөнгөний талаар загнаж намайг гэр орноос яв гэж хөөсөн. Тэгэхээр нь би нөхрийн амыг нь дагуулаад хүнтэй зочид буудалд ороод тасарсан хойгуур нэг залуу нь надтай бэлгийн харьцаанд орсон байсан. Тэгээд маргааш нь таарахаараа нөхөрт чинь хэлнэ гэж айлгаад мөнгө авдаг болсон гэж худал хэлсэн юм. Тэгтэл нөхөр маань тэр хүмүүсээ олж өг, нэгэнт ийм асуудал болсон юм бол цагдаад өргөдөл бичиж өг, тэгж байгаад илүү ноцтой асуудал болно гэж хэлээд байхаар нь би өргөдөл бичиж нөхрийн хамт цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн юм. Тэгтэл уг өргөдөл бүртгэлд орж шалгагдаад хэрэг үүсэж намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Тэр үед өргөдлийнхөө дагуу худал мэдүүлэг өгсөн. Мөн найз С руу утасдаж би болсон явдлыг хэлээд хадмууд бөөн юм болоод байхаар нь цагдаад өргөдөл өгчихсөн, цагдаагаас дуудаж мэдүүлэг авах юм бол миний өгсөн өргөдлийн дагуу мэдүүлэг өгч тус болооч гэж гуйхад С татгалзсан юм. ...Тухайн үед ямар нэгэн хүнд хүчиндүүлсэн, бэлгийн харьцаанд орсон зүйл байгаагүй тул намайг дарамталж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. ...надаас удаа дараа мэдүүлэг авахад хуулийн зүйл заалтуудтай уншиж танилцсан, мэдүүлэгт өөрийн биеэр гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Аээс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрүүдэд хохирогчоор хууль сануулж мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгүүд нь худал болох нь гэрч Д.С, А.Б, Ш.С нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Аийн хохирогчоор худал мэдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний нэр төр, алдар хүндэд халдсан буюу хүнийг тухайлан нэр заана гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэн.

 Тухайлбал шүүгдэгч нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгт хэн нэгнийг нэр заана гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлээгүй байна. Иймд Увс аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан Увс аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Бийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

         

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХЗАЯА