Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

             Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Гын Эд холбогдох 1935002110097 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш ажилтай,  ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй З овогт Гын Э /РД: ОП78092703/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.С толгойн тус газарт цоож түлхүүр шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Шүүгдэгч Г.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1. Насанд хүрээгүй хохирогч Д.С “... 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай ангийнханд математикийн багш М давтлага орж, нэг цагийн завсарлагаа бид нар багшаас аваад манай ангийнхан биеийн тамирын багш Б-иас зааланд тоглох 1 цагийн зөвшөөрөл авч 17 цаг 30 минутад сургуулийн зааланд орсон, харин Б багш бид нарыг оруулаад гаднаас нь цоожилчхоод яваад өгсөн. Харин бид нар баг болоод волейбол тоглож байтал гаднаас Э багш заалны хаалга онгойлгож орж ирээд хэн та нарыг тогло гэсэн юм бэ? гээд загнаад миний хажууд байсан Тунгалагын хөл рүү цоож түлхүүр шидсэн. Тэгээд тухайн цоож түлхүүрээ дахин аваад над руу шидэж миний толгой тус газар цохисон ... Намайг биеийн тамирын Э багш толгой тус газар төмөр, хар өнгийн хятад цоожоор цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-гийн “...сургуулийн нярав Г ирж танай охин Д.С ухаан алдаад эмнэлэгт байна би таныг авахаар ирлээ гэж тухайн залуу надад хэлсэн, тэгээд би тухайн машинтай сумын төв орж эмнэлэгт охин дээрээ иртэл миний охин эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. ... хүмүүсээс юу болсон талаар асуухад Э багш цоож түлхүүрээр танай охиныг цохисон юм шиг байна гэж хэлсэн. ... Миний охинд ямар нэг ил харагдах бэртэл гэмтэл байгаагүй харин толгойн зүүн чихний хойд талд бага зэрэг хавдсан байдалтай байсан ...Миний охин Д.С нь ямар нэг хууч өвчин байхгүй, эрүүл саруул хүүхэд” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 26 дугаар хуудас/

3. Насанд хүрээгүй гэрч М.С-ын “Би Увс аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангид сурдаг. ... 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр М багш манай ангийнханд математикийн давтлага өдрийн 14 цагаас орохоор болж, ... орой 17 цаг 20 минут хүртэл давтлага ороод бид нарыг гэртээ очоод цайгаа уугаад ир гэж нэг цагийн завсарлага өгсөн, бид нар цайны цагаар ангиараа 1 цаг зааланд тоглохоор болж оройны 17 цаг 30 минутад сургуулийн спорт зааланд манай ангийн 11 хүүхэд тоглохоор болсон, ... бид нарыг Батсуурь багш зааланд оруулаад гаднаас цоожлоод 1 цагийн дараа хүрч ирээд онгойлгон гээд яваад өгсөн. Бид нар тоглож дуусахад 5-10 минут үлдсэн байтал гаднаас Э багш заалны хаалга онгойлгож орж ирээд түлхүүр цоожийг манай ангийн Т гэх охины хөл рүү шидтэл гуянд нь цохих шиг болсон. Тэгээд дахин нөгөө түлхүүр цоожоо газраас аваад С руу шидэж толгой нь тус газар цохисон тухайн С гэх охин толгойгоо дараад уйлаад суусан, манай ангийн охид очиж С-г аваад заалнаас тулж гаргаад сургуулийн гаднах сандал дээр суулгаж байтал С гэнэт таталт өгөхөөр нь бид нар сургуулийн нярав Г сургуулиас гараад ирхээр нь дуудаж эмнэлэгт хүргүүлсэн ...” гэх мэдүүлэг / хх-ийн 27 дугаар хуудас /,

4. Насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн “... бид нар тухайн заал руу орж гаднаасаа Б багшаар цоожлуулаад тоглож байтал гаднаас Э багш хаалга онгойлгож орж ирээд над руу цоож түлхүүр шидэхэд миний зүүн гуян дээр цохисон тэгээд намайг цохисон цоож түлхүүрээ аваад миний хажуугаас цааш эргээд явж байсан. С-оог цоожоор толгой тус газар нь цохиж уйлуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

5. Насанд хүрээгүй гэрч Б.А-гийн “... Э багш гаднаас орж ирээд манай ангийн С-ын толгой тус газар цохичихсон байсан тухайн үед би яг юугаар цохисныг хараагүй би дээд талын жигүүрт волейбол тоглож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

6. Насанд хүрээгүй гэрч Х.А-ын “ ... зааланд тоглож байтал гаднаас Э багш орж ирээд Тунгалаг руу түлхүүр шидэж хөл рүү оносон. Тэгээд дахин нөгөө цоож түлхүүрээ аваад Солонгын толгой тус газар луу шидсэн тэгсэн тухайн цоож Солонгын толгой дээр цохиж байхыг би харсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

7. Гэрч Б.Г-ын “2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би сургуулиас гараад явж байтал сургуулийн урд талын сандал дээр Солонго гэх охиныг ангийнхан хүүхдүүд сандал түшүүлээд суулгачихсан байхаар би яасан юм б? гэж асуухад өөрөө дуугараагүй, харин хажууд нь байсан ангийнхан хүүхдүүд нь Э багш түлхүүр шидлээ гэж хэлж байсан. Тэгээд охиныг аваад өөрийн машинаар эмнэлэгт хүргэж, сувилагчид хүлээлгэж өгөөд ... Солонгын аав, ээжид охины биеийн байдлын талаар мэдэгдэхээр явж ээж Хишигмааг сумын төв дээр авч ирсэн ...” гэх мэдүүлэг

8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Одбаярын “Үзүүлэгч Д.С-н биед гэмтэл учирсан байна ... Тархи доргилт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна ... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно ... гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаар дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

9. Шүүгдэгч Г.Эгын яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн жижүүр багшаар ажиллаж байсан ... заалны хаалга онгойлгоод ортол 11а ангийн сурагчид тоглож байсан, тэгээд би түлхүүр өгөөгүй хүмүүст уурласан уураа барьж чадалгүй Тунгалаг гэх охины хөл нь тус газарт заал цоожилсон байсан цоож түлхүүрийг шидэж хөлийг нь цохисон, мөн дахин цоож түлхүүрээ аваад заалны хана руу шидэх гэж байгаад Д.С толгойн ар хэсэгт санамсаргүй очоод цохичихсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн дүгнэлт /№385/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Э 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн спортын танхимд насанд хүрээгүй хохирогч Д.С толгой тус газарт цоож түлхүүр шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.С биед хөнгөн хохирол учирсан байна. Насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй байх бөгөөд “Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” /хх-ийн 101 дүгээр хуудас/ гэснийг тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч Г.Эд танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” /хх-ийн 101 дүгээр хуудас/ гэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад улсын яллагчийн санал болгосон 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь Г.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/-аар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цоож 1 ширхэг, түлхүүр 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Гын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цоож 1 ширхэг, түлхүүр 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА