Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 203/МА2025/00037

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 13 өдөр Дугаар 203/МА2025/00037 Даланзадгад сум

 

 

 

М.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ2025/00142 дугаар шийдвэртэй, М.*******ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох

 

Өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 

...Нэхэмжлэгч М.******* нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/99 тоот тушаалаар *******-ийн санхүү, хөрөнгө оруулалтын газарт ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл түүнийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зөрчил, дутагдал гаргаагүй байхад *******-ийн гүйцэтгэх захирал Д.Артаг нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/301 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогчоос халагдах өргөдлөө хурдан өг, ажлаасаа хурдан гар гэх мэтээр дарамт, шахалт үзүүлж мөн худал хэлж халагдах өргөдөл хүчээр бичүүлж авсан.

Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсон, 80 дугаар зүйлийн 80.1.3-д ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол гэсэн хоорондоо хамааралгүй, эсрэг 2 үндэслэлээр тушаалыг гаргасан ба аль аль үндэслэл нь бодит байдал дээр үүсээгүй юм.

Ажил олгогч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар албан тушаал, ажил үүргээс нь холдуулах санаа зорилготой байсан ба санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын албан үүргээс чөлөөлж, дарамт, шахалт үзүүлсээр 2 сарын дараа ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халсан.

*******-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдөх ёстой албан тушаалтан юм. Гэвч төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр гүйцэтгэх захирал нь өөрөө шийдвэр гаргаж, цаашид хамтран ажиллах хүн биш гэх тайлбар хэлж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаа хэлсэн.

Өмнө энэ асуудлаар нэхэмжлэл гаргахад шүүхээс хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгч нь ар гэрт нь тохиосон хүнд гарз, хүндэтгэх шалтгааны улмаас уг асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах, хөөцөлдөх боломжгүй байсан ба Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хандаж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 144/Ш32024/00117 дугаартай захирамжаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах хугацааг сэргээсэн.

Уг захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэсэн боловч *******-д маргаан таслах комисс байхгүй, тэр тухай албан тоотоор хариу өгөөч гэсэн боловч огт хариу өгөөгүй. Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна.

М.*******ын сарын үндсэн цалин нь 4.550.000 төгрөг бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарыг хүртэлх нийт 17 сарын хугацаанд ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2-т 'хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан" гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Тиймээс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул өмнө эрхэлж ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77.350.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг Таван толгой ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариу тайлбар, татгалзлын агуулга: 

М.*******ыг чөлөөлсөн үндэслэл бол нэгдүгээрт эрүүл мэндийн шалтгаантай байна гэдгээ өөрөө илэрхийлж байсан, хоёрдугаарт Солонгос улсад эмчлүүлэх хэрэгцээ шаардлага гараад байна гэдгээ гүйцэтгэх захиралд амаар тайлбарлаж үүнийхээ дагуу хүсэлтээ бичгээр илэрхийлж, шийдүүлсэн байдаг.

Хүсэлтдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бараг манайхыг дарамт, шахалт үзүүлсээр байгаад тэр хүсэлтийг нь бараг бэлэн биччихсэн байж байгаад М.*******ыг бараг хүчээр дарж гарын үсэг зуруулсан байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

М.******* нь өөрөө хүсэлтээ илэрхийлж, өмнө нь ийм хүндэтгэн үзэх шалтгаан байна. Таны зүгээс энэ тэтгэмжийн асуудлыг шийдээд өгөөч гэж ажил олгогч болон М.******* харилцан тохиролцсон байдаг.

Харилцан тохиролцсоны улмаас тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1-г үндэслэсэн, мөн дээрээс нь тэтгэмжийн асуудлыг олгохын тулд энэ хүн зургаан сар ажилласан, зургаан сар ажиллаад, зургаан сарын тэтгэмжийг олгосон байгаа юм.

Хуульд зааснаар 6 сар ажилласан хүнд 6 сарын тэтгэмж олгох нь өөр байдлаар хуульчилсан байдаг. Энэ хүнд харилцан тохиролцоод энэ хүнд дэмжлэг үзүүлэх гээд тэтгэмжийн асуудлыг олгохын тулд харилцан тохиролцож хөдөлмөрийн тухай хуулийн эдгээр зүйл заалтыг удирдлага болгож үндэслэлээ болгосон.

М.******* нь хүсэлтээ бичиж өгсөн, он сарын хувьд 2023 оны 09 дүгээр сарын 14 гээд огноог зассан байна гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа боловч нэхэмжлэгч хүсэлтээ өөрөө бичиж илэрхийлээд он сар өдрөө өөрөө буруу бичсэн байдаг.

Ажил олгогчийн зүгээс хараад огноогоо та андуураад буруу бичиж та үүнийг өөрөө 13-ны өдөр гээд зассан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаад байгаа дээр үзлэг хийлгээд М.*******ын өөрөө бичсэн гарын үсгийн хэлбэр мөн эсэх дээр нягталж, шалгах бүрэн боломжтой байсан. М.******* өөрөө засаж, өөрөө бичсэн гэдэг нь өөрийнх нь гарын үсгийн бичмэлийн хэвээр нотлогдоно.

М.*******ын тэтгэмжийн асуудлыг манайх 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд тэтгэмжийг шилжүүлж, чөлөөлөх тушаал нь хуульд нийцээд бүрэн хэрэгжээд дуусгавар болсон тушаал гэж манай ажил олгогчийн зүгээс харж байгаа. Тэгээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэхээр дарамт шахалт үзүүлсэн гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох бүрэн боломжтой. Д.Артаг гүйцэтгэх захирал мэдээж өөр ямар хүмүүс байсан дарамт шахалт үзүүлээд байгаа юм уу өргөдлөө яаж шилжүүлсэн гэдэг талаар бүхэл бүтэн ерөнхий нягтлан байсан хүн тодорхой хэмжээнд 6 сарын хугацаанд ажилласан дээгүүр албан тушаалтан энэ зэргийг нь нотлох бүрэн боломжтой байсан. Дээр нь нотлох боломжоо хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг зөрчигдөж байна гэж үзэх нь хуульд нийцэхгүй байна.

Эрх бүхий албан тушаалтан гэж тайлбарлаад байгаа зүйл нь Компанийн тухай хуулиар компанийн ерөнхий нягтлан бодогчийг эрх бүхий албан тушаалд томилж, тодорхой үйл ажиллагаанд төлөөлөх асуудлуудыг нь зохицуулах үүднээс Компанийн тухай хуулиараа зохицуулна.

Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажилтан албан тушаалтныг томилж, чөлөөлөх асуудал эрх хэмжээ нь компанийн гүйцэтгэх захиралд байдаг.

Тавантолгой хувьцаат компанид мөрдөгдөж байгаа дүрэм журам дээр Төлөөлөн удирдах зөвлөл хэн нэгэн ажилтны албан хаагчийг томилж төлөөлдөг эрх бүхий зөвлөл биш юм, Төлөөлөн удирдах зөвлөл бол хувьцаа эзэмшигчийн эзгүйд компанийн үйл ажиллагааг томоохон хэмжээний хэлэлцээр хийдэг тийм зүйлүүдэд ажилладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

М.*******ыг үндэслэлгүйгээр *******-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12 дах тал, 3 дугаар догол мөрнөөс ... М.*******ыг эрхэлж байсан ажлаас нь халаагүй, өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа ч М.*******ын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтдээ хавсарган гаргаж өгсөн Нүд судлалын эмчийн үзлэг баримтыг үндэслэн дээрх хуулийн заалтыг баримталсныг буруутгах боломжгүй гэж дүгнэв гэжээ.

Дээрх дүгнэлт нь логикийн бүрэн алдаатай, хууль тогтоомжийн хэрэглээнд зөв дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор харьцуулан дүгнээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Учир нь Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд дүгнэлт хийх, баримталбал зохих үндсэн нотлох баримт нь ажилтныг ажлаас халсан тушаал болон түүний үндэслэл байх ба уг үндэслэл бодитой бөгөөд нотлогдсон эсэх, хэргийн бусад үйл баримт, талуудын тайлбар, зэрэгтэй уялдаа холбоотой байгаа эсэхийг тус тус харьцуулан дүгнэх ёстой юм. Маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/301 тоот тушаалын үндэслэлд дараах байдлаар хууль хэрэглээний алдаа байгаа ба хэргийн үйл баримттай уялдахгүй байгаа юм. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах-тай холбоотой заалт юм. Үүнээс 80.1.3 дахь заалтыг хэрэглэх нөхцөлийг хуульд маш тодорхой заасан буюу эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр ажиллах боломжгүй нь тогтоогдсон байх, өөр албан тушаалд ажиллуулах боломжийг хэрэглэсэн боловч ажиллах боломжгүй байх гэсэн нөхцөл биелснээр хэрэглэх ёстой юм.

Гэтэл хэрэгт авагдсан ажилтны нүдний эмчийн үзлэгийн хуудас-ыг үндэслэж мөн хуулийн 80.1.3 дахь заалтыг хэрэглэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талд үйл баримт, нотлох баримтыг үнэлж, хариуцагчид илт ашигтайгаар үндэслэлгүй шийдвэрлэсэн.

М.*******ын уг үзлэгийн хуудаст хөгшрөлттэй холбоотой хараа муудах, зовхи унжих зэрэг энгийн зовиур, шинж тэмдгийг дурдсан байхад хөдөлмөр магадлах комиссын акттай адилтган дүгнэж, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэж тайлбарлах нь буруу юм.

Маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсон гэж заасныг мөн үндэслэл болгосон.

Гэтэл хариуцагч хариу тайлбартаа ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх бөгөөд бодит байдал дээр ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлөх ёстой байсан.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа харилцан тохиролцсон, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа мөртлөө тушаалд бичигдсэн үндэслэл нь эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэл байгаа, мөн ажилтнаас өргөдөл гаргасан гэсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг баримтлаагүй.

Дээрх нөхцөл байдлыг шинээр гүйцэтгэх захирал томилогдсон, хавсарч байсан ажлаас М.*******ыг чөлөөлсөн, ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж нэхэмжлэгчид 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэнтэй зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэвэл ажил олгогч ажилтныг ажлаас халах хүсэл сонирхолтой байсан, түүндээ хүрэхийн тулд тохиролцох санал тавьж байсан, өргөдөл бичүүлэхээр ятгаж, шахаж байсан гэдэгтэй нийцэж байгаа юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбараар тухайн үед хувийн хүндэтгэх олон шалтгаан үүсэж, хүнд гарз учирсан, сэтгэл зүйн хямралтай байсан нь ажил олгогчтой маргаан үүсгэж явах боломжгүй болгосон, дарамтад өртөж, өргөдөл бичиж өгөх шалтгаан болсон зэргийг шүүх харгалзан үзэж, бодитой дүгнээгүй. Монгол Улсын Дээд шүүхээс 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №1 дугаартай зөвлөмжөөр Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ баримтлах, анхаарах ёстой асуудлуудын талаар тайлбарласан байдаг ба үүний 1.7-д ажилтан хэдий өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн ч өргөдөл гаргасан учир шалтгаан, шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байсан эсэхийг нягтлах ёстой ба гол өөрийн хүсэл зоригийн дагуу өргөдөл гаргасан уу гэдгийг анхаарах ёстой байна.

М.*******ын гаргасан гэх өргөдөлд огноог 2 өөрөөр бичсэн буюу хэвлэмэл хэсэгт 2023 оны 09 сарын 14 гэсэн огноо байгаа боловч түүнийг баллаж, гараар 2023 оны 09 сарын 13 гэсэн огноог бичсэн байна. Маргаан бүхий ажлаас чөлөөлөх тушаал нь 2023 оны 09 сарын 13-ны өдөр гарсан байгаа бөгөөд өргөдлийг тушаалын араас буюу 14-ний өдөр бичиж, огноог нь засаж өөрчилсөн гэж үзэхээр байна.

Гэтэл шүүхээс дээрх үйл баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгчийн өөрөө ажлаас гарах хүсэлгүй байсан, шахаж, дарамталсан гэх хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ/2025/00142 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэнгээс давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхээс хэрэгт авагдсан ажилтны нүдний эмчийн үзлэгийн хуудас-ыг үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.3 дахь заалтыг хэрэглэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үйл баримт, нотлох баримтыг үнэлж, хариуцагчид илт ашигтайгаар үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. М.*******ын уг үзлэгийн хуудаст хөгшрөлттэй холбоотой хараа муудах, зовхи унжих зэрэг энгийн зовуурь, шинж тэмдгийг дурдсан байхад хөдөлмөр магадлах комиссын акттай адилтган дүгнэж, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэж тайлбарлах нь буруу юм гэжээ.

Ажилтны санаачилга, хүсэлттэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нь гэрээний хоёр тал харилцан тохиролцсоноор эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан гаргаснаар гэж хоёр ангилна.

Үүний нэг Талууд харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.1-д зохицуулсан бөгөөд ажилтан, ажил олгогч өөр хоорондоо харилцан ойлголцож, хөдөлмөрийн хугацаатай, хугацаагүй гэрээг дуусгавар болгохоор тохиролцох бодит үйлдэл хийх эрхийг хуульчилсан байна.

М.******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллах боломжгүй болж, Бүгд найрамдах Солонгос улсад яаралтай очиж, эмчлүүлэх шаардлагатай талаар удирдлагадаа хэлсэн. Ийнхүү өөрөө яаралтай шийдвэр гаргаж, ажил хүлээлцэж амжихгүй гадагшаа эмчилгээнд явах шаардлага үүссэн болохоо илэрхийлж, өөрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ эмчийн үзлэгийн магадалгаа /х.х-40х/-ны хамт өгсөн.

******* нь ажилтны хүсэлтийг хүлээн авч танилцаад, үүссэн яаралтай нөхцөл байдлыг харгалзан ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн хувьд яаралтай гадаад улсад эмчлүүлэх хүсэл эрмэлзэлтэй, эмчилгээний төлбөр гээд багагүй асуудал тулгарсан байсан тул компанийн зүгээс олон жил тууштай ажилласан нөхцөл байдлыг харгалзан үзэж ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд ажлаас халагдсаны тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Цаг хугацааны хувьд өргөдлийг 2023.09.13-ны өдөр гаргасан байх бөгөөд өргөдөлд хавсаргасан эмчийн үзлэгийн магадалгаа баталгаажсан хугацаа нь 2023.09.07-ны өдөр байна. Тодруулбал, ажил олгогчоос ажилтанд дарамт шахалт үзүүлж, өргөдлийг нь хүчээр бичүүлж авсан гэж үзвэл ажилтны гаргаж өгсөн эмчийн үзлэгийн магадалгаа нь өргөдөл өгсөн хугацаанаас хойш гарах боломжтой юм.

М.*******ын гаргасан гэх өргөдөлд огноог хоёр өөрөөр бичсэн. Өргөдлийг тушаалын араас буюу 14-ний өдөр бичиж, огноог засаж өөрчилсөн гэж үзэхээр байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс дарамт шахалт үзүүлж ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь хүчээр бичүүлж авсан, өргөдөл дээрх огноог зассан гэж тайлбарладаг. Гэтэл үнэхээр дарамт шахалт үзүүлсэн юм бол нэхэмжлэгч нь ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу холбоотой баримтаар хариуцагчийн гаргасан тайлбарт үндэслэл бүхий тайлбар хийх, нотлох баримтаар үгүйсгэх боломжтой байсан бөгөөд хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны санаачилга хүсэлтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох 2 тохиолдлыг хуульчилсан бөгөөд нэгд, талууд харилцан тохиролцсоноор /ажилтан, ажил олгогч аль нэг тал санаачилж болохоор гэхдээ уг хүсэлтийг хэн аль тал нь хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон байх/, хоёрт, ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдэж, 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй байх, уг хугацаа өнгөрмөгц хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан тооцох зохицуулалт юм.

Дээрх хоёр зохицуулалт нь шинжийн хувьд төсөөтэй мэт боловч ялгагдах онцлогтой. Талууд харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд ажилтан эсхүл ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар санаачилга гаргаж, хүсэл зоригоо илэрхийлсэн идэвхтэй үйлдлээр илэрнэ. Ийнхүү хүсэл зоригоо илэрхийлэхдээ ямар ч хэлбэрээр буюу амаар, бичгээр, үйлдлээр илэрхийлж болно.

Компаниас ажилтны байгууллагад тууштай ажилласан байдлыг харгалзаж, үүссэн нөхцөл байдал, гадаадад эмчилгээ хийлгэх яаралтай шаардлага тулгарч буй байдлыг харгалзан үзэж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор харилцан тохиролцсон.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч М.******* нь *******-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх үйл баримтаа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч талын татгалзал тайлбарт няцаалт хийж чадаагүй бөгөөд М.******* нь *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан зэрэг хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******аас шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргажээ.

*******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 13-ны өдрийн Б/99 дугаартай тушаалаар ... М.*******ын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс санхүү, хөрөнгө оруулалтын газарт Ерөнхий нягтлан бодогч албан тушаал-ын ажилд томилж /хх-ийн 5-р хуудас/, Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 13-ны өдрийн Б/301 дугаартай тушаалаар ...М.******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гарах өргөдөл гаргасан тул 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 6-р хуудас/,

Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын М.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.3, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтуудыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх тушаалын удирдлага болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.3-т заасан үйл баримт бодит байдал дээр болоогүй буюу ажлаас чөлөөлөгдөх тухай ажилтан болон ажил олгогчийн хооронд тохиролцсон зүйл байхгүй, мөн ажилтан эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон талаар нотлох баримт байхгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг зааж, 78.1.1 дэх хэсэгт Талууд харилцан тохиролцсон; гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг, 80.1.3 дахь хэсэгт ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол; гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч М.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *******-ийн захирал Д.Артагт ...Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгос улсад яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү. Яаралтай шийдвэр гарсан тул ажил хүлээлцэх болон санхүүгийн баримтыг хүлээлгэж өгч амжаагүй. гэсэн өргөдлийг гаргасан байна. /хх-ийн 39 дэх тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нотлох баримтыг үгүйсгэж, нэхэмжлэгч өөрийн сайн дурын үндсэн дээр бичээгүй, компанийн удирдлагын дарамт шахалтаас болж ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичиж өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх хариуцагч талын нэхэмжлэгч хүсэлтээ өөрөө бичиж илэрхийлээд он сар өдрөө өөрөө 2023-09-14 гэж буруу бичсэн байсан ба өөрөө 09 дүгээр сарын 13-ны өдөр болгож зассан гэх үгүйсгэсэн тайлбарыг нотлох баримтаар няцаахгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн маргааны гол үнэлэх ёстой чухал баримт бол тушаал. Анхан шатны шүүх тушаалыг хуульд үндэслэж гарсан уу үгүй юү гэдгийг нотлох баримттай уялдуулж үнэлээгүй гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарладаг.

Гэвч нэхэмжлэгч нь тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзсэн бол тушаалыг хүчингүй болгуулахаар эрх бүхий этгээдэд хандах боломжтой байсан боловч тухайн үед ар гэрийн нөхцөл байдлын улмаас цаг хугацаа алдсан гэх тайлбарыг гаргадаг.

Түүнчлэн М.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 2 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн харилцаа цуцалсны 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж болох 27,000,000 төгрөгийг *******-аас нэхэмжлэгчид олгосон болох нь хэрэгт авагдсан М.*******ын Хаан банк дахь ******* дугаартай дансанд ******* тэтгэмж утгатай шилжүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулга /хх-ийн 69 дэх тал/-аар нотлогдож байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 13-ны өдрийн Б/301 дугаартай тушаал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба тушаалын үйлчлэл биелэгдсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн үйл баримтад зөв дүгнэлтийг хийсэн ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ын гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ2025/00142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

Х.ГЭРЭЛМАА