| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 313/2025/00138/И |
| Дугаар | 203/МА2025/00036 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 203/МА2025/00036
2025 оны 08 сарын 06 өдөр Дугаар 203/МА2025/00036 Даланзадгад сум
С.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 313/ШШ2025/00233 дугаар шийдвэртэй,
С.*******гийн нэхэмжлэлтэй,
Н.*******д холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,941,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Н.******* нь миний нүүр хэсэгт цохин хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул эмчилгээний зардалд нийт 6,941,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Би С.*******г зодож цохиогүй тул энэ нэхэмжилсэн 6,941,500 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******гаас 5,050,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,891,300 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,014 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 95,753 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3, 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Н.*******гийн давж заалдах гомдлын агуулга:
Миний бие Н.******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр С.*******ий нүүр хамар хэсэг рүү цохиж, зодон эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулаагүй тул 5,050,200 төгрөгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө С.******* болон Ж.******* нарын хоорондын үл ойлголцол маргаанаас үүдсэн хэсэг бүлэг хүмүүсийн дунд зодоон цохион үүссэн. Миний бие С.*******, Ж.******* нарын зодооныг зогсоох гэж оролдсон боловч С.******* болон хэсэг бүлэг хүмүүс Ж.******* болон *******ыг зодон гэмтэл учруулсан учир миний бие Ж.*******, ******* хоёрыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн газар хүргэж өгсөн. Гэвч Ж.*******, ******* нар нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ өөрсдөө унаж бэртсэн, мөн Н.******* намайг С.*******г зодсон гэж миний эсрэг худал мэдүүлэг өгсөн болно.
Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 313/ШШ2025/00233 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн үнэн зөвийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.*******г цохиж зодоогүй учраас энэ төлбөрийг төлөхгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд би оролцсон ба гарсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан зүйл байхгүй учраас сайн ялгаж салгаж ойлгохгүй байгаа гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд 6,941,500 төгрөгийг хариуцагч Н.*******гаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.******* нь би С.*******г огт зодоогүй тул дээрх зардлыг төлөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Н.*******гаас 5,050,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,891,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Н.******* эс зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол хэрэгт авагдсан байна.
Дээрх шийтгэх тогтоолын хохирол төлбөрийн талаарх дүгнэлтэд: шүүгдэгч Н.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******д хамар, ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. С.*******гийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээжээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.
2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн боловч нэхэмжлэгч С.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хамар ясны хугарал болон таславч тэгшлэх хагалгаанд орсон 4 хоног УБ Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 4,599,000 төгрөг, хагалгааны өмнөх шинжилгээний зардалд 451,200 төгрөг тус тус нэхэмжилсэн ба эм, эмчилгээний зардалд нийт 5,050,200 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан УБ Сонгдо эмнэлгийн баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 13-20 дугаар тал/
Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд нэхэмжлэгчийн хамрын ясанд гэмтэл учруулсан үйлдэл нь С.*******гийн эмнэлэгт хэвтэн хамрын хагалгаанд орж эмчлүүлсэн үйл баримттай шалтгаант холбоотой байх тул хариуцагч нь С.*******гийн УБ Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардлыг нотлох баримтын хэмжээнд хариуцан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.
Хариуцагч Н.******* нь Би С.*******г цохиж зодоогүй учир түүний нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй гэх боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болох шүүхийн шийтгэх тогтоолоор түүний гэм бурууг нотолсон, тэрээр тус шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд хариуцагч Н.******* нь гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,753 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Н.*******гийн шийдвэрийг хүчингүй болгох давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 313/ШШ2025/00233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,753 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА