Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01320

 

 

     

*******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/08870 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******эд холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,747,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,747,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах *******дугаартай байруудыг хамруулан *******г 2025 оны 02 сарын 21-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-7/

 

Тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар *******г бүртгэсэн байх бөгөөд тэрээр холбоог төлөөлж хариуцагч *******ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсгийн заасантай нийцсэн.

5. Хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* тоот орон сууцны өмчлөгч, мөн 2019 оны 08 сараас 2025 оны 01 сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөөгүй үйл баримтад маргаангүй. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ хариуцагч зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг 1,079,400 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны үеэр СӨХ-ны төлбөрийг нэмэхээр бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч байгууллага бүх гишүүдийн хурлаа зарлаагүй байж удирдах зөвлөл төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байх бөгөөд мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

6.1. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч ******* нь нэхэмжлэлийг хүлээн аваад СӨХ-ны дарга нар олон удаа солигдсон. Энэ хугацаанд аудитын тайлан болон үйл ажиллагаагаа оршин суугчдад тайлагнаж байгаагүй одоогийн СӨХ-ны даргын эцэг гэх хүнтэй маргалдсаны улмаас байрны доод гараашид байсан машинуудыг дугуйг хагалж хохирол учруулсан 1,450,000 төгрөг болсон СӨХ-ны дарга болон түүний эцэг нь манай хотхонд амьдардаггүй гэх зэрэг үндэслэл байгаа СӨХ-д 1,000,000 төгрөг өгч зөвшилцөлд хүрэхийг хүсч байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх17-18/ Нэхэмжлэгч тал уг тайлбартай танилцсан байна.

 

6.2. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд зохигчийн маргаагүй, өөр үндэслэлээр тайлбар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ., 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. гэж тус тус заасан зарчимд нийцэхгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцэж байсан атлаа шүүх хуралдаанд өөр үндэслэлээр маргаж байгаа нь талуудын зарчимд нийцэхгүй ба энэ үндэслэл нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагаас 668,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/08870 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ч.ЦЭНД