Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 224/МА2025/00024

 

 

                                  Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

                       Х сумын эрүүл мэндийн төвд холбогдох

                                           иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

   Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00187 дугаар шийдвэртэй,

       Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Х сумын Эрүүл мэндийн төвд холбогдох, тус эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн  Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Х сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Х сумын эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

       2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Х сумын Эрүүл мэндийн төвийн х багийн эмчээр ажилд орсон ба ажиллаж байгаад 2012 оноос хойш 3 жил ахлах сувилагч мөн багийн эмчээр ажилласан. 2022 оноос хойш вакцинатор сувилагчаар одоог хүртэл ажилласан. Би өөрийнхөө хүсэлт хуваарийн дагуу ээлжийнхээ амралтыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг дуустал эдлээд ажилдаа ороод 1 сарын дараа буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд би ажлаас чөлөөлөгдсөнөө тухайн үед огт мэдээгүй. Би ажлаас чөлөөлсөн даргын тушаалд дурдагдсан зөрчлүүдийг огт гаргаагүй билээ. Намайг ээлжийн амралт авах үед сумын Эрүүл мэндийн төвийн даргаар Ц.Б гэгч ажиллаж байсан бөгөөд миний амралт олгох тушаалыг Ц.Б дарга гаргасан юм. Би амралтаа аваад өвчтэй ээжийгээ Улаанбаатар хот эмчилгээнд авч яваад 1 сар орчим болоод ирсэн. Амарч ирээд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд орсон. Яагаад 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд орсон гэхээр илүү цагийн амралтын мөнгө олгохгүй учир 3 хоног амралтаа биеэр эдлэх учиртай юм. Тэгтэл миний амарсан хугацааг ажил тасалснаар тооцож надад амралтын мөнгө ч олгоогүй, тэр битгий хэл амралт олгосон тушаал өгөхгүй арай ядан амралт олгосон тушаалаа олж авсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн санаачлагчаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 болон бусад заалт барьж ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцээгүй эрх зүйн акт гарган ажлаас чөлөөлсөнд туйлын гомдолтой байна. Би ажлаас чөлөөлөгдөөд Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах гэхэд сумынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст ханд гэсэн хариуг амаар өгснөөр 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын Тамгын даргад өргөдлөө гаргасан ба манай суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй гэх хариуг бичгээр өгсөн.

     Би хууль дүрмийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Иймд Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгон миний биеийг Х сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

     3. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “миний бие  Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр даргаар томилогдож очсон. Тухайн өдрийн маргааш нь Б.Н надад ээлжийн амралтын хуудас авч ирсэн. Тус хуудаст ганцхан миний гарын үсэг зурах дутуу байсан. Би тухайн амралтын хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй, амралтын хүсэлт, өргөдлөө бичиж ир гэж хэлсэн. Мөн тухайн амралтын хуудаст цохолт хийгээд нягтлангаар баталгаажуулаад амралтын мөнгө орох ёстой байсан гэж үзсэн учраас гарын үсэг зураагүй. Гэтэл Б.Н амралтаа авсан гэх нэрийдлээр явсан. Би Б.Н-тэй холбоотой хэргээр төвд шалгагдаад дахиж буцаж ажилдаа томилогдсон. Б.Н-ийг хэзээ ажилдаа ирснийг би мэдэхгүй. Би 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сар хүртэл ажиллаагүй.  

     Миний зүгээс Б.Н-ийг хамтраад ажил төрлөө хий, албан бичиг ирсэн байна. Чи ажил орхиж явснаас болоод вакцинууд урвалд орсон учраас вакцинаа устгая гэхэд устгаагүй. Б.Н нь хангалттай халагдах шалтгаан үүссэн байгаа учраас миний халагдах тушаалыг гаргаж өгөөч гэж дайрсаар байсан учраас түүнийг ажлаас халсан” гэжээ.

     4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00187 дугаар шийдвэрээр:

      - Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн зуун 158.2.2 дахь заалтыг баримтлан Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н-ийг Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагчийн ажлын байранд эгүүлэн тогтоож,

     - нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд даалгаж,

      - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвөөс 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

     5. Хариуцагч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүлээн зөвшөөрөхгүй байна.

     Б.Н нь өөрийн гаргасан зөрчил, ажлын чиг үүрэгтээ хариуцлага алдаж байснаа хүлээн зөвшөөрч, тухайн үед Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан  Д.Ж-д хандаж,  халах тушаал гаргаад өг гэж удаа дараа шаардаж байсан ба энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан байгаа.

    Нэхэмжлэгч Б.Н-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

     Нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил тасалсан, үргэлжлүүлээд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл ажилдаа ирсэн боловч ажил үүргээ гүйцэтгэдэггүй байсан. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тухайн маргааныг хянан хэлэлцэхэд хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Н нь амралтын хуудас гэх баримтыг бичиг хэргийн ажилтан бичсэн гэж тайлбар гаргадаг ба уг амралтын хуудсыг нэхэмжлэгч бичсэн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хянахаас татгалзаж шийдвэрлэсэн.

     Нэхэмжлэгч нь ажлын байран дээр бусдыг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх зэрэг үйлдэл гаргадаг, үүнийг тодруулж асуулгахаар гэрчээр түүний хамт олноос, удирдлагаас нь асууж тодруулах шаардлагатай байсан тул гэрчээр Д.Ж эмчийг оролцуулах хүсэлт гаргаж байсан. Мөн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Х сумын устгалын баг томилж, 5 хүний бүрэлдэхүүнтэй баг  вакцины серийн дугаар, тунг хөтөлж, зөв устгалд оруулж тайлагнахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулж вакцин устгасан багийн гишүүдээс гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж байсан ба шүүх хуралд хариуцагч талын хүсэлтийг хүлээн аваагүй.

     Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

     Шүүх шийдвэртээ, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаал нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа түүнийг үндэслэж эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралтыг эдлэх хуваарьтай байсан боловч 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

    Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

     6. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хариуцагч Ц.Б-ын хувьд эс зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа нотлох баримтын хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан.

    Хариуцагчийн гомдолтой холбогдуулж, нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарт нэмж хэлэхэд, тухайн сувилагч алдаа гаргасан. Нярай ч байсан, нохойнд хазуулсан хүн ч байсан, хийх вакциныг задалчхаад тодорхой горимд байлгах боломжтой гэдэг тайлбарыг гаргаж байгаа нь анагаахын мэргэжил эзэмшээд, хөдөлмөр эрхлээгүй ч гэсэн сургуульд нь сурч байсан хүний хувьд вакциныг задалчхаад долоо хоног тийм горимд байлгаад нярайд хийнэ гэдэг ойлголт байхгүй. Амьд организм, тэр тусмаа эрдэнэт хүний биед хийдэг вакциныг дураараа задалж хаячхаад, долоо хоногийн дараа хийнэ гэх тайлбарыг мэргэжлийн хүн өмнөх анхан шатны шүүхэд бас хэлээд  зогсож байдаг. Мэргэжлийн бус, өөр мэргэжлийн хүн ч үүнийг ойлгоно.

     2-рт, сувилагчийн ажлын алдаанаас болж сумын нярай хүүхэд болон нохойнд хазуулсан иргэнд харьяа вакцин хийх газар байхгүй учраас аймаг руу тээвэрлэж, аймагт ирж вакцин хийлгэж байсан алдаанууд удаа дараа гарч байсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд энэ тушаалыг гаргаагүй боловч тухайн үед ажил хөдөлмөр эрхлээгүй, түр орлон гүйцэтгэж байсан эрх бүхий байгууллагын эмч энэ шийдвэрийг гаргасан учраас сувилагч ажлын алдаа гаргаад байна, бид нарыг хэл амаар доромжлоод дарамт үзүүлээд, айлгаж сүрдүүлээд байна гэдэг утга бүхий гомдол мэдээлэл ирж байсан учраас түүнийг тодруулах үүднээс тухайн байгууллагыг удирдаж байсан Д.Ж эмчээс гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж байсан. Хүсэлтийг хүлээн аваагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан, шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа учраас үүнийг тодруулж хэлэхийг хүсэж байна.

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй  учраас хэргийг дахин анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэсэн үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна, хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

     7. Нэхэмжлэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Вакцин урвалд орсон гэдэг тайлбарыг өгсөн. Намайг амралтаа аваад явсан байхад өөр хүн миний ажлыг орлоод хийж байсан боловч Ц.Б ирээд өрөөний түлхүүрийг нь булааж аваад тухайн хүний ажлыг хийлгээгүй. Намайг явснаас хойш нэг л хүнд вакцин хийлгээд өрөөний түлхүүрийг хурааж авсан байдаг. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.А, Х сумын засаг дарга А.Я нар ямар нэгэн шалтгаан олж намайг ажлаас халах чиглэл өгч утсаар ярьж байхыг нь сонссон. Ж нь “энэ хүний амралтын хуваарь, тушаал нь гарчихсан байна, амралтын мөнгийг нь өгье” гэхэд Ц.Б нь дээрээс авсан үүрэг даалгавар юмаа, та намайг буцаад ажилдаа ортол наад хүндээ амралтын мөнгө гэж юу ч олгож болохгүй шүү гээд амралтын мөнгө болон 8 хоног ажилласан мөнгийг ч олгоогүй, ажил тараад 15 минут болж байхад хэсэг хүмүүс ирээд миний ажлыг хурааж авсан.

     Вакцины талаар мэргэжлийн хүмүүс нь дүгнэлтээ гаргасан. Нэг задалсан вакцин нь бусад вакциндаа урвал өгсөн гэж ярьж байгаа. Тухайн вакциныг би явахынхаа өмнөх өдөр нь задлаад нэг хүүхдэд хийсэн бол дахиад үлдсэнийг нь 4 хүүхдэд хийх ёстой. 4 хүүхдэд хийхийн тулд би маргаашнаас нь амарч байгаа юм чинь гээд хаях боломжгүй. Учир нь вакцин задалснаас хойш нэг долоо хоног зөв температур, горимдоо хадгалагдаж байж дараагийн хүүхдэд хийх, хүүхэд ирэхгүй бол устгалд оруулах журамтай байдаг” гэв.

    8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Д.Ж-г гэрчээр асууж өгнө үү гэх хүсэлтийг хариуцагч Ц.Б 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан боловч анхан шатны шүүх Д.Ж-г гэрчээр асуух шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамж гаргасан.

     Б.Н-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж, 2024 оны 6 сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Н-ийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажил тасалсан буюу хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Н нь 2024 оны 4 дүгээр сарын 18-наас 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдэлсэн болох нь 2024 оны 4  дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалын хавсралтаар тогтоогддог. Тухайн тушаалыг гаргасан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Сар гаруй хугацаагаар ажил тасалсан гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй. Энэ амралтын хуудсыг бичиг хэргийн ажилтан буюу Б.Н бичсэн гэх тайлбарыг удаа дараа гаргаж байсан боловч тухайн зүйлийг нотлох баримт хэргийн материалд байхгүй.

     Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 187 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.                               

                                           ҮНДЭСЛЭХ нь:

     1. Хариуцагч Ц.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00187 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

     2. Нэхэмжлэгч Б.Н нь Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан байна. 

     3. Хариуцагч Ц.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...Б.Н нь ээлжийн амралт олгох тухай шийдвэр гаргаагүй байхад дур мэдэн ажлаа хаяж, 20 гаруй хоног ажил тасалсан. Үүний улмаас товлолт вакцинууд хугацаа хэтэрч, задалсан вакцинууд урвалд орсон зэрэг асуудлууд үүссэн тул нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

     4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

         5. Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

     6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

       6.1. Ажил олгогч нь ажилтан Б.Н-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Х сумын эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 13.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, Х сумын эрүүл мэндийн төвийн удирдлагын баг, Эрүүл мэндийн газрын удирдлагын баг, Х сумын удирдлагын төлөөллийн өргөтгөсөн хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан дуусгавар болгожээ.

       6.2. Нэхэмжлэгч Б.Н нь ажил олгогчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, Увс аймгийн Х сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч уг суманд хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэх үндэслэлээр шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

    7. Хэрэгт авагдсан, ажилтан Б.Н-ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалд “хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил тасалсан” гэх үндэслэл заасан байх боловч энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.

     7.1. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөнөөс сахилгын хариуцлага хүлээх учиртай бөгөөд ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт хэргийн  баримтаар тогтоогдоогүй байна.

     7.2. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Н-ийг амралтын хуудас  бичүүлэхгүйгээр 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ажлаа орхиж ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан, Увс аймгийн Х сумын эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаал, түүний хавсралтаас үзвэл ажил олгогч нь ажилтан Б.Н-ийн 2024 оны ээлжийн амралтыг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд эдлүүлэхээр ээлжийн амралтын хуваарийг баталсны дагуу нэхэмжлэгч нь тухайн өдрөөс ээлжийн амралтаа эдэлж эхэлсэн гэж үзэхээр байна.

     Шүүх шийдвэртээ, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтээр дээрх тушаалыг Увс аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн архиваас гаргуулахаар шүүгчийн захирамж /1-р хх-ийн 215, 216-р тал/ гарсны дагуу тус Тамгын газрын санхүүгийн албаны даргын 2025 оны 02 сарын 24-ны өдрийн 07 дугаар албан бичгээр Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралтыг шүүхэд ирүүлсэн байна.

     Уг хуулбар баримтад Увс аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын “хуулбар үнэн” гэх тэмдэг дарж, хуулбарласан огноог тэмдэглэж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэв.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т: төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан.

     Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай тогтоолын 1-т: ...хуулийн 44.4-т заасан  “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22:1-т заасан хэргийн оролцогч хамаарахгүй, мөн энэ хэсэгт заасан “өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэдгийг тухайн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр дагаж мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

     Шүүхийн даалгаснаар баримт бичиг гаргаж ирүүлсэн Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын Газрын санхүүгийн алба нь энэ хэргийн оролцогч биш тул өөрийн байгууллагын архивт хадгалагдаж байсан баримт бичгээс хуулбарлан, хуулбар үнэн тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хэрэгт авагдсан, Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/06 дугаар, Ээлжийн амралт олгох тухай тушаал болон хавсралт баримтыг бичмэл нотлох баримтын хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнэж, хэрэгт ач холбогдол нотлох баримтаар үнэлсэн болно.  

     Энэ талаар гаргасан хариуцагчийн “анхан шатны шүүх уг тушаалыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа түүнийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

      8. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил тасалсны улмаас товлолт вакцинууд хугацаа хэтэрч иргэдээс гомдол гаргасан, задалсан вакцинууд урвалд орж, устгах шаардлагатай болсон гэх тайлбар гаргасан боловч ажил олгогч нь ажилтан Б.Н-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа дээрх үндэслэлээр цуцлаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх, энэ үйл баримтын талаар гэрч нараас тодруулах шаардлагагүй, хэрэгт хамааралгүй байна.

     9. Шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

     10. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

      11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.   

       12. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Ц.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                      ДАРГАЛАГЧ,

                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                                                                ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ

                                                                      ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ