| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0117/э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганхүү, өсвөр насны шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Ут холбогдох 1935001130093 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 8а ангид сурдаг, ам бүл 8, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 3-77 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Б ургийн овогт Бийн У, регистрийн дугаар: ОЮ04291617,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Б.У нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 13-40 тоот хашаанд байрлах хохирогч Б.Б эд зүйлээ хадгалдаг байшин буюу тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч хохирогч Б.Б 270.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн HANURI загварын унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Б.У нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогч Б.Б “2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Улаангом сумын 4 дүгээр баг 13-40 тоот байрлах өөрийн гэрээ эргэж үзээд хөдөө ажлаар явсан. Тэгээд хөдөөнөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд ирээд 2019 оны 03 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд очиж өөрийн гэрээ эргэж үзэх үед том өрөөний вакум цонх онгорхой байхаар нь гайхаад гэр дотор байдаг үнэтэй эд зүйл болох буу болон бусад эд зүйлсээ үзэхэд бүгд бүрэн байхаар нь гадна гараад хашаан доторх эд зүйлээ хартал агуулахын цоож нь байхгүй байхаар нь дотогш ороод үзтэл агуулахын цоожийг эвдээд дотор талд хаяад, дотроос нь миний унаж байсан унадаг дугуй алга байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
2. Иргэний нэхэмжлэгч Э.Нын “...би унадаг дугуй авах гээд фейсбүүкээс хайж байтал Увс аймгийн нэгдсэн групп дээр цагаан өнгийн унадаг дугуй зарна гэсэн байхаар нь би уг пост руу орж чат бичихэд нэг залуу Улаангом сумын захын үүдэнд ирээд үз гэхээр нь би 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаангом сумын захын үүдэнд унадаг дугуй зардаг залуугаас 100.000 төгрөг бэлэн өгөөд цагаан өнгийн HANURI гэсэн бичигтэй ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй унадаг дугуй худалдаж авсан. Надад унадаг дугуй зарсан гэх залуу бол Улаангом сумын захын үүдэнд дугуй зардаг залуу байгаа би харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Я-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 05-аас 06-ны өдрийн хооронд байх намайг ажил дээрээ байж байтал нэг хүүхэд дугуй хийлмээр байна гэхээр нь би уг унадаг дугуйг нь хийлж өгтөл нөгөө хүүхэд надад хандан “та унадаг дугуй худалдаж авах уу?” гэхээр нь би ямар шалтгаантай унадаг дугуй вэ? гэтэл миний өөрийн унадаг дугуй, мөнгөний хэрэг гараад зарж байна гэхээр нь би “за тэгвэл том хүн дагуулж ир” гэтэл нөгөө хүүхэд аав, ээж хотод байгаа, би Улаангомд эмээгийн хамтаар байдаг. Эмээ хэвтэрт байгаа гэж хэлэхээр нь би утасныхаа дугаар өгчих гэсэн чинь надад дугаар байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хүүхдээс хаана аль 10 жилийн ямар ангид сурдаг юм бэ? гэж асуухад 4 дүгээр 10 жилийн 9а ангид сурдаг гэж хэлэхээр нь би нөгөө хүүхдийг зарах гэж байгаа унадаг дугуйтайн хамт зургийг нь дарж авч үлдээд 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг унадаг дугуйн цагаан өнгийн будагтай, рам болон обуд хэсэгтээ HANURI гэсэн бичигтэй том хүний унадаг дугуй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
4. Насанд хүрээгүй гэрч С.М-ын “...2019 оны 4 дүгээр сарын эхээр би Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ байж байгаад найз Хгийн гэрт очиж хонохоор очтол найз маань гэртээ байгаагүй тул гэрээс нь гараад ПС тоглоомын газар руу 21:00 цаг орчимд явж байтал гурилын үйлдвэрийн дээд талд У гэх танил хүүхэд таарсан бөгөөд цагаан өнгийн унадаг дугуй уначихсан явж байсан тул түүний дугуйг гуйгаад “Авиа” ПС тоглоомын газар орчихоод ирье гэхэд тэр зөвшөөрөөд хурдан ирээрэй гэж хэлсэн. Би дугуйг нь унаж ПС ороход Х байгаагүй тул тэндээс гараад гадуур явж байгаад "Дэлгэрэх" дэлгүүр дээр ирж Ут дугуйг нь өгөх гэтэл тэр байгаагүй, явчихсан байсан. ...Би тэр оройгоо гэртээ дугуйтайгаа очиж хоноод маргааш нь би хичээлдээ явж ирчихээд 14 цагийн орчимд нөгөө цагаан дугуйг унаж зах ороод захын үүдэнд дугуй зардаг хүн дээр очиж дугуйг 30.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь ойр зуурын идэх уух зүйл авч дуусгасан. ...У урьд нь сургууль дээр тэр дугуйг унаж хэд хоног ирсэн бөгөөд утсаар солино гэж ярьж байсан бөгөөд би дугуйг нь зарчихаад түүнд сүүлд нь нэг утас олж өгнө гэж бодсон. Дугуй зарснаас хойш хэд хоногийн дараа У тааралдаад надаас дугуйгаа нэхэхэд нь би түүнд зарчихсан гэдгээ хэлж оронд нь нэг утас олж өгье гэж хэлэхэд “за битгий удаагаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
5. Увс Финанс-Аудит ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “...Увс аймгийн Улаангом суманд 2019 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар HANURI загварын унадаг дугуйны зах зээлийн үнэ, цэнэ 270.0 /хоёр зуун далан мянга/ төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов” гэх 99 дугаартай тайлан /хх-ийн 41 дүгээр хуудас/,
6. Өсвөр насны шүүгдэгч Б.Уын “Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу лхагва гаригт өглөө хичээлдээ суугаад 13:05 цагт хичээл тараад сургуулийн гадна тоглож байгаад 13:30 цаг орчимд танил хүүхдийг гэрт нь дөхүүлж өгчхөөд явж байгаад гудамжаар тойрохоосоо залхуураад айлын хашаа давж ороход нэг байшин байсан бөгөөд хүнгүй хаалга нь цоожтой байсан. Мөн байшингийн ар талд нэг амбаар мөн цоожтой байсан. Би ...эхлээд амбаарын цоожийг хөшиж онгойлгоод ороход цагаан өнгөтэй унадаг дугуй, хайрцагтай эд зүйлс байсан. Би амбаараас гараад байшингийн вакум цонхыг гараараа хүчтэй түлхтэл цаашаа онгойчихсон. Тэгэхээр нь байшинд орж авдар сав, шүүгээ зэргийг онгойлгож үзэж байгаад юм авалгүй гараад буцаж амбаарт орж цагаан өнгийн унадаг дугуйг аваад шууд гэртээ харьсан. ...Дугуй хулгайлснаас хойш 1 сар орчмын дараа нэг орой Улаангом сумын 2-р багийн нутагт хуучин гурилын үйлдвэрийн дээд талын Дэлгэрэх дэлгүүрийн үүдэнд С.М гэх танил хүүхэдтэй тааралдсан. С.М тэр үед “Номын сангийн хажууд хүүхэдтэй уулзчихаад ирье” гэж хэлээд миний унадаг дугуйг аваад явсан боловч буцаж ирээгүй. ...Түүнээс хойш 7 хоногийн дараа С.М-тай тааралдаад дугуйгаа нэхэхэд хүнд зарчихсан оронд нь Самсунг эс-6 загварын гар утас өгнө гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан гэж үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 6 сар 4 хоногтой байсан болох нь нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 60 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Уын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн 13-40 тоот хашаанд байрлах хохирогч Б.Б эд зүйлээ хадгалдаг байшинд нэвтэрч хохирогч Б.Б 270.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн HANURI загварын унадаг дугуйг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 270.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй боловч мөн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж хуульчлан тайлбарлажээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 270.000 төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “HANURI загварын унадаг дугуйг хохирогч Б.Бд хүлээлгэн өгсөн” гэх Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/, хохирогч Б.Б “Б овогтой У нь миний унадаг дугуй хулгайлсан хохирол барагдуулсан учир гомдол зарга үгүй болно” гэх хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Нын “Миний бие Э овогтой Н нь 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр унадаг дугуй худалдаж авсан юм. Тухайн унадаг дугуй хулгайн дугуй байсныг мэдэхгүй авсаны улмаас үүссэн хохирлыг тухайн дугуйг хулгайлсан гэх У гэх хүүхдийн ээж төлсний улмаас надад ахин ямар нэгэн хохирол байхгүй болно” гэх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан тул өсвөр насны шүүгдэгч Б.У, иргэний хариуцагч Ц.Г нараас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Өсвөр насны шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгчид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохимжтой байна.
Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Бийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Ут 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ут оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ут шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.У нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА