Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 115

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

           Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Л.Д ,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шар хацар овгийн Л.Д т холбогдох 1928001720115 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 24-нд Өмнөговь аймаг Даланзадгад суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн бичил уурхайчдын холбооны тэргүүн ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймаг, ....................... багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Шар хацар овгийн Л.Д , регистрийн дугаар ......................;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Л.Д  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Ханхонгор сумын төвд байрлах ГӨ  ХХК-ийн байранд хамтран амьдарч байсан Э.С г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн байна гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.С  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 13-ний өдөр би Ханхонгор сумын төвд байрлах ГӨ  ХХК-ны оффис дээр өдөржингөө би ажил хийсэн. Тэгээд орой нь хүүхдээ аваад Даланзадгад сум руу 00 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн чинь араас Л.Д  утсаа залгаад өрөөндөө ирсэн байна ярилцъя гэхээр нь буцаад очоод ярилцаад ойлголцоод байж байтал шөнө кароакед хамт Бодго гэх залуу, бид хэд байж байгаад Л.Д  бид 2 Г.Э  гэх хүүхнээс болж маргаан үүсээд намайг гадуур өмсөж байсан цамцаар хоолой боогоод, нүүр толгой руу гараараа цохиод, шилэн аяга шидээд аяга газар хагарсан аяганы хагархай миний баруун хацар, баруун чих, баруун хөлний бүдүүн гуяны гадна талд зүсэгдсэн байсан тухайн үед хэлүүл зодоон болж байхад цаг шөнийн 04 цаг болж байсан. Тэгээд Л.Д  гараад шалганы үүдний өрөөнд унтаад өгсөн. Би Бодго гэх залуутай амьдрал яриад кароакены өрөөнд сууж байхад Г.Э  гэх хүүхэн өглөө 06-07 цагийн хооронд ирэхээр нь чи ер нь ямар учиртай хүүхэн бэ чамаас болж шөнөжингөө зодууллаа гэсэн чинь өөдөөс нэх олигтой юм яриагүй нярав хүүхнийг дууд би хөрөнгө оруулалт хийсэн би захирал байна гээд байхаар би гал тогооны өрөөнөөс шалганы өрөөнд очсон чинь Л.Д  дахиад намайг гар хөл өчөөд хөшиглөөд гараараа миний цээж гар руу олон удаа цохисон чинь Г.Э  гэх хүүхэн та ямар аймар юм бэ болиоч ээ гээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаад би эгчтэйгээ утсаар ярьсан чинь миний утсыг булааж авч кармандаа хийгээд үйлдвэр рүүгээ явахаар нь хүүхдээ араас нь явуулсан чинь хүүхдийн гарыг нь мушгиад уйлуулаад явуулсан байхаар нь Бодгын хүүхдийг гуйгаад Л.Д аас утас аваад өгөхөөр нь би аймаг руу явсан...” гэжээ. /хх-10-11/,

            Гэрч Л.Д  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07-р сарын 13-ны өдөр ГӨ  Хайрхан ХХК-ний байранд зурагт үзээд Тунгалагганболсүхийн /Бодго/ хамт байсан. Э.С  хүүгийн хамт очоод байр цэвэрлэгээ хийсэн. Тэгээд би орой сумын төв рүү тамхинд явсан чинь замдаа дугуй хагараад дугуйгаа солиод байж байсан чинь утсаар Э.С  залгаад янхан минь хаашаа алга болчихов гээд байхаар компани дээр ирсэн чинь намайг хэл амаар доромжилж хашхичиж загнаж маргаан үүссэн. Тэгээд би бухимдаад компанийн амралтын өрөөнөөсөө нэг шил 0.5 гр Соёрхол архи гаргаж ирж уугаад караокений өрөөнд Бодго Э.С  нартай хамт сууж архи уусан би нилээн согтсон байсан тэгсэн чинь Э.С  дахиад Г.Э  гэдэг хүүхэн ямар хамаатай юм бэ тэр муу гичийг чинь ална шүү гэж маш хэрцгийгээр хэлээд байхаар нь би болио энд ажил явагдаж байна гэсэн чинь чам шиг муу бөгсний бузарт минь дохтой минь гэх маш их хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би хана руу аяга шидэж сүр үзүүлэх гэсэн боловч улам ширүүс ч намайг хэл амаар найзын хажууд доромжлоод байхаар нь би заамдаж бариад түлхээд чимээгүй бай гэсэн чинь намайг цохиод авахаар нь би зөрүүлээд 2 удаа алгадаад авсан чинь хөл рүү хөшиглөж хөл хавдаад би гараад яваад амрах өрөөнд орж амарсан. Манай найз Бодго, Э.С г тайвшруулаад өрөөнд үлдсэн. Өглөө манай гүйцэтгэх захирал Г.Э  ирсэн чинь хардаад бөөн хэрүүл маргаан болсон би өглөө бол гар хүрээгүй зугтаад яваад өгсөн...” гэжээ. /хх-12-13/

Гэрч Э.С  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Ханхонгор суманд “ГӨ  хайрхан” ХХК-ийн оффисын өрөөнд нөхөр болох Л.Д т Г.Э  гэдэг хүний талаар ямар учиртай хэн юм бэ? гэж асуухад Г.Э  гэх хүнээ өмөөрөн уурлаж миний өмсөж байсан цамцаар боож, нүүр доош нь дарж байгаад толгой хэсэгт гараа атгаж байгаад дагз руу цохиж, шанаа, чих рүү цохиж, гар өчиж, шилэн аяга шидэж баруун талын гуя хэсгийг оносон, лалар, пизда минь зайл гэж хараалын үгээр хэлж байсан. Би караокений өрөөнд Л.Д ын найз болох Бодго гэж дууддаг найзтай нь юм ярьж сууж байхад Г.Э  гэдэг хүн ирэхэд намайг тэр хүний нүдэн дээр үргэлжлүүлэн өчиж байгаад доош дарж толгой, цээж, гар хэсэгт цохиж зодсон тэгэхэд тэр Г.Э  гэдэг хүүхэн Л.Д ыг та ямар аймаар юм бэ гэж хэлэхэд хэсэг хугацааны дараа больсон. Манай 6 настай хүү Цэрэн-Очир сэрж би хүүгээсээ утсаа аваад цагдаад мэдэгдэж, ах, эгч нартайгаа ярихад миний утсыг надаас булаагаад кармандаа хийгээд явсан араас нь утсаа авах гээд хүүхдээ явуулахад хүү Цэрэн-Очрын гарыг мушгиад уйлуулаад явуулсан. Бодгоо гэх залуугийн хүүхэд нь Л.Д аас утас авч өгөхөд нь би гэр рүүгээ харьсан...” гэжээ. /хх-15-16/

            Гэрч Э.С  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Л.Д  гэх хүнтэй 2012 оны 04-р сараас эхлэн хамтран нэг гэрт орж хамтран амьдраад 2013 онд хүүхэдтэй болсон. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Би Л.Д тай хамт амьдраад 7 жил болж байна. Энэ хугацаанд хэрэлдэж маргалдаж зодолдож байсан зүйл байгаа. Би харин энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эмнэлэгт үзүүлж байгаагүй. Тэр үеийн үзүүлж ахруулж байсан нотлох баримт надад байхгүй. Л.Д  надад бол мөнгө төгрөг нээх өгдөг зүйл байхгүй. Хүүхдээрээ утсаар яриулж хааяа 100.000 төгрөг авдаг. Надад тэгж мөнгө өгөөд хяналт тавиад байсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-17/

           Гэрч Г.Г.Э  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07-р сарын 14-ний өглөө 06 цаг өнгөрч байхад би Ханхонгор сумын Өгөөмөр багт байрлах ГӨ  хайрхан ХХК-н дээр очиход Л.Д  шалган нэвтрүүлэх байранд унтаж байхаар нь гал тогоо руу орсон чинь Э.С  араас орж ирээд чи ямар учиртай хүүхэн юм бэ чамаас болж шөнөжингөө зодууллаа чамайг хэн гүйцэтгэх захирлаар тавьсан юм одоо зайл гээд хөөхөөр нь би энэ компани төлөөлөн удирдах зөвлөлтэй тэр хүмүүсийн хурлын шийдвэрээр томилогдсон энэ компанийг хариуцаад ажиллуулдаг хүн нь би байна та намайг халах халуулах асуудлыг шийддэг хүн биш гэж хэлсэн чинь Э.С  гал тогооны өрөөнөөс гараад караокены өрөө рүү орохоор нь араас нь ороод та намайг Л.Д тай хардаад байх зүйл байхгүй би бол ажлаа хийж байгаа энэ компанийг би хогийн цэг 4 гэр байхад нь бүтээн байгуулалт хийж үйл ажиллагааг нь хариуцаад явж байгаа гэж хэлсэн өөдөөс барьж байсан лаазтай пиво, ширээн дээр байсан пиво авч шидсэн мөн 1.5л савтай кола ундаа авч шидсэн тэр миний баруун гаран дээр оносон пивонууд нь бол оноогүй. Намайг Э.С гийн араас караокены өрөөнд ороод очиход Л.Д  унтаж байсан босоод ирсэн Бодго гэх залуу 3 сууж байсан. Тэгээд Э.С  Л.Д ын нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиод авсан чинь Бодго гэх залуу хорьж салгасан. Тэгээд би хэлэх зүйлээ хэлсэн учраас тэндээс гараад явсан өөр зүйл болоогүй...” гэжээ. /хх-18-19/

            Шүүгдэгч Л.Д  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07-р сарын 13-14-ний шилжих шөнө 02-03 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ГӨ  хайрхан ХХК-ны байранд хамтран амьдрагч Э.С тай маргалдан бие эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан...” гэжээ. /хх-112-113/  

            2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Э.С гийн  биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чих, хацарт зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, бугуй, гуя, зүүн гуя, тавхайн цус хуралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-21/

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.С гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5-6/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-32/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-40/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Д  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханхонгор сумын төвд байрлах ГӨ  ХХК-ийн байранд хамтран амьдарч байсан Э.С г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Д т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Л.Д  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханхонгор сумын төвд байрлах ГӨ  ХХК-ийн байранд хамтран амьдарч байсан Э.С г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.С гийн мэдүүлэг /хх-10-11/, гэрч Э.С гийн мэдүүлэг /хх-15-17/, гэрч Г.Г.Э ийн мэдүүлэг /хх-18-19/, шүүгдэгч Л.Д ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-112-113/, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн “...Э.С гийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чих, хацарт зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, бугуй, гуя, зүүн гуя; тавхайн цус хуралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

          Шүүгдэгч Л.Д  хохирогч Э.С тай 2012 оноос хамтран амьдарч, дундаасаа хүүхэдтэй болох нь хохирогч Э.С гийн “...Би Л.Д  гэх хүнтэй 2012 оны 04 дүгээр  сараас эхлэн  нэг гэрт орж хамтран амьдраад 2013 онд хүүхэдтэй болсон. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Би Л.Д тай хамт амьдраад 7 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-17/-ээр тогтоогдож байх тул хамтран амьдрагч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Л.Д ын үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүчирхийлсэн шинж тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Д  1972 оны 04 дүгээр сарын 24-нд Өмнөговь аймаг Даланзадгад суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн бичил уурхайчдын холбооны тэргүүн ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймаг, ..................... багт оршин суух хаягтай, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө үгүй, ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-40/ зэргээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч Л.Д  гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хохирогч Э.С гийн “...Л.Д  нэлээн согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч Г.Г.Э ийн “ Би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин намайг очиход Л.Д  согтуу Бодго эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, шүүгдэгч Л.Д ын “...би сүр үзүүлж ууж байсан пиво, ширээн дээр байсан аяга шидсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Л.Д  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Л.Д ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.С  мөрдөн байцаалтын шатанд “Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Д ыг хохирогч иргэний нэхэмжлэгч Э.С д хохирол төлбөргүй гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Л.Д т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Д т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Д  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхэд шүүгдэгч Л.Д  өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар хацар овгийн Л.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Д  оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д  оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.Д  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Л.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ