Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Хын Дд холбогдох 1835003500211 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 1-р багт оршин суух, РД:ОЙ85070812, Т овогт Хын Д, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Өмнөговь сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:

1. Хохирогч Ш.Л зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “...Д нь миний зүүн шанаа дээр 2 удаа цохисон, шилэн хүзүүн дээр 2 удаа цохисон. Миний толгой жаахан өвдөж байна. Шилэн хүзүү халуу оргиод хөшиж өвдөөд байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6 дугаар хуудас/,

-Хохирогч Ш.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Өмнөговь сумын нийт 31 наснаас дээш иргэдийн дунд Бага олимп олон төрөлт тэмцээнийг Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан. Уг арга хэмжээний ажлын хэсгийн даргаар миний бие ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед нээлтийн үйл ажиллагаа болоод үргэлжлүүлээд Хөл бөмбөг болон Олс таталтын тэмцээн болж орой 17 цагаас сагсан бөмбөгийн тэмцээн болоод уг тэмцээнд Өмнөговь сумын 5 дугаар багийн таван баг оролцсон. Энэ тэмцээнд Намир болон Орлого баг нь аваргын төлөө сүүлийн тоглолтоо хийж байсан тэгээд уг 2 баг нь адил 6-6 оноогоор тэнцсэн. Тэгээд цаг дуусаагүй байхад Орлого багийн тамирчин Ё нэг бөмбөг оруулж орлого багт хожил заасан тэрнээс болоод Д нь шүүгч Тогтохжаргалтай маргалдсан тэгж байгаад Д нь Ё-ыг чиний 2 залаад оруулсан бөмбөгнөөс болоод маргаан болж байна гээд зогсож байснаа Ёндонжамцыг ундааны саваар тоншоод байхаар нь би та хоёр маргалдаад зодооноор асуудал шийднэ гэж юу байдаг юм гэхэд Д нь миний зүүн шанаа дээр 2-3 удаа цохисон. Тэрхэн зуур би жаахан манарсан байсан тэгж байхад тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад авсан тэгээд би тэмцээнийг дуусгаад шууд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 дугаар хуудас/,

-Хохирогч Ш.Л 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Д нь Ё-ыг цохиод эхэлсэн тэгээд би тэр хоёр дундуур ороод салгаж байхад Д нь миний зүүн шанаа дээр цохиод унагаасан. 2018 оны 10 дугаар сарын 02-ны орой сургуулийн заалнаас гараад Б гэдэг залуугаар сумын эмнэлэг дээр хүргүүлээд тэндээ хоносон тэр үед цагийн тариатай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-138 дугаар хуудас/

- Хохирогч Ш.Л 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тухайн үед Д, Ё хоёр маргалдаад байхаар дундуур ороход санаандгүй байж байхад миний баруун шанаа руу цохисон тэгээд би газар унаад боссон. Тэрхэн зуур намайг хэд цохисныг би мэдэхгүй байна. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэр өдөр Д намайг цохисны улмаас үүссэн гэмтэл...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153 дугаар хуудас/,

-Хохирогч Ш.Л 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ё бид хоёрыг цохисон. Гэтэл хөндлөнгийн хүмүүс та Х.Даар цохиулаад газар унасан гэж хэлсэн. Би яг унасан үгүйгээ мэдэхгүй байна... Та шал тулаад унасан гэж хөндлөнгийн хүмүүс хэлсэн. Ёндонжамц бид хоёрын нүүр шалбарсан байсан. Тухайн үед цохилтын улмаас манараад юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231 дүгээр хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг:

2. Гэрч Б.Сумъяагийн “...Д Ёндонжамцын хажууд очоод Ёндонжамцын шилэн хүзүүн дээр ундааны жижиг саваар 2 удаа тоншоод чи шүгэл дуугарсны дараа оруулчихлаа тэгээд ч бас 2 залсан гэж хэлсэн тэгж байтал Ш.Л Д руу дайраад чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэж хэлээд зандрангуй босож ирээд дайрч давшлаад байхаар нь Д нь Ё Л нарыг баруун, зүүн гараараа нэг, нэг удаа л цохисон тэгээд тэнд байсан хүмүүс тэд нарыг салгаж байхад Ш.Л Дыг нэг удаа өшиглөсөн тэгсэн хүмүүс салгаад Өмнөговь сумын иргэн Эрдэнэ гэдэг хүнд Дыг дагуулаад аваад гар гээд өгөөд гаргасан. Гадна гараад ямар нэгэн зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

3. Гэрч М.Ёын “...Х.Д намайг чиний оруулсан бөмбөгөөс маргаан гарлаа 2 уулаа хасагдах юм уу гээд намайг ундааны саваар миний мөр болон толгой дээр нэг нэг удаа цохисон тэгж байхад уг тэмцээнийг зохион байгуулж байсан Засаг даргын орлогч Ш.Л босож ирээд шүүгчийн шийдвэрээр явна бид нарыг битгий үл хүндэтгээд хэл ам хийгээд бай гээд Д бид хоёрын дундуур орж ирсэн юм. Тэгэхэд Д намайг баруун гараараа миний зүүн нүдэн дээр цохиод Л даргыг зүүн гараараа нүүр лүү нь 2 удаа цохиж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад бариад авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/,

- Гэрч М.Ёын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Д нь Лгийн баруун шанаан дээр гараараа нэг удаа цохисон тэр үед намайг цохисон байсан болохоор би дахиж цохисныг сайн мэдэхгүй байна. Л нь цохиулсныхаа дараа газар унаад босож ирсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158 дугаар хуудас/

4. Гэрч Л.Бгийн “...Д ундааны саваар Ё-ын мөрөн дээр нь 2 цохиод толгой руу нь нэг удаа цохиход тэмцээн зохион байгуулж байсан Л босож ирээд Д чи болилдоо наад хүнээ яагаад цохиод байгаа юм гэхэд Д Ё-ын нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд Л ах гүйгээд ирэхэд Д гараараа нүүр лүү нь 1 удаа л цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс тэд нарыг салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

- Гэрч Л.Бгийн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Тухайн үед Д нь Лгийн баруун нүдэн дээр нь гараараа нэг л удаа цохисон тэгээд тэнд байсан хүмүүс салгаад авсан. Л нь Дд цохиулсныхаа дараа шалан дээр унаад босож ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157 дугаар хуудас/,

5. Гэрч Н.Гантуяагийн “...намир багийн тамирчин Д нь Ёндонжамцтай маргалдаад тэгж байтал Л дарга босож ирээд дундуур нь ороход Д нь Л даргын нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс тэд нарыг салгаад Дыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146 дугаар хуудас/,

Шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:

6. Шүүгдэгч Х.Дын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн “...Би баруун гараараа Ёндонжамцыг нэг удаа шанаадсан, ундааны саваар толгой болон мөрөн дээр нь нэг нэг удаа тоншсон харин Лг зүүн гараараа нэг удаа шанаадсан тэгээд Л над руу дайраад нэг удаа өшиглөхөөр нь нэг удаа ташсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4-5 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Х.Д 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би Лийг над руу элдэв хэл амаар доромжлоод дайрч давшлаад байхаар нь би нэг удаа л шанаадсан тэгээд би гарах гээд сургуулийн заалны үүдэнд зогсож байхад Л дахин элдэв үгээр над руу дайрч ирээд намайг нэг удаа өшиглөөд авахаар нь би зөрүүлээд нэг удаа ташсан. Тэрнээс өөрөөр би Лг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Х.Д 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Лгийн зүүн хацар дээр нь гараараа нэг удаа шанаадаад дахиад над руу дайрч давшлаад намайг өшиглөхөөр нь зүүн хацар дээр нь нэг удаа ташсан тэрнээс өөр ямар нэг зүйлээр зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Х.Д 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч газарт унаагүй. Хохирогч сүүлд өгсөн мэдүүлэгтээ би газар унасан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан. ... 1 удаа Лг шанаадах үед Л намайг өшиглөхөөр нь би буцаагаад алгадсан гэж мэдүүлэг гаргасан тул хохирогчийг 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231 дүгээр хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Шүүгдэгч Х.Д 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэмцээн болж байсан тул бөмбөгнөөс болж Ёндонжамц бид хоёр маргалдсан. Тэгээд би ундааны саваар ганц нэг удаа тоншоод бид хоёроос болоод хүмүүс хоорондоо маргалдаад байна. Хоёулаа хоёр багаа аваад тэмцээнээс хасагдъя гээд 1-2 тоншсон. Тэгээд Ш.Л, Ёндонжамц хоёр над руу дайрсан. Тэгээд би Ш.Лг цохисон. Тэгээд манай багийг тэмцээнээс хассан. Ер нь бол тэмцээний хор шараас болж ийм хэрэг гарсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

7. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Оын “...Үзүүлэгч Ш.Лий биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун дагзны хуйханд доор цусан хураа, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт өнгөц зулгаралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд болсон хэргийн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх 678 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 29 дүгээр хуудас/,

8. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаа, Ц.Б, О.Б нарын гаргасан “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний “Урьд гаргасан Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №678 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Лгийн биед тархи доргилт, дагз, зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт өнгөц зулгаралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 166 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

9. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Т.Чимэд-Очир, М.Аригуунтөгс, Ц.Н, Г.Х нарын бүрэлдэхүүнтэй гаргасан “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний “...Увс аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2018.10.05-ны өдрийн 678 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 166 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Лгийн биед дагз, зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт өнгөц зулгаралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Ш.Л нь 2018.09.28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын эмнэлэгт “Толгой өвдөнө, үс халзарч унана, хоолой сэрвэгэнэж ханиалгаж цэр гарахгүй байна” гэсэн зовуурьтай “тархины цус эргэлтийн хямрал, гуурсан хоолойн архаг үрэвсэл” оноштой 10 хоног хэвтэж эмчлүүлсэн нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй бөгөөд архаг өвчин байна” гэх 724 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 20-22 дугаар хуудас/,

10. Шинжээч эмч Н.О 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчийн зүүн шанаанд цохих үед баруун талд цусан хураа газар унаагүй тохиолдолд үүсэх боломжгүй ...Тархи доргилт нь өөрөө хөнгөн гэмтэлд хамаардаг. Баруун дагзны хуйхан доорх цусан хураа болон зулгаралтууд гэмтлийн зэрэг хамаарахгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

11. Шинжээч эмч Г.Хгийн “...Ш.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын эмнэлэгт толгой өвдөн гэсэн зовуурьтай, тархины цус эргэлтийн хямрал оношоор хэвтэн эмчлүүлж байсан нь тархи доргилтын гэмтэлтэй ижил зовиур, шинж тэмдэг илрэх боломжтой тул дүгнэлтэд тусгаагүй. Ш.Лгийн биед учирсан хуйхны цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх 2-р хавтасны 31-32х/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Х.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ш.Л нь нийт 5 удаа хэргийн талаар мэдүүлэг өгсөн байна. Тухайлбал 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор “...Д нь миний зүүн шанаа дээр 2 удаа цохисон, шилэн хүзүүн дээр 2 удаа цохисон ...” гэж, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Д нь миний зүүн шанаа дээр 2-3 удаа цохисон ... би тэмцээнийг дуусгаад шууд гэртээ харьсан...” гэж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...миний зүүн шанаа дээр цохиод унагаасан. 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой сургуулийн заалнаас гараад Баяндалай гэдэг залуугаар сумын эмнэлэг дээр хүргүүлээд тэндээ хоносон тэр үед цагийн тариатай байсан...” гэж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...миний баруун шанаа руу цохисон тэгээд би газар унаад боссон. Тэрхэн зуур намайг хэд цохисныг би мэдэхгүй байна...” гэж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэтэл хөндлөнгийн хүмүүс та Х.Даар цохиулаад газар унасан гэж хэлсэн. Би яг унасан үгүйгээ мэдэхгүй байна... Та шал тулаад унасан гэж хөндлөнгийн хүмүүс хэлсэн ...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна.

Мөн хохирогч нь эхний хоёр мэдүүлэгтээ буюу зөрчлийн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Дд цохиулсны улмаас унасан талаар ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй байна. Харин шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасны дараа хохирогч Ш.Л 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “...Д нь миний зүүн шанаа дээр цохиод унагаасан...” гэх мэдүүлэг өгсөн. Улмаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Л.Б “...Л нь Дд цохиулсныхаа дараа шалан дээр унаад босож ирсэн...” гэж, М.Ё “...баруун шанаан дээр гараараа нэг удаа цохисон...” гэж дахин гэрчээр мэдүүлэг өгсөн нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд тааруулсан байна.

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 678 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Н.О 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчийн зүүн шанаанд цохих үед баруун талд цусан хураа газар унаагүй тохиолдолд үүсэх боломжгүй. ...Тархи доргилт нь өөрөө хөнгөн гэмтэлд хамаардаг. Баруун дагзны хуйхан доорх цусан хураа болон зулгаралтууд гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх мэдүүлэг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 724 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Ш.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын эмнэлэгт толгой өвдөн гэсэн зовуурьтай, тархины цус эргэлтийн хямрал оношоор хэвтэн эмчлүүлж байсан нь тархи доргилтын гэмтэлтэй ижил зовуурь, шинж тэмдэг илрэх боломжтой тул дүгнэлтэд тусгаагүй. Ш.Лгийн биед учирсан хуйхны цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг зөрүүтэй байна.

Өөрөөр хэлбэл 678 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “тархи доргилт” гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахаар, баруун дагзны хуйхан доорх цусан хураа болон бусад гэмтлүүд нь хамаарахгүй байхаар гаргасан байна. Харин 724 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй, хуйхны цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарахаар, бусад гэмтэл нь хамаарахгүй гэж тус тус дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Шүүгдэгч Х.Д нь хохирогч Ш.Лгийн нүүрэн тус газар нь хоёр удаа /шанаадаж, алгадсан/ цохисон болох нь шүүгдэгчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар цохисны улмаас хуйханд цус хуралт гэмтэл үүсэх боломжгүй, гэмтлийн зэрэгт хамааран гэх хуйханд цус хуралт, тархи доргилт гэмтлүүд нь шинжээч эмч нарын мэдүүлгээр харилцан нэгнийгээ үгүйсгэсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогчийг нүүрэн тус газар нь 2 удаа цохисон үйлдлийн улмаас нүүрэнд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хуйханд цус хуралт, тархи доргилт нь 678, 724 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Н.О, Г.Х нарын мэдүүлгүүдээр гэмтлийн зэрэгт хамаарах эсэх нь эргэлзээтэй. Хохирогч шүүгдэгчид цохиулсны улмаас толгой хэсгээрээ унасан эсэх, унасны улмаас хуйханд цус хуралт үүссэн нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, шүүгдэгчийг цагаатгах нь үндэслэлтэй.

Тодруулбал шүүгдэгч хохирогчийг нүүрэн тус газар нь 2 удаа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед халдах зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг болон бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дах хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Хын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон Т овогт Хын Дыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Дд холбогдох 1835003500211 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Х.Д нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Хохирогч Ш.Л нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА