| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 159/2023/0002/З |
| Дугаар | 001/ХТ2025/0089 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2025/0089
Б.О*****-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн
М**** сумын Засаг даргын Тамгын газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 159/ШШ2025/0048 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2025/0341 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0339 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Б.О**** (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э**** нарыг оролцуулан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Б.О****-аас Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “иргэн Б.Д****-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд тус М**** сумын *** 4-р багийн оршин суугч Б.Д****-ын малын тоо (үхэр) 2016 онд 7, шилжиж ирсэн 6, нийт 13 үхэртэй гэж бүртгэгджээ.
3.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1/в, 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан Б.О*****-ын Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “иргэн Б.Д****-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 159/ШШ2025/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1.в, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О*****-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Б.Д****-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан байна.
5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0339 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Гуравдагч этгээд Д.И****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э**** магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.1.Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтуудыг өөр өөрөөр тайлбарлан, хуулийн заалтыг зөрүүтэй хэрэглэн, хэргийн шийдлийг эсрэг гаргасан. Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтуудыг буруу тайлбарлан, маргаан бүхий актыг илт хууль бус гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
6.2.“Утга агуулгын илэрхий алдаатай” гэдэг нь тухайн захиргааны актыг хэн ч харсан шууд хараад хуульд нийцээгүй гэдэг нь дүгнэж болохуйц байхыг шаарддаг бөгөөд гэтэл талийгаач иргэн Б.Д****-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь тухайн ондоо сум, аймаг, улсын мал тооллогын дүнд орж, мал тооллогыг зохион байгуулах шат шатны байгууллага, албан тушаалтан бүртгэлийг баталгаажуулсан байдаг, эндээс утга агуулгын илэрхий алдаатай мал тооллогын бүртгэл байгаагүйг бүрэн илэрхийлнэ.
6.3.“Түүнийг бодит нөхцөлд байдалд биелүүлэх биелүүлэх боломжгүй” гэдэг нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, хэнд хандсан нь тодорхойгүй, хэн хэрхэн биелүүлэх, хүсэж буй хууль зүйн үр дагавар зэрэг нь тодорхойгүй үүргийг ногдуулсан байхыг хэлдэг.
6.4.Гэтэл мал тооллогын бүртгэл нь талийгаач иргэн Б.Д****-д хамаатай, тухайн мал тооллогын бүртгэлийн зорилго нь сум, аймаг, улсын мал тооллогын дүн гаргахад чиглэгдэж, Статистикийн тухай хуульд заасан хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг, уг 2017 оны бүртгэл нь Б.О****-т ямар нэгэн үүрэг ногдуулсан зүйлгүй бөгөөд эдгээр мал нь Б.О*****-ын эзэмшил, хамгаалалтад байгаа тавиул мал гэсэн мал тооллогын бүртгэл биш.
6.5.Давж заалдах шүүх маргаан бүхий актыг яагаад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан гэж дүгнэж байгаа талаараа нэг ч үг, өгүүлбэрийг магадлалдаа тусгаагүй. Гэрч С.Г****-ын мэдүүлэг үнэн зөв эсэх болон хэрэгт ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй бөгөөд үнэн зөв эсэхийг бусад нотлох баримтаар нотлох үүргээ шүүх хэрэгжүүлээгүй. 13 толгой үхэр 2017 онд Сэлэнгэ аймгийн М**** сумын Х**** багт тоолуулсан тухай тооллогын бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. ... Б.Д**** нас барах үед хэдэн үхэртэй, тэр үхэр нь хаана хэнд эсэхийг ганцхан 2017 оны мал тооллогын дүнг үндэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд өөр бусад нотолгооны хэрэгслээр тогтооно.
6.6.Хариуцагч нь 8 жилийн өмнө, өөрсдийн зохион байгуулсан мал тооллогын дүн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг дэмжиж хүлээн зөвшөөрч байгаа гэсэн тайлбар гаргаж байгаа нь төрийн албаны зарчимд үл нийцэх, талийгаач хүний улсын мал тооллогын дүнд нэгэнт орж зарлагдаж хүчин төгөлдөр болсон малын тооллогын бүртгэлийн үндэслэлгүйгээр хүчингүй болгуулах ноцтой үйлдэл.
6.7.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргасан, харин хариуцагчийн зүгээс аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
9.Хэрэг авагдсан баримтуудаар, Б.О**** нь өөрийн төрсөн ах болох Б.Д****-ын малыг малладаг; Сэлэнгэ аймгийн М**** сумын 2016 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд иргэн Б.Д****-ын нэр дээр 7 үхэр, 2017 оны жилийн эцсийн бүртгэлд 13 үхэр гэж бүртгэгдсэн; Б.Д**** нь 2018 онд нас барсан; мал тооллогын бүртгэл хариуцсан багийн мэргэжилтэн С.Г**** нь шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ “тооллогын хугацаа дуусах гэж байсан тул бодитой тооллого хийлгүй, баримжаагаар тоо бичсэн, техникийн алдаа гаргасан” гэж тайлбарласан, мөн хариуцагч захиргааны байгууллага уг 2017 оны мал тооллогын (Б.Д****-д холбогдох) бүртгэлийн алдааг хүлээн зөвшөөрсөн үйл баримтууд тогтоогдсон байна.
10.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
11.Дээрх маргаан бүхий захиргааны байгууллагын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд иргэн Б.Д****-ын нэр дээр 13 үхэр гэж бүртгэгдсэнээр түүний хүү болох гуравдагч этгээд Д.И****-т 13 үхэр өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон буюу тухайн иргэнд мал өмчлөх, өв залгамжлах баримт болж ашиглагдсан бөгөөд энэ утгаараа уг захиргааны байгууллагын бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзнэ. Учир нь, уг бүртгэл нь ердийн статистик тоо, мэдээлэл биш, харин нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн тодорхой этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа байна.
12.Гэтэл анхан шатны шүүх “... Б.Д*****-ын мал бүртгэлээс шалтгаалж Б.О****-т 13 үхэр гуравдагч этгээд Д.И****-т өгөх үүрэг шууд бий болоогүй” гэж дүгнэсэн нь буруу.
13.Статистикийн үйл ажиллагаанд “мэдээлэл үнэн, бодитой байх” зарчмыг баримтлах талаар Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр зохицуулсан бөгөөд Үндэсний статистикийн хороо “мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд” тооллого, судалгаа явуулахаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн в-д тусгажээ.
14.Мөн суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэхээр Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааж, бүх шатны Засаг дарга статистикийн мэдээллийн талаар “албан ёсны статистик мэдээллийн үнэн зөв байдалд тогтмол шалгалт хийж, түүний бодит байдлыг хангах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 3-т тус тус хуульчилсан байна.
15.Хэрэгт авагдсан, Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын 2017 оны 422 дугаар захирамжаар тус сумын 2017 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллогыг зохион байгуулж, явуулах ажлын хэсгийг байгуулж, мал тэжээвэр амьтдыг нүд үзэн зөв тоолж, малын гар картыг нарийн хөтлөх, тавиул малыг гар картаар тоолж, тухайн тавиул мал тоолуулсан малчнаар гарын үсэг зуруулах зэрэг үйл ажиллагаа явуулах журмыг баталжээ.
16.Хариуцагчаас 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хууль, холбогдох журамд заасны дагуу үнэн зөв, бодитойгоор тоолж бүртгээгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй, техникийн алдаа гаргасан талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2017 оны мал тооллогын бүртгэлийг 2016 онд бүртгэгдсэн 7 мал (үхэр)-ын тоон дээр 6 үхрийн тоог нэмж, 13 гэж бүртгэсэн бүртгэл нь Статистикийн тухай хууль, холбогдох журмын дээрх заалтуудыг зөрчжээ.
17.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь агуулгын хувьд илэрхий алдаатай болохыг эрх зүйн суурь мэдлэггүй байсан ч хуульд нийцсэн байх боломжгүй гэж дүгнэлт хийх чадвартай жирийн дундаж иргэн харахад илэрхий тодорхой[1] байгаа тохиолдлыг илт хууль бус гэж үзнэ.
18.Энэ тохиолдолд, хариуцагчаас 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийн үйл ажиллагааг явуулахдаа үнэн зөв, бодитой байх зарчимд нийцүүлээгүйн зэрэгцээ бодит байдалд нүд үзэн малын тооллого хийж ажиллагаа явуулалгүйгээр бодит байдалд огт байхгүй малыг байгаа мэтээр бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
19.Гэтэл анхан шатны шүүхээс “... иргэн Б.Д****-ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн М**** сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал бүртгэл нь холбогдох журам, хуулийг зөрчсөн боловч энэ нь бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаас илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл биш, малын тоог 7 үхэр дээр 6 үхэр нэмж бүртгэснийг шууд хараад ингэж бүртгэх боломжгүй гэж үзэхээргүй, энэ нь утга, агуулгын илэрхий алдаатай актын шинжийг хангахгүй” гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
20.Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч Б.О*****-ын гэр бүл Сэлэнгэ аймгийн Х*** суманд отроор явсан, М**** суманд байгаагүй, мал тоолох ажлын хэсэгт түүний малыг нүдээр үзэж тоолоогүй, атлаа тоолсон мэт илт худал тоо тавьсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна, ... мал тооллого үнэн зөв, бодитой явагдаагүй, ... илт хууль бус актын улмаас нэхэмжлэгчид шууд үр дагавар үүсгэсэн ...” гэж дүгнэн, мал тооллогын бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бус акт үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
21.Харин давж заалдах шатны шүүх “2016 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд 7 үхэр гэж бүртгэгдсэнээс хойш үхрийн тоо толгой нэмэгдсэн талаар баримт байхгүй, 2017 онд нэмж бүртгэгдсэн 6 үхэр бодит байдалд байхгүй, бодит байдалд биелүүлэх боломжгүй ...” гэж дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх нөхцөлд хамааруулсан нь тодорхойгүй, энэ талаар дүгнээгүй нь буруу, энэ агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2025/0341 дүгээр магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1.в, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д” гэснийг “... Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 5 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн в, 11 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ
[1] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, анхны хэвлэл, х.216-217, (2017).