Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 203/МА2025/00038

 

 

******* түлш ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 313/ШШ2025/00280 дугаар шийдвэртэй,

******* түлш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.*******т холбогдох шатахууны зардал 2,104,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг /цахим/, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянтогтох, нарийн бичгийн дарга Г.Бямбажав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* түлш ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* түлш ХХК Б.*******тай 2019 оны 05 дугаар сарын 28-нд байгуулсан ТТТ/2019/798-2 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу Улаанбаатар- Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатарт чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн.

Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг ******* ******* Ойл ХХК-аас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас болж ******* ******* Ойл ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, ******* түлш ХХК-ны жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулж авсан.

Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 483 летр, 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 529 летр дизель түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 2,104,960 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч Б.******* болон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1,004,640 төгрөгийн дүнтэй, 27-28 дугаартай падааны хувьд гарын үсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1,100,320 төгрөгийн дүнтэй 29-34 дугаартай падааны хувьд гарын үсэг байхгүй мөн улсын дугаар нь зөрүүтэй тул дээрх хоёр падааны нийт 2,104,960 төгрөгийг миний бие төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 3. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Б.*******т холбогдох ******* түлш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* түлш" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,629.36 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг давж заалдах гомдолдоо: ******* түлш" ХХК Б.*******тай 2019 оны ТТТ/2019/798-2, ТТТ/2019/1012-2 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, 85-88 ӨМЭ, 85-88 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар- Өмнөговь аймаг Ухаа худаг- Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн.

Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Хариуцагч Б.******* нь манай компанид 2-с дээш гэрээ байгуулан уртын тээвэрт машин явуулж байсан ба холбогдох жолооч нараас итгэмжлэл авсны дагуу төлбөр тооцооны асуудлыг хариуцаж байсан болно.

Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь шатахуун түлш авахдаа манай компанитай гэрээгээр ажилладаг ******* ******* Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцаас гэрээ болон машины бүртгэлээ хийлгэн шатахуун зээлээр авч яваад дараа нь тээвэрлэлтийн зардлаа авахдаа шатахууны өрөө суутгуулдаг байсан. Гэрээ хийгдэж бүх төлбөр тооцоо түүний данс руу ордог байсан тул төлбөрийг Б.*******аас нэхэмжилсэн.

Уртын тээврийн жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг ******* ******* Ойл ХХК-с тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас өр төлбөрийн асуудал үүссэн.

Үүссэн өрийн асуудлаар тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байсан тээврийн хэлтсийн мэргэжилтнүүд, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтарч жолооч нартай гэрээнд тусгасан утсаар холбогдож, ирж тооцоогоо нийлж, илүү төлсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардаж эхэлсэн.

Энэ асуудал тухайн жолооч нарын гэрээ дуусаж тооцоо бодсоноор эхэлсэн бөгөөд ихэнх жолооч нар асуудлаа шийдвэрлээд явж байсан.

******* түлш ХХК нь ******* ******* ойл ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж, уртын тээврийн жолооч нарын шатахуун түлшний асуудлыг хариуцаж байсан болно. ******* ******* ойл ХХК-н нэг салбар манай компанийн дэргэд байгуулагдсан бөгөөд түгээгч ажилтан нар нь манайхтай хамтарч өр төлбөртэй жолооч нартай холбогдож, өр төлбөрөө өгөхийг шаардаж байсан.

Тооцоогоо дуусгахгүй, ирэхгүй, холбогдохгүй болсон жолооч нарын асуудлаас болж ******* ******* ойл ХХК шатахуун нийлүүлэх гэрээний дагуу "******* түлш ХХК-г шүүхэд хандсан. ******* ******* ойл ХХК-с шүүхэд нэхэмжлэл гарсантай уялдуулж, хариуцагч компанийг төлөөлж шүүхийн шатанд ажиллаж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* өр төлбөртэй жолооч нартай нэг бүрчлэн ярьж, дахин өр төлбөрийн тооцоогоо хийхийг шаардсан боловч ирсэн жолооч байхгүй, утас нь холбогдох боломжгүй, мессеж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн зэргээс болоод шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлага гарсан.

Ингэснээр ******* түлш ХХК-иас жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэгч тал нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээний дагуу шатахууны өр төлбөрийг нэхэмжилж, шүүхэд хандаж, хариуцагчаас гэрээний дагуу түлшний төлбөр 2,104,960 төгрөг нэхэмжилсэн Чингэлтэй дүүргийн иргэнийх хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан байгаа.

Мөн гэрч нарын мэдүүлгээр тус төлбөрийг Б.******* төлөх ёстой гэдэг нь нотлогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч тухайн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэдгээ нотолсон баримт гаргаж өгөөгүй, миний гарын үсэг биш гэж маргадаг боловч санхүүгийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд 8 сарын 8-с 9 сарын 25-ны хооронд 19 удаа тээвэр хийсэн байдаг. Үүнээс 11 удаа шатахуун суутгуулсан. 7 удаагийн тээвэрлэлтийн шатахуунаа яаж шийдэж явснаа нотолж чадаагүй.

Хэрэв өөрөө шатахуунаа хийгээд явсан бол түүнийгээ нотлох үүрэгтэй. Гэтэл нотолгоо байхгүй байсан. Энэ 7 удаагийн тээвэрлэлтээс 2 удаагийн тээвэрлэлтийн шатахууны тооцооны өртэй байгаа. Үүнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* түлш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч ******* түлш ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан шатахууны зардал 2,104,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1,004,640 төгрөгийн дүнтэй, 27-28 дугаартай падааны хувьд гарын үсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1,100,320 төгрөгийн дүнтэй 29-34 дугаартай падааны хувьд гарын үсэг байхгүй мөн улсын дугаар нь зөрүүтэй тул дээрх хоёр падааны нийт 2,104,960 төгрөгийг миний бие төлөх үндэслэлгүй гэж үзэж гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.*******т холбогдох ******* түлш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 ******* түлш ХХК Б.*******тай Улаанбаатар-Өмнөговь-Ухаа худаг- Улаанбаатарын чиглэлд мидлинг тээвэрлэн хүргэх ажлыг хийлгэхээр, 1 рейсийн зардал 2 750,000 төгрөг, үүнээс 1,550,000 төгрөг нь түлшний 1,200,000 төгрөг нь /тээвэрлэлттэй холбоотой болон бусад зардал/ байхаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь ТТТ/2019/798-2 дугаартай гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 27, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдийн шатахуун тослох материалын падааныг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр шатахууны өр түүж үзээд дээрхи баримтыг үйлдсэн талаар тайлбарлаж байх ба Б.******* нь уг баримтад бичигдсэн гарын үсгийг өөрийнхөө гарын үсэг биш гэж, нэг падаан нь гарын үсэггүй байгаа гэж тайлбарлан маргаж байгаагаас дүгнэхэд хариуцагч нь тухайн шатахууныг аваагүй гэдэг талаар маргаагүй байх бөгөөд гарын үсэг биш гэж, нэг падаан нь гарын үсэггүй байгаа нь 2 удаагийн шатахууны төлбөрийг төлөхгүй гэх үндэслэлгүй ба хариуцагч нь дээрх шатахууныг аваагүй бол үүнтэй холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гомдлыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 49,629 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 313/ШШ2025/00280 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б.*******т холбогдох ******* түлш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас шатахууны зардал 2,104,960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* түлш ХК-д олгосугай. гэж,

 2 дах заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* түлш" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,629.36 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 49,629 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* түлш ХХК-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* түлш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.629 /дөчин есөн мянга зургаан зуун хорин ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 Х.ГЭРЭЛМАА