Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

П.Энхтайванд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

ялтан П.Энхтайван, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Б.Лхагвацэрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Энхтайван, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Энхтайванд холбогдох 201625022243 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Пэлжидийн Энхтайван, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 68 дугаар гудамжны 922 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УХ88101851/,

П.Энхтайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 68 дугаар гудамжинд иргэн Г.Батхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар унаж явсан автомашин руу нь чулуу шидэж цонхыг нь хагалан толгойн тус газар нь цохисны улмаас дагз ясны цөмөрсөн хугарал бүхий бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: П.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Пэлжидийн Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхтайваныг 5 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхтайванд оногдуулсан 5 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхтайванаас 629.600 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 71-ийн нүүдлийн 9 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэнд олгож,

Шүүгдэгч П.Энхтайванд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан П.Энхтайван гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн хэрэг гарсан өдөр Г.Батхуяг, Даваа нартай самарт явах зорилгоор уулзаж байгаад хамт архи уусан. Гэтэл хохирогч Г.Батхуяг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэхээр нь миний бие иргэний үүргээ биелүүлэн хориглож, шаардлага тавьсан. Гэтэл тэр хүн бүдүүлэг, балмад зан гаргаж автомашинаа асаан явж миний биеийг чирч хөдөлсөн. Тухайн үед уг автомашины зүүн гар талын урд цонхоор толгой цээжээ оруулан ярьж байсан юм. Үүнд чирэгдэж 200-300 метр орчим газар чирэгдсэн. Тухайн үед миний биеийн зүүн хэсгээр уг хашааг нидэрч унахдаа зүүн хөмсөг, нүүрний зүүн хэсэг нилэнхүйдээ шалбарч зулгарсан цус гоожиж байсан. Ингээд хартал нөгөө Г.Батхуяг ах автомашинаа нааш цааш нь хөдөлгөж байхаар нь би балмагдаж сандарсандаа гэнэт уур хүрээд хажууд ойр байсан чулууг аваад зүүн гараараа шидсэн. Чулуу шидэхдээ автомашины зүүн урд талаасаа шидсэн. Уг шидсэн чулуу тэр автомашины зүүн гар талын арын хаалганы цонхыг хагалсан юм. Би чулуу шидсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл уг чулуу шидсэн үйлдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан. Миний шидсэн чулуу автомашин дотор орж, урагшаа үсэрч Г.Батхуягийн ар дагз руу онож, буцаж зорчигчийн суудал дээр унасан гэдэг нь эргэлзээтэй байна. Миний үйлдсэн гэмт хэрэг биш гэдэг нь тодорхой харагдаж байна. Харин тэр үед иргэн Нямаа хашаан дотроосоо гарч ирээд “яасан их архи уудаг п... нар вэ” гэж хэлээд Г.Батхуягийг цохисон. Үүнийг Халиунаа болон Оюунчимэг нар мэдүүлдэг. Г.Батхуягийн биед учирсан гэмтлийг хэзээ, хаана, хэн, хэрхэн учруулсан гэдгийг нарийвчлан тогтоох хүсэлтэй байна. Нямаа нь Г.Батхуягийг цохихдоо гартаа ямар нэгэн зүйл барисан эсэх талаар шалгуулахыг хүсч байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Ялтан П.Энхтайваны өмгөөлөгч Т.Багахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасны дагуу үндэслэлтэй гарч чадаагүй байна.

1. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тухайн үйл явдал болох үед хажууд нь гэрч Г.Халиунаа, Ц.Нямаа, Н.Оюунчимэг, Ш.Эрдэнэтуяа, Н.Нямцог, П.Энхтайваны насанд хүрээгүй 10 настай охин Э.Энх-Уянга, Ш.Эрдэнэтуяагийн нөхөр, анхны тусламж үзүүлсэн түргэн тусламжийн эмч, мөн н.Даваа нар байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Халиунаа, Ц.Нямаа, Н.Эрдэнэтуяа, Ш.Оюунчимэг нараас л мэдүүлэг авсан байдаг. Эдгээр гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар П.Энхтайвангийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд: Хохирогч Г.Батхуяг согтуугаар автомашин жолоодож П.Энхтайванг хашаа нидрүүлэн чирсэн талаар: Хохирогч Г.Батхуягийн тайлбар “...Би өөрт байсан мөнгөөрөө 0.5 граммын “Хараа” архи аваад хоёуулаа хувааж уугаад, 100 айлын хүүхдийн эмнэлэг ороод эргэж Энхтайваны гэрийн гадаа ирээд зогссон...” гэж, П.Энхтайваны тайлбар “...Хуягаа ах автомашинаа согтуу унаж явах гээд байхаар нь хориглосон, гэвч явах гээд байсан..., ...Тэгээд машинаа асаагаад хөдлөхөөр нь буруу талын цонхоор нь толгойгоо оруулаад түүнийг болиулах гэтэл Хуягаа ах автомашинаа хөдөлгөж намайг айлын хашаанд нидэрч чирсэн. Тэгээд би газарт унаад чулуу аваад шидсэн” гэж, гэрч Г.Халиунаагийн мэдүүлэг “...Манай нөхөр “та согтуу машин барихгүй” гээд байсан. Тэгтэл Батхуяг ах гэнэт автомашинаа асаасан Энхтайван “та согтуу машин баръж яах гээд байгаа юм бэ” гээд түлхүүрийг сугалан авч манай хажуу айлын хашааг давуулан шидсэн. Манай нөхөр автомашиных нь түлхүүрийг авчихсан юм чинь явж чадахгүй гэж бодоод автомашиных нь зүүн урд гарч зогсоод байж байтал Батхуяг ах гэнэт автомашинаа хаазлаад хөдөлсөн. Тэгэхээр нь Энхтайван жолоочийн эсрэг талын хаалганы онгорхой цонхоор толгой цээжээ шургуулаад ороод хөлөөрөө чирэгдээд гүйсэн. Батхуяг ах улам хааз нэмээд хурдалсан. Тоос манараад явчихаар нь би араас гүйгээд очсон. Тэгтэл П.Энхтайван манайхаас цааш 3 дахь хаалганы харалдаа уначихсан байсан. Тэр эзэнгүй айлын төмөр гүйдэг хаалга нь нурчихсан байсан. Энхтайваны нүүрнээс нь цус гараад шороотой хутгалдчихсан байсан. Энхтайван урд талаас нь өндийгөөд босох гээд оролдож байсан. Батхуяг ах жолооноосоо барьчихсан байсан.” гэж, Гэрч Н.Оюунчимэгийн мэдүүлэг: “...тэр орой 17 цагийн үед манай нөхөр Нямаа бид хоёр хашаан дотроо тамхи татчихаад байшин руугаа ортол манай гудамжаар талийгаач Батхуягийн 41-12 УБЕ улсын дугаартай, улаан өнгийн “Фит” загварын автомашин аймар хурдтай давхиж өнгөрснөө түс тac хийгээд бужигнаад явчихсан. Нөхөр бид хоёр гүйж гараад харахад улаан тоос босчихсон, эзэнгүй айлын хашаа мөргөөд зогсчихсон байсан..., ...тэр үед Энхтайван эвдэрсэн хашааны хаалганы хажууд нь зүүн талынх нь хөмсөгнөөс цус гарсан, хацар нь урагдаж шалбарсан байдалтай хувцас нь шороо болчихсон байсан..., ...тэр үед Нямаагийн хамгийн бага дүү Нямцогт нь цагдаад “Талийгаач Батхуягийг согтуу машин бариад явчихлаа” гэж дуудлага өгсөн.” гэж, гэрч Ц.Бямбасүрэнгийн мэдүүлэг “...Батхуяг уугаад байгаа юм биш биз дээ, Тайвнаагийн гадаа байгаад байх юм гэсэн. Тэгээд би гарч хайхад олдоогүй би гэртээ эргээд ирсэн...” гэж, сэжигтэн П.Энхтайваны мэдүүлэг “...бид хоер 0.5 литрийн “Хараа” архи аваад Батхуяг ахын автомашин дотор уусан. Тэгээд Батхуяг ах автомашинаа бариад 100 айлын хүүхдийн эмнэлэг орчихоод ирсэн..., ...Батхуяг ах автомашиндаа суугаад автомашинаа асаахаар нь би “та согтуу автомашин бариад яах юм бэ?” гээд жолооч талын цонхоор гараа оруулаад түлхүүрийг нь сугалаад хашаа давуулаад шидчихсэн юм. Намайг түлхүүрийг нь булаагаад шидэхэд машин нь унтралгүй түлхүүр сугарсан байсан. Би нөгөө талаар нь очоод онгорхой цонхоор нь толгойгоо оруулаад зогсоод юм ярьж байсан чинь Батхуяг ах автомашинаа гэнэт хөдөлгөөд явсан. Тэр үед нь би жолоочийн эсрэг талын цонхноос зүүгдсэн чирэгдээд явсан. Хөдлөөд намайг чирээд явахдаа 2 айлын хашааг нидрээд зогссон. Нэг мэдэхэд би айлын мөргөж унагаасан төмөр хаалган дээр хэвтэж байсан.” гэж, Г.Батхуягийн согтуурал шалгасан магадлагаа 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 36 минутад 0.73 хувийн согтууралтай, Г.Батхуягийн тайлбар “...Энхтайваны хамт хоёулаа 1 шил архи аваад хойд гудманд очоод автомашин дотроо архиа хувааж уугаад..., би явлаа гэтэл намайг явуулахгүй гэсэн. Тэгэхээр нь би автомашинаа асаагаад хөдөлтөл Энхтайван урд суудалд сууж байгаад жолоо булааж зүүн гар тийш дарж эзэнгүй айлын хоосон модон хашаа мөргөөд зогссон.” гэж, П.Энхтайваны тайлбар “...Хуягаа ах автомашиндаа суугаад автомашинаа асаасан. Би автомашины гадна талд зогсож байхдаа жолоочийн талын онгорхой цонхоор автомашиных нь түлхүүрийг сугалж аваад айлын хашаа давуулаад шидсэн. Тэгээд буцаад жолоочийн эсрэг талын цонхон дээр очоод онгорхой цонхоор нь толгойгоо хийгээд юм ярьж байтал Хуягаа ах автомашинаа хөдөлгөж хамаг хурдаараа 300-400 орчим метр газар яваад айлын хашаа мөргөөд зогссон. Би энэ үед автомашины хаалганаас бариад чирэгдээд явж байсан. Миний талаар айлын хашаа мөргөсөн болохоор толгой хавдсан...” гэж,  гэрч Ц.Нямаагийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг “...Гадаа гудамжинд гэнэтхэн автомашин хүчтэй хаазалсан. Тэгээд пис пас гээд юм мөргөж байгаа юм шиг дуу гарсан. Эхнэр бид хоёр гүйгээд гарсан чинь талийгаач Батхуягийн автомашин урд гудамжны айлын хашааны хаалгыг мөргөж унагаагаад зогссон байсан..., ...намайг очиход Батхуяг автомашинаа хаазлаад нааш цааш нь хөдөлгөж байсан...” гэж, гэрч Ш.Эрдэнэтуяагийн мэдүүлэг “...гэртээ сууж байсан чинь гэр дээр чулуу буух шиг болсон. Тэгэхээр нь би гүйж гараад харахад манай зүүн талын Тайванаагийн үүднээс улаан өнгөтэй автомашин аймар хаазлаад хурдтай яваад урд гудамжны хойшоо харсан байрлалтай хашааны төмөр хаалгыг мөргөөд зогссон. Тэр үед машин ташуу байрлалтай зогсож байсан. Тэр автомашины зүүн талын хаалганаас Тайванаа зуурчихсан юм шиг явж харагдсан. Тухайн үед Халиунаа “Хүн аллаа” гэж хашгираад араас гүйгээд очиж байсан, ...тэгээд би гэртээ орж ирээд шидсэн юм нь юу юм бол гэж харсан чинь олон түлхүүр хэлхсэн машины түлхүүр байсан..., ...намайг хашааны хаалгаар харахад тэр автомашин маш их хурдтай, өндөр хаазтай давхиад явсан, тэр машиныг хашаа мөргөөд зогсохоор нь очиж хараагүй, согтуу жолоочид дайруулчих юм болов уу гэж бодоод очоогүй...” гэж тус тус мэдүүлэг өгсөн байна. Дээрх нотлох баримтуудад хохирогч Г.Батхуяг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох гэж байхад П.Энхтайван нь хууль ёсны шаардлага буюу согтуу автомашин барьж болохгүй тухай хэлж түлхүүрийг нь сугалан хажуу айлын хашаа руу шидэж арга хэмжээ авсан боловч түүний шаардлагыг үл биелүүлэн гэнэт хөдлөн П.Энхтайваныг хашаа нидрүүлэн чирж явж, төмөр хаалга мөргөж түүний амь нас эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж бие махбодид болон бусдын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан байдаг. Хохирогчийн энэхүү үйлдлийг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Хэрвээ  Г.Батхуяг нь П.Энхтайваны тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авч автомашин жолоодоогүй бол уг зам тээврийн осол аваар, гэмтэл учрахгүй байсан. Хохирогч Г.Батхуягийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газарт өгсөн тайлбар нь Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлд заасан “Зориуд худал мэдээлэх” гэмт хэргийг сануулалгүй тайлбар авсан байх бөгөөд “П.Энхтайванг урд суудалд сууж байгаад жолоо булааж зүүн гар тийш дарж эзэнгүй айлын хоосон модон хашаа мөргөөд зогссон” гэж худал мэдүүлэг өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол мэдээллийн талаар санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өгөгчид заавал сануулж гарын үсэн зурсан байхыг шаарддаг. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэвч Г.Батхуягийн дээрх мэдүүлэг нь бодит байдалд огт нийцэхгүй байх бөгөөд П.Энхтайваны Замын цагдаагийн газарт хууль сануулан өгсөн тайлбар, Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тогтвортой үнэн зөв мэдүүлгээр Г.Батхуяг нь П.Энхтайванг автомашины хаалганы гадна талаас нь юм ярьж байхад нь анхаарал өгөлгүйгээр хурдтай хөдлөж 300-400 орчим метр газар хашаа нидрүүлэн чирж, эзэнгүй айлын хашааны төмөр хаалгыг мөргөж зогссон байдаг. П.Энхтайван хэдийгээр өөрийн гэм буруу болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч гэрч Ш.Эрдэнэтуяагийн мэдүүлэг, гэрч Г.Халиунаагийн мэдүүлэг, гэрч Ц.Нямаа, гэрч Н.Оюунчимэг нарын мэдүүлгүүдээр түүний өгсөн мэдүүлэг үнэн зөв болох тогтоогддог. Харин хохирогч Г.Батхуягийн мэдүүлэг нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээс болон өөрийнх 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өгсөн тайлбараас мөн зөрдөг бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар П.Энхтайван Г.Батхуягийн автомашин дотор сууж явж байгаад жолоог нь булааж хашаа мөргөсөн гэдэг нь тогтоогдоггүй учир түүний өгсөн тайлбарыг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Г.Батхуягийн бие махбодид хунд гэмтэл учирсан талаар: Ц.Бямбасүрэнгийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөлд “...миний нөхөр Г.Батхуяг Энхтайван гэгч залууд зодуулан биедээ гэмтэл аван эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэж, Г.Батхуягийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 04 цаг 50 минутад өгсөн тайлбар “...Энхтайван намайг ямар ч шалтгаангүй хэрүүл өдөөд, намайг өмсөж явсан хувцасаар боогоод зодсон юм. Тэгэхээр нь би уурлаад “чи одоо боль л доо” гэсэн чинь миний автомашины түлхүүрийг авч шидээд намайг зодсон юм. Тухайн үед намайг зодох үед Энхтайваны эхнэр хамт байсан юм. Болсон хэргийн талаар бүгдийг харсан. Ингээд би зугтах гэж байгаад автомашинаараа айлын эзэнгүй хашааг дайрсан юм. Тэр үед Энхтайван миний автомашин руу чулуу шидээд миний автомашины зүүн арын хаалганы шилийг хагалсан...” гэж, Г.Батхуягийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газарт өгсөн тайлбарт “...Энхтайван санаатай чулуу шидэж хагалснаас гэмтсэн.., Энхтайван миний автомашины зүүн хойд цонхыг чулуугаар хагалсан, тэр чулуу нь миний толгойн ар дагзанд ойж буугаад толгой хагарсан...” гэж, П.Энхтайваны тайлбар “...Гэтэл Хуягаа ах автомашинаасаа отверка гаргаж ирээд гэдэс орчим бага зэрэг хатгасан. Би түүнийг түлхэж бөгсөн бие, гуя орчимд нь өшиглөсөн..., ...Тэгээд би газарт унаад чулуу аваад шидсэн. Гэтэл Хуягаа ахын автомашины буруу хойд талын цонхыг хагалсан..., ...Бие рүү нь түлхсэн. Мөн бөгсөн биений орчим хөлөөрөө 2 удаа өшиглөсөн...” гэж, П.Энхтайваны сэжигтнээр өгсөн мэдүүлэг “...Батхуяг ах автомашинаасаа буухдаа жолооч талынхаа хаалганы кармаанаас отверка барьж бууж ирээд гэдэсний баруун хэсэгт 2 удаа хатгасан. Намайг хатгахаар нь би Батхуяг ахыг өөрөөсөө холдуулан түлхсэн юм..., Тэгсэн чинь Батхуяг ахын хүргэн ах Нямаа нь ирээд эхлээд автомашины цонхоор гараа оруулаад Батхуяг ахыг цохисон..., би Батхуягийн толгой руу чулуугаар болон өөр зүйлээр юугаар ч цохиогүй...” гэж, П.Энхтайваны яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Би талийгаач Батхуягийн толгой руу чулуугаар цохиогүй. Тухайн үед би автомашинд чирэгдэж унаад Батхуягийн мөргөж унагаасан хашааны хаалган дээр сууж байхдаа хажууд байсан чулууг авч шидэж автомашиных нь зүүн талын арын хаалганы шилийг хагалсан..., ...Надад жолоочийг онох зорилго байгаагүй, автомашины зүүн талын урд хэсгээс чулуу шидэж жолоочийн эсрэг талын буюу зүүн талын хойд хаалганы шилийг хагалсан..., ...Миний бодлоор миний шидсэн чулуу жолоочоос эсрэг тийш хойд хэсэг рүү нь шидэгдсэн, жолоочийг онох боломжгүй, мөн чулуу цонхыг хагалж нэвтрэх явцдаа хурд нь саарч, хүч нь буурна гэж үзэж байна. Тэгэхлээр Батхуягийг онох боломжгүй..., ...Би нэг удаа 1 ширхэг том чулуу шидсэн, өөр чулуу шидээгүй...” гэж, П.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...Би жолоочийн хажуу талын суудлын гадна талаас зуураастай 2-3 хашаа өнгөрч явсан. Тавих гэхээр газар нидэрч унах гээд байсан. Миний талаар гүйдэг төмөр хаалга мөргөөд тэр хаалга нь газар унасан. Тэгээд миний ухаан орж гараад байсан. Батхуяг ах автомашинаа холхиж нааш цааш хөдөлгөөд байсан. Намайг мөргөх гээд байгаа юм болов уу гэж бодоод зүүн гараараа чулуу аваад зүүн талын хаалга хавьцаа шидсэн. Чулуу шидсэний дараа автомашин ухарч шон мөргөсөн..., ...Намайг автомашинд мөргүүлээд сууж байхад Нямаа гарч байсан. Талийгаачийг “яасан их архи уудаг юм бэ” гээд цохиод байсан..., ...Нямаа гэх хүн Батхуягийг чулуугаар цохисон, чулуу шидсэн үйлдэл байгаа..., 8 дугаар сарын сүүлээр талийгаачтай тааралдсан. Ах нь эхнэрээсээ айгаад тийм мэдүүлэг өгсөн гэж хэлсэн..., ...Согтуу автомашин барьж хэрэггүй. Автомашинаа үлдээчих гэж хэлсэн..., ...автомашинд зүүгдэж яваад хашаа мөргөөд унасны дараа чулуу шидсэн..., ....миний шидсэн чулуу шилийг хагалаад доошоо унасан гэж бодож байна..., ...Нямаа гэх хүн талийгаачийг “ямар их архи уудаг юм бэ” гээд дэрийг нь савтал 2 удаа цохисон..., ...чулуу авч шидсэний дараа хөдлөөд явахдаа ухрах гэж байгаад шон мөргөсөн...” гэж, гэрч Ц.Нямаагийн мэдүүлэг “...Намайг очиход Батхуяг автомашинаа хаазлаад нааш цааш нь хөдөлгөж байхад нь би очоод гараа оруулаад жолооноос нь барих гэсэн чинь ухасхийгээд явчихсан. Тэгээд би цаана нь байсан Энхтайван дээр очоод “Та нар яагаад архи уугаад байгаа юм бэ” гээд нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон..., Батхуяг хашааны хаалга мөргөөд зогсоход нь явж очиход Батхуяг согтуу байсан, биенээс нь цус гарсан зүйл анзаараагүй..., ...Энхтайван сууж байсан, ямар нэгэн гэмтэл шарх байсан эсэхийг анзаараагүй..., Энхтайванг Батхуягийн автомашин руу чулуу шидэхийг хараагүй...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганбатын мэдүүлэг “...Батхуяг амьд байхдаа утсаар ярихдаа хүнд зодуулсан гэж хэлээгүй, автомашинтайгаа явж байгаад айлын хашаа мөргөчихлөө гэж хэлж байсан...” гэж, хохирогчийн хууль ёсны телөөлөгч Ц.Бямбасүрэнгийн мэдүүлэг “...18-19 цагийн хооронд манай гудамжинд автомашин сигналдахаар нь гараад очиход талийгаач машинтайгаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь би хашааны том хаалгаа онгойлгоод оруулсан чинь толгойн ар хэсэг, цамц, автомашины суудал, ард суудлын ард байсан майхан нил цус болчихсон байсан. Хашаанд орж ирж зогсоод автомашин асаалттай чигээрээ суудлаа налаад ойчсон..., ...би зодооныг хараагүй..., ...Эмнэлэгт хэвтэж байхдаа “Тайвнаа намайг яахаараа зоддог юм бэ, би их гомдож байна. Би бензин аваад автомашинаараа үйлчилж өгч байна энэнээс илүү яах юм бэ” гээд уйлаад байсан. Тэрнээс яг юугаар яаж цохисон талаар хэлээгүй...” гэж, “...Талийгаачийг зодож, цохиж байгааг харсан хүн байхгүй..., ...2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 хоног эмчлүүлсэн...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...5 хоноод эмнэлэгээс гарсан..., намайг автомашины урд суусан. Чулуу байхгүй байсан..., ...цуг Даваа гэх залуу байсан..., ...манай нөхөр архи уухаараа надаас айна..., ...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Батхуягтай хамт байсан, ...тархиндаа чулуугаар цохиулсан талаараа хэлээгүй..., ...Батхуягийн тархинд учирсан гэмтлийг юунаас болж учирсан гэдгийг би хараагүй болохоор мэдэхгүй байна..., ...баруун суудал тал дээрээ хэвтэж байсан..” гэж, гэрч Н.Оюунчимэгийн мэдүүлэг “...Нямааг явж очиход талийгаач Батхуяг хүчтэй хаазлаад ухрахдаа арынхаа хаалганы төмөр шонг хүчтэй мөргөсөн. Тэр үед Нямаа зогсоох гэж оролдсон. Нямаа чирэгдээд хэсэг яваад аргагүй эрхэнд тавьсан. Тухайн үед аймар хурдтай явсан учраас гараа тавихаас өөр аргагүй болсон. Нямаа уурандаа газраас чулуу аваад араас нь шидэхэд автомашиныг нь оноогүй газар унасан байсан..., ...манай нөхөр очоод Энхтайваныг хамт архи уулаа, согтуу машин барьлаа гэж загнаад зүүн гарынх нь мөр рүү нь нэг цохисон..., ...хашаа мөргөөд зогсоход нь нөхрийн хамт очиход Батхуягийн толгой болон биенд ямарч цус харагдаагүй..., ...тэгэхэд Батхуягийн толгой болон биенээс нь энд тэндээс нь цус гарсан зүйл харагдаагүй..., ...Манай нөхөр Нямаа гүйж очоод Батхуягийг согтуу автомашин барьлаа гээд болиулах гэж баруун гар руу нь хальт цохиж байгаа харагдсан...” гэж, гэрч Г.Халиунаагийн мэдүүлэг “...тэгээд хажуу айлын ах эгч хоёр гарч ирээд хараад зогсож байсан. Цаанаас Батхуяг ахын хадам ах Нямаа, эгч Оюунаа хоёр гарч ирцгээсэн. Нямаа ах уурлан Батхуяг ахыг автомашин дотроо сууж байхад нь “ямар их архи уудаг п.... нар вэ” гээд гараа оруулаад заамдаж аваад цохисон. Тэгэхэд нь Батхуяг ах хойшоо ухарчихсан, ухрахдаа ардаа байсан шонг мөргөсөн. Тэгээд хаазлаад давхиж яваад гэртээ очсон байсан. Батхуяг ахыг явсаны дараа Нямаа ах манай нөхрийг “Та нар яасан их архи уудаг юм бэ” гээд заамдаж аваад нүүр рүү нэг удаа цохисон..., ...Энхтайван автомашинд чирэгдэж яваад унаад босохдоо газраас чулуу аваад шидсэн чинь зүүн хойд хаалганы шилийг цохиж хагалсан..., ...Энхтайван, Батхуяг хоёр бие биенийгээ ямар нэгэн зэвсгийн чанартай зүйлээр цохисон уу” гэхэд “Үгүй, мод чулуугаар цохиогүй, тэр хоёр заамдалцаад түлхэлцээд байсан, юм мөргүүлээгүй. Батхуяг ах Нямаа ахад загнуулчихаад автомашинаа хаазлаад арагшаа ухрахдаа төмөр шонг хүчтэй мөргөчихөөд хөдлөөд гэр рүүгээ явсан. Би Батхуяг ахын эхнэрийн ах эгч нартай нь гэрт нь очиход Батхуяг ахыг 103-ийн түргэний эмч нар ирчихсэн толгойд нь боолт хийж байсан. Тухайн үед толгойноос нь цус гарчихсан байсан. Тэр үед Нямаа ахын эхнэр дүү хоёр нь “наад архичинтайгаа үхсэндээ зууралдаад байдаг юм бэ, автомашиныг нь яах гэж ломбарднаас авч өгсөн юм бэ” гэх зэргээр загнаад байсан...” гэж, гэрч Г.Халиунаагийн дахин мэдүүлэг “...Энхтайван хаалган дээр сууж байсан, тэгээд Энхтайван автомашины зүүн урд хэсгээс чулуу шидсэн, шидсэн чулуу нь автомашины зүүн хойд хаалганы шилийг хагалан дотогш унасан...” гэж, гэрч Ш.Эрдэнэтуяагийн мэдүүлэг “...гэртээ байхад хашааны гадаа хүмүүс маргалдаж, муудалцаж зодолдож байгаа чимээ ерөөсөө сонсогдоогүй, гэр дээр юм буухаар би гарсан...” гэж, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөөгүй П.Энхтайваны насанд хүрээгүй гэрч Э.Энх-Уянга нь шүүх хуралдааны талаар мэдээд ээж Г.Халиунаад Нямаа ах газраас чулуу аваад Батхуяг ахын толгой руу цохиж байсан.” гэж хэлсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ дээр дурдсан мэдүүлгүүдэд үнэлэлт өгөөгүйгээр үл барам Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэнийг нотлоогүй. Өөрөөр хэлбэл П.Энхтайван нь хэдий автомашины зүүн урд талаас зүүн хойд хаалганы цонх руу чулуу шидэж хагалсан боловч тэрхүү чулуу нь хохирогч Г.Батхуягийн толгойны дагзны баруун дээд хэсэгт цохиж гэмтээсэн юм уу, Ц.Нямаа гэгч этгээд Г.Батхуягийг цохихдоо гэмтээсэн юм уу, эсвэл автомашинтайгаа хүчтэй ухрахдаа төмөр шонг мөргөснөөс гэмтсэн юм уу гэдгийг заавал нотлон тогтоосон байх хэрэгтэй юм. Учир нь П.Энхтайван автомашинд мөргүүлээд урд талд нь сууж байхдаа чулуу шидсэний дараа гэрч Ц.Нямаа, Ш.Оюунгэрэл, Г.Халиунаа нар Г.Батхуяг дээр очиход түүний толгой болон бусад газраас цус гараагүй байсан талаар мэдүүлсэн байна. Үнэхээр Ц.Нямаа гэдэг хүн Г.Батхуягийн толгой руу цохихоос өмнө П.Энхтайваны шидсэн чулуу толгойг гэмтээсэн байвал түүний толгойноос их хэмжээний цус гарч жолоочийн суудал их хэмжээгээр цусаар бохирлогдох байсан бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 12457 тоот дүгнэлтэд дурдсанаар тухайн гэмтэл учрах үед амь насанд аюултай гэмтэл байсан гэсэн боловч гэмтэл авсан үедээ автомашинаа барин нааш цааш хөдлөж, 500 орчим метр зайд 1 цаг орчимын дараа гэртээ очсон байгаа зэрэг нь тухайн цаг хугацаанд гэмтэл аваагүй болох нь тодорхой юм. Мөн хүргэн ах Ц.Нямаа нь Г.Батхуягийг автомашинтайгаа явахад чирэгдсэн байдаг бөгөөд аргагүй эрхэнд тавиад араас нь чулуу шидсэн байдаг бөгөөд тухайн автомашинаас Ц.Нямаагийн шидсэн хоёр ширхэг чулуу эд мөрийн баримтаар хураагдсан. Тэрхүү чулуу нь Г.Батхуягийн толгойг гэмтээгээгүй гэсэн ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд харин ч тус хоёр чулуунаас цус илэрсэн болох 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 9024 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл П.Энхтайваны шидсэн гэх 1 дугаартай том чулуунаас огт цус илрээгүй байсан. Тухайн 2 ширхэг чулуу нь 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хийсэн автомашинд нөхөн үзлэгээр хураагдсан бөгөөд тус 2 чулуу нь автомашины жолоочийн эсрэг урд талын зорчигчийн суудлын дор байх хөлний гишгүүр резинэн шалавчин дээр байсан талын зураг. Үзлэгээр уг резинэн шалавч дээр цус огт илрээгүй байтал тус хоёр чулуунд яаж цус хүрэв, тэрхүү хоёр ширхэг чулуу нь П.Энхтайваны насанд хүрээгүй охин Э.Энх-Уянга нь ээж Г.Халиунаадаа Ц.Нямааг газраас чулуу аван Г.Батхуягийг цохиж байсан гэх чулуу байх өндөр магадлалтай юм. Гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх Ц.Бямбасүрэн нь Г.Батхуягийг хашаандаа автомашинтайгаа орж ирээд жолоочийн талын сандлаа налан унасан гэсэн боловч тэрхүү суудлын бүрээст маш жижиг хэмжээний 3-4 цусны толбо байх бөгөөд хажуу талын сандлын бүрээс нь их хэмжээгээр цусаар бохирлогдсон байсан. 500 орчим метр газар толгой нь гэмтэж хагарсан хүн цусаа урсган автомашинаа жолоодож явахад яагаад жолоочийн суудлын бүрээс нь их хэмжээгээр цусаар бохирлогдсонгүй вэ, яагаад хажуу талын суудал нь цусаар их хэмжээгээр бохирлогдсон байна вэ, өөрөөр хэлбэл хохирогч Г.Батхуяг нь гэртээ ирсэн хойноо тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй юм. Хохирогч Г.Батхуяг амьд ахуйдаа хоёр удаа цагдаагийн байгууллагад тайлбар өгсөн байдаг бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр буюу хэрэг болдог өдөр хууль сануулан тайлбар өгөхдөө П.Энхтайванг автомашины зүүн хойд хаалганы шилийг хагалсан тухай л мэдүүлдэг болохоос чулуугаар толгойг гэмтээсэн, эсвэл яаж гэмтэл учруулсан талаар огт мэдүүлээгүй. Мөн тухайн өдөр эхнэр Ц.Бямбасүрэндээ “Тайвнаа яахаараа намайг зоддог юм бэ” гээд уйлаад хэлсэн нь түүнийг согтуурсан үедээ буюу сэтгэл хямрал, хөөрлийн үедээ тэдний хооронд маргалдсан зүйлээ ярьсан мэт байна. Учир нь үнэхээр л П.Энхтайван чулуу шидэж гэмтээсэн юм бол түүнийгээ эхнэртээ болон ах Г.Ганбат, мөн цагдаагийн албан хаагчид тодорхой хэлэх байсан юм. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Энхтайван мэдүүлэхдээ Г.Батхуяг ахтай хэргийн дараа буюу 8 дугаар сарын сүүлээр таарахад “ах нь эхнэрээсээ айгаад худал мэдүүлэг өгсөн, зүгээрээ ах нь зохицуулна” гэж хэлж байсан гэдэг бөгөөд Г.Батхуяг чулуу толгойг нь гэмтээсэн гэж худал хэлсэн нь удаа дараагийн хэрэг бүртгэгчийн тэмдэглэл, мөрдөн байцаагчийн тэмдэглэл зэргээр нотлогдох юм. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөн байцаалтын тэмдэглэлд “...Би дахин 19-ний өдрийн 13 цагт эхнэр рүү нь залгаж асуухад “өглөө очиж байцаалт өгнө гээд явсан, очоогүй юу, Батхуяг нэг газар ажил хийж байгаа, тэгвэл ажил дээрээ байгаа байх, би орой очоод хэлье” гэсэн болохыг тэмдэглэл болгон үйлдэв” гэжээ. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Г.Батхуяг нь эхнэр Ц.Бямбасүрэнгийн хамт Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байдаг. Энэ үед яагаад хохирогч Г.Батхуяг, эхнэр Ц.Бямбасүрэн нар цагдаад үнэн учраа хэлсэнгүй вэ? энэхүү үйлдэл нь анхнаасаа тухайн гэмтлийг П.Энхтайван учруулаагүй байсан болохоор удаа дараа дуудахад очиж хохирогчоор тогтоолгодоггүй байсан учир нь юм. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Г.Батхуягаас Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчин хууль сануулаагүй тайлбар авсан байдаг тул Г.Батхуягийн ярьсан зүйл нь үнэн зөв гэж үзэх боломжгүй бөгөөд түүний өгсөн тайлбар нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс эрс зөрдөг. Дээрх тайлбар нь зөвхөн зам тээврийн осолтой холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болгох үүднээс хэлсэн байх талтай юм.

П.Энхтайваны шидсэн чулуу нь Г.Батхуягийн толгойн дагзны баруун дээд хэсгийг гэмтээх боломжтой эссэх талаар: 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлийн нэмэлтэд “Дагзны баруун дээд хэсгийн хуйханд 3 ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай байв” гэсэн байна. Гэтэл шүүгдэгч П.Энхтайван 2-3 метрийн зайнаас автомашины зүүн урд талаас суугаа байрлалаас зүүн гараараа автомашины зүүн хойд хаалганы цонх руу 400-500 грамм жинтэй шидсэн чулуу нь цонхыг хагалаад автомашины арын суудлыг оноод тэндээсээ ойгоод урагш жолоочийн сандалны дэр болон хамгаалах бүс байрлах багана хоёрын дундуур орж хохирогчийн толгойны дагзны баруун дээд хэсгийг гэмтээн буцаж суудлын дэрийг даван арын суудал хүртэл ойсон мэт байна. Өмгөөлөгч бид 2017 оны 1 дүгээр сард хяналтын прокурорт П.Энхтайваны шидсэн чулуу хохирогчийн толгойд тусах боломжтой эсэхийг тогтоолгох зорилгоор хүсэлт тавихад хүлээн авсан боловч мөрдөн байцаагч 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдөр “туршилт хийх гэхэд 2002 онд үйлдвэрлэгдсэн “Хонда фит” загварын суудлын автомашины зүүн хойд хаалганы өөрийнх нь стандарт хэмжээтэй шил байхгүй, туршилт хийх боломжгүй байв. Орчин цагт Монгол улсад хувийн үйлдвэрүүд автомашины шилийг хийж байгаа ба чанарын хувьд стандартын хэмжээнээс өөр, туршилт хийхэд шаардлага хангахгүй болохыг тэмдэглэл болгон үйлдэв” гэсэн. Гэтэл Монгол улсад Япон улсаас бүх төрлийн автомашины сэлбэгийг оруулж худалдаалж байгаа бөгөөд худалдааны төвүүдэд тухайн шил нь байхгүй тохиолдолд захиалгаар 7 хоногийн дотор оруулж ирэх боломжтой байсан. Энэ нь мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хураагдсан П.Энхтайваны шидсэн гэх чулуугаар арын суудал руу шидвэл хэдий хэрийн зайд ойх, түүнээс жолоочийн суудлын дэрнээс буцаж ойж арын сандал дээр унах боломжтойг туршилтын аргаар тогтоох боломжтой. Үзлэгээр хураагдсан 1 гэх П.Энхтайваны шидсэн чулуу нь автомашины бүхээгт нэгэн чиглэлээр 3-4 удаа ойж хохирогчийн дагзыг онох нь физикийн дүрмээр боломжтой эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох шаардлагатай юм. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 12457 тоот шинжээчийн дүгнэлтэд “хохирогч Г.Батхуягт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнээс мөрдөн байцаагч “Г.Батхуягийн биед учирсан гэмтэл нь суудлын автомашин жолоодож яваад ухрах үйлдэл хийх үедээ шон мөргөснөөс үүсч болох уу” гэхэд “Байрлалын хувьд дагзны хэсэгт буюу толгойн ар хэсэгт, дагзны ясны цөмөрсөн хугарал үүссэн учир дээрх тайлбарлаж асууснаар үүсэх боломжгүй юм. Хэрэв автомашин урагшаа явж байх үедээ юм мөргөсөн бол толгойн урд хэсэгт гэмтэл үүсэх боломжтой.” гэсэн. Шинжээч эмч автомашинтай хүчтэй ухрах үед аливаа нэгэн юмыг мөргөхөөр толгойн ар хэсэг хэзээ ч гэмтдэггүй, харин урагш явж байгаад юм мөргөхөд толгойн урд хэсэг гэмтдэг мэтээр шинжлэх ухааны үндэслэлгүй мэдүүлэг өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчээс ухрах үед юм мөргөхөд хохирогч Г.Батхуягт дээрх гэмтэл үүсэх боломжтой эсэхийг асуухаар мөн л автомашин урд хэсгээр юм мөргөвөл энэ гэмтэл учрах боломж багатай гэсэн байдаг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн Г.Батхуягийг автомашинтайгаа хүчтэй ухрах үедээ хамгаалалтын бүсний баганыг хохирогч мөргөж гэмтэх боломжтой эсэхийг асуухад “хурдаас шалтгаална” гэсэн бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй ч ярианы бичлэгт шинжээч эмч ухрах үед хамгаалалтын бүсны баганыг мөргөж дээрх гэмтлийг авах боломжтойг мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дүгээр тогтоолын тодорхойлох хэсэгт шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “...Талийгаачид учирсан дагз ясны цөмөрсөн хугарал гэмтэл жолоо бариад явж байгаа хүн хүчтэй шон мөргөсөн эсвэл ухарсан үед энэ гэмтлийг авах боломжгүй юм...” гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт огт мэдүүлээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам, арга хэрэгслээр авагдаагүй, цуглуулаагүй нотлох баримтад үндэслэн П.Энхтайваныг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэг дэх “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” үйлдэгдсэн талаар: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зам тээврийн ослыг Улаанбаатар хотын цагдаагийн 3 дугаар хэлтэс хойшлуулашгүй ажиллагаа явуулан 41-12 УБЕ улсын дагаартай “Хонда Фит” загварын автомашины жолооч Г.Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дах заалтуудыг зөрчсөн бөгөөд жолооч Г.Батхуяг, зорчигч П.Энхтайван нар гэмтсэн болохыг тогтоосон байдаг. Гэвч УБХЦ-ийн 3 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Х.Эрдэнэтуул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2 дахь хэсэгт “...бие махбодид учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтоох” гэж заасны дагуу Г.Батхуяг, П.Энхтайван нарын бие махбодид учирсан гэмтлийг заавал тогтоох ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Г.Батхуягийн тархинд учирсан гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтойг тогтоож чадаагүй, бөгөөд П.Энхтайванд учирсан гэмтлийн зэргийг тухайн үед тогтоосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх ёстой байсан юм.

Хохирогчийг зөв тогтоож чадаагүй улмаас Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдсөн талаар: Энэхүү эрүүгийн хэрэг нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр болсон бөгөөд Г.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өгсөн тайлбартаа “П.Энхтайван миний автомашин руу чулуу шидээд миний машины зүүн арын хаалганы шилийг хагалсан” гэж хэлсэн байх бөгөөд тэрхүү чулуу нь тархийг нь онож гэмтээсэн талаар огт мэдүүлээгүй. Ингээд Г.Батхуяг нь огт цагдаагийн газар гомдол гаргаж байгаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөөгүй байтал хууль зүйн үндэслэлгүйгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Ганбат гэгч этгээдийг тогтоосон боловч түүний мэдүүлэгт Г.Батхуяг нь автомашинтайгаа явж байгаад айлын хашаа мөргөж гэмтсэн гэж хэлсэн гэдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт хохирогчийн эрхийг гэмт хэргийн улмаас нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон хүний гэр бүлийн гишүүн эдлэхээр заасан боловч Г.Батхуяг нь уг гэмт хэргийн улмаас амь насаа алдаагүй нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Г.Батхуяг нь тухайн гэмтлээ П.Энхтайван учруулсан талаар мэдүүлж байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудад П.Энхтайваны шидсэн чулуу Г.Батхуягийг гэмтээсэн гэсэн нэг ч мэдүүлэг, баримт байхгүй. Г.Батхуяг нь тархинд үүссэн гэмтлийг хэзээ, хаана, яаж авсанаа мэдүүлээгүй байхад хэн нэгэн нь өмнөөс нь П.Энхтайван учруулсан мэтээр ярих нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд мөрдөн байцаагч, прокурор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахихыг үүрэг болгосон бөгөөд хэрвээ дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохоор журамласан байдаг. Гэвч тухайн гэмт хэргийн улмаас нас бараагүй хүнийг төлөөлөн хохирогчоор хэргийн нарийн учрыг мэдэхгүй хүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрвээ тухайн хэрэгт зайлшгүй шаардлагатай хохирогч нь байхгүй тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу хэргийг түдгэлзүүлэх ёстой байдаг.

2. Шүүгдэгч П.Энхтайван нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хуурай ах Г.Батхуягийг согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож болохгүй гэж хууль ёсны шаардлага тавьж түлхүүрийг нь сугалан хажуу айлын хашааг нь давуулан шидээд, жолоочийн эсрэг талын хаалганы гаднаас юм яриад зогсож байтал Г.Батхуяг нь гэнэт хөдлөн П.Энхтайваныг чирч 3 айлын хашааг нидрүүлэн чирж явж, эзэнгүй айлын хашааны төмөр хаалгыг мөргөн зогссон. Энэ үед нь П.Энхтайван автомашины урд хашааны хаалган дээр унаж гэмтсэн бөгөөд Г.Батхуяг нь дахин хөдөлж мөргөх аюул үүссэн үед айж сандарсан П.Энхтайван согтуу жолоочийг машинаас буулгаж аюулгүй болгохын тулд автомашины зүүн хойд талын хаалга руу чулуу шидсэн байдаг. Өөрөөр хэлбэл түүний чулуу шидсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг хангахгүй байх бөгөөд санаатайгаар Г.Батхуягийг гэмтээх зорилгоор чулуу шидээгүй юм. Үнэхээр Г.Батхуягийн эрүүл мэндэд хор хохирол учруулах зорилгоор үйлдэл хийх байсан бол түүний автомашины урд шил рүү чулуу шидэх ёстой байсан юм. Мөн анхан шатны шүүх П.Энхтайван автомашин руу чулуу шидсэнээс хохирогчид гэмтэл учруулах боломжтойг урьдчилан мэдсэн, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрвээ П.Энхтайваны шидсэн чулуу нь хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдсон бол түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг байж болох юм. Учир нь П.Энхтайван автомашины зүүн урд талаас зүүн гараараа чулуу шидэж зүүн хойд талын цонхыг хагалсан нь хохирогчид гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжгүй буюу тэрхүү чулуу нь цонхыг хагалаад арын суудлыг оноод жолоочийн сандал дээр сууж буй хүнийг цохино гэж тооцоолох ямар ч боломжгүй юм. Харин чулуу нь түүнийг ямар ч тохиололд онохгүй гэж хөнгөмсгөөр найдсан байж болох юм. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нэг бүрчлэн нотлоогүй буюу тархины дагзны баруун дээд хэсэг дэх хугарал нь яг хэзээ, ямар үйлчлэлийн улмаас /том чулуу, жижиг чулуу, хамгаалалтын бүсний хэсэг, Нямаагийн цохилт/ яаж учирсан болохыг тогтоогоогүй бөгөөд тухайн гэмтлийг ямар ямар нотлох баримтаар П.Энхтайван учруулсан болохыг нэг мөр шалган тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 129 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Энхтайванд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Ялтан П.Энхтайваны өмгөөлөгч Б.Лхагвацэрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудыг бүхэлд нь хянаж , хооронд нь харьцуулан шинжлэн судлаж, хэрэгт хамааралтай талаас нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлээгүй, хэт өрөөсгөл байдлаар үнэлж, “чулуу ойж оносон” гэсэн таамаглалд үндэслэснээс болж шүүх Энхтайваны гэм буруутай эсэх асуудалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх дараах үндэслэл нотлогоо байна.

1. Хэргийн 06-08 талд буй хохирогч Батхуягийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өгсөн тайлбартаа “Би автомашинаараа айлын эзэнгүй хашаа дайрсан юм. Энэ үед Энхтайван миний автомашин руу чулуу шидээд, миний автомашины зүүн хойд хаалганы шил хагалсан. Би болсон хэрэгт гомдолтой байна” гэж мэдүүлжээ. Энэ тайлбартаа хохирогч Батхуяг нь Энхтайван өөр рүү нь бус автомашин руу нь чулуу шидсэн, шидсэн чулуу нь автомашины зүүн хойт хаалганы шилийг л хагалсан талаар гомдол мэдүүлсэн байх бөгөөд энэ тайлбар мэдүүлэгт Энхтайваны автомашин руу нь шидсэн чулуу нь өөрийнх нь толгойг онож гэмтээсэн талаар нэг ч үг хэлээгүй байх бөгөөд, уг тайлбарыг авахдаа мөрдөн байцаагч Энхболд хохирогчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийг тайлбарлан өгч, зориуд худал мэдүүлэг өгөхгүй байхыг сануулж, гарын үсэг зуруулж, баталгаажуулж авсан байх тул хууль ёсны дагуу бэхжүүлсэн, анхдагч нотлох баримт гэж үнэлэх боломжтой юм. Харин хохирогч дээрх тайлбарыг өгсөнөөс хойш хэд хоногийн дараа 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэгч Эрдэнэтуулд өгсөн тайлбартаа “Энхтайван зүүн хойд хаалганы цонхыг хагалсан, тэр чулуу нь миний ар дагзанд ойж буугаад, толгой хагарсан” гэж өмнөх тайлбар мэдүүлгээ өөрчилсөн байх бөгөөд энэ тайлбарыг авахад ямар нэг хууль сануулалгүй өгөгдсөн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, тэгээд ч энэ тайлбартаа худлаа мэдүүлсэн болох нь “Би автомашинаа асаагаад хөдөлтөл Энхтайван урд суудалд сууж байгаад жолоо булааж, зүүн гар тийш дарж, эзэнгүй айлын хоосон хашаа мөргөөд зогссон” гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн энэ мэдүүлэг худлаа, тухайлбал Энхтайван хажуугийн суудалд нь сууж байгаад жолоог булаалдсан бус харин зүүн урд цонхоор нь толгойгоо хийж хаалганаас нь зуурч чирэгдэж явсан болохыг Энхтайван, гэрч Халиунаа, гэрч Нямаа, гэрч Эрдэнэтуяа нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул хохирогч сүүлийн тайлбартаа худлаа мэдүүлсэн болох нь нотлогдож байгаа юм. Иймд хохирогчийн нотлогдоогүй худлаа өгсөн тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

2. Энхтайваны шидсэн чулуу, хохирогчийн дагзанд учирсан гэмтэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал: Энхтайван “Би автомашины зүүн талын урд хэсгээс чулуу шидэж, жолоочийн эсрэг талыг буюу зүүн талын хойт хаалганы шилийг хагалсан Миний шидсэн чулуу жолоочоос эсрэг тийш, хойд хэсэг рүү шидэгдсэн, жолоочийг онох боломжгүй” гэж мэдүүлсэн, гэрч Халиун “миний харсанаар талийгаач Батхуяг айлын хашааны хаалга мөргөөд зогссон, тэр үед хаалга нь нураад уначихсан. Энхтайван тэр хаалган дээр сууж байсан. Тэгээд Энхтайван автомашины зүүн урд хэсгээс чулуу шидсэн. Шидсэн чулуу нь машины зүүн хойт хаалганы шилийг хагалан дотогш унасан” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, автомашинд хийсэн нөхөн үзлэгээр “автомашины зүүн хойд хаалганы шил хагарч, бутран шал болон арын суудал дээр шилний үйрмэг нь унасан байдалтай байсан, автомашины арын суудлын баруун үзүүрт хаалган талд 13.5x9х6,5 хэмжээтэй саарал өнгөтэй барзгар чулуу байсан” талаар тэмдэглэгдсэнээс үзэхэд Энхтайван чулуу шидэх үедээ автомашины зүүн урд нь байсан, шидсэн чулуу нь автомашины зүүн хойд шилийг онож хагалсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь шидсэн чулууны тусгалын чиглэлийг зүүн урдаас, зүүн хойш чиглэлтэй шидэгдсэнийг нотлосон байна. Гэтэл Батхуяг нь автомашин жолоодож явсан, баруун урд талын суудал дээр сууж байсан байх тул Энхтайвны зүүн урдаас, зүүн хойшоо шидсэн чиглэлд шидэгдсэн чулуу өөрийн чиглэлээ өөрчилж, түүнийг онох ямарч боломжгүй юм. Энхтайван нь нэг удаа 1 ширхэг том чулуу шидсэн болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Батхуяг, гэрч Халиунаа нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэргийн газрын нөхөн үзлэгээр автомашины зүүн урд суудлын доороос 2 ширхэг чулуу, арын баруун хойт суудал дээрээс 1 том чулуу илрүүлж хураан авсан байдаг. Энэ 3 чулууны зүүн урд талын 2 жижиг гэх чулууг Энхтайван шидсэн байх боломжгүй бөгөөд харин баруун хойт суудал дээр байсан том чулуу гэх чулуу нь Энхтайваны шидсэн чулуу байж болох магдлалтай юм. Хэрэв энэ чулуугаар хохирогчийн дагзанд цохигдсон бол чулуунд хохирогчийн дагзны дотогшоо язарсан шархны цусаар будагдсан ул мөр үлдэх ёстой. Гэтэл энэ чулуунд хэргийн газрын үзлэгээр болон 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 6024 дугаартай биологийн шинжээч Бямбадоржийн дүгнэлтээр илрээгүй, тухайлбал шинжээчийн дүгнэлтэнд “1” гэж дугаарласан автомашинаас хураан авсан гэх 13.5x6x9.5 хэмжээтэй чулуун дээр цус илрээгүй, харин 7x3.5, 7x5.5 хэмжээтэй 2 чулуунаас цус илэрсэн” гэжээ. Энэ дүгнэлтээр Энхтайвны шидсэн гэх том чулуунаас нь ямар нэг цусны ул мөр илрээгүйг нотлосон бөгөөд энэ нь энэ чулуугаар хохирогчийн дагзанд цохигдож гэмтэл учраагүйг нотлож байна. Энхтайвны шидсэн чулууны шидэгдсэн чиглэлээр нь авч үзвэл шууд хохирогчийн дагзыг онох боломжгүй бөгөөд хохирогчийг ойж оносон гэж мэдүүлсэн хохирогчийн нотлогдоогүй, үндэслэлгүй таамаглалыг шүүх үнэлж, гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь уг чулуу нь шороотой газар ил байсан шороо тоосоор бохирлогдсон, том хэмжээний чулуу учир ойх хэмжээнд цохигдсон бол цохигдож ойсон газарт нь тоос шороо болон цохилтын ул мөр үлдэх ёстой. Гэтэл автомашинд хийсэн нөхөн үзлэгийн тэмдэглэлд “Суудлын автомашины дотор талын 2 ширхэг багана, дээвэр, салон зэрэгт ямар нэгэн цохилтын ул мөр байгаа эсэхийг үзэхэд ямар нэг ул мөр илрээгүй болно” гэжээ. Энэ нь арын суудлаас хурааж авсан том чулуу машины ямар нэг эд ангийг онож ойгоогүй болохыг нотлож байгаа бөгөөд тэгээд ч хохирогч урагшаа хараад автомашин жолоодож байсан хүн ард нь чулуу ойж байгааг харсан, мэдсэн байх боломжгүй. Мөн автомашины хальс наасан цонхыг оноход чулууны хүч саарах учир цаана нь юм онолоо гэхэд эсрэг тал руу хүчтэй ойх боломж үгүй тул Энхтайваны шидсэн чулуу цонх хагалаад, ойж оносон гэдэг мэдүүлэг нь нотлогдоогүй байхад шүүх хохирогчийн ташаа таамаглалд үндэслэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Энхтайван нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “Надад жолоочийг онох зорилго байгаагүй” гэж мэдүүлсэн нь түүнд бусдыг чулуугаар онож гэмтэл учруулах гэсэн санаа зорилго байгаагүйг нотлосон байна.

3. Шүүх зарим баримтыг хэт нэг талыг барьж, Энхтайваныг буруутгах гэсэн өрөөсгөл байдлаар үнэлсэн. Энэ нь дээрх үндэслэл нотлогоо баримтуудаар болон шийтгэх тогтоолын 7 дахь талд гэрч Халиунаагийн мэдүүлгийг үнэлэхдээ “...автомашины зүүн хойт хаалганы шилийг цохиж хагалсан... тухайн үед толгойноос нь цус гарчихсан байсан” гэжээ. Гэтэл Халиуны дээрх мэдүүлэгт сүүлд нь хохирогчийн гэрт нь очиход эмч ирчихсэн үзэж байсан, тэр үед нь толгойноос нь цус гарчихсан байсан талаар мэдүүлсэн байхад шүүгч чулуугаар шидсэн үед нь хохирогчийн толгойноос цус гарчихсан байсан мэтээр ойлгогдохоор бичиж түүнийгээ гэм буруутайн нотолгоо болгож үнэлсэн нь хэт нэг талыг барьж буйг нотлож байна. Дээрх үндэслэл нотлогоо баримтуудаар Энхтайваны үйлдлээс болж хохирогч Батхуягийн дагзанд хүнд гэмтэл учирсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдоогүй, гэм буруутай нь эргэлзээтэй, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив болон обьектив талын бүрэлдхүүн байхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялтан П.Энхтайваныг цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Г.Батхуяг гэртээ орж ирээд ухаан алдаад унахад нь би юу ч хөдлөгөөгүй түргэн тусламж дуудсан. Араас Г.Халиун ирээд “автомашиныг чинь замын цагдаагийн автомашин ачих гээд ирсэн байна, юмаа сулла” гэж хэлсэн. Хараагүй болохоор сайн мэдэхгүй байна.” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Нямаа тухайн үед өөрийн эхнэр Н.Оюунчимэгтэй хамт байхад нь гадаа чанга чимээ гарахаар гарч ирсэн. “Ц.Нямаа жолоочийн талаас нь зуураад талийгаач хүчтэй ухараад явахдаа намайг чирсэн унасан. Чулуу аваад шидсэн боловч оноогүй, ойгоод газар унасан” гэж гэрч Н.Оюунчимэг мэдүүлдэг. Харин талийгаачийг зодоогүй, хойшоо ухраад яваад өгсөн учраас толгойноос нь цус гарсаныг хараагүй гэдэг. Чулууны шидсэн ойлтоос болсон гэх үндэслэлээр ялласан зүйл байхгүй, зөвхөн талийгаачийн амьд байхдаа өгсөн тайлбар байдаг. Шинжээчийн дүгнэлтээр П.Энхтайваны шидсэн чулуунаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэдэг. Дагз ясны цөмөрсөн хугарал нь автомашины бүхээгт үүсэхгүй. Автомашин мөргөлдөх, эд анги салсан, онхолдсон үед үүсэх боломжтой болохоос хэзээ ч хүчтэй хаазалсан, хойшоо мөргөсөн, донсолсноос үүсэх боломжгүй гэж дүгнэсэн. Боломжтой байж магадгүй гэсэн эргэлзээтэй нэг ч өгүүлбэр хэлээгүй. Хэргийн газраас 3 чулуу хураагдсан. Том чулуу нь жолоочийн ард талын суудлаас, харин урд талаас 2 жижиг чулуу олдсон.  Хэрэг болдог өдөр буюу 14 цагийн үед хохирогч Бямбасүрэн талийгаачийн автомашинаас гэрийнхээ гадаа буусан. Тэгээд П.Энхтайвантай хамт талийгаач явсан. Тэгэхэд урд талд суугаад буухад ямар нэгэн чулуу байгаагүй гэж хэлсэн. Үүнээс хойш Г.Батхуяг, П.Энхтайван 2 архи уугаад сууж байсан. Тэгээд энэ хүмүүсийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэдэг нь 20.000 төгрөг гаргалаа, би автомашинаа гаргаж байхад гээд маргаан болсоныг гэрч Г.Халиун харсан. Гэрч Г.Халиун тухайн хэргийг харж байгаа гэрч боловч тэр нь П.Энхтайваны ар гэрийн хүн. Г.Халиуны мэдүүлгээр 1 удаа чулуу шидсэн гэдэг нь нотлогдож байна гэж ярьдаг. Гэтэл тэр 2 хүмүүсийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн. Энэ болсон үйл явдал 10 гаруй минутын дотор үргэлжилсэн. Хэрэг болсон газраас талийгаачийн гэр хүртэл 300-400 метрийн зайтай 10 минут явдаг. Араас нь Г.Халиун, Н.Оюунчимэг нар очиж автомашиныг нь ачуулсан. Чулуу шийдсэн нь шалтгаант холбоотой. Ойсон гэж яриад байгаа нь бусад мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч П.Энхтайванд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэт хийгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч …шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.6 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн/, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг дутуу шалгасан байна.

Хохирогч Г.Батхуягийн биед учирсан “дагз ясны цөмөрсөн хугарал” гэмтэл хохирогчийг ямар байрлалд байхад П.Энхтайван чухам ямар үйлдэл хийсний улмаас, хатуу мохоо зүйл /чулуу гэх мэт/-ийн хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан болох, 41-12УБЕ улсын дугаартай “Хонда” загварын автомашинаас эд мөрийн баримтаар гурван ширхэг чулууг хурааж авсан байхад шүүгдэгч болон гэрчүүд чухам ямар учраас “Нэг удаа чулуу шидсэн” гэж мэдүүлж байгаа, уг гурван ширхэг чулууны чухам алингаар хохирогчийн биед гэмтэл учруулсан эсэх, мөн П.Энхтайван нь чулуу шидсэний улмаас хохирогчийн биед гэмтэл учирсануу, эсхүл чулуугаар цохисны улмаас гэмтэл учруулсан чухам аль нь болохыг мөрдөн байцаалтаар зайлшгүй шалгаж, тодруулах нь зүйтэй.

Иймд ялтан П.Энхтайван, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудын “Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулах” талаар гаргасан зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурьдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Энхтайванд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол П.Энхтайванд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                Ц.ОЧ