Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01319

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04682 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

 

2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,940,429 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 10 сарын 01-ний өдөр ******* ХХК-д Ерөнхий инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй.

 

1.2. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. ******* нь эрхэлсэн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, сахилгын зөрчил хүлээж байгаагүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.

1.3. ******* ХХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй тул Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд 2025 оны 03 сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Комисс 2025 оны 04 сарын 17-ны өдөр хуралдаж, тэмдэглэл нь мөн сарын 29-ний өдөр гарсан болно. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хорооны хуралдаан дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,940,429 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани хөрөнгө оруулалтын хүрээнд ноолуурын үйлдвэрийн дотор цахилгааны угсралт, өөрчлөлт болон шинэчлэлт төсөл дээр нээлттэй тендер зарласан бөгөөд тухайн үед компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан.

2.2. ******* бусдаас авлига авахаар шаардсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан бөгөөд уг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа иргэний хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн захирамж гарган иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 29,940,429 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн.

Хариуцагч компани нь *******н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай тушаалаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т үндэслэн гаргасан нь үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа болно. Учир нь ******* хөдөлмөрийн гэрээнд заасан хэд хэдэн ноцтой зөрчлийг гаргасан бөгөөд ажил олгогчийн зүгээс хуульд заасны дагуу ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр тус тушаалыг гаргасан.

Хариуцагч тал 2025 оны 06 сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд 250200309 дугаартай хэргийн хэрэг бүртгэлийн тогтоол болон хохирогч нарын холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг удирдлага болгон хангахгүй орхисон.

Өөрөөр хэлбэл шинэ нотлох баримт анхан шатны шүүх хуралдаанд илэрч, энэ баримт нь хэрэгт шууд хамааралтай, маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой буюу хариуцагчийн гаргасан шийдвэрийн үндэслэл болсон нь тодорхой буюу хэргийн үйл баримтад нөлөөлсөн шинжийг агуулсан байхад тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүх хэргийг шууд шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч болох хариуцагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Мөн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүрэгтэй байдаг ч анхан шатны шүүхээс дээрх чиг үүргээ биелүүлсэнгүй. Ийнхүү маргааны бодит байдлыг тогтоож чадалгүйгээр анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Хариуцагч нь 2025 оны 04 сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр *******, ******* нарт компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон. Гэтэл анхан шатны шүүхээс компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Үүнээс болж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бий болсон гэж үзэж байна.

 

******* ХХК хууль ёсны эрх ашгаа төлөөлүүлж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч *******тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг компанид бүрэн өгөөгүй, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаагүй, шаардлагатай нотлох баримтуудыг хэрхэн бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх талаар огт мэдээлэл өгөөгүй тул компанийн холбогдох ажилтан маргааны үйл баримтад хамааралтай бүх нотлох баримтуудын хуулбарыг анхан шатны шүүх хуралдаанд авч очсон, хурлын үеэр танилцуулна гэсэн ойлголттой оролцсон. Өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдааны тов мэдэгдэж шүүх хуралдаан болсон өдрөөс өмнө компанийг төлөөлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай холбогдоогүй, шууд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон. Эдгээр үйлдлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн зөрчил гэж үзэж компани нь Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан. Ийнхүү өмгөөлөгч хариуцлагагүй хандаж үүргээ биелүүлээгүйн улмаас маргааны зүйл болох нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлийг нотлох хэрэгт ач холбогдол бүхий, зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим болох мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй нөхцөл байдал үүссэн.

 

Иймд дээрх үндэслэлээр буюу хэргийн болон шүүх хуралдаанд оролцогч болох хариуцагчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

6. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: ... Компаниас *******н Худалдаа хөгжил банкны 120004000472064696 тоот данс руу нийт 29,940,429 /татвар, нийгмийн даатгалын шимтгэл ороогүй/ төгрөгийг маргааныг дуусгавар болгохоор нөхөн төлбөрт дараах хуваарийн дагуу төлөхийг үүгээр зөвшөөрч байна.

 

Урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг ******* энэ гэрээнд гарын үсэг зурж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эвлэрлийг баталгаажуулах хүсэлтийг гаргаснаас хойш ажлын 2 хоногийн дотор *******д шилжүүлнэ. Эцсийн үлдэгдэл болох 19,940,429 төгрөгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулж, магадлал бичгээр гарснаас хойш ажлын 2 өдрийн дотор шилжүүлнэ. ******* нь гэрээний 1.2-д заасан үүргээ биелүүлээгүй бол компани үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд урьдчилгаа төлбөрийг түүнээс буцаан шаардах эрхтэй. ******* нь компанид ямар нэгэн байдлаар дахин ажиллах хүсэлгүй байгаа тул компанийн Ерөнхий менежер албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллахгүй, мөн компаниар хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхгүй. Зөвхөн энэхүү гэрээний 1.1-д заасан нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаагаа үүгээр бүрэн хүлээн зөвшөөрсөн ... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,940,429 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 29,940,429 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцэн, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч *******, нөгөө талаас хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж орлогч захирал ******* нар байгуулан, гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ******* нь *******д тус иргэний хэрэгт компанийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-13-15, 31-35/

6. Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ ... компаниас *******н Худалдаа хөгжлийн банкны 120004000472064696 тоот данс руу нийт 29,940,429 /татвар, нийгмийн даатгалын шимтгэл ороогүй/ төгрөгийг маргааныг дуусгавар болгохоор нөхөн төлбөрт дараах хуваарийн дагуу төлөхийг үүгээр зөвшөөрч байна. Урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг ******* энэ гэрээнд гарын үсэг зурж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эвлэрлийг баталгаажуулах хүсэлтийг гаргаснаас хойш ажлын 2 хоногийн дотор *******д шилжүүлнэ. Эцсийн үлдэгдэл болох 19,940,429 төгрөгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулж, магадлал бичгээр гарснаас хойш ажлын 2 өдрийн дотор шилжүүлнэ. ******* нь гэрээний 1.2-д заасан үүргээ биелүүлээгүй бол компани үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд урьдчилгаа төлбөрийг түүнээс буцаан шаардах эрхтэй. ******* нь компанид ямар нэгэн байдлаар дахин ажиллах хүсэлгүй байгаа тул компанийн Ерөнхий менежер албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллахгүй, мөн компаниар хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхгүй. Зөвхөн энэхүү гэрээний 1.1-д заасан нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаагаа үүгээр бүрэн хүлээн зөвшөөрсөн... гэсэн агуулга бүхий нөхцөлийг тусгасан байна.

 

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2, 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04682 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, ...Компаниас *******н Худалдаа хөгжил банкны 120004000472064696 тоот данс руу нийт 29,940,429 /татвар, нийгмийн даатгалын шимтгэл ороогүй/ төгрөгийг маргааныг дуусгавар болгохоор нөхөн төлбөрт дараах хуваарийн дагуу төлөхийг үүгээр зөвшөөрч байна. Урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг ******* энэ гэрээнд гарын үсэг зурж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эвлэрлийг баталгаажуулах хүсэлтийг гаргаснаас хойш ажлын 2 хоногийн дотор *******д шилжүүлнэ. Эцсийн үлдэгдэл болох 19,940,429 төгрөгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулж, магадлал бичгээр гарснаас хойш ажлын 2 өдрийн дотор шилжүүлнэ. ******* нь гэрээний 1.2-д заасан үүргээ биелүүлээгүй бол компани үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд урьдчилгаа төлбөрийг түүнээс буцаан шаардах эрхтэй. ******* нь компанид ямар нэгэн байдлаар дахин ажиллах хүсэлгүй байгаа тул компанийн Ерөнхий менежер албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллахгүй, мөн компаниар хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхгүй. ... гэх нөхцөлөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД