| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2025/00026/и |
| Дугаар | 224/МА2025/00026 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 224/МА2025/00026
П.А, Н.Г нарын нэхэмжлэлтэй,
“Б” ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00276 дугаар шийдвэртэй,
П.А, Н.Г нарын нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох, гэм хорын хохирол 14,762,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Б” ХХК-ийн захирал Н.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.А, Н.Г нарын нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 14,762,500 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Манайх Улаангом сумын 3 дугаар баг, “Б” худалдааны төвийн ар талд автомашины гарааштай. Манай гарааш үл хөдлөхийн болон газрын гэрчилгээтэй байсан. Энэ гараашинд бид монгол гэрийн хэрэгсэл болон бусад тавилгууд, өөрийн автомашиныг хадгалдаг байсан. Манай гараашны хажуугаар дулааны шугам тавигдах ажил нэлээн удаан хугацаанд үргэлжилсэн. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Б” ХХК-ийн ажилчид Улаангом сумын 3 дугаар баг, Б төвийн ард талд дулааны шугамын газар ухаж байхдаа миний 48 м.кв талбайтай, х улсын бүртгэлийн дугаартай гараашийг нурааж, дотор нь байсан Toyota Prius-XW30 маркийн х улсын дугаартай автомашин болон гарааш дотор байсан эд зүйл дарагдаж надад их хэмжээний хохирол учирсан. Тухайн үед бид Улаанбаатар хотод байсан.
Бидэнд гараашийг чөлөөлөөрэй, танай гараашны хажуугаар дулааны шугам татах ажил хийх гэж байна шүү, гарааш нурах эрсдэлтэй байна, гараашаа суллаарай гэх зэргээр ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Бидэнд мэдэгдэхгүйгээр гараашны хажуугаар нь нүх ухсаны улмаас гарааш нурж дотор нь байсан автомашин, эд зүйлүүд гэмтсэн.
Тухайн ослын улмаас учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Үүнд гараашны үнэ 4,192,500 төгрөг, тээврийн хэрэгсэл дарагдаж гэмтсэнтэй холбоотойгоор автомашины сэлбэг 5,990,000 төгрөг, автомашинаа засуулсан засварчны төлбөр 1,870,000 төгрөг, гарааш дотор байсан эд зүйлийн үнэлгээ 1,300,000 төгрөг, нурсан гараашнаас автомашинаа гаргаж авахад зарцуулсан 30,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт 880,000 төгрөг, нийт 14,762,500 төгрөгийн хохирол учирсан.
“Б” ХХК-ийн захирал Н.Э-тай уулзаж, бидэнд ийм хэмжээний хохирол учирсан талаар танилцуулахад, тэрээр “ энэ асуудал надад хамаагүй, хэнийх нь буруутай үйлдлээс болсон байна, тэр хүнээсээ хохирлоо гаргуулж ав, манайх хохирол хүлээхгүй, чадвал яваад гаргуулаад ав” гэж хэлсэн. Уул нь тухайн асуудлаар ярилцаад ойлголцоно гэж бодож, хохирол учирсан талаараа хэлсэн юм.
Тухайн үед нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагаас хүмүүс ирж үзэж, шалгасан ба 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” прокурорын тогтоол гарсан талаар надад утсаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мессеж ирүүлсэн, би тухайн тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр прокурорын газраас очиж хуулбарлуулан авсан.
Иймд гарааш нурснаас учирсан хохирол нийт 14,762,500 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч “Б” ХХК-ийн татгалзлын үндэслэл: “Манай компани нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын х цэцэрлэгийн гадна дулааны шугамын ажлыг 2024 оны 9 дүгээр сард гүйцэтгэж дуусгасан юм.
Батлагдсан зураг төслийн дагуу гадна дулааны шугамын ажлыг гүйцэтгэх явцад зургийн дагуу “Ө” ХХК-ийн хашаан дотор байсан гарааш, мөн цэцэрлэгийн хашаанд орших агуулах хоёрын дундуур дулааны шугамын шуудуу нүхийг ухаж гаргасан.
Гэтэл 24 цагийн дараа гарааш нурсан байсан бөгөөд тухайн гараашинд байсан иргэн Н.Г-ийн эзэмшлийн приус машин дарагдаж гэмтсэн байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан юм.
Н.Г хохирсон нь үнэн. Би өөртэй нь уулзаж, харамсаж байна гэдгээ хэлсэн. Нэхэмжлэл гаргасан П.А гэдэг хүнийг танихгүй. Гэтэл нэхэмжлэл дээрээ “Манайх хохирол хүлээхгүй, чадвал яваад гаргуулаад ав” гэж Н.Э хэлсэн гэж худал мэдүүлснийг би гайхаж байна. Намайг хүчээр буруутгах зорилгоор илт худал мэдүүлэн гүтгэж байгаа явдалд би гомдолтой байна.
Мөн Цагдаагийн байгууллагын мөрдөгчид, манай компани батлагдсан зураг төслийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, компанийн зүгээс гэм буруутай үйлдэл байхгүй гэдгээ дэлгэрэнгүй мэдүүлсэн. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч Барилга хот байгуулалтын ажилтан, мэргэжилтэн нараас дээрх асуудлын талаар ямар нэгэн мэдүүлэг авч тодруулга хийгээгүй.
Гэтэл олон сарын хугацаанд зөвхөн хөлсөөр ажиллаж байсан Ш.А, компанийн менежер Ж.Ө хоёроос мэдүүлэг авсан явдал нь хэргийг хангалтгүй шалгасан гэж би үзэж байна. Тухайн үед манай компаниас Барилга хот байгуулалтын газарт хэт ойрхон байна, мөн ухаж байх явцад цахилгааны 6000 квт-ын цахилгаан шугамын кабель, гарааш байгаа учир аюулгүй болгож өгнө үү гэх албан бичиг өгөхөд зургийн дагуу хий гэсэн.
Тендер буюу улсын төсвийн ажил хийхэд олон дамжлагатай зураг төсөл, магадлал бүхий батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэдэг. Би батлагдсан зураг төслийн дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Зураг төсөл хийсэн О компани, Барилга хот байгуулалтын газраас Н.Г-д мэдэгдэх ёстой байсан.
Н.Г-ийн автомашины гарааш нь н.Т-ын хашаанд байрлалтай тул түүний гарааш гэж бодсон. н.Т нь тэр гараашийг Н.Г-ийн гарааш гэдгийг надад хэлээгүй, тусгаарласан хашаа байхгүй байсан. Тэр хашаа н.Т-нх боловч н.То гэдэг хүний нэр дээр байдаг. Би хангалттай тайлбарласан гэж үзэж байгаа. Болсон хэрэг явдлыг тал бүрээс нь сайтар нотолж шалгах болов уу гэж би бодсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00276 дугаар шийдвэрээр:
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас гэм хорын хохирол 14,762,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.А, Н.Г нарт олгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.А, Н.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 231,760 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А, Н.Г нарт олгохоор тус тус шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Б ХХК-ийн захирал Н.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх бүрэлдэхүүн нь хэрэг зөрчил гарсан шалтгаан нөхцөл, бодит байдлыг шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч Ш.А нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж компанийг илт гэм буруутайд тооцон хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Н.Г, гэрч Ш.А нар зарим зүйлийг худал мэдүүлж шүүгч нарт буруу ойлголт өгсөн. Тухайлбал нэхэмжлэгч Н.Г “Н.Э захирал надад хэнийх нь буруутай үйлдлээс болсон байна, тэр хүнээрээ гаргуулж ав, манайх хохирол хүлээхгүй, чадвал яваад гаргуулаад ав” гэж худал мэдүүлсэн байна. Би тухайн үед Н.Г-д “Манай компани зураг төсвийн дагуу ажлаа гүйцэтгэж, хууль шүүхийн өмнө гэм буруутай байгууллага нь тогтоогдох байх гэж л хэлсэн. Мөн гэрч жолооч Ш.А өөрөө шууд гэм буруутан болчих вий гэж хариуцлагаас зугтаж илт худал мэдүүлэг өгсөн.
Хэрэв Ш.А-ийн хэлснээр гарааш нурж байсан бол Ш.А нүх ухахгүй шууд татгалзах байсан. Хүн хэзээ ч өөрийгөө аюултай байдалд оруулахгүй нь ойлгомжтой.
Манай менежер болон бусад хөлсний ажилчид Ш.А тийм зүйл яриагүй худлаа ярьж байна, өөрөө гарааш агуулах хоёрын дундуур орж шуудуу нүхээ чөлөөтэй ухсан, гарааш нурахааргүй байсан, яагаад нурсныг бид ойлгохгүй байна гэж хэлж байсан. Гарааш 24 цагийн дараа нурсан гэдэгт эрхэм шүүгч нар анхаарах хэрэгтэй.
Манай ажилчид ч хөрсний нуралт үүсэж гарааш нурсан гээд байгаа болохоос яг ямар шалтгааны улмаас гарааш нурсан тухай албан ёсны мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гараагүй. Яг хоёр ижилхэн барилгын дундуур зургийн дагуу шуудуу ухагдсан.
Гэтэл гараашны талд 50-80 см-ын зай үлдээж ухсан бол нөгөө талын агуулахын сууринаас 20-30 см зайнд шуудууг ухаж гаргасан байсан. Гэтэл хажуугийн сууринд ойрхон ухагдсан агуулах нураагүй.
... Компанийн буруутай үйлдлээс болж гарааш нурсан уу, эсхүл барилгын норм дүрмийн дагуу стандартын шаардлага хангасан эсэх, ашиглалтын хугацаа дууссан байсан эсэхийг тус тус тогтоолгосны дараа зохих хууль журмын дагуу гэм буруугийн асуудлыг шийдэж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Хариуцагчийн хувьд 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлыг илтгэгч шүүгч бүрэн эхээр нь танилцуулсан учраас давхардуулж тайлбар гаргахгүй. Гаргасан гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа, өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргаж байгаа гомдлын гол агуулга бол батлагдсан зураг төсвийн дагуу бид ажлаа хийсэн.
Тухайн үед Б төвийн хашаан дотор хүний гарааш байсныг мэдээгүй, ажил хийж байхад Б төвийн захирал нь хүний гарааш гэдгийг хэлээгүй, гарааш нурсны дараа Н.Г-нх гэдгийг мэдсэн байдаг.
Анх газар хөөцөлдөөд газрыг үзэж байхад Б төвийн хашаанд байсан болохоор тэдний гарааш гэж үзэж байсан ба газрын албанд зураг төсвийг мэдэгдсэн гэсэн агуулгатай тайлбарыг хариуцагч гаргадаг.
Өмгөөлөгчийн хувьд дүгнэлт хийхэд, хариуцагч тухайн үед ямар нэгэн мэргэжлийн хүнээс туслалцаа аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргаагүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн байдаг.
Энэ хэрэгт холбогдох ажиллагаа хийх шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар гаргасан үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Иймд хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Н.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00276 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.А, Н.Г нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан, гэм хорын хохирол 14,762,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Н.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, зохих хууль, журмын дагуу гэм буруугийн асуудлыг шийдэж өгнө үү гэх тайлбар гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас гэм хорын хохирол 14,762,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.А, Н.Г нарт олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Н.Э анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
7. Хэрэгт авагдсан баримтаар, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч “Б” ХХК-ийн хариуцан гүйцэтгэж байсан, Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах х Цэцэрлэгийн гаднах дулааны шугамын ажил гүйцэтгэж шуудуу ухах явцад Улаангом сумын х баг х орон сууцны урд талд байршилтай буюу “Ө” ХХК-ийн хашаан дотор байрлах, иргэн П.А-ийн өмчлөлийн, 48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн х дугаарт бүртгэлтэй, автомашины гарааш нурж, гарааш дотор байсан автомашин болон бусад эд зүйлс эвдэрч гэмтэж, өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
“Б” ХХК-тай тохиролцож, гэрээгээр ажил гүйцэтгэж байсан гэх Ш.А нь тухайн өдөр дулааны шугамын шуудуу ухах ажлыг тээврийн хэрэгслээр гүйцэтгэж, тус компанийн менежер Ж.Ө уг ажлыг хариуцан ажиллаж байсан болох нь хэргийн баримтаар нотлогдож байх ба тухайн ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгч П.А, Н.Г нарын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэм хорын хариуцлагыг “Б” ХХК хүлээх үүрэгтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК нь болгоомжгүй үйлдлээр нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эд хөрөнгөд учирсан хохиролд 14,762,500 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.
Хариуцагч тал нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй байх ба мөн энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.
8. Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Н.Э нь уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй, бид батлагдсан зураг төслийн дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Зураг төсөл хийсэн О компани, Барилга хот байгуулалтын газраас гараашийн эзэмшигчид шугам татах зураг төсөл гарсан талаар мэдэгдэх ёстой байсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж, хохирлыг манай компани хариуцахгүй гэж татгалзаж байх боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
9. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...хариуцагч тухайн үед ямар нэгэн мэргэжлийн хүнээс туслалцаа аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргаагүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн байдаг.
Энэ хэрэгт холбогдох ажиллагаа хийх шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар гаргасан үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Иймд хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв.
10. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгахаар Монгол улсын Шүүхийн тухайн хуулийн 66 дугаар зүйлд хуульчилсан.
Анхан шатны шүүх П.А, Н.Г нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ тус шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулгыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэх дүгнэлт хийсэн нь хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
11. Нэхэмжлэгч П.А, Н.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,763 /хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 318/ШШ2025/00276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-ийн захирал Н.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,763 /хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН