Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1047

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00841/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Гэрэлт хотхон, **-*** тоотод оршин суух, С*** овогт М*** М*** /РД: ЧК74050111/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дугаар баг, ****** сургуулийн гудамжны ****** тоотод оршин суух Есөн өөлд овогт Осорын Сайханбаяр /ТД68102678/-т холбогдох,

 

"34,170,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ хийж, Мерседес бенз ML-50 маркийн 65,000,000 төгрөгийн автомашиныг зээлээр С.Б гэгчид худалдсан. С.Б нь О.С***ын хүү болно. Гэрээгээр 2014 оны 12 сарын 25-ны өдөр төлбөрийг графикаар төлж дуусгах боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй. Энэ төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэр гарсан болно. Мөн 2015 оны 11 сард О.С***ын надад гаргаж өгсөн тодорхойлолтоор 2015 оны 1 сараас автомашины төлөгдөөгүй нийт үнээс сарын 3 хувийн хүүг сар бүр тооцож төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2014 оны 10 дугаар сард авсан 2.2 тн арматурын мөнгийг удахгүй өгнө гээд өнөөдрийг хүртэл өгөөгүй ба би өөрөө банкны зээлтэй, энэ асуудлаас болж зээлээ төлж чадахгүй болсноос хувь хүн, банк санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлж өрнөөс өрний хооронд хүнд байдалтай байна. Иймд О.С***ын 2015 оны 11 сарын 25-нд надад гаргаж өгсөн тодорхойлолтын дагуу төлөх ёстой 2015 оны 01 сараас 2016 оны 5 сар хүртэл 16 сарын хүү нийт 31,200,000 төгрөг, 2,2 тонн арматурын үнэ 2,970,000 төгрөг нийт 34,170,000 төгрөгийг О.С***аас гаргуулж уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж автомашиныг О.С***ын хүүд худалдсан. О.С*** нь автомашины үнийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа 10.000.000 төгрөг, 30.000.000 төгрөг, 65.000.000 төгрөгөөр хуваан төлж дуусгана гэсэн боловч тохиролцсон хугацаандаа төлбөр мөнгө өгөхгүй байсан учраас жилийн дараа О.С***тай холбогдож төлбөрийн талаар ярилцахад машины зээлийг Найрамдал төвийн барилгадаа хөрөнгө оруулалт хийхээр авсан байсан. О.С*** нь нэхэмжлэгчид ‘3%-ийн хүүтэй бодож яваа гэж тайвшруулан төлбөрийн асуудлыг хойшлуулсан. Мөн 2.2 тонн арматурыг 2016 оны 10 дугаар сард авсан бөгөөд эдгээр төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүргэсэн учраас арматурын төлбөр 2.970.000 төгрөг, автомашины үнийг 2015 оны 11 дүгээр сарын

 

 25-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг 3%-иар бодож 31.200.000 төгрөг буюу нийт 34.170.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч О.С*** шүүхэд гаргасан тайлбартаа: “М.М*** бид тохиролцон МЛ-350 маркийн машин өгч, би хүү Б***г явуулан авсан. Миний хүүгийн барилгад мөнгө шаардлагатай тул машиныг барилгын материалаар сольсон. Иргэн М.М*** бид хүү гэж ярилцаж гэрээ хийгээгүй. М***аас авсан арматурын мөнгийг төлөөгүй байгаа. Энэ 2,970,000 төгрөгийг би төлнө...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М*** нь хариуцагч О.С***аас автомашин зээлээр худалдсаны хүүг тооцож, нийт 31,200,000 төгрөг, худалдсан арматурын үнэ 2,970,000 төгрөг, нийт 34,170,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.М*** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлээ “О.С***ын хүү С.Б нь М.М***аас 65,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин зээлээр худалдан авсан бөгөөд энэ төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Хариуцагч О.С*** нь 2015 оны 11 сарын 25-ны өдөр 2015 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 3 хувийн хүү төлнө гэсний дагуу хүү тооцож, нийт 31,200,000 төгрөгийн хүү нэхэмжилж байна” гэж, хариуцагч О.С*** нь “арматурын үнэ 2,970,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин дээрх 31,200,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь бид хүү тохирсон зүйл байхгүй, баталгаа бичиж өг гэхээр нь тодорхойлолт бичиж өгсөн” гэж тус тус маргадаг болно.

 

Хэрэгт хариуцагч О.С***ын бичсэн “М.М***аас Мерседес бенз автомашиныг 65,000,000 төгрөгийн  зээлээр аваад Дархан сумын Найрамдал төвийн барилгад хөрөнгө оруулсан. Мөн 2015 оны 01 сараас 3 хувийн хүүтэй сар бүр тооцож явсан болно” гэсэн тодорхойлолт авагдсан байгаа бөгөөд энэхүү тодорхойлолтыг үндэслэн М.М*** нь хүү тооцож, хариуцагч О.С***аас нэхэмжилж байна гэжээ.

 

Тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар хариуцагч С.Бгээс 65,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М***ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү гэж нэхэмжилсэн 23,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр М.М***, С.Б нарын хооронд 65,000,000 төгрөгийн Мерседес бенз маркийн автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн талаар дүгнэж, гэрээний үүрэг болох автомашины үнэ 65,000,000 төгрөгийг хариуцагч С.Бгээс гаргуулж, нэхэмжлэгч М.М***ад олгож, дээр дурдсан тодорхойлолтыг үндэслэн тооцож хүү 23,400,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон байна. 

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.М***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*** нь тус шүүхийн шийдвэрт заагдсан 65,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг О.С*** хүүгээрээ дамжуулан авсан гэж тайлбарладаг боловч автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ М.М***, С.Б нарын хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж, гэрээний үүргийн биелэлтийг гаргуулахаар дээрх шүүхийн шийдвэрт заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан М.М***, С.Б нарын хооронд байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн, О.С*** хүүгээ явуулж өөртөө авсан гэсэн тайлбарын дагуу автомашин худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дахин дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан О.С***ын гаргасан тодорхойлолтоор автомашин 65,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авсан, 2015 оны 01 сараас 3 хувийн хүүтэй сар бүр тооцож явсан болохыг тодорхойлсон байх бөгөөд энэхүү тодорхойлолтоор М.М***, С.Б нарын хооронд байгуулсан гэрээний дагуу С.Бгийн үүргийг О.С***т шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл М.М***, С.Б нарын байгуулсан гэрээний дагуу С.Б үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг гуравдагч этгээд буюу хариуцагч О.С*** хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчаас хүү гэж нэхэмжилсэн 31,200,000 төгрөг нь хугацаандаа үүргээ биелүүлээгүйн хариуцлага, хохирол гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага тооцуулах, хохирол шаардах эрх нь зөвхөн гэрээний талуудад хамааралтай юм.

 

 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.М***ын хариуцагч О.С***аас 2015 оны 01 сараас 2016 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэлх хүү нийт 31,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин О.С***т худалдсан гэх арматурын үнэ болох 2,970,000 төгрөгийг хариуцагч төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул энэхүү төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч М.М***ад олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.С***аас 2,970,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М***ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 31,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,800 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С***аас улсын тэмдэгтийн хураамжид 62,470 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М***ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ