Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1440

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч П.Н , түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Н д холбогдох эрүүгийн 1906 04376 1710 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилладаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , П.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч П.Н  нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4103 УНВ улсын дугаарын машин дотор жолооч Д.Дэлгэрмаатай маргалдаж түүний үснээс зулгааж, нүүрэн тус газар нь цохиж, маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд

мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Дэлгэрмаа өгсөн мэдүүлэг /хх-16-20/, гэрч П.Намууны өгсөн мэдүүлэг /хх-21-22/, гэрч А.Ууганцацралын өгсөн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Д.Долгорсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-28/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 8875 дугаартай дүгнэлт /хх-32/, шүүгдэгч П.Нарансолонгын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/, шинээр хохирол төлсөн баримт 3 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

  

Шүүгдэгч П.Н  нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4103 УНВ улсын дугаарын машин дотор жолооч Д.Дэлгэрмаатай маргалдаж түүний үснээс зулгааж, нүүрэн тус газар нь цохиж, маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дэлгэрмаагийн өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээ хорооны нутаг дэвсгэр өөрийн анйз 41-03 УНВ улсын дугаартай приус 10 маркийн машинтай өөрийн 2 дүү болох Намуун, Намуунаагийн найз охин хоёрыг хороолол хүргэх гээд явж байтал Сансарын колонкийн тэр хавиас 2 эмэгтэй гар өргөхөөр нь “хаашаа явах юм бэ” гэтэл “Чингис” зочид буудал орно” гэхээр нь суулгасан. Машинд суухдаа нилээн согтуу байсан П.Н  гэх эмэгтэй нь түрүүлж машинд суугаад хөлөөрөө хаалгыг тэгээлсэн байсан учир Д.Долгорсүрэн гэх эмэгтэйн толгойг цохисон үүнээс болж энэ 2 эмэгтэй агсарч эхэлсэн. Машинд суугаад “охидууд яагаад томроод байгаа, болоогүй байна шүү бяцхан янханууд” гэж хэл амаар доромжилж улмаар “Чингис” зочид буудлын тэр хавьд ирсэн “эгчээ хаана буух вэ” гэж манай дүү П.Намуунаа асуухаад “энд буулгачих” гээд би нэгдүгээр эгнээ рүү орж зогсох гэтэл миний араас боож би машинаа зогсоож чадалгүй хөлөө тормоз дээрээс авах л бол машин өнхрөх байсан учир тормоз дээр гишгэсээр байсан улмаар П.Н  гэх эмэгтэй нь миний нүүрийг маажиж толгой руу цохисон би арын сандал руу өнхөрч унаад машинаас буусан.” /хх-16-20/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “..Би П.Н ос 500.000 төгрөг бэлнээр авлаа. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Хамгийн хөнгөн хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэх хүсэлт.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Намууны өгсөн: “...Энэ өдөр Д.Дэлгэрмаа эгч манай гэрт байж байгаад манай найзын гэр рүү намайг хүргэх гээд ногоон өнгийн приус 10 маркын машинтай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Тайга” караокены урдуур явж байтал 2 эгч гараа өргөөд зогсож байхаар нь “зам дагуу бол хүргээд өгье” гэж ярилцаад зогсоод тэр хоёр эгчийг машиндаа суулгасан. Гэтэл нэг эгч нь “суух гэж байгаад хаалганд толгойгоо цохьчихлоо” гэж үглээд байсан. Хажуугаас нь хамт явсан согтуу эгч нь энд зогс буулаа 3 янханууд ийм ш дээ гэж бид нарыг хэл амаар доромжлоод хараагаад яваад байсан. Тэгж байгаад Д.Долгорсүрэн нь яршиг “эндээ зогс буулаа” гээд баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Рояал кастл” хотхоны ойролцоо машинаас буусан. Д.Долгорсүрэнг машинаас буунгуут нь П.Н  нь Дэлгэрмаа эгчииг шууд үсдээд, араас нь боосон. Тэгээд би салгах гэж зөндөө оролдоод арай гэж салгасан.” /хх-21-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Долгорсүрэнгийн өгсөн: “...Би энэ өдөр найз Нарансолонготой хамт караоекед дуулж байгаад гараад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Тайга” караокены урд талын төв зам дээр такси бариад суух гэтэл одоо гомдол гаргаад эмэгтэй ногоон өнгийн приус 10 маркын машинтай зогссон тул хаалгыг нь онгойлгоод суух гэтэл жолоочоос гадна 2 эмэгтэй сууж явсан. Манай найз Нарансолонго түрүүлээд машинд суусан тул араас нь суух гэж байтал намайг бүрэн сууж амжаагүй байхад хөдлөөд би суух гэж дэвхцэж байгаад машины раманд толгойгоо 2 удаа цохисон. Би “жолооч хүн байж хүнээ бүрэн суулгасаны дараа хөдлөөч” гэхэд жолооч эмэгтэй “уучлаарай эгчээ би таныг үнэгүй хүргээд өгье” гэж гуйсан. “Үнэгүй хүргэх хэрэг байхгүй, зогс эндээ буучихъя” гэхэд машинаа зогсоосон. Машин зогсоход манай найз Нарансолонго жолооч эмэгтэй Д.Дэлгэрмаагийн толгойтой үснээс зуурчихсан, мөн хажууд сууж байсан эмэгтэй гурвуулаа нэг нэгнийхээ үснээс зулгаагаад цохилцоод байсан.” /хх-28/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын         23-ны өдрийн 8875 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Дэлгэрмаагийн биед хамар, зүүн чамархайн хуйх, дагзанд зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, хамар, баруун хацар эрүү, зүүн гарын 3-р хурууны 2-р үе, 5-р хурууны 2-р үе, баруун, зүүн гуянд зулгаралт, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зөөлөн элийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-32/ гэх дүгнэлт,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-10, 11-12, 13-14/,

Шүүгдэгч П.Нарансолонгын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч П.Нарансолонгын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4103 УНВ улсын дугаарын машин дотор жолооч Д.Дэлгэрмаатай маргалдаж түүний үснээс зулгааж, нүүрэн тус газар нь цохиж, маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.Н  нь хохирогч Д.Дэлгэрмаад учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хялбаршуулсан журмаар П.Н д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч П.Н  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч П.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Н 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Н  нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Н  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,

хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС