Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01603

 

 

 

******* хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01697 дугаар шийдвэртэй ******* дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй дампуурлын хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: *******нь 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1 гишүүнтэйгээр хэвлэлийн үйлдвэрлэл, гадаад худалдаа эрхлэхээр ******* нэртэй байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл түрээсийн төлбөр төлөх үeд эдийн засгийн хямрал эхэлсэн үетэй давхцаж, орлого буурч эхэлсэн. Үүний улмаас шүүхээс түрээсийн төлбөрийн өр үүсч, ******* 23 378 271 төгрөг төлөх шийдвэр гаргасан. Энэ үеэс компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, ажилчдын цалин хөлс, харилцагч байгууллагынхаа өр төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3529 тоот захирамжаар*******  7 923 762 төгрөгийн, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 2241 тоот захирамжаар *******15 503 490 төгрөгийн, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2017 оны 677 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 597 дугаар тогтоолоор ******* 23 681 622 төгрөгийн өртэй байгаа. Өнөөдрийн байдлаар бусдаас авах авлагагүй, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ******* нь 2015 оноос эхлэн биеийн эрүүл мэндийн улмаас эмнэлгийн байгууллагын хяналтад байгаа, энэ шалтгаанаар сүүлийн 4 жил үйл ажиллагаа явуулаагүй, цаашид хууль болон дүрэмд заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу******* төлбөрийн чадваргүйд тооцон, дампууруулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өдрийн сонины дугаарт******* төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурлын хэрэг үүсгэсэн тухай олон нийтэд мэдээлсэн. *******нь 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар, тус татварын хэлтэст Дотоодын бараа ажил үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 613 818.56 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангаар ногдуулсан 1 854 460.00 төгрөг, нийт 2 468 278.56 төгрөгийн татварын өртэй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хэрэг гүйцэтгэгч******* дүгнэлтэд: *******санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр 2018 оны байдлаар мөнгөн хөрөнгө 28 300 төгрөг, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 22 600 төгрөг, бараа материал 1 057 700 төгрөг, эргэлтийн хөрөнгө 1 108 600 төгрөг, үндсэн хөрөнгө 38 766 400 төгрөг, хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө 1 000 000 төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 39 766 400 төгрөг, нийт хөрөнгийн дүн 40 875 000 төгрөг, дансны өглөг 22 310 700 төгрөг, цалингийн өглөг 22 310 700 төгрөг, урьдчилан орсон орлого 5 230 000 төгрөг, татварын өр 1 994 300 төгрөг, ЭМНДШ-ийн өглөг 5 278 500 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн дүн 44 165 000 төгрөг, өр төлбөрийн дүн 44 165 000 төгрөг, эздийн өмч 20 000 000 төгрөг, хуримтлагдсан ашиг, алдагдал 23 290 000 төгрөг, эзний өмчийн дүн 3 290 000 төгрөг, өр болон эзний өмчийн 40 875 000 төгрөг, өр төлбөрийн өөрийн хөрөнгөд харьцуулсан -1342.40 хувь, ******* орлогын тайлангийн үзүүлэлт 0 байна. Нөхөлтийн коэффициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа 2018 оны байдлаар 44 165 000 төгрөг байна. Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2016-2018 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөс давсан байгаа нь төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, ямар ч боломжгүй байгааг харуулж байна. Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа нь 2018 оны байдлаар мөнгөн хөрөнгө 28 300 төгрөг, авлага 22 600 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн дүн 44 165 000 төгрөг байна. Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүнт хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. ******* 2016-2018 онуудын тайлан дахь харьцааны утга 0.001 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй богино хугацаат өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна. Төлбөр барагдуулах өнөөгийн боломж 2018 оны байдлаар төлбөр барагдуулах өнөөгийн боломж 0.0006, мөнгөн 28 300 төгрөг, өр төлбөрийн дүн 44 165 000 төгрөг байна. Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 70-80 хувь болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тайлангууд дахь үзүүлэлт нь 2013 онд 8 хувь, 2016-2018 онуудад 0.6 хувь гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй буюу хөрөнгө нь хүрэлцэхгүй байгааг илэрхийлж байна. Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж мөнгөн хөрөнгө+ Татварын авлага 2018 оны байдлаар 50 900 төгрөг, Татварын өр төлбөр +ЭМНДШ 1 994 300 төгрөг, яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн эзлэх хувь хэмжээ 0.026 төгрөг байна. Энэ үзүүлэлт нь богино хугацаат өр төлбөрийн яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг илэрхийлдэг ба 2016-2018 онуудад 0.007 хувиас 06026 хувийг нь барагдуулах боломжтой түргэн хөрвөх хөрөнгө байгаа нь маш өндөр эрсдэлтэй байгааг илэрхийлж байна. Татварын хөрөнгийг барагдуулах боломжгүй байна. Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ бие даалтын коэффициент 2018 оны байдлаар 0.080, зохицуулалтын коэффициент 26.85, хараат байдлын коэффициент 13.42 байна. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 60 хувиас багагүй байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гаднын эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжилтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2016-2018 онд бас л сөрөг үзүүлэлттэй гарч байгаа нь *******нь төлбөрийн чадваргүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд байна. *******нь татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад өр төлбөртэй байна. Тухайлбал: 1.******* 2 468 278.56 төгрөгийн, 2. ******* 7 923 762 төгрөгийн, 3. ******* 15 503 490 төгрөгийн, 4. ******* 23 681 622 төгрөгийн нийт 49 577 152.56 төгрөгийн өр төлбөртэй байх ба дээрх дүн санхүүгийн тайлан баланс болон шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна. Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан *******нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 44 165 000 төгрөг болж өөрийн хөрөнгийн -1342.40 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд *******2016 оноос өөрийн хөрөнгийн -1342.40 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. *******нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2-т зааснаар*******дампуурсанд тооцож татан буулгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар ******* татан буулгах ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлэхтатан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгосон тухайгаа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч ******* даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар ******* татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор******* төлөх татварын өр 2 468 278.56 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдөж, ******* нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ажиллагаа хийхийг шүүгчийн туслах У.Уянгад даалгаж, ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч *******нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх хариуцагчийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар ******* Дотоодын бараа ажил үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 613 815.56 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангаар ногдуулсан 1 854 460 төгрөг, нийт 2 468 278.56 төгрөгийн татварын өр төлбөр төлөх үүргээс чөлөөлж, улсыг хохироож байгаад гомдолтой байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Шүүх ******* хүсэлтийг үндэслэн дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчээр ******* томилох, хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэж, уг мэдээлэлд төлбөрийн авлагатай нэхэмжлэгчид нэхэмжлэлээ энэ өдрөөс 21 хоногийн дотор тус компанийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хүсэлт гаргагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож, татан буулгах саналаа тусгаж ирүүлэх, нэхэмжлэлийг дээрх хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг заах зэрэг ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.3, 5.5, 5.7, 15 дугаар зүйлийн 15.2 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

 

Хариуцагч нь Нийслэлийн ******* 2 468 278.56 төгрөгийн, ******* 7 923 762 төгрөгийн, ******* 14 618 725 төгрөгийн, ******* 23 681 622 төгрөгийн өр төлбөртэй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч ******* 2 468 278.56 төгрөгийн нэхэмжлэлийг 2020 оны 2 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргуулахаар *******хэрэг гүйцэтгэгчээр томилж, тэрээр хэрэг гүйцэтгэгч нь хариуцагч компанийн өр төлбөр 44 165 000 төгрөг, өөрийн хөрөнгийн -1342.40 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ 2016 оноос биелүүлэх боломжгүй болж, төлбөрийн чадваргүй болсон, хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул хариуцагчийг татан буулгана гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж зааснаас үзэхэд хэрэг гүйцэтгэгчээс хариуцагчийн төлбөрийн чадварын талаар хийсэн дээрх дүгнэлт хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэл болж байна.

 

Хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлт нь хэргийн 9-27, 29-56, 167-210, 218-219 дүгээр талд авагдсан аж ахуйн нэгж байгууллагад төлөх төлбөрийн үүрэгтэй шүүхийн шийдвэр, 2012-2018 онуудын санхүүгийн тайлан, тус компанийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн, харилцах болон хадгаламжийн дансны мэдээлэл, эд хөрөнгийн эзэмшил өмчлөлтэй холбоотой эрхийн талаарх холбогдох бүртгэлийн болон банк санхүүгийн байгууллагаас шүүхийн журмаар гаргуулан авсан лавлагаа зэрэг баримтуудад үндэслэгдсэн байхын зэрэгцээ хэрэг гүйцэтгэгчийн ажиллагаа, гаргасан дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн 12,13 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Түүнчлэн хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх саналыг Дампуурлын хуулийн 23 дугаар зүйлд заасан этгээд буюу хариуцагч өөрөө, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх******* Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар дампуурсанд тооцон татан буулгаж, мөн хуулийн 36 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Нэхэмжлэгчийн 2 468 278.56 төгрөгийн татварын өр төлбөрийг төлөх үүргээс хүсэлт гаргагчийг чөлөөлж, улсыг хохироож байна гэх гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагчид хуваарилагдах эд хөрөнгө, мөнгөн хөрөнгөгүй, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх саналыг хариуцагч өөрөө, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч гаргаагүй тохиолдолд хариуцагчийг татан буулгаж, уг ажиллагааг дуусгавар болгосноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болох хуулийн зохицуулалттай, шүүхийн шийдвэр дээрх харилцааг зохицуулсан Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгтэй нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ