| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03700/И |
| Дугаар | 210/МА2025/01328 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01328
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03429 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******т тус тус холбогдох
*******ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаал, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор болон урамшуулалд 24,309,010 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие *******д статистикч их эмчээр ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халагдсан ба улмаар шүүхэд хандсаны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилдаа буцаж орсон. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд авахдаа миний өмнө ажиллаж байсан ажлын байранд аваагүйгээс гадна надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.
1.2.Гэнэт 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр намайг удирдлагын хурлаар авч хэлэлцэхээр дуудаж, 2024 оны 04 дүгээр сарын 15-24-ний өдрийн хооронд нийт 7 цаг ажил тасалж, ажлын байрыг орхиж явсан гэж үзэж, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд цалинг 20 хувиар хассан. Намайг шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажлын байранд ажиллуулсан, ажилгүй байсан хугацааны цалинг дутуу олгосон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг төлөөгүй байсан тул би энэ талаар холбогдох байгууллагууд болох Төрийн албаны зөвлөл, *******, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэгт гомдол гаргах, гомдлын хариуг авах зэргээр ажлаас түр зуур гарах тохиолдол байсан бөгөөд ийнхүү гарахдаа өөрийн шууд удирдах албан тушаалтанд хэлж, чөлөө авч явдаг байсан. Иймд намайг ажил тасалсан гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж, тус тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.3.Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалаар намайг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 48 цагийн ажил тасалсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр газар давхар ажилласан, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх үндэслэлээр ажлаас халсан.
Би өмнөх ажлаас халагдаад шүүхээр маргаан үүсгээд явж байхдаа ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай байсан учраас 2023 оны 11 дүгээр сараас эхлэн ******* гэх эмнэлэгт ажиллаж байгаад ажилдаа орсны дараа тус эмнэлэгт ажлын бус цагаар ажиллаж эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сараас ажиллахаа больсон. Би тус эмнэлэгт ажлын цагаар ажиллахаар ажлын байраа орхиж байгаагүй. Мөн ажлын цагаар гарч холбогдох байгууллагуудад өөрийн гаргасан гомдлын араас явах шаардлага байсан. Ажлын цагаар л очиж уулзахгүй бол адилхан төрийн байгууллагууд учраас ажлын бус цагаар ажиллахгүй. Энэ тохиолдолд өөрийн шууд удирдах албан тушаалтан болох *******даргаас чөлөө аваад, мэдэгдээд явдаг байсан. Чөлөө авахгүйгээр гарч байгаагүй.
Иймээс намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байгаа тул хариуцагчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалыг хүчингүй болгож, статистикч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 24,309,010 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.*******ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаалаар нэхэмжлэгч *******ыг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж 2024 оны 04 дүгээр сарын 15-24-ний өдрийн хооронд ажлын цагаар ажлын байрыг 7 цаг орхиж явсан нь нотлох баримтаар тогтоогдсон, мөн статистикийн тайлан, мэдээг хугацаанд нь гаргаагүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар цалингийн 20 хувиар 3 сарын хугацаатай буулгаж сахилгын шийтгэлийг ногдуулсан. Энэхүү сахилгын шийтгэл байгууллагын эрх хэмжээнд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчилд тохирсон, үндэслэлтэй бодит шийтгэл гэж үзэж байгаа. ******* 7 цагийн хугацаанд ажил тасалсан нь тогтоогдсон учраас энэ сахилгын шийтгэл оногдуулсан Б/227 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.
2.2.*******ыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалыг гаргах болсон. Мөн сахилгын шийтгэл оногдуулсан зөрчлийг давтан гаргасан, зэрэгцсэн гэрээ байгуулж өөр байгууллагад ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон тул энэхүү тушаалыг гаргаж ажлаас чөлөөлсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
*******аас *******ийн удирдлага, хүний нөөц, санхүүтэй холбоотой гомдлыг *******т гаргасны дагуу даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 9 заалт бүхий зөвлөмжийг *******д 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/914 дүгээр албан бичгээр хүргүүлж, зөвлөмжийн тайланг хагас, бүтэн жилээр тайлагнах, зөрчлийг засаж сайжруулаагүй, давтан гаргасан тохиолдолд сахилгын арга хэмжээ тооцохыг мэдэгдсэн. *******өөс 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн "Зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласан тухай" 430 тоот албан бичиг ирүүлсэн ч зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй тул хэрэгжилтийг хангуулахаар дахин албан бичиг хүргүүлсэн. *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******т *******ын даргын 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05/11249 дүгээр албан бичиг болон Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04/2343 дугаар албан бичгийг үндэслэн газрын даргын 2024 оны Б/219 дүгээр тушаалаар *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно.
Иймд иргэн *******аас *******ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******тай холбоотой гомдлыг удаа дараа *******т ирүүлснийг тухай бүр шалгаж хариуг албан бичиг (2024 оны 01/927, 01/1224, 01/1280, 2/15, 2/30)-ээр хүргүүлж байсан, мөн ажил олгогч, ажилтны хоорондох хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрлөх эрхийн маргаантай холбоотой асуудал тул ******* хариуцагчаар оролцох эрх зүйн үндэслэлгүй. Иймээс хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаал, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг *******ийн статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,030,890 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулан, нэхэмжлэгч *******д олгож, цалин олговорт илүү нэхэмжилсэн 5,278,120 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *******д үүрэг болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 323,304 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
5.Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж үзсэнгүй. Хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 536 тоот албан бичгээр 61 хуудас баримт гарган өгсөн. ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-24-ний өдрийг хүртэл 9 хоногийн хугацаанд нийт 7 цагийн хугацаанд ажлын байрыг ажил олгогчийн зөвшөөрөлгүй орхиж явсныг баримтаар гарцгүй тогтоож, мөн статистикийн тайлан, мэдээг хугацаанд нь гаргаагүй тул энэхүү асуудлыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Удирдах зөвлөлийн шуурхай хуралдаанаар 7 гишүүний 100 хувийн ирцтэй хуралдан, асуудлыг хэлэлцэж 6 гишүүн буюу 85 хувийн саналаар *******д сахилгын шийтгэл оноож, үндсэн цалинг 20 хувиар 3 сараар бууруулсан нь ажил олгогчийн хуульд заагдсан эрхээ эдэлсэн, хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хуульд нийцсэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 дугаартай тушаал атал шүүх хуульд огт нийцэхгүй дүгнэлт хийж хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй.
Учир нь анхан шатны шүүх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан. Өөрөөр хэлбэл уг журам нь нэхэмжлэгчийг ажлаас халагдсан байсан хугацааанд батлагдсан байх бөгөөд түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орсноос хойших хугацаанд тус хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгчид танилцуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоохгүй байна гэж дүгнэсэн. Байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж *******ыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/58 тоот тушаалаар ажилд томилсон болон *******ын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, ажлын байрыг Ахмадын салбар эмнэлгийн 5 дугаар давхарт байршуулахаар зааж өгсөн болохыг, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардахад эсэргүүцсэн болохыг Захиргаа хүний нөөцийн албаны менежер *******ын илтгэх хуудаст дурдсан байхад (хавтаст хэргийн 67 дугаар тал) шүүх уг нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж үзсэнгүй.
Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулах гэхэд ******* зөвшөөрөхгүй байхад хүч хэрэглэн хөдөлмөрийн гэрээг байгуулах, танилцуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтыг илтэд давуу нотлох баримт хэмээн үнэлж, хариуцагчийн ач холбогдол бүхий нотлох баримтыг анхаарч судлаагүй, үнэлээгүй байгаа нь хэргийг эргэлзээгүй, үнэн зөв, хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй болохыг нотолно.
5.2.Шүүхэд хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд ******* нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, ажлын цагаар, цалин хөлс авч буй ажлын байраа дур мэдэн орхиж гарч байгааг нотолсон цагийн бүртгэл, камерын бичлэгийг нотлох баримтаар гарган өгсөн байгааг илтэд үгүйсгэж нотлогдохгүй байна хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.
5.3.******* нь ажил үүрэгтээ хариуцлагагүй ханддаг, хамт олонтойгоо эвтэй найртай байдаггүй, үндэслэлгүйгээр хэл ам хийж хамт олны найрсаг уур амьсгалыг үгүй хийж байсан, ажлын цагаар ажлын байраа дур мэдэн орхисон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон үйл баримт юм. ******* нь Удирдах зөвлөлийн хурал дээр ямар хэмжээний ааш аяг гаргаж байсан болох нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/3 тоот хурлын тэмдэглэлээс тодорхой харагдана.
5.4.Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.4, 57.2.3, 78.1.9, 80.1.4, 123.2.1,123.2.5, 123.3. 123.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь заалтыг буруу хэрэглэж, хариуцагчийн татгалзлаа нотлон гарган өгсөн баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******т холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаал, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон урамшуулалд 24,309,010 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 210/МА2023/02126 дугаар магадлалыг үндэслэн *******ыг статистикч эмчээр ажиллуулсан байна. (хх 107)
Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогдсоноор ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу бүхэлдээ сэргээгдэх ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар маргаагүй.
4.Улмаар *******ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаалаар статистикч эмч *******д үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалаар түүнийг статистикч эмчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
5.Дээрх Б/227 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 7.22.5, 14.1.2.3, 14.1.3, 14.1.4, Удирдлагын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэж, нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 15-24-ний өдрийн хооронд ажлын цагаар ажлын байрыг 7 цаг орхиж явсан, статистикийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаагүй гэсэн үндэслэл заажээ.
5.1.Удирдлагын зөвлөлийн шуурхай хуралд НЭМЭО дарга *******ээс “******* эмчийг 1 сарын 30-нд эгүүлэн томилсноос хойш нийгмийн эрүүл мэндийн албаны статистик мэдээг гаргана гэсэн чиглэл өгсний дагуу статистикч эмчийн гаргаж өгөх ёстой мэдээ тайланг гаргаж өгөхийг хүссэн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас мэдээ тайлан гаргаж өгөхгүй гээд ажлаа хийгээгүй. Мөн 3 дугаар сарын 20-нд нийгмийн эрүүл мэндтэй холбоотой мэдээ тайлан, эрт илрүүлгийн мэдээ тайланг гаргаж өгөх тухай хугацаатай үүрэг даалгаврын мэдэгдэх хуудас өгсөн боловч мөн л хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн шалтгааны улмаас хугацаатай мэдэгдэх хуудсыг буцааж оруулж өгсөн” гэж танилцуулсан байх (хх 38-41) ба уг танилцуулгыг хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой 1, 2, 3 дугаартай хугацаат үүрэг даалгаврын хуудсуудтай (хх 37) харьцуулбал цаг хугацааны хувьд зөрүүтэйн зэрэгцээ статистикч эмчийн ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймээс нэхэмжлэгчийг статистикийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаагүй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
5.2.Түүнчлэн Удирдлагын зөвлөлийн шуурхай хурлын тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14:00-18:07 цагт, 23-ны өдөр 11:55-13:55, 16:37-17:00 цагуудад, 24-ний өдөр 08:30-09:30, 12:43-14:20 цагуудад тус тус ажил тасалсан гэж үзжээ.
а.Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2 дахь хэсэгт зааснаар ажлын цаг 08:30-17:00 цагийн хооронд, үүнээс 12:30-13:00 цагийн хооронд амрах, хооллох завсарлага үргэлжилдэг байна.
б.Хэрэгт нэхэмжлэгчийн ажилд ирсэн, явсан цагийн бүртгэл, мөн шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн орох, гарах хаалганы камерын бичлэг авагдсан ба шүүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13:43-14:03 цагийн бичлэгээр 14:00-18:07 цагийн хооронд ажил тасалсан гэж дүгнэх үндэслэлгүй, мөн шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30-09:30 цагт хамаарах бичлэг ирүүлээгүй, ирцийн бүртгэлээр нэхэмжлэгч 07:53 цагт ажилд ирсэн болох нь тогтоогдсон гэж тус тус дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
в.Харин дээрх нотлох баримтын зарим хэсгийг шүүх үнэлээгүй орхигдуулсныг дор дурдсанаар залруулна. Тодруулбал, үзлэгийн тэмдэглэлийн 5-6 дахь талд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бичлэгийн талаар тусгагдсан (хх 139-140) ба нэхэмжлэгч 11:57 цагт гарч, 13:50 цагт орж ирсэн, мөн 16:38 цагт гарсан болох нь тогтоогдсон байна. Завсарлагын өмнөх 33 минут, дараах 50 минут, ажил тарахын өмнөх 22 минут, нийт 105 минут байх ба шүүх энэ хугацааны бичлэгийг ирүүлээгүй гэж буруу дүгнэсэн.
г.Түүнчлэн нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12:40 цагт гарч, 14:20 цагт орж ирсэн буюу завсарлагын дараа 80 минут ирээгүй үйл баримт дээрх тушаалын үндэслэл болсон байхад шүүх маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд нийт 185 минут ажлын байранд байгаагүй болох нь тогтоогдсон байна.
5.3.Удирдлагын зөвлөлийн шуурхай хуралд нэхэмжлэгч “Би гарч явсан цагуудаа тайлбарлая. Баянгол дүүргийн шүүх, ЭМЯ, НЭМГ-т очиж уулзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Нийгмийн даатгалын хэлтэс рүү очиж нөхөн бичилт хийсэн эсэх талаар өдөр болгон асууж байгаа ... Өглөө 9 цаг 30 минутад ирсэн тохиолдол байхгүй. 24-ний өдрийн цагийг бол санаж байна, албаны хурлын тэмдэглэлийг авахаар ирсэн хугацаа байна...” гэж тайлбарласан байх ба шүүх хуралдаанд “өөрийн шууд удирдах албан тушаалтан *******т хэлж чөлөө авсан” гэж тайлбарласан.
Гэрч Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга *******“******* амаар чөлөө авсан. Тухайлсан өдрийг санахгүй байна. Нилээн хэдэн өдөр цагийн чөлөө авч байсан. Ажил таслаагүй, надаас албан ёсоор чөлөө аваад явдаг байсан. Би бас сайн өдөр, хоногийг санахгүй байна. Чөлөө авсан байх” гэж мэдүүлжээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 10.2 дахь хэсэгт “Ажилтан чөлөө хүссэн өргөдлөө чөлөөний хуудсаар гаргаж Хүний нөөцийн албанд өгч бүртгүүлнэ. Харин удирдлагаас авсан зөвшөөрлөөр ажлын цагийн дундуур гадагш явах, хурал сургалт зэрэгт явахдаа гадуур ажлын дэвтэрт хөтлөлт хийнэ”, 10.5 дахь хэсэгт “Эмнэлэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг үндэслэн ажилтнуудад цалинтай болон цалингүй чөлөөг олгохдоо дараах журмыг баримтална”, 10.5.1-д “Ажлын 1 хүртэлх өдрийн цалингүй чөлөөг орлогч дарга, албаны дарга, тасгийн эрхлэгч ажилтны өргөдлөөр шийдвэрлэж, Хүний нөөцийн албанд өргөдлийг өгч бүртгүүлнэ” гэж тус тус заасан ба үүний дагуу нэхэмжлэгч гадуур ажлын дэвтэрт хөтлөлт хийгээгүй, өргөдөл гаргаагүй, Хүний нөөцийн албанд бүртгүүлээгүй, эрх бүхий албан тушаалтан *******чөлөө олгосон огноо, чөлөөний хугацааны талаар тодорхой гэрчилж мэдүүлээгүй байна.
Нөгөө талаар, чөлөө авах болсон шалтгааны талаарх нэхэмжлэгчийн тайлбартай хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/498 тоот албан бичиг, хариуцагч *******ын тайлбар, нотлох баримтуудыг харьцуулж үзвэл, тухайн баримтууд нь маргаан бүхий цаг хугацаанаас өмнө шийдвэрлэгдсэн асуудлуудад холбоотой байна (хх 217, 219).
Дээр дурдсаныг нэгтгэхэд, нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохих журмын дагуу чөлөө авсан гэж дүгнэх боломжгүй.
5.4.Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.2.3-д ажилтны ажилдаа хоцорч ирсэн, эрт тарсан цаг нийтдээ нэг өдөрт 30 минут буюу түүнээс хэтэрсэн, сард нийтдээ 60 минутаас хэтэрсэн зөрчлийг сахилгын зөрчилд тооцохоор заасан ба нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 105 минут, мөн сарын 24-ний өдөр 80 минут ажилдаа ирээгүй нь тус сахилгын зөрчилд хамаарч байна.
Иймээс *******ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаалаар нэхэмжлэгч *******д үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
6.Хариуцагч байгууллагын Б/292 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, 123.7, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.6.1, 4.6.2, 4.6.12, 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2.9, 6.2.5, 6.2.11, 10 дугаар зүйлийн 10.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1.5, 14.1.2.3, 14.2.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийг статистикч эмчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
Уг тушаалд Хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүргээ биелүүлээгүй ба 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 48 цагийн хугацаанд ажил тасалж сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар албан ёсны чөлөөг аваагүй, ажил тасалсан зөрчлийг удаа дараа гаргаж алдаандаа дүгнэлт хийгээгүй, хүн амын аюулгүй байдал, эрүүл мэндийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг атлаа үндсэн ажил олгогчид мэдэгдээгүй, зөвшөөрөл авахгүйгээр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш “*******” эмнэлэгт статистик, даатгалын эмчээр одоог хүртэл ажиллаж байгаа нь зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахад үндсэн ажил олгогчдоо мэдэгдэж, зөвшөөрөл авах хуулийг зөрчсөн, түүнчлэн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд гэрээ байгуулахаас татгалзсан гэсэн үндэслэл заажээ.
6.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдсэн тул түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.
6.2.Түүнчлэн нэхэмжлэгчид 2024 оны 01-11 дүгээр сард “*******” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь тус байгууллагад ажлын бус цагаар ажилладаг байсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна ажлын цагаар ажилладаг гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч ажлын бус цагаар “*******” ХХК-д ажилласан нь үндсэн ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
6.3.Харин үзлэгийн тэмдэглэлийн 6-18 дахь талд 2024 оны 04 дүгээр сарын 29, 05 дугаар сарын 02, 03, 06, 07, 08, 09, 10, 13, 16-ны өдрүүдийн камерын бичлэгийн талаар тусгагдсан (хх 140-152) байх ба анхан шатны шүүх “үзлэг хийсэн камерын бичлэг нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хугацааны бичлэг биш” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.
Тус баримтаар нэхэмжлэгч дор дурдсан хугацаанд нийт 1021 минут буюу 17 цаг ажлын байраа орхисон болох нь тогтоогджээ. Үүнд:
- 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14:38 цагт гарч, 16:31 цагт орсон, үргэлжилсэн хугацаа 113 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12:20 цагт гарч, 13:53 цагт орсон, үргэлжилсэн хугацаа 63 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11:30 цагт гарч, 11:57 цагт орсон, 12:35 цагт гарч, 13:45 цагт орсон, мөн 16:55 цагт гарсан, нийт үргэлжилсэн хугацаа 77 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12:35 цагт гарч, 13:40 цагт орсон, 14:14 цагт гарч, 16:05 цагт орсон, нийт үргэлжилсэн хугацаа 151 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12:32 цагт гарч, 16:59 цагт орсон, үргэлжилсэн хугацаа 239 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12:38 цагт гарч, 15:18 цагт орсон, мөн 16:34 цагт гарсан, нийт үргэлжилсэн хугацаа 164 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12:35 цагт гарч, 13:56 цагт орсон, үргэлжилсэн хугацаа 56 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12:31 цагт гарч, 14:24 цагт орсон, үргэлжилсэн хугацаа 84 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12:28 цагт гарч, 13:43 цагт орсон, үргэлжилсэн хугацаа 43 минут,
- 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12:39 цагт гарч, 13:31 цагт орсон, үргэлжилсэн хугацаа 31 минут.
6.4.Тус магадлалын 5.3, 5.4 дэх хэсэгт зохигчийн нотлох баримт болон маргааны үйл баримтын талаар хийсэн эрх зүйн дүгнэлтүүд нэхэмжлэгч ажил тасалсан эсэх дээрх үйл баримтад мөн хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 29, 05 дугаар сарын 02, 03, 06, 07, 08, 09, 10, 13, 16-ны өдрүүдэд Хөдөлмөрийн дотоод журмын 10.2, 10.5, 10.5.1-т заасны дагуу чөлөө авсан болох нь тогтоогдоогүй тул түүнийг Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.2.3-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.
*******ийн даргын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалд статистикч эмч *******ыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 48 цагийн хугацаанд ажил тасалсан гэж дурдсанаас 2024 оны 04 дүгээр сарын 29, 05 дугаар сарын 02, 03, 06, 07, 08, 09, 10, 13, 16-ны өдрүүдийн нийт 17 цагт хамаарах хэсэг нь хэргийн баримтаар тогтоогдсон, түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдөр нийт 3 цаг 05 минут ажил тасалсан сахилгын зөрчилд тус төвийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэгч *******ыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ.
Иймд хариуцагч байгууллагын Б/292 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.
8.Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар *******ыг тодорхойлсон хэдий ч тус байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй тул хариуцагч *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
9.Дээрх үндэслэлээр хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хариуцагчийн татгалзлаа нотлон гарган өгсөн баримтыг буруу үнэлсэн” гэх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03429 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******, *******т тус тус холбогдуулан гаргасан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/227 тоот тушаал, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор болон урамшуулалд 24,309,010 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч *******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ЗОЛЗАЯА