Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2025/0083

 

 

Г.Б****-ийн  гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       Ц.Цогт

Шүүгчид:                      Г.Банзрагч

    Х.Батсүрэн

    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШШ2024/0035 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Г.Б****, түүний өмгөөлөгч Т.С****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М****, Б.Б**** нарыг оролцуулан гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:                       

Гомдлын шаардлага:

1.Г.Б****-аас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “... Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/*****  дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/*****  дүгээр тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “... Г.Б****-г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөнд тооцож; 4 дэх заалтаар Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг баримтлан Г.Б****-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай түдгэлзүүлжээ.

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШШ2024/0035 дугаар шийдвэрээр: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/*****  дүгээр тогтоолыг хэвээр үлдээжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4.Гомдол гаргагч Г.Б****-аас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргажээ. Үүнд:

4.1.Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн шүүх хуралдаанаас 53 дугаартай тогтоол гарч, уг тогтоолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/ШШ2023/0007 дугаартай магадлал бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны МТ/2022/42 дугаар бүхий өмнөх оны тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар Мэргэжлийн хариуцлагын хороонд буцааж шийдвэрлэсэн. Тус тогтоолын дагуу дахин шалгах ажиллагаа явуулахгүйгээр Мэргэжлийн хариуцлагын хороо 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаас өмгөөлөгч миний өмгөөлөх эрхийг хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлсэн МТ/*****  дүгээртэй тогтоол гаргасан.  

4.2.Улсын дээд шүүхийн 2023 оны 53 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 9-д зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороо гомдолд дурдсан асуудлыг зөрчил тус бүрээр нь бүрэн шалгаж, гомдлын үндэслэл тус бүрд дүгнэлт хийлгүй маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ гэсний мөрөөр зөрчил тус бүрээр дахин шалгаж гомдлын үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй. Тус тогтоолын хянавал хэсгийн 10, 13-т зааснаар Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн гэх үйл баримт хэрхэн тогтоогдож байгаа зэрэгт зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай гэсэн боловч дүгнэлт хийгээгүй өмнөх нөхцөлийг хэвээр нь үлдээсэн, дээд шатны шүүхээс дахин шалгуулахаар буцаасан ч шалгаагүй, үндэслэл, дүгнэлт хийх шаардлагыг 2 шатны шүүх ижил агуулгаар Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд шүүмжлэлтэй хандаж, асуудлыг тодруулах чиг үүрэг шийдвэртээ тусгасныг биелүүлээгүй нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ ...” гэж заасан заалтыг Мэргэжлийн хариуцлагын хороо нь зөрчсөн.

4.3.Түүнчлэн 2022 оны МТ/*** дугаартай тогтоолоор өмгөөлөгч миний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцалсан атлаа уг маргаанд шалгах ажиллагаа хийхгүйгээр 1 жил 5 сарын дараа дахин хэлэлцээд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилээр түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй нь ойлгомжгүй. Мөн албан ёсоор гомдол гаргагчаар тогтоогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд нэг өмгөөлөгч хүн халдах үйлдэл гаргах боломжтой эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг албаны бүрэн эрхийн баталгаа, санхүүгийн баталгаа, институтийн бие даасан байдлын хүрээд авч үздэг гэж өмгөөлөгчийн хувьд ойлгодог.

4.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Мэргэжлийн хариуцлагын хорооны хууль зөрчиж байж болзошгүй дээрх нөхцөл байдлыг үл хэрэгсэж, өмгөөлөгч Г.Б**** миний эрхийг хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 19 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

4.5.Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 19 дүгээр тогтоолд гомдол гаргагч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г***** гэж тогтоосны дагуу хорооны хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон бөгөөд хуралдаанд тайлбар, мэдээлэл хийсэн. Гэтэл тус 19 дүгээр тогтоолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн үг байхгүй байгаа буюу хуралдааны оролцогчийг хасаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй мэт болсон.

4.6.Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 19 дүгээр тогтоолд гомдол гаргагчаар прокурор Ц.Б****, Г.Э**** нарын нэр заан албан ёсоор тогтоогоогүй байна. Тус 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хорооны хуралдаанд прокурорын төлөөлөл оролцоогүй, ямар ч мэтгэлцээн хийгдээгүй боловч Мэргэжлийн хариуцлагын хороо нь өөрийн санаачилгаар прокурорын өмнөөс гомдлыг хэлэлцэж, тэдний эрх ашгийг хамгаалж, нэг ашиг сонирхолтойгоо илэрхийлж хэт нэг талыг баримталлаа.

4.7.Гомдлын үнэн зөв бодит байдлыг тогтоогоогүй, нэг ашиг сонирхолтой гэрчүүдийн эрс зөрүүтэй мэдүүлгүүдийн эргэлзээг арилгаагүй. Өмгөөлөгч миний гарын үсгийг хуурамчаар зурж ашиглан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн гэсэн хуурамч бичиг баримт үйлдэж, хавтаст хэрэгт оруулсан хууль бус үйлдлийг шалгаагүй, хуурамч нотлох баримтад зурагдсан гарын үсэг өмгөөлөгч Г.Б****-ийн зурсан гарын үсэг мөн эсэхийг шинжлэн тогтоох ажиллагаа хийгдээгүй, Тагнуулын ерөнхий газрын холбогдох этгээдүүдийн үйлдсэн хуурамч бичиг баримтуудыг шалгаж тогтоогоогүй, өмгөөлөгчөөс маргаанд ач холбогдол бүхий гаргасан нотлох баримтуудыг шинжлэн шалгаагүй, үнэлгээ хийхгүйгээр, зөрчлийн үнэн бодит байдлыг тал бүрээс бүрэн, эргэлзээгүй нотлоогүй атлаа өмгөөлөгч Г.Б**** миний эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 19 дүгээр тогтоолыг хэвээр нь баталсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШШ2024/0035 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.8.Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 19 дүгээр тогтоол нь Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11.2-т “өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодорхой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно. Мөн дээрх журмын 29.2-т маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт нь холбогдох этгээд,  гомдол гаргагч, хариуцагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, тайлбар, маргаан шалгах ажиллагааны болон маргаан хянан шийдвэрлэх хуралдааны  тэмдэглэл бусад баримтаар тогтоогдоно” гэж заасныг хуралдааны шийдвэрт баримтлаагүй нь өмгөөлөгч миний эрхийг дахин зөрчихөд хүргэсэн.

4.9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан заалт хэрэгжээгүй, гомдол гаргасан прокурор оролцоогүй, нотлох баримтыг үгүйсгэх байдлаар мэтгэлцээгүй, “Маш нууц”-д авагдсан гэмт хэрэгтэй холбоотой маргааны нотлох баримтын үнэн зөв бодит байдлыг тогтоох ажиллагаа урьдын адил хийгдээгүй, хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл өмгөөллийн үйл ажиллагаанд ямар нууц байсан, түүнийг яаж задруулсан талаар огт шалгаагүй, шалгахгүйгээр шууд нотлох боломжгүй тул нууц задруулсан гэж үзэх нь хууль дээдлэх, шударга ёсонд нийцэхгүй байна.

4.10.Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны дарга Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгч намайг олон хуудас гомдол гаргасан гэж гомдол гаргах эрхийг үгүйсгэсэн, намайг ялгаварлан гадуурхаж байгаагаа илэрхийлсэн.

4.11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О**** нь шүүх хуралдааны танхимд тайлбарлахдаа өмгөөлөгч миний хувьд өмнөх хүчингүй болгосон хэргийн тухайд Мэргэжлийн хариуцлагын хороо хоёр жил өмгөөлөх эрхийг түдгэлзүүлсэн нь хөнгөдсөн гэж 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Мэргэжлийн хариуцлагын хорооны 8 гишүүний бүрэлдэхүүнтэй гаргасан тогтоолд үнэлгээ дүгнэлт өгч үгүйсгэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эрх хассан МТ/42 дугаар тогтоол зөв байсан гэж дүгнээд, өмнөх давахын 2023 оны 07 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 53 дугаар тогтоолыг тус тус үгүйсгэж, шүүхээс гарсан шийдвэрүүдийг үл тоомсорлон буруутгаж байгаагаа илэрхийлсэн нь давахын 2024 оны 35 дугаар шийдвэрийн 14 дэх хуудаст тэмдэглэгдсэн.

4.12.Өмгөөлөгч миний бие хэрэг маргааныг шийдвэрлэх процессын явцад мөрдөн байцаагчийн мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн хэлэлцсэн асуудалд хүний эрх зөрчигдөж байгааг илэрхийлснийг бусдад хүндэтгэлгүй хандсан, шүүхийн буруутгасан мэтээр мушгин гуйвуулж, мөрдөгч, прокурор, шүүгч нарт хууль үйлчлэхгүй мэтээр үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдөөд байгаа эрхийг сэргээхийн төлөө ажилласан өмгөөлөгч над руу бүлэглэн дайрч, мөрдөгч, прокурор, шүүгч нарт давуу эрх эдлүүлэх ёстой гэсэн дээрэнгүй хандлага бий болгож байгаад гомдолтой байна,

4.13.Эрүүгийн хуулийн ерөнхий анги, хууль ёсны зарчмын тухай зохицуулалтын 4 дүгээр зүйлийн 4.1-д гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол гэм буруутай нь зөвхөн шүүхээр тогтоогдсон байх ёстой. Гэм буруутай гэж үзвэл эрүүгийн хариуцлага тооцох ёстой, гэм буруу нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим бүх этгээдэд тэгш үйлчлэх ойлголт. Татвар төлөгч өмгөөлөгчдийн татварын тогтолцоо дээр орших Мэргэжлийн хариуцлагын хорооны гаргасан шийдвэр татвар төлөгч өмгөөлөгч миний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг илт зөрчиж, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргагчийн давж заалдах гомдолд холбогдуулан аливаа тайлбарыг бичгээр ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

6.Шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэг.Шүүгчийн нэр хүндэд халдсан, зүй бусаар нөлөөлсөн, гаргасан шийдвэрийнх нь төлөө буруутгасан, прокурорт хандаж зохимжгүй үг хэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээллийг олон нийтэд түгээсэн, нууцтай хэргийн талаар мэдээлэл гаргасан эсэх зөрчлийн тухайд:

7.Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр зохицуулсан ба тус зүйлийн 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.3-т “хүний … нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 4.1.4-т “өмгөөллийн нууц хадгалах” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх”, 14.1.5-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1.9-д “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах” өмгөөлөгчийн үүргийн талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулжээ.

8.Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо (цаашид “Мэргэжлийн хариуцлагын хороо” гэх) нь 1) нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор нараас гаргасан “... прокуроруудын нэр хүндэд халдаж, доромжилсон, хэвлэл мэдээллийн сайтад хэргийн үйл баримт болон шүүх бүрэлдэхүүн, прокурорт нөлөөлөх, олон нийтийг турхирсан үйлдлүүд гаргасан, маш нууцын зэрэгтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нууцын баталгаа гаргаж өмгөөлөгчөөр оролцсон ба үйл баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн ...” гэх гомдол;

2) Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан “... 2022.07.26-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр, мөн 2022.09.16, 2022.09.21-ний өдрүүдийн ярилцлага, 2022.09.19-ний өдрийн хэвлэлийн хурал.... өмгөөлөгч Г.Б**** нь хэвлийн хурал зарлан, шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа, мөн хэрхэн шийдвэрлэх ёстой талаар урьдчилан тайлбар, дүгнэлт хийж, шүүгч нарт үндэслэлгүйгээр нэр хоч өгөх, доромжлох, шүүхийн шийдвэрийг өөрсдийн үзэмжээр тайлбарлах, нууцын зэрэглэлтэй хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн нэрсийг ил болгож зарлах зэрэг үйлдлүүд гаргасан ...” гэх гомдлуудыг үндэслэн өмгөөлөгч Г.Баасанд холбогдуулан маргаан үүсгэсэн; хянан шалгагчаас хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээрх гомдолд дурдсан асуудлаар нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт гаргасныг хуралдаанаар хэлэлцэн, тус Хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн МТ/*****  дүгээр тогтоолоор Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 14.1.4, 14.1.5, 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10.1, 11.1, 12.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн, түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай түдгэлзүүлсэн.

9.Хэрэгт хавсаргасан маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан гэрчийн мэдүүлэг, хэвлэлийн хурлын бичлэг, ярилцлагын тэмдэглэл зэрэг баримтуудаас үзэхэд, өмгөөлөгч Г.Б**** нь дээрх гомдлуудад дурдагдсан “ ... шүүгчийн нэр хүндэд халдсан, зүй бусаар нөлөөлсөн, гаргасан шийдвэрийнх нь төлөө буруутгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээллийг олон нийтэд түгээсэн ...” зэрэг үйлдлүүдийг гаргасан нь тогтоогдох бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

10.Учир нь, гомдол гаргагч Г.Б**** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хэвлэлийн хурал хийсэн, олон нийтэд тухайн (нууцын баталгаа гаргасан) хэргийн талаарх мэдээллийг түгээсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор нарт хандаж зохимжгүй үг хэрэглэсэн, шүүгч нарыг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж буруутгасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9-д заасан үүргүүдийг зөрчсөнөөс гадна мөн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10.1-д “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална”, 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно”, 12.1-д “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно” гэсэн өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг зөрчсөнд хамаарах юм.

11.Иймээс маргаан бүхий Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/*****  дүгээр тогтоолоор өмгөөлөгч Г.Баасанд “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай түдгэлзүүлсэн” хариуцлага хүлээлгэсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно” гэж заасныг зөрчөөгүй.

12.Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хэвлэлийн хуралд уншсан материал, zarig.mn, zuv.mn, isee.mn, erennews.mn. time.mn, trend news.mn зэрэг сайтуудад өгсөн ярилцлага, 2022 оны 07 дугаар сарын 26, 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд хэвлэлийн хуралд өгсөн ярилцлага, хурлын дуу-дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлгүүдээр “... шүүгч нарыг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж буруутгасан,  прокурорт хандаж зохимжгүй үг хэлсэн, хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн”  зөрчлүүд гаргасан нь хангалттай нотлогдож байгаа энэ тохиолдолд, гомдол гаргагчийн “... гомдлыг үнэн зөв тогтоогоогүй, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, хуурамч баримт үйлдэж хэрэгт баримтаар хийснийг тогтоогоогүй, ямар нууц мэдээлэл задалсан нь тодорхойгүй, Улсын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлийн дагуу дахин ажиллагаагүй хийгээгүй ...” гэх зэрэг гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Хоёр.Нэг зөрчилд хоёр удаа хариуцлага хүлээлгэсэн гэх гомдлын тухайд:

13.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д “Өмгөөлөгчид энэ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн нь түүнийг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд  гомдол гаргагч Г.Б**** нь “шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж, торгуулийн шийтгэл хүлээлгэсэн атлаа дахин ёс зүйн хариуцлага тооцох үндэслэл болгож байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргаж буйг хүлээн авах үндэслэлгүй байна.

14.Учир нь, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн, торгуулийн арга хэмжээ авсан нь иргэний хувьд хууль зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд төрийн эрх бүхий албан тушаалтнаас хариуцлага ногдуулсан эрх зүйн (захиргааны) хариуцлага, харин Мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгч мэргэжилтний хувьд хууль, тухайн мэргэжлийн ёс зүйн дүрэм, журмаар зохицуулагдсан хэм хэмжээг зөрчсөн эсэхийг үнэлж, дүгнэлт хийж хариуцлага хүлээлгэж буй сахилгын хариуцлага (мэргэжлийн ёс зүйн) юм.

15.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д энэ талаар хууль тогтоогчоос тодорхой заасан тул “нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх” (Non bis in idem)”[1] зарчим хамаарахгүй учир энэ талаарх гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлийг хангах үндэслэлгүй.

Гурав.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний акт буюу дотогш чиглэсэн шийдвэр байх тул уг шийдвэрийг үндэслэж, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд:

16.Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна” гэж зааснаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмыг баталсан бөгөөд тус журам нь агуулгын хувьд хорооны үйл ажиллагааг зохицуулсан (зөрчлийг тогтоох, хянан шийдвэрлэх) процессын шинжтэй дотогшоо чиглэсэн акт буюу тус Холбооны гишүүдэд чиглэгдсэн, энэ ч утгаараа Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс уг журмыг захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй.

17.Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2020/0385 дугаар тогтоолоор[2] “Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн нэг хэлбэр болох мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэг онцлог нь гишүүддээ үйлчлэх хэм хэмжээг өөрөө тогтоодог (гишүүдийн олонхи нь, эсхүл эрх олгосон этгээд) бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрөгдсөнөөр бүгд дагаж мөрддөгөөрөө нийтийн эрх зүйн бусад хуулийн этгээдээс, тухайлбал захиргааны байгууллага болон бусад гишүүнчлэл бүхий нэгдэл, албан газар, сан зэргээс ялгаатай байдаг. Ийм ч учир Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар Хуульчдын холбооны өөрөө удирдах ёсны дээд байгууллага болох Хуульчдын их хурал нь Хуульчдын холбооны дүрэм батлах,..; Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах...; Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх бүрэн эрхтэй”, ... ийнхүү хуульд заасны дагуу Хуульчдын их хурлаас баталсан, бүх хуульчид дагаж мөрдөж буй Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, түүний хэрэгжилтийг хянах (хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд) хуулиар байгуулагдсан Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааг “маргаан хянан шийдвэрлэх журам” нь бүртгэгдээгүй гэх үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэх нь өөрөө бодитой байх болон хууль ёсны зарчимд үл нийцнэ” гэж тайлбарлан хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна.

18.Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШШ2024/0035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  гомдол гаргагч Г.Б****-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

             ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                              Х.БАТСҮРЭН

                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                М.БАТСУУРЬ

 

 

[1] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 7 https://legalinfo.mn/mn/detail/1257

[2] Д.Д****нар ба Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2020/0385