Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02361

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02815 дугаар шийдвэртэй хүсэлт гаргагч ******* дампуурсанд тооцуулан татан буулгуулах тухай хүсэлттэй

*******нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

*******-иас шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: *******нь 2012 оны 1 сарын 17-ны өдөр барилгын засвар, засал чимэглэл эрхлэх чиглэлээр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус компани барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий компаниудтай ажил гүйцэх гэрээгээр барилгын дотоод заслын ажил гүйцэтгэж байсан. 2015 оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдлын улмаас захиалгагүй, орлого олох боломжгүй болсон. Хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөрөнгө оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүйгээс санхүүжилт босгох боломжгүй байна. Компанийн бусдад төлөх өр төлбөр 148 486 822 төгрөг болж өөрийн хөрөнгөөс хэт их өртэй болсон. *******2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, 2018 оноос татварын байгууллагад Х тайлан өгсөөр ирлээ. Дээрх нөхцөл байдал нь ******* дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэхь хэсэгт заасан компанийг татан буулгах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлийг хангасан гэж үзэж шүүхэд хандаж байна. Иймд *******нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадваргүй, төлбөр гүйцэтгэх санхүүгийн боломжгүй тул төлбөрийн чадваргүй болсныг тогтоон дампуурсанд тооцон татан буулгахыг хүсье  гэжээ.

 

Нэхэмжлэгч *******нэхэмжлэл, тайлбартаа: *******нь 2015 оны 9 сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 15 871 401 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн. Тус компанийн удирдлагатай өр авлага барагдуулах талаар уулзалт хийх, банкны харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдэл, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авсан. Гэвч *******нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй даатгуулагчдыг хохироосоор өдий хүрлээ. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 15 871 401 төгрөг, алданги 7 935 700 төгрөг, нийт 23 807 102.46 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэл, тайлбартаа: *******нь 2019 оны 6 сарын 5-ны байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 100 287 194 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 2 179 970 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 6 006 төгрөг, татварын хяналт шалгалтын актын алданги 4 486 376 төгрөг, торгууль 6 729 564 төгрөг, татварын хяналт шалгалтын актын нэмэгдсэн өртгийн албан татварын 22 431 881 төгрөг бүгд 136 120 993 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд барагдуулалгүй он дамжуулан татварын өр төлбөр үүсгэсэн.Татварын алба нь хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу татварын өр төлбөр барагдуулахыг шаардсан мэдэгдэх хуудсыг гардуулахаар удаа дараа захиралтай холбогдон дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д ...Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй болсон бол шүүхэд нэхэмжлэл гаргана... гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 5552893 регистрийн дугаартай ******* дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч ******* шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хүсэлт гаргагч ******* эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч ******* даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч ******* төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр нийт 23 807 102 төгрөгийн, нэхэмжлэгч *******төлөх хугацаанд нь төлөөгүй татварын өр төлбөр нийт 136 120 993 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******татан буулгах тухай шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч ******* даалгаж, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Б.Энхтуяа, хэрэг гүйцэтгэгч ******* нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан Дельта-Эверест ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч *******итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх тус аж ахуйн нэгжийг 136 120 993 төгрөгийн татварын өр төлбөрийг төлөх үүргээс чөлөөлж, улсыг хохироож байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

*******нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэж, дампуурсанд тооцон татан буулгах хүсэлтийг гаргажээ. /хх1-2/

 

Мөн дампуурлын хэрэг үүсгэн шалгах ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус дүүргийн Татварын хэлтсээс тус тус нэхэмжлэл гаргаж нийт 159 928 096 төгрөгийн өрийг шаарджээ. / 1хх 62,117,118/

 

*******нь улсын бүртгэлийн 9011327078 тоот, 5552893 тоот регистрийн дугаартай, 2012 оны 1 дүгээр сарын 17-нд барилгын засвар, засал чимэглэл эрхлэх чиглэлээр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан, 2015 онд 1 хувьцаа эзэмшигч гишүүнээс гарч, 1 гишүүн үлдсэнийг улсын бүртгэлд бүртгэсэн******* тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн бүртгэлтэй байна./хх 1-39,40-41,2-25/

 

Анхан шатны шүүхээс тухайн хэрэгт дампуурлын хэрэг үүсгэн шалгах явцад хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгч 2016-2018 оны санхүүгийн тайлан үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд өр төлбөр 134 472 .9 төгрөг, өөрийн хөрөнгийн 239,07 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон. Тус компани 2018 оноос төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэжээ. /1-р хх 212-218/

 

*******2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй талаар хүсэлт гаргагч тайлбарлажээ. /хх1-2/

 

Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлтийг гаргахдаа хуанлийн сүүлийн 3 жилийг авч үзсэнээс бус хариуцагчийн үйл ажиллагаа нь тасалдаагүй явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан шалгаагүйгээс дүгнэлт хууль ёсны болсон гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ хуульд нийцүүлж гаргаагүйгээс шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах, дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах, 2015 оны 12 дугаар сарын 15-нд хувь нийлүүлэгч хасагдсан шалтгаан, түүнд ногдох хөрөнгийг хэрхэн тусгаарласан, хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх зэрэг ажиллагаанууд хийгдээгүй байна. Мөн компанийн хувьцаа эзэмшигчийн хувь, хувийн хөрөнгөөс нь зааглагдсан эсэх талаар шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ, баримтыг дүгнэлтэд тусгаагүй орхигдуулжээ. Мөн дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хариу төлбөргүйгээр хариуцагчийн удирдах байгууллагын гишүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл, байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хүсэлт гаргагч нь бусдад 148 486 822 төгрөгийн өртэй гэж тайлбарласан бол нийгмийн даатгалтын шимтгэлд 23 807 102 төгрөг, татварт 136 120 993 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 33 647 822 нийт 193 575 917 төгрөгийн өртэй гэсэн тооцоо баримт хэрэгт авагджээ. Мөн мэтгэлцээний явцад 136 120 993 төгрөгийн өрийн тухайд 125 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж хүсэлт гаргагч тайлбарлажээ. / 2хх 4-12/

Дампуурлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн зорилт нь дампуурлын хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм.

 

Дампуурлын хэрэг үүсгэхдээ тус хуулийн 7.1.1-д заасан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцлээ зөв гаргасан эсэх, өмчлөлдөө байгаа, эсхүл итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгийн жагсаалт, нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээг зөв тусгасан эсэхийг ч анхаарвал зохих байжээ.

 

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-д зааснаар хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн оролцоогүйгээр биелүүлэх эсэхийг нэхэмжлэгчдийн хурал хэлэлцэж шийдвэрлэх юм. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчдийн хурлын тэмдэглэл авагдаагүйгээс шүүх өөрийн үзэмжээр татан буулгах асуудлыг бүхэлд нь хэрэг гүйцэтгэгчид даалгасан нь ойлгомжгүй болжээ.

 

Шүүхээс хариуцагчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн тохиолдолд хэрэг гүйцэтгэгчээс уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөл, хэмжээ хязгаарыг нэхэмжлэгчдийн хурал хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

 

Дампуурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжилж 30 хоногийн дотор тооллого явуулна. Эд хөрөнгийн тооллогын хугацааг нэхэмжлэгчдийн хурал /зөвлөл/-аас сунгаж болно гэж заасан. Шүүхийн шийдвэрт дээрх журам тодорхой тусгагдаагүй, хариуцагчийг 136 120 993 төгрөгийн өрнөөс шууд чөлөөлсөн гэх агуулгатай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

 

Шүүхийн шийдвэрээр хариуцагч хэдэн төгрөгийн өр төлж, хэдээс чөлөөлөгдөх нь ч зарчмын хувьд ойлгомжгүй болжээ. Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой , биелүүлэх арга журам, талуудын хүлээх эрх, үүрэг тодорхой байх ёстой бөгөөд энэ шаардлагыг шийдвэр хангаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД