Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 759

 

 

   2019         8           13                                    2019/ШЦТ/759

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,

                Улсын яллагч Я.Мөнхзаяа,

            Шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

             Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, “Монтел” төв дээр гар утас засварчин, ам бүл 1,   , урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэг, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн,

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, П.Н,

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

          Яллагдагч П.Н нь 2019 оны 03 дугаар сарын 30-наас 2019 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Жак хаус" нэртэй үйлчилгээний газарт хохирогч Г.Ганзоригтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Гантулга ахтай уулзаад ууж сууж байгаад Г.Ганзоригтой замдаа уулзаад цаашаа “Жак Хаус” гэх газар ороод нэг шил виски авч ууж байгаад хоорондоо маргалдсан. Гантулга андуурч Г.Ганзоригийг “чи тийм хүн таних уу, чи тэнд байсан” гэж маргаан үүссэн. Тэр үед би “чи наад хүнээ андуураад байна” гэхэд “чи юу вэ, чамд хамаагүй” гэх маргаанаас болж маргалдсан. Тэгээд би Г.Ганзоригийн баруун нүд руу нэг удаа цохисон... ” гэв.  

             Эрүүгийн   хэргээс:

           Хохирогч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Бат-Оргил, П.Н, Гантулга бид Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Жак хаус” гэх газар орж нэг шил виски хувааж уусан. Гантулга, П.Н нар нь хүнтэй юм ярихгүй виски уудаг хүмүүс гээд байсан. Тэгтэл Гантулга намайг П.Ноор цохиулах гээд байхаар нь Гантулгыг “чи П.Н-оор намайг цохиулж яах гэж байгаа юм бэ” гэж 2-3 удаа хэлсэн. Тэгтэл Гантулга энд камер байна уу гэж П.Н-оос асуухад "камер байхгүй байна" гэж хэлсэн. Гантулга шууд цохь гэж хэлтэл П.Н миний баруун нүд, толгойн баруун хэсэг рүү 5-6 удаа гараараа цохьсон. Тэгээд би босоод тухайн газраас гараад явсан. ...Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

         Хохирогч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...хохирлын баримт одоогоор байхгүй, нүдээ эмчлүүлэх шаардлагатай байна. Үүний тулд 10 сая төгрөг хэрэгтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “...Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4179 тоот дүгнэлт үндэслэлгүй, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн материалаар хийсэн 591 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Ганзориг нь 2019 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдийн нүдний эмчийн үзлэгээр баруун нүдний болорын мултрал, болорын цайлт бүхий гэмтэлтэй байна. Уг баруун нүдний болорын мултрал, болорын цайлт бүхий гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд учирсан байх боломжтой. ...Г.Ганзоригийн биед учирсан баруун нүдний битүү гэмтэл, болорын мултрал, болорын цайлт, баруун нүдний харааны бууралт, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 841 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-86 дугаар хуудас/,

         Гэрч Ө.Бат-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим өөрийн найз ...Г.Ганзоригийн гэрт 500 граммын хар “Эск” нэртэй архи 1 шилийг хувааж уугаад хоолонд орох гээд гарсан. Тэгээд бид хоёр 3, 4 дүгээр хорооллын "Зочин" буузанд орж, хоол идчихээд гараад харих гэтэл миний 91924040 дугаар руу миний таньдаг П.Н гэдэг залуу яриад "уулзая" гэхээр нь 5 дугаар сургуулийн урд уулзсан. Бид хоёр 5 дугаар сургуулийн урд иртэл П.Н Бэгзсүрэнгийн Гантулга гэх залуутай хамт бид хоёрыг хүлээж байсан. ..."Жак хаус" гэх нэртэй газарт орсон. Би яг хэдэн цагт орсноо санахгүй байна. Тэгээд тэнд ороод 1 шил виски аваад 4-үүлээ хувааж уусан. Тухайн үед виски ууж байхад манай найз Г.Ганзориг тэр хоёртой танилцах гэтэл Бэгзсүрэнгийн Гантулга гэгч нь “би виски л ууна, хүнтэй юм ярихгүй шүү” гээд байсан. Тэгтэл Гантулга надаас “энэ ямар учиртай хүн бэ” гэж асуухад нь “Г.Ганзориг бол миний сайн найз байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь Гантулга П.Н-од хандаад “энд камер байна уу” гэж асуусан чинь “энд камергүй юм байна ахаа” гэж хэлээд шууд Г.Ганзоригийн толгой руу цохиод эхэлсэн. Миний харснаар 4-5 удаа Г.Ганзоригийн толгой руу цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

          Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний таньдаг дүү П.Н 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уулзъя гээд бид хоёр уулзсан. Бид хоёр 5 дугаар сургуулийн орчим нэрийг нь сайн мэдэхгүй байна, нэг паб-д ороод 2 шил архи уусан. Тэндээс гараад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жак Хаус” нэртэй газарт орсон. Тухайн үед би нилээн согтчихсон байсан. “Жак хаус”-д орж ирээд сууж байгаад нэг ухаан ортол хоёр танихгүй залуу ирчихсэн сууж байсан. Би тухайн үед надтай хамт явж байсан П.Н-ын найзууд юм байна гэж ойлгосон. Тэр хоёр залуу П.Н-той шоронгийн талаар юм ярилцаад сууж байсан. Надаас бас янз бүрийн хүмүүс таних уу гээд асуугаад байсан. Би огт танихгүй залуучууд байсан. ..Би зодоон болсон талаар санахгүй байна. Би нэлээн согтчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

           Гэрч Д.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай паб-д голын суудалд 40 орчим насны 4 эрэгтэй нилээн согтуу орж ирээд 1 шил виски худалдаж аваад ууцгааж байгаад хоорондоо маргалдаж муудалцан “чи миний ахыг хүндэлсэнгүй” гээд нэг рүү нь дайраад байсан. Цуг явж байсан залууг нэг залуу нь 2-3 удаа гараараа цохьсон. Яг хаана цохьсоныг нь мэдэхгүй, нөгөө цохиулсан залуу гараад явсан. Бусад нь хэсэг сууж юмаа ууж байгаад гараад явсан. ...Одоо бол царай зүс, хувцас хунарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

         Шүүгдэгч П.Нын мөрдөн байцаалтын шатанд “...2019 оны 03 дугаар сарын 30-нд Гантулгатай уулзаж 5 дугаар сургуулийн урд талд 1 шил архи хувааж уусан. Бат-Оргил над руу залгаж гадагшаа явахаар болсон уулзъя гээд уулзсан. Бат-Оргил ирэхдээ Г.Ганзориг гэх хүнтэй хамт ирээд бид дөрөв Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Жак хаус” пабд орж, 1 шил виски ууж бүгдээрээ нэлээн согтсон байсан. Г.Ганзориг, Гантулга, Бат-Оргил нар шорон оронгоор орсон гарсан тухай ярьж хоорондоо маргалдсан. Би Гантулгыг өмөөрч Г.Ганзоригийн баруун нүдэн тус газар нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

           Хохирогч Г.Ганзоригийн эмчилгээний баримтууд /хх-ийн 28-40 дүгээр хуудас/,

       Шүүгдэгч П.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-114 дүгээр хуудас/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-118 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт зэрэг болно.

      Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

        Шүүхээс шүүгдэгч П.Н-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Н нь 2019 оны 03 дугаар сарын 30-наас 2019 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Жак хаус" нэртэй үйлчилгээний газарт хохирогч Г.Ганзоригтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ганзориг, гэрч Ө.Бат-Оргил, гэрч Д.Эрдэнэмөнх нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл П.Н нь 2019 оны 03 дугаар сарын 30-наас 2019 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Жак хаус" нэртэй үйлчилгээний газарт хохирогч Г.Ганзоригтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогч Г.Ганзоригт хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул П.Нын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд П.Н-од холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

П.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Г.Ганзориг “...эмчилгээ болон сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг авсан, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт ирүүлсэн байх боловч хохирогч Г.Ганзориг цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх П.Н-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан төрөл, хэмжээний дотор 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч П.Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Н-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Н-ыг шүүхээс оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Г.Ганзориг нь шүүгдэгч П.Н-оос цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Н-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ