| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0120/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 121
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч У.А ,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн У.А д холбогдох 1928001810118 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мэргэжилтэй, ТЭ ХХК-нд хүнд машин механизмын оператор ажилтай байсан, ЭТТ д ХХК-нд ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр багийн .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн У.А , регистрийн дугаар .......................;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч У.А 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, хүүхдийн паркийн баруун урд талд байх дөрвөн замын уулзвар дээр хонда инсайд маркийн 62-65 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9, 1.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.Б ы жолоодож явсан 16-20 ӨМЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоцикпийг мөргөж, Б.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, мотоцикльд сундалж явсан Ж.С ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Нөхөр бид хоёр хувиараа барилгын ажил хийдэг юм. Тухайн үед нөхөр бид хоёр Гурван сайханы 7-37 тоотод байх Алтаншагай гэдэг айлд грашын өрлөг хийж байсан юм. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өглөө эрт очоод барилгын ажлаа хийж байгаад 09 цаг 40 минутын үед гэрээс юм авах ажил гараад нөхөр бид хоёр өөрийн мотоциклиор Гурван сайхан хорооллын замаар зүүн тийн малчны хороололын зүгт явж байхад хүүхдийн паркийн баруун талд байх 4 замын уулзавар гатлах гэж явхад хажуунаас машин ирээд мөргөсөн юм. Би машинд мөргүүлээд ухаан алдсан юм. Нэг мэдэхэд газарт хэвтэж байсан удалгүй түргэн ирээд намайг эмнэлэг рүү авч явсан эмнэлэг дээр очиж үзээд зүүн хөлийн шилбэний туслах яс хугарсан байна гэж хэлээд боож өгсөн баруун хацар мөн урагдсан байсан мөн толгой хүзүү хөдөлж болохгүй байсан юм. Тэгээд боолт хийлгээд гэртээ харьсан юм.” гэжээ /хх-19/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед гурван сйхны 7-37 тоотод барилгын ажил хийж байгаад гэрээсээ барилгын багаж хэрэгсэл авах гээд чансаа маркийн 16-20 өмз улсын дугаарын мотоциклийг жолоодоод гурван сайхан хорооллын засмал замаар зүүн тийш чиглэлтэй явж байхад хүүхдийн паркийн баруун талын дөрвөн замын уулзвараар нэвтэрч байхад хойноос 62-65 өма улсын дугаарын автомашин гарч ирээд бид хоёрыг зүүн талаас мөргөж онхолдуулсан...” гэжээ /хх-14-10/,
2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт: Дохио 3000, Хавтас 6000, Дөрөөний хаймар 2000, Хөтлөгчийн таг 8000, гар 6000, эд анги солих 10000, үнэлгээгээр тогтоосон дүн 35000” гэжээ. /хх-25-26/,
2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.Б ы биед баруун гуя, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугүйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэжээ. /хх-28/,
2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 457 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ж.С ийн биед зүүн тахилзуур ясны дунд хэсгийн ташуу ‘зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-30/,
2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад хонда инсайд маркийн 62-65 өма улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Уртнасан овогтой У.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна... Хавтаст хэрэгтэй танилцахад Чансаа маркийн 16-20 өмз улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Балам овогтой Батсайхан нь замын "Хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 /в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 6.1. /б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх; гэсэн заалтыг зөрчсөн энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөллөхгүй... Зам тээврийн осол гарахад зам, замын байгууламж нөлөөллөөгүй байна.” гэжээ. /хх-32/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-44/,
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны сертификатын хуулбар/хх-45-47/,
Жолоочийн үнэмлэхийн хуулбар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-48/,
Хохирол төлбөр барагдуулсан өргөдөл /хх-49/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/,
Жолоочийн мэдээлэл /хх-54/,
Жолоочийн лавлагаа /хх-55/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.А д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.А д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч У.А гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.А 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, хүүхдийн паркийн баруун урд талд байх дөрвөн замын уулзвар дээр хонда инсайд маркийн 62-65 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “ Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.Б ы жолоодож явсан 16-20 ӨМЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоциклийг мөргөж мотоцикльд сундалж явсан Ж.С ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.С ийн мэдүүлэг /хх-19/, Иргэний нэхэмжлэгч Б.Б ы мэдүүлэг /хх-14-10/, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 457 дугаартай шинжээчийн “Ж.С ийн биед зүүн тахилзуур ясны дунд хэсгийн ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-30/, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай замын цагдаагийн шинжээчийн “хонда инсайд маркийн 62-65 өма улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Уртнасан овогтой У.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч У.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Б ы эрүүл мэндэд хөнгөн, Ж.С ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчоор эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан Ж.С ийг хохирогчоор тогтоож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан Б.Б ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Шүүгдэгч У.А 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мэргэжилтэй, ТЭ ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай байсан, ЭТТ ХХК-нд ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр багийн Баруунсайханы 07-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-44/, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны сертификатын хуулбар/хх-45-47/, зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч У.А Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-53/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.С , иргэний нэхэмжлэгч Б.Б нарт хохирол төлбөрт 1.157.000 төгрөг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэж тус тус үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч У.А гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Б ы эзэмшлийн Чансаа маркийн тээврийн хэрэгсэлд 35.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн “Дохио 3000, Хавтас 6000, Дөрөөний хаймар 2000, Хөтлөгчийн таг 8000, гар 6000, эд анги солих 10000, үнэлгээгээр тогтоосон дүн 35000” гэсэн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон. /хх-25-26/
Шүүгдэгч У.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.С , иргэний нэхэмжлэгч Б.Б нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 1.157.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...эхнэр бид хоёрын хохирол төлбөрт нийт 1.157.000 төгрөг төлж барагдуулсан, шаардлагатай эм тариаг тухайн үед авч өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...” гэсэн өргөдөл /хх-49/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.С /хх-19-20/, иргэний нэхэмжлэгч Б.Б /хх-14/ нарын шүүгдэгч У.А гаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч У.А г хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Чансаа маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь замын "Хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 /в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 6.1. /б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдийч уг осол гарахад Б.Б ы дээрх дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын яллагч шүүгдэгч У.А д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гомдол санал нэхэмжлэхгүй зүйлгүй гэх хүсэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч У.А д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч У.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч У.А өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн У.А г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч У.А 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч У.А хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.С , иргэний нэхэмжлэгч Б.Б нарт хохирол төлбөрт 1.157.000 /нэг сая нэг зуун тавин долоон мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч У.А цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч У.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ