Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1436

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч Н.Г  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Г т холбогдох эрүүгийн 1906 04264 1840 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Н.Г .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Н.Г  нь 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 34 дүгээр гудамжны 16 тоотод иргэн Н.Өвгөнхүүтэй маргалдаж, улмаар хутгаар зүүн гуянд нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Өвгөнхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч В.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-12-14/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9633 дугаартай дүгнэлт /хх-19/, Н.Г  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-33-34/, шүүгдэгч Н.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Н.Г  нь 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 34 дүгээр гудамжны 16 тоотод иргэн Н.Өвгөнхүүтэй маргалдаж, улмаар хутгаар зүүн гуянд нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Өвгөнхүүгийн өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр найз Н.Г  намайг “гэрт хүрээд ир, ганц юм ууя” гээд дуудсан. Би очихдоо 1 шил 0.75 граммийн архи авч очсон. Намайг очиход найз Н.Г  бас өөр 2 залуугийн хамт согтуу байсан. Тэгээд архиа хувааж уусан. Тэгтэл миний зүүн гуяны гадна хэсэгт хутгалчихсан байсныг мэдээгүй. Ямар ч байсан хутга бариад “Ална” гээд байсан. Тэгээд төрсөн дүү Нарантуяагийн гэрийн ойролцоо байж байгаад Нарантуяатай тааралдсан. Тэгээд хутгалуулснаа мэдээд түргэн дуудаж оёдол тавиулсан.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Батжаргалын өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр би найз Шарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах найз Н.Г ийн гэрт өглөө 11 цагийн үөд очсон. Ингээд бид гурав тэдний гэрт архи хувааж уусан. Тэгээд Н.Г  хүнтэй утсаар ярьсан бөгөөд удалгүй 13 цагийн үед найз Н.Өвгөнхүү гэх нэртэй хүн нэг шил 0.75 граммийн архитай орж ирсэн. Ингээд бид хэд бөөнөөрөө нийлээд тэнд архи ууцгаасан. Ингээд байж байгаад Н.Өвгөнхүү гэх залуу нь өөрийн авч ирсэн Монгол стандарт гэх архийг задалсан бөгөөд надад хийж өгөхөөр нь би онцгүй архи уугаагүй. Тэгсэн тэр залуу “архи голлоо” гэх мэтийн үг хэлээд уурлаж байсан. Удалгүй Н.Г , Н.Өвгөнхүү хоёр юм ярьж суугаад хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь би жоохон согтсон байсан болохоор маргаан гарч магадгүй явъя гэж бодоод Шарыг дагуулаад тэдний гэрээс гараад явсан. Н.Г  маргааш нь надтай уулзахдаа “Нөгөө залуугийн гуя руу нь хутгаар жаахан дүрчихсэн юм шиг байна, цагдаа дээр намайг дуудсан” гэж хэлсэн.” /хх-12-14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9633 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Өвгөнхүүгийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-20/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Г ийн яллагдагчаар өгсөн: “...Н.Өвгөнхүүгийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би нэг удаа жижиг хутгаар гуя руу нь чичсэн. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Н.Өвгөнхүүгээс уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн. Мөн эмчилгээний зардал гэх 200.000 төгрөгийг түүнд өгсөн.” /хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

 Шүүгдэгч Н.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Г ийн 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 34 дүгээр гудамжны 16 тоотод иргэн Н.Өвгөнхүүтэй маргалдаж, улмаар хутгаар зүүн гуянд нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Г  нь хохирогч Н.Өвгөнхүүд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Н.Г т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Н.Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Г ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Г  нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС