| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2025/00053/И |
| Дугаар | 203/МА2025/00034 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 203/МА2025/00034
Э.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 144/ШШ2025/00120 дугаартай шийдвэртэй,
Э.*******ын нэхэмжлэлтэй,
******* ХК-д холбогдох
******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, Э.******* намайг ******* ХК-ийн ******* уурхай, технологийн газрын борлуулалт, тээвэр, логистикийн хэлтсийн тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 46,145,403 төгрөг, ажилгүйдлийн 6 сарын тэтгэмж 16,660,000 төгрөг нийт 61,805,403 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаяр /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...Э.******* би 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс ******* ХК-д чингэлэгт тээвэр терминалын хөдөлгөөн зохицуулагчаар томилогдон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэж, 2023 оны ажлын үр дүнгээр гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулсан.
Гэтэл компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б-124 дугаартай тушаалаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон намайг ажлаас чөлөөлсөн талаар 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр компаниас ярихад нь мэдсэн болно. Компанид хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр миний ажлын байр хасагдсан учраас намайг чөлөөлсөн гэж ойлгосон ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т "Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, надад урьдчилан мэдэгдээгүй, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн тул дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.2, 80.3 дахь заалтууд болон ******* ХК-ийн ажил олгогч болон Үйлдвэрчний эвлэл, ажилтнуудын хооронд байгуулсан "Хамтын гэрээ-ний 4.4-д "Ажилтныг бөөнөөр халах, хөдөлмөрлөх нөхцөл байдлыг дордуулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд аж ахуйн нэгж байгууллага /ажил олгогч/ нь 45 хоногийн өмнө Үйлдвэрчний эвлэлийн хороонд урьдчилан бичгээр мэдэгдэж, ажилтны хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн баталгааг хангах зорилгоор компанид ажилласан жилээс хамаарч, 0-5 жил ажилласан бол 6 сар, 6-10 жил ажилласан бол 12 сар, 11-15 жил ажилласан бол 18, 16-аас дээш ажилласан бол 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус тус олгоно" гэсэн заалтын дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой боловч өнөөдрийг хүртэл надад олгоогүй, мөн амралтын нөхөн олговор олгоогүй миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хохироож байна.
Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ******* ХК-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/124 тушаалыг хүчингүй болгож, Э.******* намайг ******* ХК-ны ******* уурхай, технологийн газрын борлуулалт, тээвэр, логистикийн хэлтсийн тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 46,145,403, ажилгүйдлийн 6 сарын тэтгэмж 15,660,000 төгрөг, нийт 61,805,403 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргаантай холбогдуулаад хэрхэн, яаж гомдлоо гаргах, зөрчигдсөн эрхээ хэрхэн яаж сэргээх вэ гэдгийг хуульчилсан гомдол гаргах хугацаа байгаа. Э.*******ын хувьд шүүхэд хандах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Тэр дундаа 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосонтой холбогдуулсан тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх зорилго бүхий маргаан таслах комисс буюу тухайн байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргаж болно. Тухайн байгууллагад комисс байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан материалаас харахад Э.******* нь энэ эрхийнхээ хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Гомдлын хариуг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргын 2024 оны 05 сарын 31-ний өдрийн албан бичгээр хүргүүлсэн байна. Албан бичигт ...танаас ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тайлбартай танилцлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргын тамгын газар нь хөдөлмөрийн эрхийг маргаан таслах комиссгүй тул дараагийн шатны байгууллагад хандана уу гэсэн. Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны дараагийн шатны байгууллага гэдэг нь шүүх юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргын албан бичгийг хүлээж авснаараа буюу сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэхүү 6 маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэнээс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 05 сарын 31-ний өдрөөс хойш 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Дархад овгийн Энхбаярын *******ын ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/124 тушаалыг хүчингүй болгож, Э.******* намайг ******* ХК-ийн ******* уурхай, технологийн газрын борлуулалт, тээвэр, логистикийн хэлтсийн тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 46.145.403, ажилгүйдлийн 6 сарын тэтгэмж 15,660,000 төгрөг нийт 61,805,403 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаярын давж заалдах гомдлын агуулга: ...Миний үйлчлүүлэгч Э.******* нь ******* ХК-ийн *******, уурхай, технологийн газрын борлуулалт, тээвэр, ложистикийн хэлтсийн тээвэр зохицуулагчийн албан тушаалд 2023 оны 08 дугаар сарын 27-нд томилогдон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй гүйцэтгэж /2023 оны ажлын үр дүнгээр гадаад улсад аялах эрхээр шагнагдаж байсан/ ажиллаж байгаад *******" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дугаар 29-ны өдрийн Б-149 дугаартай илэрхий хууль бус тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны *******" ХК-иас утсаар ярихад анх мэдсэн.
Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тушаалаа гардаж аваад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар /Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо/-т гомдлоо гаргасан байдаг.
Гэтэл Цогтцэций сумын Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1-418 тоот албан бичгээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт комиссгүй тул дараагийн шатны байгууллагад хандана ууг гэсэн хариуг өгсөн байдаг. Ийм хариуг авсны дараа Э.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-Т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:" гэж заасан эрхийнхээ дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ганц байгаа /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай Хороо байгуулах" тогтоолоор байгуулагдсан/ Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан.
Харамсалтай нь тус Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал нь тодорхой шалтгааны улмаас тодруулбал ******* ХК-ийн хүсэлтээр мөн ирц бүрдэхгүйн улмаас удаа дараа хойшилж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э.*******т ...тухайн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулах боломжгүй гэсэн утгатай хариуг өгсөн байдаг.
Миний үйлчлүүлэгч нь тухайн хариуг хүлээж авснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.8-д 'Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж заасан эрхийнхээ дагуу Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгтээ /шийдвэрийн 9 дэх талд/ Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй." гэж заажээ.
Мөн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 -д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор", 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2- т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э.******* нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан.
Нэхэмжлэгч Э.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргажээ. гэж хуулийг илт буруу хэрэглэж хэт нэг талыг барьсан хууль бус дүгнэлт хийсэн байгаад гомдолтой байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно." гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх маргааны урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ хэзээ дуусахыг бүр тодруулбал Э.*******тай холбогдох маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэзээ дуусгавар болсныг хуулийн энэхүү заалт тов тодорхой харуулж байна.
Шууд хэлэх юм бол Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл гарч Э.*******т гардуулснаар тус маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж улмаар шүүхэд гомдол гаргах эрх нь үүсч байгаа юм.
Шүүх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороогүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу явуулах огт боломжгүй Цогтцэций сумын Засаг даргын өгсөн албан тоотыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг үндэслэл болгож хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдсан, хүнлэг бус, шударга ёсны зарчимд харш дүгнэлт болжээ.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ
5. Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэргийн бодит байдалд нийцээгүй. Хэрэгт зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй. Ажил олгогч талд хэт нэг талыг барьж хууль бус дүгнэлт гаргасан гэсэн агуулгаар гомдлоо гаргасан. Тэгээд гол хэлэх гэж байгаа юм бол анхан шатны шүүх шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болсон тэр цаг хугацааг бол буруу тооцож дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын албан тоотыг үндэслэж шүүхийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Яагаад гэхээр Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хэзээ дуусахыг нь тодорхой заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн маргааныг зохицуулж чадаагүй гэж тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно гээд тов тодорхой заагаад өгчихсөн. Цогтцэций сумын гурван талт хороонд гаргасан чинь манайд ийм хороо байхгүй гэдэг хариу өгсөн. Үүнийг шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэх боломжгүй. Харин Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ганцхан байгаа хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд манай үйлчлүүлэгч Э.******* хуулийн хугацаанд гомдлоо гаргасан. Тэр гомдлыг нь хэлэлцээд тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэл нь гарч талууд гарын үсэг зурснаар шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоод манай үйлчлүүлэгч өөрийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд Үндсэн хуульд заасан эрхийнх нь дагуу хандсан. Тийм учраас анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хуульд заасны дагуу үндэслэл бүхий шийдсэн гэж миний хувьд үзэж байна. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны журмаар гаргасан гомдолд дурдагдсан асуудал нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гээд тусгай журам хуульчлаад баталчихсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан бол 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагад гомдлоо гаргана гэж заасан. 30 хоногийнх нь дотор гомдлоо гаргасан бол сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллага нь талуудыг оролцуулаад 10 өдрийн дотор шийдвэрлээд тэмдэглэл үйлдээд гарсан бол түүнийг нь эс хүлээн зөвшөөрөх юм бол дараагийн шатны байгууллага буюу шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах эрхтэй. Хуулиар олгосон хамгийн дээд хэмжээгээр нь тооцоод үзэх юм бол 30 дээр нэмэх нь 10, дахиад нэмэх нь 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хуульчлагдчихсан. Гэтэл Э.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тушаалыг гардаж авснаас хойш 7 сар гаруй хугацааны дараа шүүхэд хандсан байдаг. Тэр дунд нь Өмнөговь аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж байгаа нь өөрөө хууль мэдэхгүйгээсээ болоод ч юм уу эсвэл Цогтцэций сумын Засаг даргын албан бичгийн хариуг бүрэн гүйцэт ойлгоогүйн улмаас ч байдаг юм уу шууд шүүхэд хандах боломжоо алдсан гэж миний хувьд үзэж байна. Таван толгой ХК-тай холбоотой нэлээдгүй олон хөдөлмөрийн маргаан байгаа. Миний мэдэхээр 10 орчим маргаан байдаг. Цогтцэций сумын Засаг даргын албан бичгийг аваад шууд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг маргаанаа шийдвэрлүүлээд явж байгаа кэйсүүд зөндөө байгаа. Тэгэхээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй. Үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Э.*******ын тухайд маргаан бүхий тушаалыг гардаж аваад Цогтцэций сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч энэ хороо байгуулагдаагүйн улмаас маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Өмнөговь аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж байгаа нь учир дутагдалтай. Хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж хариу тайлбараа гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч энэ хариу тайлбараа дэмжиж, мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч Э.******* нь ******* ХК-д холбогдуулан ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, Э.******* намайг ******* ХК-ийн ******* уурхай, технологийн газрын борлуулалт, тээвэр, логистикийн хэлтсийн тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 46,145,403 төгрөг, ажилгүйдлийн 6 сарын тэтгэмж 16,660,000 төгрөг нийт 61,805,403 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч ...Э.******* нь дээрх тушаалыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гардсан авсан ... Э.******* нь маргаан бүхий тушаалыг гардан авсан өдрөөс хойш Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ гомдол гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах, энэхүү гомдлыг хүлээн авсан гурван талт хороо нь мөн хуулийн 154-р зүйлийн 154.7-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан байдаг. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2024 оны 04-р сарын 29-ний өдрийн ажил олгогчийн шийдвэрийг Э.******* нь 2024 оны 05-р сарын 01-ний өдөр гардан авсан атлаа хуульд заасан 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 01-р сарын 16-ны өдөр маргааныг шийдвэрлэж байгаагаас харахад тэрээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Э.*******ын нэхэмжлэлтэй ******* ХК-д холбогдох ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, Э.******* намайг ******* ХК-ийн ******* уурхай, технологийн газрын борлуулалт, тээвэр, логистикийн хэлтсийн тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 46,145,403 төгрөг, ажилгүйдлийн 6 сарын тэтгэмж 16,660,000 төгрөг нийт 61,805,403 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаяр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1-418 дугаартай Танаас ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гомдолтой танилцлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй тул дараагийн шатны байгууллагад хандана уу гэх албан бичиг /хавтаст хэргийн 14-р хуудас/
Өмнөговь аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1 дугаартай тэмдэглэл /хавтас хэргийн 7-12-р хуудас/,
Өмнөговь аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №45 дугаартай Иргэн Э.*******ын Өмнөговь аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо-нд гаргасан өргөдлийг хүлээн авч ажлын хэсгийн ирц, гомдлын оролцогч талын хүсэлт зэргийг харгалзан хурлыг хойшлуулан тус хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан. Хурлын тэмдэглэлд гомдлын оролцогч тал болох ******* ХК-ийг төлөөлөн оролцсон хууль эрх зүйн ахлах ажилтан П.Нямхүүгийн албан ажил давхардсанаас шалтгаалан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан учир хурлын тэмдэглэлийг гомдол гаргагч талд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэх өгсөн болно гэх албан бичиг /хавтаст хэргийн 13-р хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ээс анхан шатны шүүхэд хандаж Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос Э.*******ын гомдлыг хэзээ хүлээн авсан, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ямар ажиллагаа хийсэн талаарх баримтыг гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх тухайн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолгүй, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2025 оны 4-р сарын 21-ний өдрийн 00499 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ." гэж заасантай нийцээгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна гэж дүгнэв.
Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо Э.*******ын гомдлыг хэзээ хүлээн авсан талаараа тэмдэглэлдээ тусгаагүйн улмаас нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул энэ талаарх нотлох баримтыг холбогдох төрийн байгууллагаас гаргуулсны дараа хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 144/ШШ2025/00120 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,000 /дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА