| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0094/э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 97
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Мөнхбат
Хохирогч Ю.Б,
Шүүгдэгч Г.О түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Г-н О/ДБ85112108/-д холбогдох 1916001970106 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...-нд төрсөн, ... настай, эмэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн ... түр оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, Т овогт Г-н О гэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.О нь Говь-Алтай аймгийн .. сумын ... багийн малчин Ю.Бийг 2018 оны оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд "тэтгэврийг хөөцөлдөхөд сайн дурын даатгал төлнө, шүүхээр явахаар мөнгө хэрэг болох юм байна. Тэтгэвэрт оруулчихлаа. Одоо оруулж өгсөн хөлсөнд 200.000 төгрөг өгчих” гэж хуурч бодит байдлыг нуух замаар Ю.Бийг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын дансаар 4 удаа нийт 420.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруутайд тооцох:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Бийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би тэтгэвэрт гарах гээд хөөцөлдөж байсан. Тэгтэл 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэр Ц О гэх хүнтэй утсаар ярьсан тэтгэвэр хөөцөлдөөд өгье гэсэн гэж хэлсэн. Тэгээд Отай утсаар ярьтал бичиг баримтуудаа над руу явуулчих, би хөөцөлдөөд өгье гэж хэлсэн. Би бичиг баримтуудаа О руу явуулсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сард О-г худлаа яриад байх шиг болохоор нь би өөрөө аймгийн төв орж Отай уулзтал таны ажлыг хөөцөлдөж өгч байгаа, шүүхэд ажилладаг Х нь эмнэлэгт хэвтсэн байна, одоо удахгүй ирнэ гэж байна гээд шүүхийн гадаа надтай цуг нилээн удаан Х гэж хүнийг хүлээсэн. Тэгээд хэсэг байж байгаад архив руу ороод гарч ирээд таны тэтгэвэр маргаашийн шүүх хурлаар шийдэгдэх юм байна гэж надад хэлсэн. Тэгээд би хүлээгээд бүтэхгүй болохоор Баян-Уул сум руу явчихаад 2019 оны 03 дугаар сарын 13-нд буцаж аймгийн төвд ирээд Оюундарийн ярьж байсан Х гэх хүнийг хайж олоод уулзтал Х нь О гэх хүн танихгүй, та дагуулаад ир гэж хэлэхээр нь би гэрт нь очтол байхгүй байсан. Утас руу нь залгатал аваагүй. Тухайн үед би Оюундарийг хайгаад олоогүй. Одоо би өөрөө тэтгэврээ хөөцөлдөж байна. Цэргийн батлах, архивын лавлагаа, сайн дурын даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр гэх 4 төрлийн бичиг баримт өгч явуулсан, цэргийн батлах, архивын лавлагааг буцааж аваагүй. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс ярьж байна. Бийн тэтгэврийн юм ерөнхийдөө болчихлоо. 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэртээ орно. Сайн дурын даатгал төлөөгүй бол болохгүй юм байна гээд 170.000 төгрөг авсан. Дараа нь шүүхээр явахаар мөнгө хэрэг болох юм байна гээд 77.000 төгрөг, 73.000 төгрөг тус тус авсан. Сүүлд нь тэтгэвэрт оруулчихлаа. Одоо оруулж өгсөн хөлсөнд 200.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би одоо зууг өгье, тэтгэвэртээ орохоороо зууг өгье гэж хэлээд 100.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 4 удаа мөнгө шилжүүлсэн. Оюундарийн өөрийн Хаан банкны 5317010210 дугаарын данс руу шилжүүлж өгсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч С.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн "...Манай нөхөр тэтгэврээ хөөцөлдөж байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр О хүний тэтгэвэр хөөцөлдөж өгсөн талаар хүмүүсээс сонссон, тэгээд Отай холбогдоод тэтгэвэр хөөцөлдөөд өгөөч гэтэл тэгье гэж хэлээд манай нөхрөөс олон удаа мөнгө авсан. Тэгээд одоог болтол тэтгэврийн ажлыг хөөцөлдөж өгөөгүй худлаа яриад яваад байгаа. 5317010210 гэсэн данс руу мөнгө шилжүүлж авсан. 420.000 төгрөг шилжүүлж өгсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн "...Хүүхдээ дагуулсан нэг хөгшин маргааш шүүх хурал болно гэж надтай уулзсан. Тухайн үед хурлын бүртгэлийг харахад хурал зарлагдаагүй, иргэний хэрэгт Ю.Б гэсэн хэрэг байгаагүй, би мэдээлэл лавлагаанаас Бтэй холбоотой нэхэмжлэх байна уу гэж шалгаж байсан. Тухайн үед тийм нэхэмжлэх байхгүй байсан. Таньд хэн хуралтай гэж хэлсэн гэхэд тэтгэврээ хөөцөлдүүлсэн хүн чамтай уулз гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би хурал зарлаагүй. Тийм иргэний хэрэг байхгүй, миний нэрийг барьж байсан гэх хүнийг дагуулаад ир гэж хэлж байсан. Хүнээр тэтгэврээ хөөцөлдүүлсэн, тэгтэл маргааш шүүх хуралтай шүү ирээрэй гэж над руу ярьсан болохоор би ирж байна гэж надад хэлж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-рхуудас/,
Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн "...О нь манай бэр, Б нь манай бүл болдог. Би өөрөө бүх материалыг бүрдүүлсэн. Отай хоёр өдөр л цуг явсан. Тэтгэврээ хөөцөлдөх үедээ. Би өөрөө тэтгэврээ тогтоолгосон. Б мөнгө авсан гэж ярьж байсан. Од Говь-Алтай аймгийн шүүхэд ажилладаг найз нөхөд байхгүй. О огт өөр хүний тэтгэврийн ажил хөөцөлдөж өгч байгаагүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтад өгсөн "...Нэг жил зургаан сар дутуу тохиолдолд нэг жил зургаан сар сайн дураараа даатгал төлж байж ойндоо хүрээд тэтгэвэрт гарах эрх нь үүснэ. Тэтгэвэр тогтоолгохоор шүүхэд ороход тушаал, шагнал урамшуулал, хамт ажиллаж байсан гурван хүний тодорхойлолт, хамт олны зураг, хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа зэрэг баримтууд шаардлагатай. Малчин хүнд ерөнхийдөө тухайн үеийн архивын лавлагаа хэрэгтэй болдог. Шүүхийн шийдвэр гарсны дараа манай байгууллагаар дамжиж тэтгэвэр тогтоогддог болохоор одоогоор Б гэх хүн тэтгэвэр тогтоолгоогүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-рхуудас/,
С.Цгийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга, /хх-ийн 77-79-р хуудас/ Г.О-ийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 70-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Г.О- яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь хохирогч Ю.Бийг 2018 оны оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд "тэтгэврийг хөөцөлдөхөд сайн дурын даатгал төлнө, шүүхээр явахаар мөнгө хэрэг болох юм байна. Тэтгэвэрт оруулчихлаа. Одоо оруулж өгсөн хөлсөнд 200.000 төгрөг өгчих” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн ХААН банкны 5317010210 дугаарын дансаар 4 удаа нийт 420.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь нотлогдон тогтоогдсон, дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний өмчлөх эрхэд халдсан шинжээрээ гэмт хэрэг мөн гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.О-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн ахуй нөхцөл байдал болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа сэдэлт нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Г.О-н гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул түүний дээрхи үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн, хохирогч Ю.Бт учруулсан хохирлоос 200.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Г.О- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, шүүгдэгчийн хувийн байдал болон насанд хүрээгүй олон хүүхэдтэй, хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугчин овогт Гомбоцэрэнгийн Оюундарийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1,3, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Г.Од сануулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюундариас 220.000 төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогч Ю.Бт олгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хохирогчид 200.000 төгрөг төлсөн, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА