Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 203/МА2025/00032

 

 

П.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 144/ШШ2025/00182 дугаартай шийдвэртэй,

П.*******ы нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч П.*******ы гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн хүсэлт болон тайлбарын агуулга: Миний бе 1972 оны 09 сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн. 1981 онд сумынхаа 1 дүгээр бүрэн дунд сургуульд элсэн орж, 1989 онд 8-р ангийг төгссөн. Сургуулиа төгссөний дараа 1990 оны хавраас хөдөө гарч Өмнөговь аймгийн ******* сумын ******* говь ХК-д 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мал маллан ажилласан. Үүний дараа миний бие өөрийн төрсөн эцэг Т.*******ийн хамт Өмнөговь аймаг, ******* сум, ******* 3-р багийн Тойн цохио гэх нутагт хувийн мал аж ахуйгаа эрхэлж улмаар 1995 оны 04 сарын 01-ний өдөр нөхөр Д.*******той гэр бүл болж гэртээ хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд 1998 оны 05 сарын 27-ны өдөр хүү Г.*******, 2006 оны 12 сарын 08-ны өдөр охин Г.******* нарыг тус тус төрүүлсэн. Бид одоог хүртэл хувийн мал аж ахуйгаа эрхэлж байгаа бөгөөд малын А данс нь манай эцэг Т.*******ийн нэр дээр гардаг. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний бие нэр дээрээ малын А дансыг бүртгүүлж байгаагүйн улмаас мал маллаж байсан байдлаа буюу малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Мал маллаж байсан нотлох баримтууд нь эцгийн нэр дээр гарсан тул нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр аав Т.*******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн шаардлагыг тавьсан.

Иймд намайг 1990 оны 05 дугаар сарын 01 -ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл аав Т.*******ийн хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хүсэлт гаргагч П.*******ыг 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл аав Т.*******ийн хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгч П.*******ы давж заалдах гомдлын агуулга болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1981-1989 онд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, 1990 онд хөдөө аав дээрээ мал маллан 2017 он хүртэл тасралтгүй 27 жил мал маллаж өнгөрүүлсэн. Одоо 52 настай. Одоогоос 2 жилийн өмнө малчны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтэй гаргасан боловч ажилласан жил хүрээгүйн улмаас сумын шүүхээр аавын хамт мал маллаж байсан хугацааг малчны тэтгэвэр тогтоолгох хугацаанд оруулж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг маань бүхэлд нь хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд миний цэл залуу насандаа өндөр настай аавыгаа асарч, харж хандаж тасралтгүй 27 жил мал малласан хугацааг минь тогтоон өгч, тэтгэвэр тогтоолгох боломжийг бүрдүүлэн өгөхийг хүсэж байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 Хүсэлт гаргагч 1990 оны 05 дугаар сарын 01 -ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл аав Т.*******ийн хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүсэлт гаргагч эс зөвшөөрч шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Хүсэлт гаргагч нь 1990 оны 05 дугаар сарын 01 -ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл аав Т.*******ийн хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа ... өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой гэж тайлбарласан байна.

 Анхан шатны шүүх Ажиллаж байсан байдлыг тогтоох нь хүний тэтгэвэр, тэтгэмж авах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлдэг. Хүсэлт гаргагч Д.******* нь хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, тухайн хүсэлтэд дурдсан Өмнөговь аймгийн ******* сумын ******* говь ХК-д ямар ажилд томилогдож ажиллаж байсан, ямар хугацаагаар мал маллаж байсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Зөвхөн өөрийн төрсөн эцгийн хамт мал маллаж байсан тул хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох агуулга бүхий хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна гэх дүгнэлтийг хийсэн нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар заасан.

 Шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах гэдгийг шүүх нотлох баримт бүрдүүлэх зорилгоор, түүнчлэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж шүүх үзсэн, шинээр гаргуулах баримт нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх шинжийг агуулсан буюу маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой тохиолдолд, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь аав Т.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан хугацаанд хүн амын тоо, тооллогод өрхийн тэргүүн Д.******* гэж бичигдсэнээс үзэхэд хүсэлт гаргагчийн нөхөр Д.******* нь малын А дансны бүртгэлтэй эсэх, хэрэв бүртгэлтэй бол эхнэр П.******* нь тухайн бүртгэлд хамрагдах боломжтой эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба дээрх баримтууд нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.

 Шүүх шинээр нотлох баримт шаардлагатай гэж үзэх нь анхан шатны шүүхийн чиглүүлэх үүрэгтэй холбоотой бөгөөд шүүгч хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй юм.

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3, 168.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 144/ШШ2025/00182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.*******д буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Л.УГТАХБАЯР