| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0116/э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Д.Г, Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Г, Б овогт Ций Н нарт холбогдох 1835003450110 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багийн малын эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн 5-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн, Б овогт Д-ийн Г, РД:ОЗ85050111,
Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн, Б овогт Ц-ий Н, РД: ОЗ89010116,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г, Ц.Н нар нь бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Ямаан толгойн хамар” гэх газарт зөвшөөрөлгүйгээр 165 ширхэг, 11.65 метр куб хуурай шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт 1.537.800 /нэг сая таван зуун гучин долоон мянга найман зуу/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Г, Ц.Н нар нь бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай сумын Засаг даргын орлогч ажилтай О.И бид хоёр Наранбулаг сумын Алдар багийн нутаг Шилээс Хартолгой ордог уулзвар замаас Хайстын шил рүү ойн сан бүхий газруудад мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр явсан. ...Ямаан толгойн хамар гэх газарт мод бэлтгэгдсэн гэх мэдээллийн дагуу очиж тэр орчимын газрыг үзэхэд ургаа модыг тайрч бэлдсэн байдалтай дүр зураг үзэгдсэн ба тухайн ургаа модыг 2-5 метрийн урттай тайрч ачихаар бэлдсэн байсан. Би тухайн үед шинэ тайрагдсан модны хожуулыг тоолоход 130 орчим хожуул байсан ба тус мод унагааж бэлдсэн хүмүүс хонож өнжиж бэлдсэн байдалтай 2-3 хүний хөнжил гудас зэрэг зүйлийг үлдээсэн байсан. Биднийг очиход тэнд ямар нэгэн хүмүүс болон багаж хэрэгсэл гэх зүйл байгаагүй. ...Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа сумын Тамгын газраас хоёр ачааны машин гарган Тамгын газрын эрэгтэй ажилчдыг дайчлан Ямаан толгойн хамарт бэлдсэн модыг ачиж Тамгын газрын хашаанд буулгасан. Би 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эргүүлээр яваад ирсний маргааш нь манай сумын иргэн Дийн Г гэх залуу миний 95969095 дугаарын утас руу залгаад би өөрийнхөө модонд явахын тулд гоожин авмаар байна гэхээр нь би гоожин өгдөг хүн биш чи байгаль хамгаалагчаас ав гэж хэлээд Ямаан толгойн хамарт бэлдсэн мод юу гэж хэлсэн чинь тийм гэж хэлээд утсаа тасалсан. Өөр над руу тэр чиглэлээс мод авна гэж ямар нэгэн хүн яриагүй, хэлээгүй. ...Тамгын газрын байгаль хамгаалагч ажилтай Нанжид гэх хүн эрхийн бичгийг бичиж өгдөг ба хүмүүс эрхийн бичиг авсаны дараа хэрэглээ, түлшний модоо бэлтгэдэг юм. ... 2018 онд Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Ямаан толгойн хамар” нэртэй газарт ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичгийг сумаас олгосон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-62 дугаар хуудас/,
2. Гэрч О.И-ийн “...Ямаан толгойн хамар гэх нэртэй газарт очсон ба тухайн газарт мод бэлтгэгдсэн байдалтай, ургаа модыг тайрч унагаасан, машинд ачихаар хэмжиж тайрч бэлдсэн зэрэг байдал харагдсан. Бид тэр газарт очиход мод бэлтгэж байсан ямар нэгэн хүн, багаж хэрэгсэл гэх зүйл байгаагүй. Тэр газарт 2-3 хүний бололтой хөнжил гудас зэрэг зүйлийг модны ёроолд тавьсан байсан. ...Тухайн газарт хуурай, чийгтэй мод холигдсон байсан ба бүгд ургаа, унагааж бэлдсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-74 дүгээр хуудас/,
3. Гэрч Х.Н-ын “...Би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөө Наранбулаг сумын төвөөс гарах гэж байхад Д.Г өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ачааны авто машинтай ээж Минсэлийнхээ хашаанд хуурай мод буулгаж байсан юм. Тухайн үед Д.Г нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан. Түүнийг би харчхаад ... өөрийнхөө мустанг загварын мотоциклоор Хужирт багийн нутаг дэвсгэр болох Хайстын шил гэх газар руу явсан юм. Тэгээд би Хайстын шилд очоод “Ямаан толгойн хамар” гэх газарт очиход уг хамрын модыг тэр чигт нь хөрөөдөөд унагаачихсан байдалтай байсан ба уг мод бэлтгэсэн гэх газрын хажууд 2 метрээр тайрсан байдалтай бүдүүн хэсгийн моднууд 50 ширхэг овоолчихсон мод байсныг би харчхаад Хайстын шилийн төв дээр очиж хоносон юм. ...Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ямаан толгойн хамар гэх газар луу очиход уг бэлтгээд овоолчихсон мод алга болсон байсан ба уг ...модыг Ч.Н авсан юм. Би Д.Г болон түүний дүү Баку гэх залууг хардаж байна. Учир нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шалгалтын комисс ирээд явсны дараа маргааш нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Д.Г банканд мөнгө тушаасан баримт байна, би бэлтгэсэн модоо авмаар байна. Мод бэлтгэх зөвшөөрөл надад өг гэж хэлсэн ба би тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-93 дугаар хуудас/,
4. Гэрч Б.Б-ын “...2018 оны 8 дугаар сарын 25-ны үед байх нөхөр бид хоёр гэртээ байж байхад Дийн Г гэдэг залуу ганцаараа ирээд “Хайстын шилд бэлдчихсэн мод байгаа, түүнийг очоод тайрч хуваамаар байна, явах хүн байдаггүй, чи завтай бол надад туслаад яваад өгөөч” гэхээр нь Ц.Н зөвшөөрч Д.Гтай хамт явсан. Тэр хоёр өглөө 9 цагийн үед яваад орой 19 цагийн үед буцаж ирсэн. ...Тэгээд хоёр хоногийн дараа Х.Н ах Ц.Нтэй гар утсаар ярьж зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гээд бөөн юм болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,
5. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно. Уг газар мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн зохих зөвшөөрөл эрхийн бичигтэй бол болно. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь 11.65 м3. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Шинэс мод байна. Уг бэлтгэсэн шинэс мод нь түлээний хуурай мод. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ 1.537.800 /нэг сая таван зуун гучин долоон мянга найман зуу/-н төгрөг болж байна. Ойн тухай хуулийн 47.2 дахь заалтыг зөрчсөн байна” гэх 3 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 117 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Д.Г-ын яллагдагчаар өгсөн “...2018 оны 8 дугаар сарын сүүлээр би цаг хугацааг одоо тодорхой санахгүй байна. Би тус аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутагт байрлах Хайстын шил гэх газар руу өөрийн хонгор зүсмийн гүүг хайхаар яваад тэр орчмоор хайж байгаад Ямаан толгойн хамар гэх нэртэй газар очиход 10 гаруй хуурай мод тайрч унагаагаад орхичихсон, зарим модны мөчрийг нь цавччихсан байсан. Тэр үед тэнд хүн байхгүй байсан бөгөөд би үзчихээд Наранбулаг сум руу ороод хоноод маргааш нь би өөрийн найз болох Ций Нтэй хамт өөрийн мотоциклоор яваад Наранбулаг сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ямаан толгойн хамар гэх нэртэй газарт байрлах модыг би 2-4 метрийн хэмжээтэй тайрч бэлтгэсэн. ...Би тухайн модыг ачиж аваагүй байхад Наранбулаг сумын ЗДТГ-ын ажилчид тухайн модыг ачаад ЗДТГ-ын хашаанд буулгаад хураачихсан байсан. ...Би найз Ц.Нтэй хамт мод бэлтгэсэн бөгөөд хэчнээн хэмжээний, хэдэн ширхэг мод бэлтгэснийг мэдэхгүй байна, би нэг бүрчлэн тоолоогүй, баримжаагаар Зил-130 загварын автомашинаас илүү мод бэлтгэсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-159 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Ц.Нн яллагдагчаар өгсөн “...2018 оны 8 дугаар сарын сүүлээр би гэртээ ганцаараа байж байхад манай найз Д.Г үд болохоос өмнө манай гэрт ирээд завтай байвал модонд яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би завтай байна гээд Д.Гантулгын модонд явж өгөхөөр болсон. Д.Г бид хоёр түүний улаан өнгийн мустанг-5 загварын мотоциклээр тус аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг Ямаан толгойн хамар гэх нэртэй газар руу явж очиход тухайн газарт очиход мод тайраад унагаачихсан байсан ба Д.Г надтай хамт аварга хөрөөгөөр тайраад бэлтгээд өг дахиж чамайг гуйхгүй, би өөрөө ачиж авна гэж хэлсэн. Би Д.Гд тусалж тэнд уначихсан байсан моднуудыг Д.Г-ын эзэмшлийн модон бариултай аварга хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн. ...намайг хэрэгт оруулахгүй, би мэдэж байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөлтэй эсхүл байгаль хамгаалагчтай уулзсан гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-165-167 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 3 дугаартай дүгнэлт нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Ямаан толгойн хамар” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй, уг газар мод бэлтгэх талбай тусгаарлалт хийж, зохих зөвшөөрлөөр мод бэлтгэх боломжтой газар байх боловч шүүгдэгч Д.Г, Ц.Н нар нь бэлтгэх зөвшөөрөл аваагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, гэрч Х.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон тооцно” гэж тус тус тодорхойлжээ. Иймд шүүгдэгч Д.Г, Ц.Н нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г, Ц.Н нарын 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Ямаан толгойн хамар” гэх газарт зөвшөөрөлгүйгээр 165 ширхэг буюу 11.65 метр куб хуурай шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт 1.537.800 /нэг сая таван зуун гучин долоон мянга найман зуу/-н төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Г, Ц.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.537.800 /нэг таван зуун гучин долоон мянга найман зуу/ төгрөгийг хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /1537800х3/ 4.613.400 /дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуу/ төгрөг бөгөөд үүнээс 1.537.800 /нэг таван зуун гучин долоон мянга найман зуу/ төгрөгийг хохиролд тооцож, үлдэх 3.075.600 /гурван сая далан таван мянга зургаан зуу/ төгрөгийг хор уршигт тооцно. Шүүгдэгч нар нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 600.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 938.000 төгрөг буюу нийт 1.538.000 төгрөгийг Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газарт төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтуудаар тогтоогдож байна. Иймд үлдэх 3.075.400 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Д.Гас 1.537.700 төгрөг, шүүгдэгч Ц.Нгээс 1.537.700 төгрөгийг тус тус гаргуулж Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г, Ц.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.538.000 төгрөг төлсөн, хор уршигт 3.075.400 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 15-аас эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт жил бүр 50 ширхэг хайлаас тарих, түүнийг арчлан хамгаалах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аварга хөрөө 1 ширхэг, битүүмжлэгдсэн 165 ширхэг буюу 11.65 метр куб хуурай шинэс модыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дийн Г, Б овогт Ций Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Ц.Н тус бүрд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 15-аас эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт жил бүр 50 ширхэг хайлаас тарих, түүнийг арчлан хамгаалах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Г, Ц.Н нарт хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 1.537.700 төгрөгийг, шүүгдэгч Ц.Нгээс 1.537.700 төгрөгийг тус тус гаргуулан Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газарт 2020 оны 6 дугаар сарын 01-ний дотор олгосугай.
5. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аварга хөрөө 1 ширхэгийг, битүүмжлэгдсэн 165 ширхэг 11.65 метр куб хуурай шинэс модыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА