| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0115/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 116
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Д.Г ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцагууд овгийн Д.Г эд холбогдох 1928000000106 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, А ХХК-нд нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй , Харцагууд овгийн Д.Г , регистрийн дугаар ......................
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замын очерт Х.Б ийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Х.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 06 сарын 23-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Д.Г нь жолооч нарыг цуглуулж хурал хийнэ гэсэн тэгээд намайг машинаас унтаж байхад авч явсан маргааш компанийн нүүрс ачсан машиныг зогсоож байгаад ажлаасаа халагдсан Б гэх жолоочийг ажилд нь буцааж авна гэхээр нь би тухайн үед ачаатай машин зогоож болохгүй гэхэд Д.Г над руу уурлаж чи муу Ч захирлын хамаатан гээд намайг заамдаж аваад очерт зогсож байна машины ард чиргүүлийн хэсэгт чирч очсон тэгээд намайг боосон тэгэхэд нь би ухаан алдсан байсан. Тэгээд босоод ирэхэд Д.Г цаашаа жолооч нар луу буцаад алхаж бахаар нь би Д.Г ийн араас очиж жолооч нарт миний баруун мөр эвгүй болчихлоо гэж хэлэхэд тэнд байсан жолооч нараас хугарчихсан юм биш үү гэж хэлсэн тэгэхэд нь би арай ч хугараагүй байхаа гэж хэлээд машин руугаа яваад унтаж амарсан. Маргааш нь менежерт болсон зүйлийн талаар хэлсэн өглөөнөөс эхлээд өвчин нь улам нэмэгдээд бүр өвдөж эхэлсэн амьсгалж чадахгүй гараа хөдөлгөж болохгүй болсон. Тэгээд Д.Г тэй хамт уурхай ороход нарийн мэргэжлийн эмч байхгүй гэсэн тэгээд мана менежер миний бие өвдөөд байхаар нь хилээр гараад Далайн хөв хотын эмнэлэг рүү авч явсан. Тэнд эмнэлэгт хэвтээд хагалгаанд ороод баруун эгэмний яс бяцрал ихтэй байна гээд хагалгаанд орсон...” гэжээ. /хх-7-8/,
Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний хариуцаж байгаа А ХХК-ийн нүүрс тээврийн жолооч Х.Б нь 2019 оны 06 сарын 23-24-нд шилжих шөнө Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замд оочирт байж байхдаа Д.Г гэх жолоочид зодуулан биедээ гэмтэл авсан байсан. Би 2019 оны 06 сарын 24-ний өдрийн өглөөний 05 цагийн орчимд нүүрс тээврийн зам дагуу байрлах ШТС-д байж байхад Х.Б нь ирээд би зодуулчихлаа миний эгэм хугарчихлаа гэж хэлсэн тэгээд би машиндаа суулгаад өөрийн жолооч нарыгаа сэрээхэд архи уусан хүнгүй байна Х.Б нь над дээр ирж уулзахдаа архи уучихсан согтуу ирсэн. Тэгээд би Х.Б ийг машинд нь амраагаад өглөө уулзахад миний бие гайгүй байна Би Д.Г тэй уулзаад тохирсон миний эмчилгээний мөнгийг өгнө гэсэн гээд надад хэлсэн тэр нь хамаагүй эмнэлэгт очиж үзүүлнэ гэхэд би ээжтэйгээ ярьсан шууд хот руу явна гэсэн тэгээд Х.Б нь машиндаа үлдсэн байсан тэгээд би 2019 оны 06 сарын 25-ны өглөө Цэхэ боомтоор авч яваад Далайн хөв хотод очиж эмнэлэгт хэвтүүлээд рентген зураг авхуулсан тэгэхэд Х.Б ийн баруун эгэмний яс хугарсан, баруун талын нэг хавирга хугарсан уушги нь 2 газраа шархалсан доргилтонд хөдөлсөн гэсэн онош хятад эмч нар хэлсэн тэгээд яаралтай хагалгаанд оруулж эгэмний ясанд төмөр суулгасан байгаа. Одоо Х.Б нь Далайн хөв хотын Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. 2019 оны 07 сарын 01-ний өдөр наашаа орж ирнэ...” гэжээ /хх-9/
Гэрч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 06 сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд нүүрс тээврийн замын оочирт зогсож байсан компанийн жолооч нартай нийлээд олон хоног оочирт зогсож байгаа юм чинь менежерээс хоолны мөнгө авъя, манай нэг жолооч бид нарын өмнөөс үг хэлж бид нарыг өмөөрч байгаад халагдсан гэж ярилцсан тэгэхэд манай компанийн жолооч Х.Б нь жолооч нартай юм ярьж сууж байгаад жолооч нар луу хандаж уурлаад байсан тэгэхээр нь би хоёулаа хүмүүсээс холдож байгаад юм яръя гэж хэлээд бид машины чиргүүлийн ард гараад би Х.Б эд хандаж юунд ингэж уурлаж байдын хамт олонсог байлдаа гэж хэлэхэд миний баруун талын чамархай хэсэг рүү эхлээд нэг удаа цохисон тэгээд дахиад цохих гэхэд нь би бултаад бүсэлхий хэсгээр нь тэвэрч аваад цааш нь түлхэхэд зам дээр унасан Х.Б нь ёоёо гэхээр нь би очоод чи зүгээр үү гэхэд зүгээрээ мөр эвгүй болчих шиг боллоо гэж хэлж байсан тэгээд бид 2 жолооч нар дээр ирэхэд Х.Б нь хажуугаар алхаж байгаад машин руугаа явчихсан байсан. Маргааш нь Х.Б нь миний мөр эвгүй байна гэсэн тэгэхээр нь би машинтайгаа авч яваад МАК-н эмч дээр ирж үзүүлэх гэхэд нарийн мэргэжлийн эмч байхгүй аймгийн төв рүү явж үзүүл гэхээр нь би менежертээ хэлж БНХАУ-н далайн хөв хот руу явж үзүүлэх үү гэхэд тэгье гээд Х.Б ийг аваад явсан...” гэжээ. /хх-10/
Гэрч Д.Ж ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 06 сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд нүүрс тээврийн замын очерт зогсож байхдаа А ХХК-ийн 14 жолооч нар цугласан. Тухайн үед жолооч Х.Б нь архи жоохон уучихсан халамцуу байсан тэгээд хүн бүртэй ам мурийж байсан. Д.Г ийн ах нь жолооч хийж байгаад халагдсан тэгээд Д.Г нь ахыгаа ажилд буцааж оруулъя гэж ярьсан тэгэхэд Д.Г нь Х.Б этэй муудалцаж эхэлсэн тэгээд тэр 2 машины урд талд хоёулхнаа уулзаад зогсоод байсан тэгээд удаагүй 3-4 минут л болсон байх тэгэхэд Х.Б нь машины араас баруун мөрөө барьчихсан мөр эвгүй болчихлоо намайг Д.Г нь өргөж шидээд намайг газар унагаасан гэж л хэлсэн. Тэгээд тэнд сууж байсан жолооч нарын хажууд зогсож байгаад машин руугаа явсан араас нь Д.Г нь ирж бид нартай сууж юм ярьсан тэгээд удалгүй 10 орчим минут болж байгаад тарж машиндаа орж унтацгаасан...” гэжээ /хх-11/,
Гэрч Б.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Манай компанийн жолооч нар машинаа тойрч сууж байгаад цалин буухгүй байна гээд хурал хийсэн бөөндөө цалингаа авах талаар саналаа дарга нартаа хүргүүлнэ гэж ярьж байхад Д.Г , Х.Б нар хоорондоо маргалдаад байсан нэг мэдэхэд тэр хоёр алга болсон байсан эргээд ирэхдээ Х.Б мөр эвгүй болчихлоо гээд бид нарт хэлж байсан тэгээд машин руугаа яваад Д.Г болохоор бид нартай юм ярьж байгаад машин руугаа явсан бид удалгүй тарсан...” гэжээ /хх-12/
Гэрч Х.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 06 сарын 23-24-нд шилжих шөнө нүүрс тээврийн замын очерт өөрийн жолоодож явж байсан машиндаа унтаж байхад 01 цаг өнгөрч байхад манай компанийн жолооч Д.Г гэх залуу намайг сэрээсэн юу болсон талаар асуухад манай компанийн жолооч нар хурал хийж байна хүрээд ир гэсэн би хариуд нь миний хөл өвдөөд байна амарч байна маргааш өглөө болъё гэхэд одоо явъя бүгд цугласан байна гээд намайг машинаас буулгаж авч явсан. Тэгээд миний машинаас урагшаа 2 км орчим зайд очиход манай компанийн жолооч нар цугласан байсан. Тэгээд жолооч нарт Д.Г нь Баяка гэх хамаатны хүн нь манай компаниас халагдсан хэдүүлээ маргааш машин зогсоож буцааж ажилд нь авъя гэхээр нь би юу яриад байгаа юм бэ тэр хүн чинь өөрөө даргад би ажиллаж чадахгүй гэж хэлээд өөрөө халагдаад явсан шүү дээ тэгээд бүхэл бүтэн компанийн машинууд зогсооно гэж юу байдаг юм тэгж болохгүй гэхэд Д.Г нь надад чи Ч захирлын хамаатан гээд Д.Г нь намайг нааш ир гээд машины ар луу намайг авч явсан. Тэгээд намайг замдаа боогоод авч явсан. Тэгээд надад боолт орчихсон би ухаан алдсан байсан тэгээд би бетон зам дээр уначихсан сэргэсэн тэгээд босоод ирэхэд миний баруун мөр хөдөлж болохгүй хавдчихсан байсан. Тэгээд босож ирэхэд Д.Г нь цаашаа явж байсан /ирсэн зүг рүү/ би сууж байсан жолооч нар дээр очоод эгэм хугарчих шиг боллоо мөр эвгүй болчихсон байна гээд хойшоо машин руугаа алхсан. Машин дээрээ очиход бараг гэгээ орж байсан. Ц.Ч менежерт утсаар намайг зодоод мөр эвгүй болчихлоо гэж утсаар хэлсэн. Тэгээд би тэр өдрөө машинаа оруулъя гэж бодоод машин дотроо байж байсан тэгэхэд мөр улам их өвдөөд өвчин намдаах эм уухад манай дарга өглөө 07 цагт ирсэн. Тэгээд намайг аваад Гурвантэс сумын төв рүү явъя гэхэд шороон замаар явж чадахгүй өвдөөд байсан тэгээд урагшаа БНХАУ-н Далайн хөв хот руу авч яваад тэнд хагалгаанд орсон тэгээд 2019 оны 07 сарын 01-ний өдөр эмнэлгээсээ гараад Гурвантэс сумын төвд ирсэн. Одоо миний биеийн байдал өвчтэй удаа хугацаагаар сууж, хэвтэж болохгүй байгаа. Хугарсан эгэмний яс, хугарсан хавирга өвдөөд байгаа...” /хх-13-14/
2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Х.Б ийн баруун эгэм ясны баруун яс хугарал, баруун 3-р хавирганы хугарал гэмтлүүд үүсжээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-16/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-4/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын тодорхойлолт /хх-35/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-36/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-37/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн Х.Б ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-39-40/,
Хөвсгөл аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хх-45/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-46/
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн Х.Б ийн эмчилгээний зардал, хохирол төлбөрийн баримт /хх-51-75/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Г эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Г ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Д.Г ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замын очерт хохирогч Х.Б ийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Б ийн “... 2019 оны 06 сарын 23-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Д.Г нь жолооч нарыг цуглуулж хурал хийнэ гэсэн тэгээд намайг машинаас унтаж байхад авч явсан маргааш компанийн нүүрс ачсан машиныг зогсоож байгаад ажлаасаа халагдсан Б гэх жолоочийг ажилд нь буцааж авна гэхээр нь би тухайн үед ачаатай машин зогсоож болохгүй гэхэд Д.Г над руу уурлаж чи муу Ч захирлын хамаатан гээд намайг заамдаж аваад очерт зогсож байна машины ард чиргүүлийн хэсэгт чирч очсон тэгээд намайг боосон тэгэхэд нь би ухаан алдсан байсан...миний бие өвдөөд байхаар нь хилээр гараад Далайн хөв хотын эмнэлэг рүү авч явсан. Тэнд эмнэлэгт хэвтээд хагалгаанд ороод баруун эгэмний яс бяцрал ихтэй байна гээд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Ц.Ц.Ч ын “...Миний хариуцаж байгаа А ХХК-ийн нүүрс тээврийн жолооч Х.Б нь 2019 оны 06 сарын 23-24-нд шилжих шөнө Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замд оочирт байж байхдаа Д.Г гэх жолоочид зодуулан биедээ гэмтэл авсан байсан…би 2019 оны 06 сарын 25-ны өглөө Цэхэ боомтоор авч яваад Далайн хөв хотод очиж эмнэлэгт хэвтүүлээд рентген зураг авхуулсан тэгэхэд Х.Б ийн баруун эгэмний яс хугарсан, баруун талын нэг хавирга хугарсан уушги нь 2 газраа шархалсан доргилтонд хөдөлсөн гэсэн онош хятад эмч нар хэлсэн тэгээд яаралтай хагалгаанд оруулж эгэмний ясанд төмөр суулгасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-9/, гэрч Д.Ж ын “...2019 оны 06 сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд нүүрс тээврийн замын очерт зогсож байхдаа А ХХК-ийн 14 жолооч нар цугласан. Тухайн үед жолооч Х.Б нь архи жоохон уучихсан халамцуу байсан тэгээд хүн бүртэй ам мурийж байсан…Д.Г нь ахыгаа ажилд буцааж оруулъя гэж ярьсан тэгэхэд Д.Г нь Х.Б этэй муудалцаж эхэлсэн тэгээд тэр 2 машины урд талд хоёулхнаа уулзаад зогсоод байсан тэгээд удаагүй 3-4 минут л болсон байх тэгэхэд Х.Б машины араас баруун мөрөө барьчихсан мөр эвгүй болчихлоо намайг Д.Г өргөж шидээд намайг газар унагаасан гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-11/, гэрч Б.С гийн “...Х.Б мөр эвгүй болчихлоо гээд бид нарт хэлж байсан тэгээд машин руугаа яваад Д.Г болохоор бид нартай юм ярьж байгаад машин руугаа явсан бид удалгүй тарсан...” гэсэн мэдүүлэг /хх-12/, гэрч Х.Б ийн “...Д.Г нь намайг нааш ир гээд машины ар луу намайг авч явсан. Тэгээд намайг замдаа боогоод авч явсан. Тэгээд надад боолт орчихсон би ухаан алдсан байсан тэгээд би бетон зам дээр уначихсан сэргэсэн тэгээд босоод ирэхэд миний баруун мөр хөдөлж болохгүй хавдчихсан байсан…би сууж байсан жолооч нар дээр очоод эгэм хугарчих шиг боллоо мөр эвгүй болчихсон байна гээд хойшоо машин руугаа алхсан…тэгээд урагшаа БНХАУ-н Далайн хөв хот руу авч яваад тэнд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн “...Х.Б ийн баруун эгэм ясны баруун яс хугарал, баруун 3-р хавирганы хугарал гэмтлүүд үүсжээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-16/, хохирогч Х.Б ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-39-40/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.
Шүүгдэгч Д.Г хохирогч Х.Б ийг “чи муу Ч захирлын хамаатан гэх” зүйлээр шалтаглан хохирогч Х.Б ийг заамдан бие эрх чөлөөнд нь халдаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдийч хохирогчийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэй байна гэж үзэхээр байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Г ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г 1995 оны 05 дугаар сарын 03-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, А ХХК-нд нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, .................. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын тодорхойлолт /хх-35/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-36/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-37/, Хөвсгөл аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хх-45/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-46/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-26/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Д.Г ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б ийн эрүүл мэндэд баруун эгэм ясны баруун яс хугарал, баруун 3-р хавирганы хугарал бүхий хохирол хор уршиг учирсан байна гэж үзэж хэрэгт авагдсан эчмилгээтэй холбоотой нотлох баримтыг дараах байдлаар үнэлж шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б э гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 5.420.708 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх хохирогч Х.Б ийн ээж Лхамсүрэнгээс эмчилгээнд зарцуулсан 800.000 төгрөг, Улаанбаатар хотод цэвэрлэгээ, боолт хийлгүүлсний 32.000 төгрөг, оёдол авахуулсан, цээж зураг авахуулсан 35.000 төгрөг, тархи толгой бариулсан 18.000 төгрөг, эм, тариа авч хийлгүүлсэн 400.000 төгрөг, Хятад улсад хийлгэсэн эмчилгээний баримтын орчуулга 185.000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлэхээр явсан бензины 60.000 төгрөг, Өмнөговь аймагт өмгөөлөгтэй гэрээ байгуулж ирж, буцсан зардал, буудлын төлбөр 166.000 төгрөг, Ачаатай машин Хятад улс руу оруулахад өөр жолооч хөлсөлж ажиллуулсан зардал 115.878 төгрөг, нийт 1.811.878 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирол төлбөр гэж үзэж шүүгдэгч Д.Г ээс гаргуулан хохирогч иргэний нэхэмжлэгч Х.Б эд олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б э хятад улсад хийлгэсэн эмчилгээний зардалд 1.090.798 төгрөгийн цалинг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б э нь “А” ХХК-нд хүнд даацын автомашины жолоочоор ажилласны цалинг эмчилгээнд зарцуулсан гэх тус компаний тодорхойлолт /хх-83/ хэрэгт авагдсан байх боловч тус цалинг хохирогчийн эмчилгээнд хэрхэн зарцуулагдсан, хохирогч Х.Б э нь цалингаа эмчилгээнд зарцуулахыг зөвшөөрсөн эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн ажил олгогч “А” ХХК ажилтныхаа цалин хөлсийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эмчилгээнийн зардалд зарцуулсан гэж байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй, ажилтны эрх ашигийг хөндсөн үйлдэл гэж үзэхээр байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б э ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 2.550.000 төгрөгийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хохирогч Х.Б э нь “А” ХХК-нд хүнд даацын автомашины жолоочоор сарын үндсэн цалин 850.000 төгрөг авч ажиллдаг нь үнэн болно гэсэн тус компаний тодорхойлолт /хх-52/ хэрэгт авагдсан хэдий ч тус компанитай хөдөлмөрийн ямар гэрээний үндсэн дээр ажилладаг, мөн хохирогч Х.Б э нь ямар хугацаанд ямар шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б э цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хохирогчийн хуульд заасан эрхийг хөндөхгүй гэж үзлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.Г ээс 1.811.878 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б эд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд оролцон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхөд 1.820.000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь хохирол төлбөр төлсөн тухай баримтаар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Д.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоон, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэг Д.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Тус аймгийн Прокурорын газраас хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б ийн 2 ширхэг рентгин зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б эд буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харцагууд овгийн Д.Г ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Г эд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Г эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б эд 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б э цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б ийн “А” ХХК-иас авах ёстой цалинг эмчилгээнд зарцуулсан гэх 1.090.798 /нэг сая ерин мянга долоон зуун ерин найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б ийн 2 ширхэг рентгин зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б эд буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ