Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 224/МА2025/00027

 

 Увс аймгийн ПГ-ын нэхэмжлэлтэй,

Д.О-д холбогдох иргэний хэргийн тухай

      Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 318/ШШ2025/00250 дугаар шийдвэртэй,

     Увс аймгийн ПГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох, төрд учруулсан гэм хорын хохирол 18,732,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Ц.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Увс аймгийн ПГ-ын нэхэмжлэлийн шаардлага: Төрд учруулсан гэм хорын хохирол 18,732,565 төгрөг гаргуулах тухай.

     2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн, өөр албан тушаалд шилжүүлсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс тус прокурорын газарт ирүүлснийг хүлээн авч, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан.

     Увс Д ББН-ийн дарга Д.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Ч.Т-ийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн байна. Ч.Т нь тус тушаалыг эс зөвшөөрч, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Т-ийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу Увс Д БНН-ийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

     Шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ч.Т-т ажилгүй байсан хугацааны цалин 18,732,565 /арван найман сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун жаран таван/ төгрөгийг Увс Д ББН-ийн төсвөөс нөхөн төлж барагдуулсан байна.

     Иймд Увс Д ББН-ийн төсвөөс ажилтан Ч.Т-т шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр олгосон ажилгүй байсан хугацааны цалин 18,732,565 /арван найман сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун жаран таван/ төгрөг нь төрийн хөрөнгө юм. Эрх бүхий албан тушаалтан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, нөхөх олговрыг иргэн, хуулийн этгээдийн төлсөн татвараас бүрдэх төсвийн хөрөнгөнөөс нөхөн төлж арилгаснаар төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

     Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т: Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.., мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1,498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан. Иймд эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас ажилтанд учруулсан хохирлыг төрийн хөрөнгөөр нөхөн төлж, уг гэм хорын хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах үндэслэл бий болсон байна.

     Иймд төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас төрд гэм хорын хохирол учирсан, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Д.О-с төрд учруулсан гэм хорын хохирол 18,732,565 /арван найман сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун жаран таван/ төгрөгийг төгрөгийг гаргуулан, тус өрхийн эмнэлгийн дансанд нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргав” гэжээ.

     3. Хариуцагч Д.О-ийн татгалзлын үндэслэл: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Д өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөл нь Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж ажилладаг. Манай байгууллага нь төрийн байгууллага биш, төрөөс цалинждаггүй. Нөхөрлөлийн гишүүдийн ажилласан жил төрийн алба хаасанд тооцогддоггүй. Манай өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлснийхээ хөлсийг авдаг хувийн хэвшлийн байгууллага. Миний бие Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би болон манай байгууллагын албан хаагчид төрийн албан хаагч биш. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид төрийн албан хаагчид тооцогдож, төрийн албан хаагчийн программд бүртгэгддэггүй. Увс Д нөхөрлөл нь гүйцэтгэлийн санхүүжилт буюу эрүүл мэндийн даатгалаас худалдаж аваад байгаа санхүүжилт болон дөрвөн багц тусламж үйлчилгээ зэрэг 2 төрлийн санхүүжилтээр санхүүждэг. Тухайн санхүүжилтийг нөхөрлөлийнхөө хүрээнд бүрэн зарцуулах эрхтэй. Жишээлбэл манай байгууллага нь 2024 оны 01 дүгээр сарын байдлаар сард 33,000,000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалаас авдаг. Төрийн байгууллагуудад нийгмийн даатгал, татвар зэрэг нь тогтсон дүнгээр санхүүждэг бол манай байгууллагын санхүүжилт нийт дүнгээрээ бодогдож, тухайн санхүүжилтээс хэдэн хувь нь нийгмийн даатгал, татвар цалин зэргийг хэд байхыг нөхөрлөлийн гишүүдээрээ шийдвэрлэдэг. Санхүүжилт төрийн сангаар ордоггүй. Арилжааны банкаар ордог. Манай байгууллагын ажилчдыг чөлөөлөх эрх ганц надад байхгүй. Нөхөрлөлийн гишүүд нэгдэж Ч.Т-ийг ажлаас чөлөөлсөн. Ч.Т-т олгосон 18,732,565 төгрөгийг төрд учирсан хохирол гэж үзэхгүй байгаа. Манай байгууллага нь төрийн байгууллага биш, ашгийн төлөө байгууллага учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 318/ШШ2025/00250 дугаар шийдвэрээр:

     - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 нэг дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О-с 10,069,588 төгрөг гаргуулж, Увс Д нөхөрлөл ББН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,668,977 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож,

   - нэхэмжлэгч ПГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 176,063 төгрөгийг хариуцагч Д.О-с гаргуулж, төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

     5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Прокуророос гэм хорын хохирлыг Д.О-с нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5-д зааснаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.5 дахь хэсгийг үндэслэж Д.О-с 10,069,588 төгрөгийг гаргуулж, Увс Д нөхөрлөл ББН-д олгохоор шийдвэрлэсэн.

    Прокурор нь энэ хэрэгт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, түүнчлэн нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Учир нь Увс Д ББН Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг хувийн хэвшлийн /ашгийн төлөө/ хуулийн этгээд. Хэрэв Д ББН-д гэм хорын хохирол учирсан гэж үзвэл тухайн нөхөрлөлийн гишүүдийн хамтын шийдвэрээр тус гэм хорыг нэхэмжлэх эсэхийг шийдвэрлэх ёстой.

     Анхан шатны шүүх шийдвэртээ, улсын төсвөөс буюу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийн эх үүсвэрээ бий болгодог, “... тус байгууллагын төсөв нь өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх хүрээний иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэй, тасралтгүй хүргэх зорилгоор гэрээний дагуу олгогдож байгаа төсвийн хөрөнгө гэж дүгнэх үндэслэлтэй ба уг мөнгөн хөрөнгийг Увс Д нөхөрлөл ББН-ийн үйл ажиллагааны орлого буюу тус нөхөрлөлийн дарга, гишүүд өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн байдаг.

     Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч буй хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө бөгөөд иргэд, олон нийтийн эрүүл мэндээ хамгаалуулах нийтийн эрх ашигт зарцуулагдах ёстой хөрөнгө боловч тухайн хөрөнгө нь гэрээний дагуу Увс Д ББН-д шилжсэнээр тухайн ашгийн төлөө хуулийн этгээдийн орлого болж хувирч байгаа. Тухайн орлогоосоо зориулалтын дагуу буюу тодорхой газар, нутаг дэвсгэрт оршин суугаа хүн ам, өрхөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлнэ. Мөн нэг хүнд үзүүлэх орлогоос гадна нэмэлт орлого буюу 4 багцын тусламж үйлчилгээний орлоготой. Энэ нь гэрийн тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо шинжилгээ, сэргээн засах зэрэг эдгээр 4 үйлчилгээг үзүүлж, гарсан зардлыг нэхэмжлэхээр илгээж, Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг зохицуулалттай.

     Тухайн байгууллагад жил бүр нэгдсэн дүнгээр санхүүжилт батлагдаж, жилийн эцэст татдаггүй, төрийн сангаар гүйлгээ хийдэггүй, төрийн санд данс бүртгүүлдэггүй, арилжааны банканд орлогоо төвлөрүүлдэг онцлогтой.

    Өөрөөр хэлбэл Увс Д өрхийн эрүүл мэндийн төв нь гэрээний дагуу иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байдал /иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлэхдээ чанартай, хүртээмжтэй, чирэгдэл учруулахгүй, чадварлаг хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, үр дүнтэй, үнэ хөлс, шан харамж авахгүй, гэрээний гүйцэтгэлийн үнэлгээ сайн байх/-д нь хяналт тавьж ажилладаг болохоос биш тэдний сар бүрийн санхүүжилтэд хяналт тавих эрхгүй гэж үзэж байна.

    Энэ бол хуурамч нотлох баримт буюу нэхэмжлэх бүрдүүлж мөнгө даатгалын сангаас мөнгө авсан тохиолдол биш. Гэрээний дагуу олгогдож буй орлого. Үүнээс урсгал зардлаа хасаад ашиг гэх зүйл тус нөхөрлөлд үлдэх ёстой. Тэр ч утгаараа ашгийн төлөө хуулийн этгээд дундаас сонгон шалгаруулж, гэрээ байгуулдаг зарчимтай.

   Нөхөрлөл, компани нь өөрийн ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэр буруу гаргаснаараа түүний ажилгүй байсан хугацааны цалинг олгох асуудлыг нийт гишүүд, ТУЗ-өөрөө шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд ПГ-ын нэхэмжлэл анхнаасаа үндэслэлгүй юм.

    Нөгөө талаас прокурор нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзвэл Д.О-ийн үйлдлийг санаатай, болгоомжгүй үйлдэл гэж үзэж, түүнийг үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой.

   Аливаа этгээдийг ажлаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тохиолдол бүрт тухайн шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтны санаатай, болгоомжгүй гэм буруутай үйлдэл гэж дүгнэх нь учир дутагдалтай гэж үзэж байна.

     Өөрөөр хэлбэл Ч.Т-ийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа “түүнийг заавал ажилгүй болгож, цаашид энэ байгууллагад ажиллуулахгүй” гэх сэдлээр түүнийг ажлаас чөлөөлөх ямар ч үндэслэлгүй байхад санаатайгаар зориуд хүсэж үйлдсэн тохиолдолд санаатай гэм хор учруулсан гэж үзнэ. Гэтэл энэ тохиолдлыг санаатай гэм хор учруулсан гэж үзэх боломжгүй.

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т: “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө”, 497.3-т: “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

     Хариуцагч Д.О-ийн хувьд Ч.Т-т олгосон цалинг байгууллагаас гаргуулсан боловч түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дан ганц түүний шийдвэр биш бөгөөд Эрүүл мэндийн газрын Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн. Мөн нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлийг авсан учраас гишүүд бүгдээрээ хамтран хариуцлага хүлээх ёстой. Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

     6. Нэхэмжлэгч Увс аймгийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Хариуцагч Д.О-ийн хувьд Ч.Т-т олгосон цалинг байгууллагаас гаргуулсан боловч түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дан ганц түүний шийдвэр биш бөгөөд Эрүүл мэндийн газрын Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн. Мөн нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлийг авсан учраас гишүүд бүгдээрээ хамтран хариуцлага хүлээх ёстой. Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 250 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргажээ.

    “Увс Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Ч.Т-ийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн байна.

    Ч.Т нь “Увс Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Т-ийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу “Увс Д нөхөрлөл БНН-ийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

     Улмаар Ч.Т нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулалд 32,574,965 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 152/ШШ2023/00176 дугаартай шийдвэрээр хариуцагч Увс Д нөхөрлөл ББН-өөс ажилгүй байсан 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 22,630,459 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-т олгох, 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс Д нөхөрлөл ББН-д даалгасан шийдвэрлэжээ.

     Тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хянаад 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 224/МА2023/00014 дугаартай магадлалаар “анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00176 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 22,630,459 төгрөг гэснийг 18,482,204 төгрөг гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээн” шийдвэрлэсэн.

     Шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ч.Т-т ажилгүй байсан хугацааны цалин 18,732,565 төгрөгийг Увс Д нөхөрлөл ББН-ийн төсвөөс нөхөн төлж барагдуулсан байна.

     Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж,

    Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/320 дугаартай тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн 6.1 дүгээр зүйлд “Төвийн төсөв нь улсын болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ” гэж заасан байна.

     Монгол Улсын төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ гэж, мөн зүйлийн 4.1.51 дэх хэсэгт “эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв" гэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хэлнэ” гэж тус тус заасан.

   Тодруулбал, Өрхийн эрүүл мэндийн төв буюу өрхийн эмнэлэг нь хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байх боловч, түүний санхүүжилт нь улсын болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрддэг, эмч, ажилтнууд нь төрөөс цалин авдаг байна.

    Иймд шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ч.Т-т ажилгүй байсан хугацааны цалин 18,732,565 төгрөгийг Увс Д нөхөрлөл ББН төсвөөс ажилтан Ч.Т-т олгосон ажилгүй байсан хугацааны цалин 18,732,565 төгрөг нь төрийн хөрөнгө юм.

     Эрх бүхий албан тушаалтан нь “хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах” албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, нөхөх олговрыг иргэн, хуулийн этгээдээс төлсөн татвараас бүрдэх төсвийн хөрөнгөнөөс нөхөн төлж арилгаснаар төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

     Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус зохицуулсан. Иймд эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас ажилтанд учруулсан хохирлыг төрийн хөрөнгөөр нөхөн төлж, уг гэм хорын хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн.

     Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хун амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж,

    Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/320 дугаартай тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн 6.1 дүгээр зүйлд “Төвийн төсөв нь улсын болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ” гэж заасан байна.

    Тиймээс анхан шатны шүүхээс нэмэгдэл урамшуулал, бусад нэмэгдлийг хасаж тооцож хариуцагч Увс Д нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-с 10,069,588 төгрөг гаргуулан Увс Д нөхөрлөлийн ББН-ийн төсвийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн.

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 250 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

     7. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Д өрхийн эмнэлэг, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, даатгалын газар гуравласан гэрээний дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлснийхээ хариу төлбөрт сар сард тогтмол орлого ордог. Тухайн орлогыг ашгийн төлөө хуулийн этгээд болох Д нөхөрлөл урсгал зардал, ажилтнуудын цалин, бусад зардлууддаа зарцуулж байсан. Гэтэл ашгийн төлөө хуулийн этгээд буюу Д нөхөрлөл нь эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гарч буй эрүүл мэндийн зардлыг буцааж төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа.

     Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талын 2.2 дахь хэсэгт, Увс Д нөхөрлөл нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байх боловч хууль бус шийдвэр гаргасан Д.О тухайн нөхөрлөлийн дарга болох нь тогтоогдсон гэж байгаа юм.

    Тэгэхээр заавал нөхөрлөлийн дарга гэснээрээ мөнгийг нэхэмжлэх боломжгүй гэж прокурор болон шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Магадгүй нөхөрлөлийн дарга нь Д.О боловч нөхөрлөлийн нийт гишүүд хуралдаад буруутай шийдвэрийг Д.О гаргасан, Д.О-с төлбөрийг нэхэмжилье гэж шийдвэрлээд нэхэмжилсэн бол өөр хэрэг.

     Д.О-ийн ажилтан Ч.Т-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дан ганц өөрийнх нь шийдвэр биш, аймгийн эрүүл мэндийн газрын ёс зүйн дэд хорооны арга хэмжээ авах гэсэн бичгийг үндэслэж нийт нөхөрлөлөөрөө хуралдаад нийт гишүүдээс гарсан шийдвэр. Гэтэл ганцхан Д.О-ийг хууль бус буруутай үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, түүнээс дээрх ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.5-д зааснаар өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах ёстой. Гэм хорыг арилгасан байгууллага нь Д өрхийн эмнэлэг. Гэм хорыг учруулсан, арилгасан байгууллага нь өөрөө өөрсдөө нэхэмжлэл гаргаагүй байхад прокурор нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.

    Д.О нь төрийн албан хаагч биш учраас төрд учирсан хохирол гэж яригдах ёсгүй. Д өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийн эх үүсвэр нь л улсын төсөв болохоос гэрээний дагуу улсын төсвийн хувийн хэвшилд шилжсэн эд хөрөнгө, тэр хөрөнгөөсөө ажилтнуудаа цалинжуулаад урсгал зардал бусад бүх зүйлдээ зарцуулаад цаана нь ашиг олох ёстой хуулийн этгээд гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хэсэгчлэн шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан.

       Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

    8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас 2 үндэслэлээр маргадаг. 1-рт, прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй субъект, нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үздэг. Гэтэл Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд прокурор төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргахыг тодорхой хуульчилсан байдаг. Энэ үндэслэлээрээ прокурор төрд учирсан хохирлыг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.

   Д нөхөрлөлийн дарга Д.О ажилтан Ч.Т-ийг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мөн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн анхан шатны шүүхийн 176 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай магадлалууд гарсан байдаг.

    Прокурорын зүгээс нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байхад олгосон цалин хөлс нийт 18,732,565 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 250 дугаартай шийдвэрт хууль зүйн үндэслэлийг маш дэлгэрэнгүй бичсэн.

   Ингэхдээ прокурорын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 10,069,558 төгрөгийг хангаж, 8,668,977 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар Ч.Т-т олгосон ажил хавсарч авсан цалин, мөн хоолны зардал, бусад урамшуулал зэргийг олгох үндэслэлгүй байна гэж үзэж гаргасан шийдвэр нь үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзсэн учир гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

     1. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 318/ШШ2025/00250 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

    2. Нэхэмжлэгч ПГ нь хариуцагч Д.О-д холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохирол 18,732,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   3. Хариуцагч Д.О нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан маргасан байна.

    4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн ПГ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.

    5. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

    Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт бүрэн цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй  байна.

      5.1. Хэргийн баримтаар, хариуцагч Д.О нь Увс Д нөхөрлөлийн даргаар ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тушаалаар тус нөхөрлөлд үйлчлэгчээр ажиллаж байсан Ч.Т-ийг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, ажил, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 224/МА2022/00022 дугаартай магадлалаар Увс Д нөхөрлөлийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тушаалыг хүчингүй болгож, Ч.Т-ийг тус нөхөрлөлийн үйлчлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, 

     - Ч.Т дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 оны 2дугаар сараас 2023 оны 3 сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн байх ба Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Ч.Т-т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,482,204 төгрөгийг “Увс Д” нөхөрлөл БНН-өөс гаргуулж олгохоор шийдвэрлэж, уг магадлал хуулийн төгөлдөр болсноор нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс Д нөхөрлөл ББН-ийн төсвөөс 18,482,204 төгрөгийг албадан гаргуулж, Ч.Т-т олгосон үйл баримт тус тус хэрэгт тогтоогдсон байна. 

   5.2. Нэхэмжлэгч ПГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, “Увс Д нөхөрлөл ББН-ээс Ч.Т-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,732,565 төгрөг гаргуулсан нь тус нөхөрлөлийн дарга Д.О-ийн хууль бус шийдвэр буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үр дагавар тул төрд учирсан хохирлыг буруу шийдвэр гаргасан этгээд хариуцна. Уг 18,732,565 төгрөг нь төрийн хөрөнгө юм. Иймд төрд хохирол учруулсан  буруутай албан тушаалтан Д.О-с дээрх мөнгийг гаргуулж, Увс Д нөхөрлөл ББН-д олгуулахаар Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарласан байна.

     Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд: “Манай байгууллага нь төрийн байгууллага биш, төрөөс цалинждаггүй, ашгийн төлөө байгууллага юм. Ажилтан Ч.Т-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дан ганц нөхөрлөлийн дарга Д.О миний шийдвэр биш, нөхөрлөлөөрөө хуралдаад нийт гишүүдээс гарсан шийдвэр учраас зөвхөн надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан байна.   

   “Увс Д нөхөрлөл” ББН нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө хуулийн этгээд буюу хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

    Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т зааснаар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ /эрх бүхий байгууллагын шийдвэр, нөхөрлөлийн гэрээ, төсөл, дүрэм зэрэг орно/-ний үндсэн дээр байгуулж, гишүүн бүр нөхөрлөлийг төлөөлөх, удирдах эрхтэй байхаар, 

     мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 3-т: Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно. Удирдах эрх бүхий гишүүд олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна гэж тус тус заасан.                       

    Хариуцагч Д.О нь “Увс Д нөхөрлөл” өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчээр ажиллаж байсан Ч.Т-ийг ажлаас чөлөөлсөн байх ба тухайн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргах үед тус нөхөрлөлийг төлөөлөх,  удирдах эрх нь зөвхөн Д.О-д байсан эсэх, тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх асуудлыг нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн эсэхийг нотлох баримтууд, түүнчлэн тус нөхөрлөлийн гэрээ, дүрэм  зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байна.

     Хэргийн 204-206 дугаар талд авагдсан, нөхөрлөл үүсгэн байгуулах тухай гэрээ нь 2023 оны 01 сарын 25-ны өдрийн Д нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан байх ба энэхүү гэрээ нь цаг хугацааны хувьд, Ч.Т-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаснаас хойш хугацаанд үйлчлэх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байна. 

    Харин хэргийн 201, 202 дугаар талд авагдсан, Увс Д нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл /№2/ гэх баримтад, Ч.Т-т шүүхийн шийдвэрээр олгохоор шийдвэрлэсэн, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,782,565 төгрөгийг тус байгууллагаас гаргаж олгох эсэх талаар нөхөрлөлийн 9 гишүүн оролцож, хэлэлцсэн байх ба тухайн хуралд оролцсон зарим гишүүдээс Ч.Т-ийг анх ажлаас чөлөөлсөн шийдвэр нь нөхөрлөлийн гишүүдийн хамтын шийдвэр  байсан тул нөхөрлөлөөс мөнгийг гаргуулах нь зүйтэй гэх санал гарсан тухай тэмдэглэгдсэн байдлаас үзэхэд Ч.Т-ийг ажлаас чөлөөлөх үед  мөрдөж байсан “Увс Д нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ, дүрэм, нөхөрлөлийг төлөөлөх, удирдах эрх бүхий этгээдүүдийг сонгосон шийдвэр, нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд нь энэ хэрэгт ач холбогдол бүхий байна. Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул зохигчдын маргааны зүйлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэв.

    5.3. Нөгөө талаар, хариуцагч тал шүүхэд: “Өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ хөлсийг авдаг хувийн хэвшлийн байгууллага юм. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалаас худалдаж авдаг, тухайн санхүүжилтээс хэдэн хувийг цалин, татвар, нийгмийн даатгал, бусад зардалд зарцуулахыг нөхөрлөлийн гишүүдийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэдэг, санхүүжилт нь төрийн сангаар бус арилжааны банкаар дамждаг. Тус нөхөрлөл нь төрийн байгууллага биш тул Ч.Т-т 18,732,565 төгрөг олгосныг төрд хохирол учруулсан гэж үзэхгүй” гэх тайлбар гаргасан ба  Эрүүл мэндийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.1-т:  Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ” гэж зааснаас үзвэл, хариуцагчаас гаргуулахаар төрд учирсан хохирол гэж нэхэмжилсэн 18,732,565 төгрөгийг тус өрхийн эрүүл мэндийн төв нь зөвхөн төсвийн санхүүжилтээр олгосон мөнгөн хөрөнгөөс гаргасан уу, эсхүл дээрх дүрэмд заасны дагуу бусад эх үүсвэрээс олсон орлогоос гаргасан уу гэдэг нь хэрэгт тодорхой бус байх бөгөөд энэ асуудлыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.                    

     6. Ийнхүү хэрэгт ач холбогдол бүхий байж болох зарим баримтууд  цуглараагүй буюу хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүйгээс хариуцагчаас төрд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

    7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,612 /хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, олгох үндэслэлтэй байна.                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 318/ШШ2025/00250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,612 /хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Д.О-д олгосугай.                       

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                                    ШҮҮГЧ                                Д.КӨБЕШ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН