Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 157

 

   Ц.Даваанямд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 255 дугаар магадлалтай, Ц.Даваанямд холбогдох 201526021482 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, 2000 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

2010 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн.

2014 онд Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 8.424.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. Бэсүдсэн овогт Цогтбаатарын Давааням нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Даваанямыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Даваанямыг 7 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Давааням, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэлийн талаар өмгөөлөгчийн гомдолд шүүхүүд үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй. Гэмт хэрэг гарсан байдлын талаар дахин шалгах шаардлагагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Хохирогчийн мэдүүлэг шүүгдэгчтэй хамт явсан гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрүүтэй, хохирогч их хэмжээний согтолттой байсан талаар эмчийн тодорхойлолт, хэргийн талаар ач холбогдолтой мэдүүлэг өгөх зарим хүмүүсээс мэдүүлэг аваагүй зэрэг нөхцөл байсаар байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэв шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзвэл Ц.Даваанямын үйлдлийг танхай сэдэлтээр бус хувийн сэдэлтээр үйлдэгдсэн болохыг анхаарч үзнэ үү. Зөвхөн олон нийтийн газарт үйлдэгдсэн гэх шинжээр танхай сэдэлт гэж үзэхгүй бөгөөд үл ялих зүйлээр шалтагласан гэх байдлыг нотолж чадаагүй байхад танхайрах явцдаа бусдад хүнд гэмтэл учруулсан гэх шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Иймд Ц.Даваанямын үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ц.Даваанямын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Давааням нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Sejong” Солонгос хоолны газарт танхайн сэдэлтээр хохирогч Л.Билгүүний хэвлий тус газарт хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Билгүүн, гэрч М.Түвшинзул, Л.Түвшинтөгс, Д.Ууганбаяр, шинжээч эмч О.Болороо нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Ц.Даваанямд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хангалттай шалгаж тогтоосон байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Ц.Даваанямын үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул өмгөөлөгч З.Хүрэлсүхийн “Ц.Даваанямд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол,  магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй”, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт “...анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” гэж тус тус заасан байх тул өмгөөлөгчийн “...Хохирогчийн мэдүүлэг гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрүүтэй, хохирогч их хэмжээний согтолттой байсан, хэргийн талаар ач холбогдолтой мэдүүлэг өгөх зарим хүмүүсээс мэдүүлэг аваагүй зэрэг нөхцөл байдлыг шалгаагүй” гэсэн хэргийн үйл баримтыг дахин тогтоолгох тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 255 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           Ч.ХОСБАЯР