| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0793/Э |
| Дугаар | 797 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 797
2019 09 05 2019/ШЦТ/797
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Б.Э түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор хохирогч Г.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цохиот овогт Батбаатарын Энхсайханд холдбогдох эрүүгийн “1909023400820” дугаартай, 185/2019/0793/Э индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Тээврийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлаг 22 дугаар гудамж 03 тоотод оршин суух бүртгэлтэй, урд ял шийтгэлгүй, Цохиот овогт Батбаатарын Энхсайхан /РД:ЙИ88040613/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энхсайхан нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер саундс” бааранд 2019 оны 06 дугаар сарын 11-нээс 2019 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө иргэн Г.Болормааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Энхсайхан хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Буруу зүйл хийсэндээ харамсаж байна.Цаашид гарах зардлыг баримтаар төлнө.Мөрдөн байцаалтын шатанд 1 500 000 төгрөг хохирогчид төлсөн гэв.
Хохирогч Г.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Энэ хүнтэй муудалцаад тэр алгадах явдал бол сандал булаацалдахын өмнө болсон явдал. Эхлээд надад миний төлбөрөө нэхэмжилж авсаны дараа гомдолгүй гэдгээ хэлнэ гэв. Би нийгмийн даатгалаа хамгийн бага хэмжээгээр нь төлдөг. Би нүдний хагалгаанд 2013 онд бүтэн наркозтай хагалгаанд орсон. Ахиад бүтэн наркозтай хагалгаанд орох нь миний биеийн эрүүл мэндэд маш муу гэсэн. Би иймд дахин
хагалгаанд орохоос айж байна. Би цаашид эмчилгээ хийлгэх гэсэн нийт 7.853.653 төгрөг болно гэсэн.Иймд би эмнэлгийн зардлаа гаргуулж авмаар байна, гомдолтой гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Болормаа:..Би 2019 оны 06 дугаар сарын 11-ээс 2019 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ривер саунд” бааранд 02 цагийн орчимд орж үйлчилүүлсэн. Тэгээд дөнгөж орж байхад тэр үл таних залуу 00-н өрөөнөөс гарж ирж таарсан тэгэхэд тэр залуу миний биед хүрэх шиг болсон би согтуу хүн байна
даа гэж бодоод өөрөөсөө тэр залууг холдуулж түлхсэн. Тэгээд би текэн дээр очиж суугаад 2 шил пиво захиалаад авсан. Тэгээд нэг пиво уучихаад бүжгийн талбай дээр гарч бүжиглээд байж байхад тэр үл таних залуу миний бөгсөн биед хүрч гараараа илсэн. Тэр залуу дахиад миний биед хүрэхээр нь миний уур хүрээд уг залууг би өөрөөсөө холдуулж түлхсэн тэгсэн тэр залуу миний нүүр хэсэгт гараараа цохисон. Би уг залууд уур хүрч өшиглөсөн боловч оноогүй, хамгаалагч нар ирээд салгахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр эрэгтэйг танихгүй, тэр үл таних залуу миний биед удаа дараа хүрсэн. Би бол цаашаа гээд түлхсэн тэрнээс болж маргасан. Миний хувьд урд өмнө тэр залууг танихгүй тийм учраас бид хоёрын хооронд өс хонзон болон өр авлагын асуудал байхгүй. Миний биед тархи доргилт, зүүн нүд хөхөрч хавдсан зовхинд цус хурсан, салстын улайлт зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор хана хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл бэртэл учирсан. Энэ бэртэл гэмтлийг тэр үл таних залуу гараараа нэг удаа цохиж гэмтээсэн гэх мэдүүлэг /хх-н 3-5/,
2.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7300 тоот актын:
1.Г.Болормаа-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын улайлт, зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /xx-н 10/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг
зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Энхсайхан нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер саундс” бааранд 2019 оны 06 дугаар сарын 11-нээс 2019 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө иргэн Г.Болормааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Г.Болормаа, Шүүх эмнэлгийн шинжилгээний 7300 тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгч болон хохирогч нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Энхсайханг гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Этүүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Энхсайханыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, дүгнэлтэндээ шүүгдэгч Б.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 8000 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруу зүйлчлэл маргахгүй, хохиролоо бүрэн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирол төлбөрийн тухайд хохирогч Г.Болормаа шүүх хуралдаанд нийт 7 853 636 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт баримтаар авагдсан 284 125 төгрөгийг
шүүгдэгч Б.Энхсайхан нь нөхөн төлсөн, нийтдээ 1.500.000 төгрөгийг хохирогч Г.Болормаад хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх, эмчилгээ, хагалгаанд орох, ор хоног, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэг хохиролыг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Хохирогч Г.Болормаа нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс дахин нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цохиот овогт Батбаатарын Энхсайхан нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Энхсайханг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Энхсайханд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энхсайхан нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хохирогч Г.Болормаа нь нийт 7 853 636 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт баримтаар авагдсан 284 125 төгрөгийг шүүгдэгч Б.Энхсайхан нь нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, нийтдээ 1.500.000 төгрөгийг хохирогч Г.Болормаад хүлээлгэн өгсөн болохыг, харин нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Г.Болормаа нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
7.Шүүгдэгч Б.Энхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ