| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2024/0009/З |
| Дугаар | 001/ХТ2025/0090 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2025/0090
2025 10 28 001/ХТ2025/0090
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Богдхан
уулын дархан цаазат газрын хамгаалалтын
захиргаанд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0343 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0491 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 418 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Хамтран ажиллах гэрээг цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.
1.2.Хамтран ажиллах ***01 дугаар гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа “А” ХХК-тай Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн Будда бурханы суурийн музейн барилгыг засах ашиглалт оруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ***01, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан-Дугуй цагаан чиглэлийн явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ***02 дугаар хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ.
2.1.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 228 дугаар албан бичгээр “А” ХХК-д ... гэрээний 9.2, 9.4 дэх заалтыг үндэслэн ***01, ***02 дугаартай хамтран ажиллах гэрээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалж байгаа талаар мэдэгджээ.
2.2.Мөн тус захиргаанаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/1352 дугаар албан бичгээр танай байгууллага тус гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт, тохижилтод гаргасан зардлаа нөхөж олсон, ашигтай ажилласан нь санхүүгийн баримтаар нотлогдож байх тул хөрөнгө оруулалтын зардлыг өгөх боломжгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Манай компани ямар нэгэн зөрчил гаргаагүй, хамтран ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор хангалттай сайн биелүүлж ирсэн. Ямар ч санал авалгүй уг шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг гаргахын өмнө хариуцагчаас талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг зохих ёсоор дүгнэлгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, оруулсан хөрөнгө оруулалт зардлаа хэрхэн нөхсөн талаар ямар нэгэн тооцоо хийгээгүй ... гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хууль бус шийдвэр гаргасан” гэж,
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... 228 болон 01/152 дугаар албан бичиг нь ***01 дугаар гэрээний 9.2, 9.4 дэх хэсэгт заасны дагуу гарсан тул илт хууль бус захиргааны акт биш. ... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 711 дүгээр тогтоолын 2.4 дэх хэсэгт Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрын авто зам, зогсоолын талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгчийг зохих хууль, тогтоомжийн хүрээнд дахин сонгон шалгаруулахыг үүрэг болгосон. ... сонгон шалгаруулалтаар “Н” НҮТББ сонгогдон гэрээ байгуулсан тул ***01 дугаар гэрээний үүргийн биелэлтийг үргэлжлүүлэн хангуулах боломжгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0343 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 11-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ***01 болон ***02 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ***01 дугаар гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0491 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0343 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 11-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ***01 болон ***02 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 тоот шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан ***01 дугаар гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг 3 дахь заалт болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 дугаар мэдэгдэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Энэхүү мэдэгдлийг гаргахдаа хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй, үндэслэл бүхий байгаагүй. Бид Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д зааснаар оролцогч мөн бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гаргах болсон тухайгаа урьдчилан мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй. Эрх бүхий байгууллагаас удаа, дараа хяналт шалгалт явагдаж дүгнэлт, зөвлөмж гарсан тухайгаа мэдэгдээгүй, тэдгээр хяналт шалгалтын дүгнэлтэд тайлбар өгөх, няцаалт хийх боломжийг хязгаарлаж хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагаа явуулаагүй.
7.2.Манай компани гэрээ байгуулахдаа анх зохих хууль, дүрэм, журмын дагуу тендерт оролцсон ба хариуцагч талд түүнтэй холбоотой баримтууд байхгүй, үрэгдүүлсэн, алга болгосон нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш юм. Хяналт шалгалт ороход байхгүй бол манайд хэлээд илүү хувийг авч болох байсан. Хяналт шалгалтын дүгнэлт хэсэгт манай компанийг тодруулан, тодорхой байдлаар буруутгасан агуулга байхгүй. Хэрэв давуу байдал бий болгосон гэж үзэх тохиолдолд холбогдох газраар шалгуулах боломжтой байсан. Бид тендерт оролцоход бүрдүүлж байсан баримтуудыг бусад баримтуудын хамт гаргаж өгсөн боловч шүүх тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүй.
7.3.Анхан шатны шүүхээс хариуцагчийн санхүүгийн тайланд дээд байгууллагаас нь дотоод хяналт шалгалт мөн аудит хийсэн нь тухайн байгууллагын дотоод асуудал байх ба нэхэмжлэгчид огт хамааралгүй байхад төрийн байгууллагаас ирүүлсэн баримтуудыг нэг талыг барьж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан ч тэдгээрт хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байгаа юм. Нэхэмжлэгч бид “Н” НҮТББ-ыг эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт тавьсан боловч шүүх шийдвэрийнхээ 13 дахь хэсэгт ... бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах талаар шийдвэр гаргаагүй гэсэн нь үндэслэлгүй юм.
7.4.Магадлалын хянавал хэсэгт “... аудитын дүгнэлтээр “А” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй” гэж хэргийн жинхэнэ нөхцөл байдалд тохирохгүй буюу байхгүй үйл баримтад дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна. Энэ дүгнэлтээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй байх тул үүнийгээ Авилгатай тэмцэх газарт шалгуулах гэж зөвлөсөн байхад огт шалгуулаагүй байж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй юм.
7.5.Мөн магадлалын 2 дахь заалтад давуу байдал олгосон үйл баримт тогтоогдсон мэтээр, 4.1 дэх заалтаараа нэхэмжлэгч оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөж олсон мэтээр, давж заалдах гомдолд дурдсан хууль хэрэглээг няцааж байгаа мэтээр, 5.2 дахь хэсэгт сонгон шалгаруулалтын материалыг хариуцагч хяналт шалгалтынханд өгөөгүйг, мөн хэрхэн шалгаруулсан талаарх баримт байхгүйг зөвтгөж, харин нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн тендөрийн материалуудыг огт байгаагүй мэтээр, Авилгатай тэмцэх газраас давуу байдал олгосон эсэхийг шалгаагүй байхад шүүх давуу байдал бий болгож шалгаруулсан нь тогтоогдож байна гэж тус тус нотлох баримтгүйгээр шууд дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талд хариуцагч нь давуу байдал бий болгож, гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдоогүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 418 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “А” ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн Будда бурханы суурийн музейн барилгыг засах ашиглалтад оруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилго бүхий ***01 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Мөн өдөр “А” ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан-Дугуй цагаан чиглэлийн явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилго бүхий ***02 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.
11.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “2022 оны Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт болох Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын зөрчил, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг арилгахыг үүрэг болгосон хэсэг, авто зогсоол, ариун цэврийн байгууламжийг бусдад шилжүүлсэн” гэж тус тус дурдаж, гэрээний 9.2, 9.4 дэх заалтыг үндэслэн ***01 болон ***02 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г цуцалж байгаа талаар мэдэгджээ.
12.Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр дээрх 228 дугаар албан бичигт дурдсан үндэслэлээр гэрээг хоёр талын зөвшилцсөнөөр цуцлахаар тохиролцсон гэж, хөрөнгө оруулалтын зардлыг өгөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Захиргааны гэрээг цуцалсан захиргааны байгууллагын мэдэгдэл бие даасан захиргааны актад хамаарах эсэх,
-Захиргааны гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн эсэх тухай байна.
Хууль хэрэглээний хувьд:
13.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж, мөн зүйлийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно” гээд 52.2.1-д “төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд”, 52.2.2-т “захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд”, 52.2.3-т “төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд”, 52.2.5-д “хуульд заасан бусад харилцаанд” гэж захиргааны гэрээг байгуулж болох харилцааг заажээ.
14.Талуудын хооронд төрийн өмчийг засах ашиглалтад оруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг хангах, явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор байгуулсан хамтран ажиллах гэрээнүүд нь агуулгын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-т заасан “... дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” хамаарахаар байна.
15.Мөн хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь уг гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндэслэн байгуулсан, уг хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заасан байх тул энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5-д заасан “хуульд заасан бусад харилцаанд” гэдэгт ч хамаарч болохоор байна.
16.Иймээс “А” ХХК болон хамгаалалтын захиргааны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнүүд нь дээрх Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдах, нийтийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан захиргааны гэрээ болно.
17.Зарчмын хувьд захиргааны гэрээний нэг тал болох захиргааны байгууллага нь тухайн гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйл юмуу тухайн харилцааг тусгайлан зохицуулсан бусад (нийтийн эрх зүйн) хуульд заасан үндэслэлийн дагуу цуцлах эрхтэй. Харин уг эрхийнхээ хүрээнд гэрээний харилцааг дуусгавар болгохоо илэрхийлж буй захиргааны шийдвэр буюу мэдэгдэл нь захиргааны бие даасан акт болохгүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй юм. Учир нь, нэгэнт захиргаа бусад этгээдтэй гэрээ байгуулсан бол уг гэрээний харилцааг хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад нэг талын “захирамжилсан” шийдвэрээр дуусгавар болгох боломжгүй юм.
18.Иймд маргаан бүхий мэдэгдлүүд нь захиргааны актын шинжийг агуулахгүй тул “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаар болон 01/1352 дугаар албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
19.Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх албан бичгүүд нь маргаан бүхий гэрээнээс тусдаа захиргааны акт мөн эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.
20.Цаашилбал, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн “... ***01 гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах” шаардлагыг “тодорхой бус, ойлгомжгүй, бодит байдалд биелэгдэх боломжгүй” гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.
21.Учир нь, нэхэмжлэгчийн хүсэл зориг буюу нэхэмжлэлийн шаардлагын агуулга[1] нь ***01 дугаар гэрээний харилцааг үргэлжлүүлэх, хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байх тул энэ тохиолдолд шүүх уг маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжтой.
22.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж тус тус заасан. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолоор тус нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэгч болон бусад оролцогч (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг буюу эрх, үүрэг байгаа, эсхүл байхгүйг тогтооход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоно ... Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд” гэж тайлбарласан.
23.Нэхэмжлэгчийн хувьд захиргааны актад хамаарах “хүчингүй болгох”, “даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар өөрийн хүссэн үр дүнд хүрэх боломжгүй байгаа энэ тохиолдолд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн хамтран ажиллах гэрээг цуцалсан мэдэгдэл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл болон Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуульд заасан гэрээ цуцлах үндэслэлд хамаарч буй эсэхийг шалгаж тогтоосноор талуудын хооронд нийтийн эрх зүйн буюу захиргааны гэрээний харилцаа үргэлжлэх эсэх, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үндэслэлтэй эсэхийг тогтоох нь зүйтэй.
24.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаар албан бичигт “гэрээний 9.2, 9.4 дэх заалтыг үндэслэн ***01 болон ***02 дугаар гэрээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалж...” байгаа талаар мэдэгдсэн. Эдгээр гэрээний 9 дүгээр зүйлд “Гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл”-ийг зохицуулсан ба 9.2-т “Эрх бүхий байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргах” гэж, 9.4-т “Гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдвэл А тал нь Б талд ажлын 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлнэ” гэж тус тус заажээ. Түүнчлэн, гэрээний 9.3-т “Компани гэрээний үүргээ дараах байдлаар зөрчих: а/ “Эд хөрөнгийн төлөвлөлт, зориулалтыг хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөх”, б “Хариуцагч ашиглаж буй эд хөрөнгийг эвдэж гэмтээх, хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслүүлэх, шилжүүлэх болон барьцаалах” гэсэн байна. Гэвч тухайн тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох эдгээр үндэслэлийн аль нь ч бодит байдалд тогтоогдсонгүй.
25.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тусгай тохиолдлыг зохицуулсан бөгөөд 56.1-д “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй”, 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална”, 56.3-т “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж тус тус заасан. Гэвч уг маргааны хувьд хуулийн эдгээр үндэслэл бүрдээгүй байна.
26.Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн “***01 гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах” шаардлагыг талуудын хооронд тухайн гэрээний харилцаа байгаа болохыг тогтоож, хариуцагч гэрээний үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг тогтоох агуулгаар хангаж шийдвэрлэв.
27.Энэхүү шүүхийн тогтоолыг биелүүлэх арга журам, үүсэх үр дагаврын тухайд: Хариуцагчийн зүгээс ***01 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний 6.1-д заасан 5 жилийн хугацааг “уг гэрээг цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаар мэдэгдэл” өгсөн огноогоор түдгэлзүүлж, энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш үргэлжлүүлэн тооцож ажиллах, эсхүл харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцлах тохиолдолд гэрээний 9.5-д заасан арга хэмжээг авах үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0343 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0491 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ***01 болон ***02 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2.Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ***01 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний харилцаа хүчинтэй байгаа болохыг тогтоож, хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг хангаж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөн тооцож, ажиллах үүрэгтэй болохыг тогтоосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
[1] Улсын дээд шүүхийн тайлбарын эмхэтгэл, Хууль хэрэглээний нэгдмэл байдал, 2024, тогтоол №30 х.200