Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00395

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/02862 дугаар шийдвэртэй

*******-ийн хүсэлттэй *******-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, түүний өмгөөлөгч *******, хэрэг гүйцэтгэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

Хүсэлт гаргагч *******-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд одоогоор гадаад худалдаа, барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа мөн авто машины худалдаа хийх зэрэг үйл ажиллагаа чиглэлээр байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компани байгуулагдсан цагаасаа тодорхой хэдэн үйл ажиллагаа явуулсан боловч 2017 оноос хойш дорвитой үйл ажиллагаа явуулж чадалгүй өдийг хүрсэн. Түүнчлэн компанийг дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг нийтэд гаргасан боловч ямар ч дахин хөрөнгөжүүлэх санал хүлээн авсангүй. Иймд *******-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампууруулж өгөхийг хүсч байна. ******* нь бусдаас ямар нэгэн авлага байхгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх тухай 128/Ш32019/7464 дугаартай захирамжаар 37 387 671 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. ******* нийт 270 000 000 төгрөгийн татварын өртэй бөгөөд мэргэжлийн хүнээр биш, их сургуулийн оюутнаар тайлангаа гаргуулж байсан нь буруутай болсон. Дансны үлдэгдэл 23 210 500 төгрөг нь ажлын хөлс орж ирсэн байх гэжээ.

Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлэн гэрчилгээ авч Барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294877 дугаартай Шийтгэлийн хуудсаар 19 727 272.81 төгрөгийн нөхөн татвар, 10 988 577.14 төгрөгийн торгууль, 6 671 821.26 төгрөгийн алданги нийт 37 387 671.21 төгрөгийг хуулийн хугацаанд барагдуулаагүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/Ш32019/7464 дугаартай Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж-аар ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ажиллагаа хийгдэж байсан. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 222 952 620.38 төгрөг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 277 288.10 төгрөгийн өр, шийтгэлийн хуудасны 37 387 671.21 төгрөгийн нийт 260 298 246.98 төгрөгийн татварын өрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 55 дугаар зүйлийн 55.1.1-д татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн заалтыг тус тус зөрчиж татварын өрийг төлөөгүй байна. Иймд *******-иас нийт 260 298 246.98 төгрөгийн татварын өрийг төлүүлж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн *******-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн хүсэлттэй хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2020/05496 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хүсэлт гаргагч Голден куалити" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/02862 дугаартай шийдвэрийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчиж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж үндэслэлгүй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Шүүх дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхдээ Дампуурлын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байх ба манай компаниас шүүхэд ирүүлсэн 2015-2019 онуудын Санхүүгийн тайлангууд болон Хэрэг гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтдээ өөрийн хөрөнгийн 45.38% тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна гэж дүгнэснээр нотлогдож байдаг. Манай компани 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана, 33.1.1 энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 33,1.2. шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, 33.1.3. төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэж заасан байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас дахин хөрөнгөжүүлэх саналыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримт байхгүй тул шүүх дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах ёстой байсан боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Дампуурлын тухай хууль нь дампуурлын хэрэг үүсгэх хянан шийдвэрлэх зорилт бүхий нарийвчлан зохицуулсан хууль байх ба шүүх тус хуулийг хэрэглэхгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт.... заасан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээ үндэслэх нь хэсэгтээ /5-р хуудас 2 дахь догол мөр/ Хас банкны харилцах дансны гүйлгээ хийсэн баримтаар 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн эцсийн үлдэгдэл 23 210 500 төгрөг байх ба татварт нэг ч төгрөг төлөөгүй нь нэхэмжлэгчийн Татварын өр төлбөрөө төлөхгүй санаатайгаар зайлсхийж байна гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна, 5 дахь догол мөрд дансны эцсийн үлдэгдэл 23 210 500 төгрөг байна хэмээн алдаатай дүгнэсэн байна. 2 дугаар хавтас хэргийн 6-7 талд Хас банкны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 5в/3207 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тодорхойлолтын хавсралтаас манай компанийн 2015 -2018 онуудын дансны хуулгыг ирүүлсэн байх ба тухайн 3 жилийн хугацаанд дебет буюу орлогоор 23 210 500 төгрөг орж, Кредит буюу зарлагаар 23 210 500 төгрөг гарсан үлдэгдэл 0.00 төгрөг байгаа болохыг тодорхойлсоор байхад шүүх 23 210 500 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр буруу, алдаатай дүгнэж, түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/Ш32020/05186 дугаартай захирамжаар *******-ийг төлбөрийн чадваргүйд тооцож нэхэмжлэгчийн хурлыг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг хийхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчдийн анхны хурал хийсэн баримт, хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр хэргийн материалд байхгүй байгаа нь нэхэмжлэгчдийн анхны хурал болоогүй болохыг нотолж байна гэж үзэж байна. Хэрэгт зөвхөн хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилуулах тухай огноо нь дутуу бичигдсэн хүсэлт л байдаг. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар хурлаас шийдвэрлэсэн шийдвэр байх ёстой. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт нэхэмжлэгчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гээд 8.3.1 -8.3.9 дэх хэсэгт нарийвчлан тодорхой зааж өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгчдийн хурал хийсэн эсэх нь тодорхойгүй, хурлын тэмдэглэл, шийдвэр баримт байхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Мөн уг шийдвэрийн бүхий л хэсэгт манай компанийн Голден куалити гэсэн оноосон нэрийг Голден куайлити хэмээн техникийн алдаатай бичсэн байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хэргийн материалтай танилцах гэсэн боловч танилцуулаагүй. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч ******* нь дампуурлын хэрэг үүсгэн дампуурсанд тооцож, татан буулгуулж өгөхийг хүссэн байна.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2020/05186 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцон, энэ тухай Өдрийн сонины 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 106 /6472/ дугаарт нийтэлж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсан байна.

*******-ийг 182/ШЗ2020/05186 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцон анхны хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийх гэж байгаа тухай нийтэд мэдээлснээс хойш буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 21 хоногийн дотор нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 260 298 246 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчдийн хурлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүх *******ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон нь Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон тухай 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн захирамж гарсан өдрөөс хойш хүсэлт гаргагч ******* болон нэхэмжлэгч байгууллага, хэрэг гүйцэтгэгч нараас дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан 60 хоногийн хугацаанд, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд тус тус гаргаагүй байна.

Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд зохих ажиллагааг явуулж, хариуцагч *******-ийн дампуурах болсон шалтгааныг ...Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас харахад *******-ийн эргэлтийг хөрөнгийн харьцаа алдагдсан, онолын зохистой үзүүлэлтээс 77.5 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, боломжгүй байгааг харуулж байна. ....2016-2019 онуудад 0.4%-ийн л барагдуулах боломжтой байх ба 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, мөнгөн хөрөнгө байхгүй болсон өнөөгийн нөхцөлд төлбөр барагдуулах боломж огт байхгүй. .... *******-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна... гэж дүгнэжээ. /2хх-37-47/

Татвар төлөгч Голден куалити ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлтээс 2015 онд 187 975 091 төгрөг, 2016 онд 618 426 819 төгрөг, 2017 онд 1 205 982 369 төгрөг, 2018 онд 58 918 636 төгрөгийн борлуулалтын орлого олсон, харилцах дансны гүйлгээ хийсэн баримтаар 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн эцсийн үлдэгдэл 23 210 500 төгрөг байх ба татварт нэг ч төгрөг төлөөгүй явдал нь нэхэмжлэгчийн Голден куалити ХХК татварын өр төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлхийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /2хх.6-7, 39/

Татвар төлөгч татвараа төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн өөрийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, бусдаас шалтгаалаагүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татварыг төлөх үүрэгтэй тул дээр дурдсан үндэслэлээр тухайн компанийг дампуурсанд тооцож, татан буулгаж, татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх *******-ийг дампуурсанд тооцон, татан буулгах хүсэлт гаргагч *******-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/02862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО