| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 144/2024/00150/И |
| Дугаар | 203/МА2025/00040 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 203/МА2025/00040
2025 оны 08 сарын 13 өдөр Дугаар 203/МА2025/00040 Даланзадгад сум
Д.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 144/ШШ2025/00192 дугаар шийдвэртэй,
Д.*******гийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Иргэн Д.******* нь өөрийн өмчлөлийн Сузуки гранд витар маркийн бор шаргал өнгөтэй, арлын ******* тоот дугаартай, ******* улсын дугаартай, 70.270 км гүйлттэй, суудлын автомашиныг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-д 27.500.000 төгрөгөөр зээлээр худалдахаар хэлэлцэн тохирч автомашины өмчлөх эрх болон тээврийн хэрэгслийг биет байдлыг худалдан авагч ******* ХХК-д шилжүүлэн өгч, хүлээлгэн өгсөн. Худалдан авагч ******* ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэлх худалдагч Д.*******д автомашин худалдах, худалдан авах хэлцлээр хэлэлцэн тохирсон үнэ болох 27.500.000 төгрөг төлж дуусгаагүй болно. Иймд хариуцагч ******* ХХК-аас автомашин худалдах, худалдан авах хэлцлээр хэлэлцэн тохирсон үнэ болох 27.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тухайн үед 2021 оны 07 дугаар сарын 08-нд Сузуки гранд витар машины гэрээ хийгээд шилжүүлсэн байгаа. Гэрээн дээр болохоор 25 сая төгрөгийн гэрээ хийсэн байгаа, нэхэмжлэл дээр 27,500,000 төгрөг гэсэн байгаа. Тухайн үедээ манайх гэрээнд заасан данс руу 15 сая, 10 сая төгрөгөөр шилжүүлгээ хийгээд машинаа шилжүүлж авсан байгаа. Нөгөө талаас нэхэмжилсэн мөнгийг өгөөгүй олон жил болж байна гэж байгаа. Тухайн үедээ машинаа шилжүүлэхдээ мөнгөө шилжүүлчхээд машинаа шилжүүлж авсан байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,500,000 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлтэй Энгүүн болор хуяг ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 144/Ш32024/00553 дугаартай шүүгчийн захирамжаар авсан ******* ХХК-ийн эд хөрөнгө болох ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай SUZUKI GRANDVITARA маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Д.*******гийн давж заалдах гомдлын агуулга:
Тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн буюу хэргийн хэт нэг талд бүх талаас нь бүрэн бодитойгоор шийдвэрлэсэн гэж хариуцагч миний бие үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуульд заасан хуцалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байгаа тул тус гэрээ байгуулагдсанд тооцно гэж дүгнэсэн буюу Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г талууд байгуулсан гэж үзсэн.
Нэхэмжлэгч Д.******* нь худалдах, худалдан авах гэрээнд зааснаар ******* ХХК нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөөгүй тул өөрийн тоот дансаа зааж өгсөн байх боловч уг данс руу 27,500,000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн талаарх баримт нь дутмаг, өөр этгээдийн данс руу шилжүүлсэн үйл баримтыг огт үнэлээгүй, гэрчийн өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч харилцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мэдүүлгийг үнэн зөвөөр үнэлээгүй.
Нэхэмжлэгч Д.******* нь худалдах, худалдан авах гэрээнд зааснаар ******* ХХК нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөөгүй тул гэрээнд зааснаар НӨАТ-тэй дүнгээр буюу 27,500,000 төг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан боловч шалтгаан нөхцөл, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох гаргасан шийдлүүд нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 144/ШШ2025/00192 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг хуулийн хугацаанд гаргаж байна гэжээ.
5. Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ямар нэгэн байдлаар гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй өдийг хүрсэн нь үнэн. Миний гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг анхаарч үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө гэж итгэж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх гэрчийн өгсөн мэдүүлгийг огт үнэлээгүй. Тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.*******тэй худалдах, худалдан авах гэрээ хийсний дагуу уулзаад тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн боловч, Д.*******гийн дансанд машины үнэ 27,500,000 төгрөгийг шилжүүлээгүй.
Харин өөр хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр 27,500,000 төгрөгийг хийсэн гэдэг зүйлийг хэлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Д.*******гийн дансанд гэрээний үнийн дүн шилжээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний төлбөр 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
Талууд харилцан тохиролцож 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /хэргийн 112-114-р тал/,
Тус гэрээний 1 дэх заалтад ... Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, суудлын төрлийн, Сузуки гранд витар загварын арлын ******* улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ба худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, төлбөрийн тооцоо хийнэ.
2 дахь заалтад ...Тээврийн хэрэгсэл нь 25,000,000 төгрөг /НӨАТ ороогүй/ НӨАТ-тэй дүн нь 27,500,000 /хорин долоон сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй бөгөөд худалдан авагч нь 3 хоногийн дотор ХААН банкны ******* тоот дансанд хийнэ гэжээ.
Хариуцагч нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд бичигдсэн төлбөр хүлээн авах дансанд тээврийн хэрэгслийн мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дэрийлаамятавын Мандахнарангийн ХААН банкны ******* дугаартай харилцах данснаас ХААН банк ХХК-ийн ******* тоот дансанд 15,000,000 төгрөгийг Энгүүнболор машины төлбөр 10,000,000 төгрөгийг АТМ СР гэсэн утгатай шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хэргийн 71-р хуудас/-аар нотлогдсон байна.
Дээрхээс үзвэл, Д.******* болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.******* Сузуки гранд витар маркийн бор шаргал өнгөтэй, арлын ******* тоот дугаартай, ******* улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгөх, ******* ХХК нь автомашины үнэ 25,000,000 төгрөгийн үнийг төлөхөөр тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Худалдан авагч ******* ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэлх худалдагч Д.*******д автомашин худалдах, худалдан авах хэлцлээр хэлэлцэн тохирсон үнэ болох 27.500.000 төгрөг төлж дуусгаагүй болно гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар худалдан авагч гэрээнд заасан үнийг, гэрээнд заасан дансанд төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах агуулга бүхий гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 144/ШШ2025/00192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР