Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01067/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

    Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р багт байрлах Голомт банкны Дархан салбар /Регистрийн дугаар: **, Утас: **/-ын хүсэлттэй,

 

     “Г.Б***ыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Г.Б***нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр *** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Голомт банк нь иргэн Г.Б***ад 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдүүлсэн болно.

Зээлийн гэрээний 2.2, 2.4-д зааснаар зээлдэгч Г.Б*** нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүрэгтэй.

2015 оны 11 сарын 03-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй байна. Энэ талаар зээлдэгчид мэдээллэх гэсэн боловч орох эрх нь хаагдсан, эхнэр Д*** нь *** дугаарын утсаар холбогдоход Өмнөговь аймагт байгаа, ээж болох О.Т*** *** дугаарын утсаар холбогддог боловч хүүгийнхээ хаана амьдарч байгааг мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Голомт банкны Дархан салбар нь Г.Б***ыг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

           

Г.Б*** нь Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р гудамж, **-р тоотод оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй  бол  түүнийг  эрэн  сурвалжлуулах  тухай  хүсэлтийг  шүүхэд  гаргаж  болно”,  мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Голомт банкны Дархан салбар нь тус шүүхэд Г.Б***ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон  

                                                        ТОГТООХ нь:

  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, Ширээ нуруу, ** тоотод оршин сууж байсан гэх О*** овогт Г.Б***/РД: ****/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Г.Б***ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            4. Г.Б***ын оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Голомт банкны Дархан салбар /утас: ****/-т мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ