| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0780/э |
| Дугаар | 793 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркабулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 793
2019 08 30 2019/ШЦТ/793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар, хохирогч М.Хандсүрэн, шинжээч эмч Н.Туяа, гэрч Л.Өнөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзаадай овогт Нацагдоржийн Алтанчимэгт холдбогдох эрүүгийн “1909017210684” дугаартай, 185/2019/0780/э индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 229 дүгээр байрны 20 тоотод оршин суудаг гэх, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй Н.А /РД:ГЙ80030505/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Н.А нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт М.Хандсүрэнтэй маргалдаж толгой руу шилээр нэг удаа, баруун хацар руу 2 удаа, зүүн хацар руу нэг удаа алагдаж, цээж рүү 2-3 удаа цохиж, өвдөг шилбэ, гуя руу өшиглөж биед гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Н.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хандсүрэн надруу ярьсан. Сүүлийн бараг 10 хоног бөө удгантай холбоотой юм ярьсан. Тэр өдөр бас бөө удган ярьж байхдаа чи хаана байгаа юм бэ гэхээр нь гэртээ байна гэсэн. Найз Өнөрцэцэгийг ирэхээр яваад очье гэсэн. Тэгэхээр нь банкны талаар асууж байсан. Өнөрцэцэг гээд найзтайгаа ирсэн тэгээд банкны талаар асуухаар гарахад өөр
тийшээ яваад өгсөн. Ийм хол гэрийн хувцастай явмааргүй байна гэхэд зүгээрээ ороод л гарья гэсэн. Сонор гээд пабад ороод үүдний ширээнд суугаад банкны талаар ярилцаж байхад Хандсүрэн меню аваад хоол байн уу гэж асуусан. Зөөгч хоол гарахгүй гэсэн. Тэгээд 2, 3 сэнгүр авсан. Өнөрцэцэгтэй ярилцан байж байхад Сувдаагийн талаар дурдагдаж эхэлсэн. Би Сувдааг ихэмсэн хүүхэн байсан гэж хэлсэн. Тэр үед шүүгдэгч бөө удган дээр очиж үзүүлсэн бичлэг үзүүлсэн. Бичлэг дээр Хандсүрэнд өндөр шар нуруутай эмэгтэй хүн хараал хийлгэсэн гэж байтал, Хандсүрэн надад агсам тавьж эхэлсэн. Миний найз хүүхэн чамаас дээр мөнгөтэй хүүхэн гээд байсан. Чи зальтай хүүхэн Сүхбаатар дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хандсүрэнгийн духны хэсэгт дотроос гадашгаа чиглэж цохисон. Хандсүрэн тэр шилийг цохиод унагаасан. Намайг явах гэсэн чинь Өнөрцэцэг явуулаагүй. Хандсүрэн чи муу гуйлгачин хүүхэн гээд миний араас пиво цацсан. Шилбэ гуяа өвдөг тохой зэрэг дээр цохиогүй.хүчтэй цохилт болоогүй, бага зэргийн хавдар ч юмуу байсан байх, айхтар хүнийг гэмтээх юм болоогүй байхаа гэж бодож байна.Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ширээн дээр гараагүй би Монгол хүн байна даа юу гэж ширээн дээр гарах вэ. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр гарсан байналээ. Гэртээ очоод нөхөртөө зодуулсан ч юм уу би мэдхэгүй. Чи намайг доромжилсон гээд удаа дараа ярьсан. 2018 онд Хандсүрэн надаас 5 сая төгрөг зээлж авсан байснаас би хүү тооцож авсан юм. Тэрнээс болж иргэний хэргийн шүүхэд өгсөн. Иргэний шүүхэд өгснөөс хойш намайг байнга дарамталдаг болсон. 3 дугаар сарын 30-ны өдөр надруу залгасан. 3 дугаар сарын 14, 24, 30-ны өдрүүдэд дандаа залуучууд байна хүрээд ир гээд залгаад байсан. Дараа нь залгасан чинь миний бие өвдаад байна тэгэхээр нь үзүүл гэж хэлсэн байсан. Дараа нь 4 дүгээр сарын 04-ний өдөр албаар намайг дуудаж гаргасан. Миний цохисон газар гэмтсэн хэсгийг үзүүлээгүй. Тэр хэсэгт дүгнэлт гаргуулаагүй байсан, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэрэг биш, хөдөлмөрийн чадваргүй болгоогүй, хохироод байгаа нь харагдахгүй байна, цагаатгаж өгнө үү гэв.
1.2.Хохирогч М.Хандсүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Миний нөхөр надад гар хүрч үзээгүй. Намайг Солонгост байхад шүүгдэгч манай охиноос 200.000 төгрөг зээлсэн байсан. Манай охин Алтаа эгч таныг байн байн асуугаад байсан гэж хэлсэн. Алтаа надад манай найз зээл авмаар байна гэхээр нь чам дээр бол зээл гарах боломж байхгүй гэсэн. Тэр өдөр Өнөрөө надруу залгаад ажил эрт тарчихлаа гээд уулзахдаа Алтааг дуудсан. Байрны урд талд уулзуулсан. Тэгээд гуравуулаа Содон пабад суусан. 2018 онд би Солонгос явахаасаа өмнө бид 2 цагдаа дээр очиж байсан болохоор би Алтаагаас зайгаа авсан байсан уулздагч үгүй. Би Алтааг тэр өдөр яваасаа гэж бодож байсан. Би Өнөрөөтэй сайхан яриж суумаар байхад Алтаа хажуугаар далий орж ирээд танай тэр чинь тийм ийм гээд байсан. Яармагт нэг гайгүй засал хийдэг хүнээр засал хийлгэсэн гэж Алтаад хэлж байсан. Өнөрөөд засал хийлгэсэн бичлэгээ үзүүлж байсан чинь намайг хэлээд байгаа юм уу гээд байсан. Тэгээд хөөгөөд байхад Алтаа яваагүй. Өнөрөө, Алтаа бид хоёрыг маргаж салахгүй шүү гэж хэлж байсан. Одоо чи явдаа гэж би Алтааг хөөсөн. Хүүеээ өөр өрөөнд орьё гээд сууж байгаад 3 дахь пивоо аваад байж байсан чинь чи зайлдаа гэж хэлсэн. Миний толгойруу цохисон. Тэгээд дахиад цохих гээд дайраад байсан. Өнөрөө хамгаалаад шилнүүдийг нь авсан. Алтаа ширээ давж ирээд намайг алгадсан. Үсэрч гарсан юм байхгүй. 10 хоног нүүр хөхөрцөн байсан. Баарны эзэн бармен хоёр гаднаас орж ирээд юу боловоо гээд байсан. Тэгээд Алтаа гарахдаа миний нүүр лүү пивоо цацсан. Алтааг гарснаас хойш Өнөрөө бид хоёр 5 минут болоод явсан. Гарч ирсэн чинь Алтаа баарны үүдэнд байсан. Төд удалгүй миний охин залгаад Алтаа эгч таныг асуугаад байна гэсэн. Өнөрөө намайг гэрлүү дөхүүлж өгсөн. Би 202.000 төгрөгний хохирол нэхэмжилж байна, ер нь бол шилээр цохисонд гомдолтой гэв.
1.3.Гэрч Л.Өнөрцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Алтанчимэг шилтэй пивоор Хандаагийн толгойруу цохисон. Хүчтэй алгадсан, ширээ давж ирээд л цохиод байсан.Хөлөөрөө цохьсоныг хараагүй Караокены урд байсан пивоны шилнүүдийг би цэгцэлж байсан. Алтаа Хандааг алгадсан Хандаа цохиулахгүй гээд хоорондоо хэрэлдээд зууралдаад байсан. Алтанчимэг гарахдаа пиво цацаад явсан. Манай гэрийн гадаа байдаг эмийн сан ороод эм авсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа дээр намайг дуудсан, би бол яг болсон асуудлыг л хэлсэн гэв.
1.4.Шүүх хуралдаанд шинжээч эмч Н.Туяа гаргасан тайлбартаа:...Тухайн үед дүгнэлтэнд тусгасан гэмтлүүд байсан.Мөрдөгчийн тогтоолтой танилцаад, хууль сануулсан.Энэ дээр байгаа 2 гарын үсэг хоёулаа минийх мөн, нийлээд нэг гэмтлийн зэрэгт хамаарна.Дангаараа гэмтэл тогтоогдохгүй, тухайн үед өөрийн биеэр үзсэн.томографикт авахуулах шаардлагатай гэж зөвлөсөн.Дандаа шинэ гэмтлүүд байсан гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Хандсүрэнгийн:..зүс таних эмэгтэй манай Сувда гэх найзыг мулаад байсан. Чи миний найзыг муулдаг хэн бэ асуух юмаа асуусан одоо яв гэсэн. Би найзтайгаа ярьж суумаар гэхэд чи хүн хөөлөө гээд ширээн дээр үсэрч гараад чи миний нөхөртэй уулздаг биз дээ гээд хардаад гай болсон янхан минь гээд байсан. Тэгээд ширээн дээр байсан пивоны шилээр толгой руу цохисон. Тэгсэн намайг алагдаад цохиод байсан. Миний дээрээс пиво асгасан. Тэгээд тэр зүс таних хүн гараад явсан. Толгой руу шилээр нэг удаа, баруун хацар руу 2 удаа, зүүни хацар руу нэг удаа, алгадаж, цээж рүү 2-3 удаа цохиж, өвдөг, шилбэ, гуя руу өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх-н 6-7/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Л.Өнөрцэцэгийн:.. Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед шиг санаж байна найз М.Хандсүрэнгийн гэрт нь очсон. Тэгээд гэрт нь нэг цаг орчим юм ярьж суугаад би гэртээ харихаар гарсан. Тэгтэл намайг гаргаж өгнө гээд гэрээсээ гарсан. Ингээд байрнаас нь гартал М.Хандсүрэн түр хүлээж бай, нэг хүн чамаас зөвлөгөө авах гээд байгаа, одоо хүрээд ирнэ гэсэн. Тэгтэл хажуу талын байрнаас хар куртиктэй, өндөр нуруутай, шар царайтай өндөр эмэгтэй гарч ирсэн. Тэгээд бид 3 манай гэрийн зүг алхах гэтэл М.Хандсүрэн ийшээ оръё гээд Сонор нэртэй пааб руу дагуулж орсон. Энэ газар чинь ямар сонин газар вэ, гаръя гэхэд удахгүй хэдэн юм асуугаад гарна гэхээр нь тэр хоёрыг дагаад тухайн газар орсон. Ингээд бид гурав ширээнд суугаад М.Хандсүрэн билүү М.Хандсүрэнгийн танил эмэгтэй, пиво захиалаад хүн тус бүр нэг шил Сэнгүр пиво аваад хоорондоо танилцсан. М.Хандсүрэнгийн дагуулж гарч ирсэн эмэгтэй Алтанчимэг болохыг мэдсэн. Тэгээд юм яриад сууж байтал хажуу талын ширээний хүмүүс янз бүрийн зүйл яриад байхаар нь хажуу талд нь вип өрөө байдаг юм байна, ийшээ орьё гээд бид гурав тухайн өрөөнд орсон. Тухайн өрөөнд ороод удаагүй байтал М.Хандсүрэн, Н.А хоёр ярьж сууж байгаа хэн нэгнийгээ лам хард үзүүлсэн, найз гэдэг чинь ийм байдаггүй юм, гэх зэргээр ярианы өнгө нь хэрэлдэх шинжтэй болоод ирсэн. Би та хоёр муудалцах шаардлага алга, хэрэв муудалцах гээд байгаа бол би явлаа, надад хамаагүй асуудал яриад байна гэтэл Н.А босож ирээд шууд М.Хандсүрэн рүү дайрч чи муу яах гээд байгаа юм бэ, чи яагаад хүн доромжлоод байгаа юм гээд, ширээн дээр байсан пивотой шилийг аваад шууд толгойн тус газар нь цохисон. М.Хандсүрэн толгойгоо дараад доош суусан. Би Н.Аийг чи чинь хүн аллаа шүү дээ болиоч одо явъя гээд тайвшруулаад суулгасан. Н.А, М.Хандсүрэн хоёр хэсэг ярилцаад суусан боловч дахиад хэрэлдсэн. Энэ үед Н.А нь М.Хандсүрэнг цохих гээд
байхаар нь чи боль, одоо эндээс яв гэсэн боловч гарахгүй байхаар нь би гуйж байгаад тухайн эмэгтэйг явуулсан. Би Хансүрэнд яах гэж намайг дуудсан юм бэ, ямар сонин хүнтэй уулзаж ярьдаг юм гэж загнаж байгаад тухайн газраас гарсан. Маргааш М.Хандсүрэн надруу залгаад миний толгой тархи, өвдөөд байна, босож чадахгүй байна гэж ярьсан. Тэгээд цадаад хандсан гэдгээ хэлсэн гэх мэдүлэг. /хх-н 12-13/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Олзбаатарын:..2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж 16 билүү 17 цагийн үед М.Хандсүрэнгийн найз Өнөрөө орж ирээд юм ярьж байгаад гарч хүнтэй уулзана гээд гараад явсан. Орой 20 цаг өнгөрч байхад 25 дугаар суваг телевиз дээр гардаг Шеф нэртэй кино үзээд сууж байтал эхнэр гаднаас орж ирээд шууд өрөөндөө ороод унтсан. Би киноны дундуур реклам гарах хооронд унтлагын өрөөнд очоод М.Хандсүрэнгээс найзтайгаа уулзсан уу, юу болов гэхэд Алтайд зодуулчихлаа, миний толгойн тус газар шилээр цохисон гэхээр нь хаана байсан юм бэ гэж асуухад, бид гурав нэг паабад ороод пиво ууж байтал Алтай надтай маргалдаад намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлье гэхэд маргааш би өөрөө эмнэлэгээр явъя гээд тэр оройдоо унтаж амарсан. Харин маргааш өдөр нь өөрөө эмнэлэгээр явж биеэ үзүүлсэн, би тухайн ажилд нь оролцоогүй, өөрөөс нь асуухад цагдаад мэдэгдчихлээ гэж байсан. Би удалгүй 4 дүгээр сарын 10 хавьцаа хөдөө ажилдаа яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 14-15/,
2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Х.Чулуунхүүгийн:..Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонор нэртэй паабыг 2018 оны 01 сарын дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл түрээслэн ажиллуулж байгаад гарсан. Одоогоор ямар нэгэн ажилгүй гэртээ байна. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15 билүү 16 цагийн үед гаднаа үл таних гурван эмэгтэй орж ирээд пиво захиалаад зааланд суусан. Ингээд пиво ууж юм ярих зуураа гурвуулаа хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Ингээд төд удалгүй ярьж сууж байгаад танай караокэд чинь ороод ганц цаг суучихаад гаръя гэхээр нь караокэны өрөөнд оруулсан. Тэдгээр гурван эмэгтэй караокэны өрөөнд 1 цаг орчим болсон юм. Тэгтэл хэрүүл шуугиан гарч хоорондоо хэрэлдэж юм хагарах чимээ гарахаар нь би яваад очтол шал болон таазанд пиво цацагдсан нэг жижиг биетэй эмэгтэй нь өндөр нуруутай биеэрхүү, шар царайтай эмэгтэйрүүгээ зааж энэ намайг зодсон, пивоны шилээр толгой руу цохиж толгой хагалсан гэж хэлсэн. Би зодоон цохионыг нь хараагүй. Намайг орох үед тэдгээр гурван эмэгтэйн толгойгоо хагалуулсан болон хагалсан гэх шар царайтай, биеэрхүү биетэй хоёр эмэгтэй нь хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан учраас би гар гэж шаардлага тавиад тэр гурван эмэгтэйг гаргасан. Хажууд нь байсан эмэгтэй бүх зүйлийг харсан гэж бодож байна. Толгойноос нь цус гарсан байсан. Би сальфетик аваачиж өгсөн. Өөр ил харагдах шарх сорви ажиллагдаагүй. Төлбөр тооцоог цохиулсан гэх эмэгтэй хийсэн. Энэ эмэгтэй намайг цохисон би камерын бичлэг авна гэж хэлж байсан. Тэгээд манайд дахиж ирээгүй. Танай караокэ, паабд хяналтын камер байдаг. Манайх бичлэгээ нэг сар хадгалдаг юм. Одоо бичлэг нь устсан. Би зодуулсан гэх эмэгтэй цагдаа дагуулж ирээд бичлэгээ аваарай гэж хэлсэн боловч ирээгүй гэх мэдүүлэг. /хх-н 16-17/,
2.5.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Болдын:...Н.А нь дээрээ 4 ахтай, доороо нэг дүүтэй айлын 5 дахь хүүхэд, Н.Аийн хувьд дуу цөөтэй, төлөв даруу, нөхөр 5 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн нуурын ар талд амьдардаг. Багадаа хүнд тусархаг, шударга зантай хүүхэд байсан. Хүнтэй маргалдаж цагдаагийн газар шалгагдаж байгаа гэж хэлсэн. Өөрөө надад хэлэхдээ тухайн хүнийг нэг цохисон чинь олон гэмтэл гараад хөнгөн зэрэгт
хамаарч хэрэг үүссэн байгаа гэж ярьсан. Зодуулсан гээд байгаа Хандсүрэн гэх эмэгтэйг нь би 2-3 жилийн өмнө харж байсан. Хандсүрэн, Н.А хоёр найзууд гэдэг байх. Тухайн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй ээ. Зөвхөн өөрөөс нь л сонсож мэдсэн гэх мэдүүлэг. /хх-н 18/,
2.6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4367 тоот актын:
1.М.Хандсүрэнгийн биед гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Ахлах зэргийн, шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт. /хх-н 20/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч: Хавтаст хэргээс 6-9 дүгээр хуудас хохирогч М.Хандсүрэнгийн мэдүүлэг, 10-11 дүгээр хуудас гэрч Н.Аийн мэдүүлэг, 12 дугаар хуудас гэрч Л.Өнөрцэцэгийн мэдүүлэг, 16 дугаар хуудас Шүүх эмнэлгийн шинжилгээний 4367 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч: шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс 12 дугаар хуудас гэрч Л.Өнөрцэцэгийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас шинжээч томилсон тогтоол, 2 дугаар хуудас зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 16 дугаар хуудас Шүүх эмнэлгийн шинжилгээний 4367 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.А нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт М.Хандсүрэнтэй маргалдаж толгой руу шилээр нэг удаа, баруун хацар руу 2 удаа, зүүн хацар руу нэг удаа алагдаж, цээж рүү 2-3 удаа цохиж, өвдөг шилбэ, гуя руу өшиглөж биед гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч М.Хандсүрэн, гэрч Л.Өнөрцэцэг, Ц.Олзбаатар, Х.Чулуунхүү, Т.Болд нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжилгээний №4367 тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Аийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, дүгнэлтэндээ шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 8000 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлийг Алтанчимэг учруулсан гэдгийг яаж тогтоож байгаа юм. Шүүх, прокурор нар шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй, гэрч Өнөрцэцэгийн мэдүүлэг зөрүүтэй байна.1 удаа эсхүл 1-2 удаа, 2-3 удаа гэж зөрүүтэй мэдүүлдэг, эргэлзээтэй байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.4-т гэмт хэрэгт тооцохгүй, цохилтын улмаас хөнгөн гэмтэл учруулсан нь эргэлзээтэй байна. Иймд ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй, хавтаст хэрэг авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр түүний гэм буруу нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч М.Хандсүрэн хавтаст хэрэгт баримтаар нийт 202 200 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.Аээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй, төлөх төлбөртэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4
сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй , хохирогч М.Хандсүрэн нь цаашид эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзаадай овогт Н.А гийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Аийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.А нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аээс 202.200 төгрөг гаргуулж хохирогч М.Хандсүрэнд олгосугай.
6.Хохирогч М.Хандсүрэн нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
7.Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ