Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 921

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00732/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, А*** овогт Д*** О*** /регистрийн дугаар ТА***, утас 9900***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, Ш*** овогт О*** Э*** /регистрийн дугаар АМ****, утас ****/-д холбогдох,

4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие Д.О*** нь иргэн О.Э***д 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрийг зээлдэгч О.Э***ын нөхөрийн 140800034*** тоот дансан шилжүүлсэн юм. Зээлдэгч О.Э*** нь зээлсэн үндсэн мөнгөө тохиролцон хугацаанд одоо болтол төлөөгүй байна. Одоо зээлийн үндсэн төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Хариуцагч О.Э*** шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний бие О.Э*** нь Д.О***аас 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд нийтдээ 33 сарын хугацаанд 10,560,000 төгрөгийг төлсөн тул одоо Д.О***т төлөх өр төлбөргүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О*** нь хариуцагч  О.Э***д холбогдуулан үндсэн зээл 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч О.Э*** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Зохигчдын хооронд 2013 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээгээр О.Э*** нь Д.О***аас 4,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 4,000,000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.О*** нь эх О***гийн эзэмшлийн төрийн банкны 104600215*** тоот данснаас О.Э***ын нөхөр Г*** эзэмшлийн төрийн банкны 140800034*** тоот  данс руу шилжүүлсэн болох нь О.Э***ын зээлийн хүү тохиролцсон баримт /хх-3/, Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-4/ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ..” гэж заасны дагуу талууд зээлийн хүүг бичгээр сарын 8 хувиар гэж тогтоосон боловч зээлийн гэрээний хугацааг талууд тохиролцоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.О*** нь шүүх хуралдаан дээр “...зээлийн гэрээний хугацааны хувьд бид хугацаа тохиролцоогүй, 4,000,000 төгрөгийг төлж дуусах хүртэл хугацаанд 8 хувийг хүүг төлж байхаар бид тохиролцсон” гэсэн  тайлбарыг гаргасан бол хариуцагч О.Э*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж авсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, зээлийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулсан эсэх дээр маргасан болно.

Мөн нэхэмжлэгч Д.О*** нь шүүх хуралдаан дээр “...О.Э*** нь зээлийн хүүний төлбөрт дансаар 2,160,000 төгрөг, бэлнээр 6,800,000 төгрөг, нийт 8,960,000 төгрөгийг өгсөн. Энэ бол зээл авсан өдөр буюу 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойших хугацааны хүүний төлбөр юм. О.Э*** нь үндсэн төлбөр 4,000,000 төгрөгийг төлөөгүй, хүүг л төлж байсан учир түүнээс одоо үндсэн зээлийн төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн” гэсэн тайлбарыг гаргасан ба хариуцагч О.Э*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...нийтдээ 33 сарын хугацаанд 10,560,000 төгрөгийг Д.О***т төлсөн. Одоо түүнд төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг тус тус заасны дагуу хариуцагч О.Э*** нь 33 сарын хугацаанд 10,560,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэсэн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О*** нь 8,960,000 төгрөгийг хариуцагчаас авсан гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул 2013 оны 05 дугаар сарын 24-нөөс хойших хугацаанд зээлийн төлбөрт 8,960,000 төгрөгийг хариуцагч О.Э***аас нэхэмжлэгч Д.О***т өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс хэзээ зээлийн төлбөрийг буцааж төлөхийг шаардсан талаар тодруулахад нэхэмжлэгч Д.О*** нь зээлийн төлбөрийг буцааж төлөхийг 2013 оны 07 сараас эхлэн шаардсан гэсэн тайлбарыг гаргасан тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу хариуцагч О.Э*** нь 2013 оны 07 сараас хойш 1 сарын дотор 4000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд буцааж төлөх хугацаа тогтоодог. Ийнхүү тогтоосон бол зээлийн гэрээнд заасан хугацаанд төлнө. Харин зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогоогүй бол уг зээлийг буцаан төлөхийг зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх хугацаа тодорхойлогдоно.

Иймд хариуцагч О.Э*** нь зээлийн үндсэн төлбөр 4,000,000 төгрөгийг, хүүгийн хамт нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.О***ын гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч О.Э*** нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тал болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О***ын хариуцагч О.Э***аас 4000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА