Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1435

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Э холбогдох эрүүгийн 1906 04776 1883 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, зочид буудалд хүлээн авагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Г.Э .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин байрлуулах талаар маргааны үед 9886 УБУ дугаартай Соната 9 маркийн автомашины жолооч А.Алтангэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас

хохирогч А.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Д.Сэлэнгийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Б.Хонгорзулын өгсөн мэдүүлэг /хх-13-15/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 9811 дугаартай дүгнэлт /хх-20/, шүүгдэгч Г.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин байрлуулах талаар маргааны үед 9886 УБУ дугаартай Соната 9 маркийн автомашины жолооч А.Алтангэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Алтангэрэлийн өгсөн: “...2019 оны 8 сарын 10-ны 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12а байрны баруун буланд 9886 УБУ дугаартай Соната 9 маркийн автомашинтай гэрийн үүдэнд гэртээ орох гэтэл 6088 УБЛ улсын дугаартай Субару машин гарч ирээд гэрлээ тусгасан тулж зогссон болохоор жоохон ухраад “баруун шахаад гарч болдог” гэж хэлээд зөрсөн. Тэгтэл тус машины арын суудлаас үл таних залуу “ална шүү чамайг” гэж хараасан. Би машинаа зогсоож “юу гэнээ” гэж асуухад тэр залуу машинаасаа буугаад ирсэн. Бууж ирээд “чамайг ална” гэж хэлээд шууд миний нүүрэн хэсэгт цохисон. Тэгээд би цагдаа дуудсан.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сэлэнгийн өгсөн: “...Г.Э машинаас буугаад тухайн машины жолоочийг гэрлээ шилжүүлэхийг шаардсан. Манай хүү намайг өмөөрч тэр жолоочтой маргалдах шиг болсон би сандраад буух гэхэд тэр залуутай маргалдаж байгаад манай хүү тэр залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа цохисон.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хонгорзулын өгсөн: “...2019 оны 8 сарын 10-ны 23:00 цагийн үед найз залуу Г.Э болон түүний ээжийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12а байрны хажууд машинтай явж байсан. Тэр үед өөдөөс нэг машин тулж зогсоод гэрлээ шилжүүлэхгүй байсан ба манай хадам ээж машин барьж явсан. Тэгээд хохирогч залуутай Г.Э тэр залуутай маргалдаж байгаад нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохиход тэр залуу арагшаа унасан.” /хх-13-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний 9811 дугаартай дүгнэлтэд:

1. А.Алтангэрэлийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-20/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч

А.Алтангэрэлтэй маргалдаж байгаад баруун гараараа нэг удаа толгой хэсэгт нь цохиход гэмтэл учирсан байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-31/ гэх мэдүүлэг,

 

          Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-17-19/,     

Шүүгдэгч Г.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Э 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин байрлуулах талаар маргааны үед 9886 УБУ дугаартай Соната 9 маркийн автомашины жолооч А.Алтангэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Э нь хохирогч А.Алтангэрэлд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Э 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Э нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС