| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2019/04316/И |
| Дугаар | 210/МА2021/00484 |
| Огноо | 2021-03-15 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2021/00484
*******
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00120 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч ******* дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй, нэхэмжлэгч *******, ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөрт 73 587 066.60 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 48 119 172.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Халиун нар оролцов.
Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК нь 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, худалдааны зуучлал, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, аялал зуучлалын хөтөч, авто засвар, засал чимэглэл, сантехник, мужаан, оёдол, эсгүүрийн сургалт, англи хэл, хятад хэл, япон хэл, солонгос хэлний сургалт, барилга угсралтын ажил эрхлэх чиглэлийг нэмж бүртгүүлэн 1 212 000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 1 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдсан. Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад хэлний мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвийг ажиллуулж байгаад БНСУ-аас далайн байцаа борлуулж эхэлсэн. 2008-2011 он хүртэл уул уурхайн хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж байсан. 2013-2017 оныг дуустал БНСУ-ын гоо сайхны брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байсан. 2013 оны 8 дугаар сард уг гоо сайхны брэндийн бүтээгдэхүүний албан ёсны борлуулагчийн дистербьютер болж дэлгүүр ажиллуулж эхлээд 2013 онд 2 салбар, 2014 оны 9 дүгээр сард 3 дахь салбараа нээсэн. 2015 оны 12 дугаар сараас эхлээд захирал******* нь өвчний улмаас компанийн үйл ажиллагаанд оролцож чадаагүйн улмаас алдагдалтай ажиллаж эхэлсэн. 2016 онд 1 салбараа хааж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Капитрон банкнаас 300 000 000 төгрөгийн зээл авч компанийг дахин хөрөнгөжүүлэн, үйл ажиллагаа, санхүүгийн чадвараа тогтворжуулж, бүтээгдэхүүний татан авалт хийсэн. 2017 онд 1 салбар, 2018 оны 1 дүгээр сард 3 дах салбараа хаасан. Энэхүү санхүүгийн алдагдал нь компанийн үйл ажиллагаа, түрээсийн байр, маркетингийн зардал зэргээс үүссэн. 2018 онд ББСБ-аас дахин гэр бүлийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалан 100 000 000 төгрөг зээлдэн авч компанид хөрөнгөд оруулан дахин үйл ажиллагаагаа явуулж санхүүгийн чадвараа тогтворжуулан, дахин хөрөнгөжүүлж сайхны бараа бүтээгдэхүүн авсан. 2018 оны 8 дугаар сард шинэ салбар нээж үйл ажиллагаа явуулсан боловч борлуулалтын хэмжээ бага алдагдалтай, бараа татан авалтын хэмжээ бага зэргээс шалтгаалан БНСУ-ын ABLE C&C компани албан ёсны дистербьютерийн эрхээ цуцалж, 2018 оны 12 сард дэлгүүрээ хааж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 2018 оны сүүлээс эхлэн санхүүгийн болон төлбөрийн чадваргүй болсон ба цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадамжгүй, эх үүсвэргүй болж компанийн дүрмийн 10 дугаар зүйлд заасан компанийг татан буулгах үндэслэл болсон. Компани цаашид үйл ажиллагаагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадваргүй, сүүлийн 1 жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул компанийг дампууруулах тухай үүсгэн байгуулагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот шийдвэрийг гаргасан. Иймд ******* дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК нь 2018 оны 4 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын тайлан ирүүлээгүй, 48 119 172.39 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. ******* ХХК нь ажиллаж байсан ажилчдынхаа эрх ашгийг хохироож, тэтгэвэр тэтгэмж авах эрхийг нь зөрчсөн тул 48 119 172.39 төгрөгийг тус компанийн дампуурлын хэрэгт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын 24 725 964.24 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 4 195 758.72 төгрөг, дотоодын бараа ажил үйлчилгээнд суутгасан НӨАТ-ын 44 665 343.63 төгрөг, татварын хүү торгуулийн орлого 5 657 төгрөг, нийт 73 587 066.60 төгрөгийн өртэй байна. Иймд ******* ХХК-ийн өр төлбөрийг барагдуулж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэг гүйцэтгэгч шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Төлбөрийн чадварын шинжилгээ, нөхөлтийн коэффициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа. 2015 онд эргэлтийн хөрөнгийн харьцаа 0.0349, 2016 онд 0.0358, 2017 онд 0.0315, 2018 0.0315, 2019 онд 0, 2015 онд эргэлтийн хөрөнгө 1 281 966 737.23 төгрөг, 2016 онд 1 342 067 700 төгрөг, 2017 онд 1 243 333 600 төгрөг, 2018 онд 1 243 333 600 төгрөг, 2019 онд 336 300 төгрөг, 2015 онд богино хугацаат өр төлбөр 366 975 815.71 төгрөг, 2016 онд 374 695 500 төгрөг, 2017 онд 394 272 100 төгрөг, 2018 онд 394 272 100 төгрөг, 2019 онд 112 869 800 төгрөг. Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015 онд богино хугацаат өр төлбөр /БХӨТ/ нь эргэлтийн хөрөнгийн 97.5 хувийг, 2016-2017 онуудад богино хугацаат өр төлбөр /БХӨТ/ нь эргэлтийн хөрөнгийн 97.9 хувийг 2019 онд бүх хөрөнгийг буюу 100 хувь хүртэлх хувийг эзэлж байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, боломжгүй байгааг харуулж байна.
Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа. 2015 онд Мөнгөн хөрөнгө+Авлага/ 0.01, 2016 онд 0.02, 2017 онд 2.31, 2018 онд 2.31, 2019 онд 0.003, 2015 онд мөнгөн хөрөнгө 2 831 894.68 төгрөг, 2016 онд 25 557 200.00 төгрөг, 2017 онд 4 681 900 төгрөг, 2018 онд 4 681 900 төгрөг, 2019 онд 336 300 төгрөг, 2017 онд авлага 907 020 000, 2018 онд 907 020 000 төгрөг, 2015 онд богино хугацаат өр төлбөрийн АҮК 366 975 815.71, 2016 онд 1 395 071.700 төгрөг, 2017 онд 394 272 100 төгрөг, 2018 онд 394 272 100 төгрөг, 2019 онд 112 869 800 төгрөг байна.
Дүгнэлт: энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентийн утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт. Гэтэл ******* ХХК -ийн 2019 оны санхүүгийн тайланд тусгагдсан энэ харьцааны утга 0.003 гарч байгаа нь мөнгөн хөрөнгө богино хугацаат өр төлбөрийн 0.3 хувийг л төлж чадах буюу түргэн хөрвөх чадваргүй өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна. Гэтэл ******* ХХК -ийн 2019 оны санхүүгийн тайланд тусгагдсан энэ харьцааны утга 0,003 гарч байгаа нь мөнгөн хөрөнгө богино хугацаат өр төлбөрийн 0.3 хувийг л төлж чадах буюу түргэн хөрвөх чадваргүй өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна. 2015 онд төлбөрийн барагдуулах өнөөгийн боломжийн 0.008, 2016 онд 0.068, 2017 онд 0.012, 2018 онд 0.012, 2019 онд 0.003, 2015 онд мөнгөн хөрөнгө 2 831 894.68, 2016 онд 25 557 200, 2017 онд 4 681 900, 2018 онд 4 681 900, 2019 онд 336 300, богино хугацаат өр төлбөр 2015 онд 366 975 815.71, 2016 онд 374 695 500, 2017 онд 394 272 100, 2018 онд 394 272 100, 2019 онд 112 869 800 төгрөг байна.
Дүгнэлт: Дээрх үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог бөгөөд одоо байгаа бэлэн хөрөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт. ******* ХХК-ийн санхүүгийн тайлангаас харахад 2015-2018 онуудад 6 хувиас 1 хувийг л барагдуулах боломжтой байх ба 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, мөнгө хөрөнгө байхгүй болсон өнөөгийн нөхцөлд төлбөр барагдуулах боломж огт байхгүй байгааг илэрхийлж байна.
Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт. ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 онуудын санхүүгийн тайлан балансад нь төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны тайлангийн үзүүлэлтүүдээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 117 787 472.39 төгрөг болж өөрийн хөрөнгийн -108.98 хувиас 43.71 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү ******* ХХК нь 2017 өөрийн хөрөнгийн 43.71 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
73 587 066.60 төгрөгийн, 48 119 172.39 төгрөгийн өр төлбөрийг тус тус нэмж тооцвол *******" ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцааны хувьд өр төлбөрийн дүн 121 706 238.99 төгрөг, эздийн өмч 61 212 000 төгрөг, Хуримтлагсан ашиг, алдагдал 176 675 300 төгрөг, эзний өмчийн бусад хэсэг 3 785 200 төгрөг, эзний өмчийн дүн 111 678 100 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 10 028 138.99 төгрөг, өр төлбөр өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -108.98 хувь байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/11132020/08567 дугаартай захирамжаар "******* төлбөрийн чадваргүйд тооцож нийтэд мэдээлсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан 2015-2018 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компани нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байх ба Х тайланг татварын байгууллагад мэдүүлж байсан. Тус компани нь 1 гишүүнтэй ХХК ба үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч******* нь өөрөө гүйцэтгэх удирдлагаар ажилладаг.******* нь хүнд өвчний улмаас 2016 оноос компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсноос үйл ажиллагаа нь зогсож, бизнесийн хамтрагч, нийлүүлэгчгүй болсон нь санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй болох эрсдэлд хүрч зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагааг сэргээх, дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр хөрөнгө оруулалт хийсэн боловч зах зээлийн болон компанийн санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүйгээс бизнес төлөвлөгөө нь амжилтгүй болж өр төлбөр нэмэгдэж санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон.
Удирдлагын үйл ажиллагаан талаарх дүгнэлт: ******* ХХК-ийн удирдлага нь өвчний улмаас компанийн үйл ажиллагааг зогсоож бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын үйл ажиллагаанаас хамааралгүй.
"******* дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт: Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч хуульд заасан хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэжээ.
Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-т зааснаар ******* ХХК /улсын бүртгэлийн дугаар 9011024025, регистр 5043522/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар ******* ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болж, *******т шүүхийн шийдвэрийн дагуу төлөх татварын өр болох 73 587 066.60 /далан гурван сая таван зуун наян долоон мянга жаран зургаан төгрөг жаран мөнгө/ төгрөг, төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 48 119 172.39 /дөчин найман сая нэг зуун арван есөн мянга нэг зуун далан хоёр төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг тус тус төлөх үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Н.Нарантуяа, хэрэг гүйцэтгэгч нарт даалгаж, хүсэлт гаргагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурджээ.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ******* цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын 24 725 964.24 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 4 195 758.72 төгрөг, дотоодын бараа ажил үйлчилгээнд суутгасан НӨАТ-ын 44 665 343.63 төгрөг, татварын хүү торгуулийн орлого 5 657 төгрөг, нийт 73 587 066.60 төгрөгийн татварын өр төлбөрийг төлөх үүргээс чөлөөлж, улсыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
******* ХХК дампуурлын хэрэг үүсгэж, татан буулгах хүсэлт гаргасан бөгөөд дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* татварын өр төлбөрт 73 587 066.80 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 48 119 172.39 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх ******* ХХК-ийн дээрх хүсэлтийг хүлээн авч, дампуурлын хэрэг үүсгэн, тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.5 дах хэсэгт заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулсан байна. /1хх193, 2хх167, 171-172/
Хэрэг гүйцэтгэгчээр ыг томилсон ажиллагаа нь Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт нийцсэн, хэрэг гүйцэтгэгч нь мөн хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд хүсэлт гаргагч компанийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох ажиллагааг явуулж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дүгнэлт гаргажээ. Тэрээр ******* ХХК-ийн дампуурах болсон шалтгааныг ... тус компанийн 2015-2019 онуудын санхүүгийн тайлан балансад компанийн өр төлбөр 117 787 472.39 төгрөг болж өөрийн хөрөнгийн -108.98 хувиас -43.71 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч******* хүнд өвчний улмаас 2016 оноос компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсноос үйл ажиллагаа нь зогссон, бизнесийн хамтрагч, нийлүүлэгчгүй болсон нь санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй болох эрсдэлд хүрсэн, гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, зах зээлийн болон компанийн санхүү эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүйгээс бизнес төлөвлөгөө нь амжилтгүй болж өр төлбөр нэмэгдсэн зэрэг нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон .., гэж дүгнэсэн байна. /3хх1-11/
Мөн хэрэгт авагдсан тус компанийн 2015-2018 онуудын санхүү байдлын тайлан, аж ахуй нэгжийн орлогын татварын тайлан, арилжааны банкуудаас ирүүлсэн дансны хуулга, лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт, Газрын албаны албан бичиг зэрэг нотлох баримтуудаар ******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй болсон гэдэг нь нотлогдож байна. /1хх15-188, 242-250, 2хх1-155/
Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хүсэлт гаргагч болон нэхэмжлэгч байгууллагууд, хэрэг гүйцэтгэгч нь ******* төлбөргүйн чадваргүйд тооцсон өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан 60 хоногийн хугацаанд, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд гаргаагүй байна. Түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан тул шүүх компанийг дампуурсанд тооцож татан буулган, өр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг хэрэг гүйцэтгэгчид даалгасан нь зөв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалт буюу Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар ******* ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болж, *******т шүүхийн шийдвэрийн дагуу төлөх татварын өр болох 73 587 066.60 төгрөг, төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 48 119 172.39 төгрөгийг тус тус төлөх үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болох-ыг дурдсан нь хүсэлт гаргагчийг үүргээс шууд чөлөөлсөн утгатай заалт биш. Хэрэг гүйцэтгэгч хүсэлт гаргагчийг татан буулгах ажиллагааны дараа Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулах тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.МӨНХЗУЛ