| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2018/0115/э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гийн Тд холбогдох 1935002340116 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Малчин сумын эрүүл мэндийн төвд багийн эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Гын Т /РД: ОЮ76122906/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Бий эзэмшлийн 49-72 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл буюу тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогч Б.Бий “Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн шар өнгийн Мустанг-5 загварын мотоциклоор ус аваад гэрийн гадна орхичхоод гэрт ороод байж байтал бороо ороод гэрээс гаралгүй нэг цаг орчим болсон юм. Бороо зогсохоор нь гэрээс гараад мотоциклоо харахад гэрийн гадна байсан мотоцикл алга болчихсон байсан. Таньдаг найз нөхөд ойр орчмын хүмүүсээс сураглаад олоогүй. Тэгээд сумын төв дотор явж байтал Д.Э гэдэг айлын гадна миний мотоцикл зогсож байсан. Гэрт ороод тэнд байсан хүмүүсээс асуухад Г.Т эмч унаж ирсэн гэхээр нь дүүгээ дуудаад мотоциклоо аваад явчихсан юм. Г.Ттэй уулзах гэсэн боловч согтуу байна гэхээр нь уулзахгүйгээр явчихсан юм. ...Т бид 2 нэг төгсөлтийн найзууд байгаа юм. ...Г.Т миний мотоциклийг кундакторыг холбож асаагаад унаад явчихсан байсан. Би 2016 онд 1 сая төгрөгөөр мотоциклоо худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,
2. Гэрч П.Н-ын “Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нөхөр Д.Э-ын хамт сумын төвөөс лам аваад ...гэртээ ирээд ламдаа хоол цай хийж өгөөд нэг шил архи задлаад сууж байтал гаднаас Г.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирээд ...манай нөхөр Д.Э-тай юм яриад сууж байгаад манай гэрт унтчихсан. Удалгүй манай нөхөр Д.Э бид 2 тухайн ламаа гэрт нь хүргэхээр гэрээс гарч байтал манай сумын Б.Б гэдэг залуу гэрийн гадна ирж байсан. Бид хоёроос энэ миний мотоцикл хэн унаж ирсэн бэ? гэхээр нь бид хоёр Г.Т манай гэрт унтаж байна, Г.Т унаж ирсэн гэж хэлсэн. Б.Б гэж залуу тухайн үед нэг хүнтэй утсаар “миний мотоцикл энд айлын хашааны гадна байна” гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
3. Гэрч Д.Э-ын “Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны 15 цагийн үед байх гэртээ лам авч ирээд ном уншуулж байтал Г.Т манайд согтуу ирсэн. ...Тухайн үед Г.Т шар өнгийн мустанг-5 загварын мотоциклтэй ирсэн байсан. ...Б.Б гэдэг залуу ирээд миний мотоцикл энд байна гээд утсаар хүнтэй яриад аваад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
4. Гэрч Т.Б “Би анх 2014 онд Улаангомоос шинэ Мустанг-5 загварын шар өнгийн мотоцикл 1.480.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн мотоциклоо өөрөө 2 жил унаад сумын залуу болох Б.Бд 2016 онд 1.000.000 төгрөгөөр зарсан юм. Миний Б.Бд зарсан мотоцикл нь шар өнгийн мустанг-5 загварын мотоцикл байсан. ...49-72 УВЗ гэсэн улсын дугаартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
5. Шинжээчийн “2019 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн Малчин суманд “Мустанг-5” загварын хуучин мотоцикл 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 237 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч Г.Тий “...бороо ороод гэр лүү харихаар алхаж явтал Б.Бий хашааны гадна өөрийнх нь мотоцикл байсан. Тухайн үед бороо орж байсан болохоор ойр орчим ямар нэгэн хүн байгаагүй би Б.Бий мотоциклийг унаж явах сэдэл төрөөд мотоциклийг очиж үзэхэд түлхүүргүй байсан тул би ойр орчим ямар нэгэн хүн байхгүй болохоор мотоциклийн кундакторын утас буюу түлхүүрээр асаадаг хэсгийн утсыг нь салгаж холбоод асаагаад Д.Э гэдэг айлын гадна очоод тэдний гэр лүү ороод унтчихсан байсан. ...Б.Бий ээж нь ууртай хүн байдаг болохоор орж хэлбэл ээж нь уурлаж магадгүй гэж бодоод хэлэлгүйгээр унаад явчихсан юм. ...би бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Бий эзэмшлийн 49-72 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл буюу авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч Б.Б, гэрч П.Н, Д.Э нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 354.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 237 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч Б.Б нь Мустанг-5 загварын 4972 УВЗ улсын дугаартай мотоциклоо буцаан авсан болох нь түүний “...Би алдсан мотоциклоо олж авсан тул одоо ямар нэгэн хохирол байхгүй ...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 6-9 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 47 дугаар хуудас/ тогтоогдсон, тодорхой эрхэлсэн ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Гийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА