| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2025/00101/И |
| Дугаар | 222/МА2025/00006 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 222/МА2025/00006
2025 07 01 222/МА2025/00006
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, шүүх хуралдаанд:
хариуцагч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 148 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч ******* “Өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн агуулга:
1.а.Нэхэмжлэлийн шаардлага: “Өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн.
1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие ******* холбогдох гэр бүлийн маргаантай хэрэгт нэхэмжлэгч *******т өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр оролцсон. Бид хоёрын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй. Утсаар ярилцаж тохироод ******* хүсэлтээ шүүхэд өгсөн. Өмгөөлөгчийн хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргахгүй байх гэж ойлгож байна. Өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага зэргийг засаж, сөрөг нэхэмжлэл гаргах, хэрэгт хүсэлт, гомдлуудыг гаргаж, нийт 6 удаагийн шүүх хуралдаанд оролцсон. Манай туслах ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Зардлыг нь би төлж, Улаанбаатар хотоос 2 удаа ирүүлж үзлэгт оролцуулсан. Тухайн иргэний хэрэгт талуудын эд хөрөнгийн маргааны талаар хариуцагчийн эрх ашгийг хамгаалж, эд хөрөнгө хуваарилах талаар талууд тохиролцож, уг эвлэрлийн дагуу шүүхийн шийдвэрт эцэслэн тусгагдсан. Хариуцагчид өгч болох бүхий л хууль зүйн зөвлөгөөг хангалттай өгсөн. Хариуцагч маш их утсаар ярьдаг, уйлдаг, сэтгэл санааны хувьд тогтворгүй нь ажиллахад их хүндрэлтэй байсан. Энэ нь ч аргагүй байх. Гэр бүл цуцлахтай холбоотой маргаан дээр олон асуудлууд яригддаг учраас сэтгэл санааны хувьд хямралтай байсан. Тухайн үедээ надад хүртэл мессеж бичээд баярлалаа миний бодсон санаснаар ашигтай байдлаар шийдлээ гэж надад хэлж байсан. ******* нь өмгөөллийн хөлсийг хүнээс авах мөнгөний авлагатай байгаа. Тэр мөнгө орж ирэхээр төлье гэж хэлж, мессеж бичдэг байсан. Хариуцагчийн хувьд 700,000 төгрөг өгч эвлэрэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Энэ саналыг хүлээн авахгүй, шүүхээр шийдүүлэх хүсэлтэй гэв.
2. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.б. Миний бие ******* нэхэмжлэлтэй, гэрлэлт цуцлуулах иргэний хэрэгт ******* хариуцагчийн өмгөөлөгчөөр авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нүүр тулж уулзаж байгаагүй. Тэр ******* гэх өмгөөлөгчийн туслах залуу нотариатад очиж итгэмжлэл хийлгэсэн. Өмгөөлөгчийн зарим хэлж, ярьж байгаа зүйл худлаа байна. Зургаан удаагийн шүүх хуралдаанд оролцоход үр дүн нь юу байсан юм бэ, юу ч байгаагүй, маш хариуцлагагүй, сэтгэл гаргаагүй. Шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулаад байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Амьдралынхаа хувь заяаг шүүхээр шийдвэрлүүлж, өмгөөлөгчөөр ******* ажиллуулсан боловч нэг ч төгрөг авч чадаагүй учир миний хувьд гомдолтой байгаа. Хэдэн жил хэцүү амьдраад эрүүл мэндээрээ хохироод байхад эрүүл мэндийн талаар нэг ч зүйл өмгөөлөгч маань яриагүй. Байшин барилгаас илүү миний эрүүл мэнд чухал байсан. Эцэс сүүлдээ ханилсан хань, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгчдөө шүүхийн өмнө гүтгэгдсэн нь үнэхээр харамсалтай байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед өмгөөллийн үйл ажиллагаагаа сэтгэл гаргаад явуулсан бол би таван цаастай үлдэх байсан. Би 5 цаастай үлдсэн бол өмгөөллийн хөлсөө төлөх байсан. Би шүүх дээр үнэхээр ганцаардсан. Би өмгөөллийн хөлсний талаар ярьж тохироогүй. Манай найз 1,500,000 төгрөгөөр тохирч, нэг найз минь мөнгийг нь төлнө гэсэн. Шүүх хурал болсны дараа төлбөр төлөх хүн төлж чадахгүй болсон. Сүүлдээ өмгөөлөгч бид хоёр үл ойлголцсон. Миний хувьд өмгөөллийн хөлсөнд 700,000 төгрөгийг өгөөд тохиролцох саналтай, үгүй бол 1,500,000 төгрөгийг төлөхгүй гэв.
3.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.д олгож, нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,150 төгрөгөөс 38,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч *******ээс 1,500,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У.д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэр бүл цуцлах, дундын эд хөрөнгө хуваах маргаанд өмгөөлөгч ******* авсан бөгөөд бидний дунд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй. У. нь миний эрхийг бүрэн хангаж ажиллаж чадаагүй, сэтгэл хангалуун бус байгаагаа тухайн үед хэлсэн. Өмгөөлөгч У. нь 6 удаа шүүх хуралд орсон гэдэг ба зарим хуралд өөрийнхөө өмнөөс *******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулсан. Би хүнд үгээ ойлгуулж ярилцах чадвартай. Гэтэл өмгөөлөгч У. нь шүүх хуралд илт доромжилж, сэтгэл санааны өвчтэй уйлдаг, харьцахад их хүндрэлтэй байсан мэтээр дурдсан. Эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодын гэмтэл, хөдөлмөрлөсөн хөлс үнэлэмжийн талаар шүүх хурал дээр дурдаагүй. Биеийн эрүүл мэндийн байдал ямар байгааг, энэ хүн яаж гэмтээж, зодсоныг ч шүүхэд тодорхой нотолж өгөөгүй. Шүүх дээр ганцаардах үе байсан. Өмгөөлөгч маань үйлчлүүлэгчээ гүтгэлгийн шинж чанартай шударга бус үйлдэл гаргасан. Одоо хүртэл би 60 айлын байшингийн ордер, гарааж, машины бичиг баримтыг шилжүүлж аваагүй байгаа. Ийм эрхүүдийг хангаагүй ажилласан гэж миний бие өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 50 хувийг хүлээн зөвшөөрнө. Миний бие одоогийн байдлаар элэгний хатуурал явагдсан оноштой, элгэн дээр зангилаануудтай, Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай учир эдийн засгийн ямар ч боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
6.Нэхэмжлэгч У. нь “******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ийн хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр оролцсон тул өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах”-ыг хүсэж, нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* “Өмгөөлөгч У. нь ******* гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохдоо надтай нэг ч удаа биечлэн уулзаагүй. Шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан. Би 22 жилийн амьдралын өөрийн бүтээсэн хөрөнгөнөөс юу ч авч чадаагүй, өмгөөллийн үйл ажиллагаа үр дүнгүй байсан тул өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг төлөхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно” гэж заасны дагуу хариуцагч ******* нь ******* гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна. (Хэргийн 18 дугаар хуудас)
Энэ дагуу нэхэмжлэгч У. нь ******* гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч *******ийн өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн байх бөгөөд өмгөөллийн хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 27-ны, 03 дугаар сарын 13, 27-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд, “шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. (Хэргийн 8, 18, 22-27, 69 дугаар хуудас)
Тодруулбал; өмгөөлөгч У. нь хариуцагч *******т холбогдох, ******* гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 27-ны, 03 дугаар сарын 13, 27-ны өдрүүдийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр цахимаар оролцсон, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний шаардлагыг тодруулж, нэмэгдүүлэх, шүүх хуралдаан хойшлуулах болон нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргахад хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна. (Хэргийн 24-27, 29-39 дугаар хуудас)
8.Талуудын хоорондын тохиролцоог Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн энэ зүйлийн 359.2 дахь хэсэгт “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээний төрөлд хамааруулан үзэж, энэ төрлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийснийг иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
9.Түүнээс гадна тус гэрээний дагуу хариуцагч *******ийн өмгөөлөгчөөр ******* оролцсон иргэний хэргийг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ариунболд, хариуцагч ******* нарын эвлэрлийн баталж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах 60 айлын орон сууцны 2-28 тоотын 54 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1213003524 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц, тус орон сууцны урд талд байрлах авто гарааж, Toyota Corolla маркийн улсын дугаартай автомашин зэрэг хөрөнгийг хариуцагч *******ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснээс дүгнэлт хийхэд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. (Хэргийн 40, 46-53 дугаар хуудас)
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд сэтгэл ханамжгүй, өөртэй нь биечлэн уулзаагүй, өмгөөллийн үйлчилгээнд үр дүн байхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаагүй, өөрийн бий болгосон 22 жилийн хөдөлмөрийн үр дүн болох эд хөрөнгөнөөс юу ч авч чадаагүй, өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх өмгөөллийн хөлсийг төлөхөөс татгалзсан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна гэж дүгнэв.
10.Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч *******ээс өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс 1,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
11.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүний гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 31,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг.Хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 31,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ