Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 203/МА2025/00041

 

 

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 13 өдөр Дугаар 203/МА2025/00041 Даланзадгад сум

 

 

 

М.Мөнгөнбаганын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 313/ШШ2025/00390 дугаар шийдвэртэй,

М.Мөнгөнбаганын нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох

23,012,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч М.Мөнгөнбаганын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянтогтох, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.******* миний бие *******-ийн гүйцэтгэх захирал болох *******тай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9-р баг, ******* тоот хашаанд 6:6 харьцаатай ажлын байрыг барьж ашиглалтад өгөхөөр харилцан тохиролцож 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа 20 000 000 төгрөгийг өгч, явц дундаа 15 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан юм. Ингээд байшингаа бариулаад 2023 оны 07 дугаар сард түлхүүрээ гардаж аваад сар хүрэхгүй хугацааны дараа бороо орж дээвэр таазнаас ус гоожоод шавар унаж, байшингийн гадна талын шавар хуурч унасан. Энэ болсон нөхцөл байдлыг тухайн компанийн захирал *******ад хэлэхэд ирж үзээд засаж өгөөд явсан боловч дахин ус гоожсон.

Чанаргүй стандарт нормын дагуу баригдаагүйгээс дахин ус гоожсон, дахин энэ талаар хэлээд засаж өг чанаргүй дээвэр байна, шинээр хийж өг гэсэн шаардлагыг тавьсан боловч хийж өгнө гээд одоог хүртэл засаж янзалж өгөхгүй байгаа юм. Миний бие цаг хугацаа алдаж байхаар гэж бодож өөр хүмүүсээр байшингийн дээврээ засуулах гэж үзүүлсэн боловч дээвэр дээр гарч янзлах боломжгүй нуралт үүснэ гээд татгалзсан учир яах учраа олохгүй өдийг хүрсэн.

Одоо байшингаа засаж сайжруулахад дээвэр болон гадна шавардлага, ажлын хөлс нийт 25 000 000 төгрөг зарцуулагдах тооцоог мэргэжлийн хүнээс асууж гаргасан. Үүнд:

1.Дээврийн материал бетон 1 мЗ-450 000 төгрөг байдаг бөгөөд 6 мЗ=2 700 000 төгрөг,

-   Арматур 500 000 төгрөг,

-   Хар цаас 450 000 төгрөг,

-   Праймер /шингэн цавуу/ 120 000 төгрөг, нийт 3 770 000 төгрөг.

2.Гадна талын шавар бороонд хуурч ховхорч унасан.

-   Гадна сайдинг 1 482 000 төгрөг,

-   Хөөс 180 000 төгрөг,

-   2-ын квадрат төмөр /18ш/ 360 000 төгрөг, нийт 1 722 000 төгрөг.

3.     Байшингийн дотор шавардлага цууралт өгч ховхорч унасан. Одоо бүрэн шавардахад

Цемэнт /МАК/ 20ш 400 000 төгрөг,

Элс 12 тонн 60 000/ 120 000 төгрөг, нийт 520 000 төгрөг.

4.     Ажлын хөлс /гадна, дотор засвар/ 17 000 000 төгрөг, бүх тооцоо нийт 23 012 000 төгрөгийн хохирол учирч маш их хохирч байна. Одоо яаралтай байшингаа засуулж авмаар байна. Маш их гомдолтой байна. Дээрх зардлын болон ажлын хөлсний тооцоог мэргэжлийн хүнээс асууж судалж үзсэний үндсэн дээр гаргасан байгаа юм.

Иймд *******-ийн гүйцэтгэх захирал ажилтай Батдэлгэрийн Бэхбатаас барилгын засварын материал болон ажлын хөлсөнд нийт 23 012 000 төгрөгийг гаргуулж өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Түүний санал, захиалгаар түүний байшингийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн нь үнэн. Утсаар дуудсаны дагуу очиж үзэхэд дээврийн 2 давхрын бетоныг нураагаад овоолон байдалтай байсан. Ямар шалтгаанаас үүнийг нураах болсныг би мэдэхгүй байна. Үнэхээр миний гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамаарсан бол байгаа байдал, дутагдлыг надад харуулж дахин хийлгэх, эсхүл үнийг гаргуулж өг гэх зэрэг шаардлагыг надад тавьж болох байсан. Мөн огт хийгээгүй зүйлийн үнийг ч нэхэмжилсэн байна. Иймээс би М.Мөнгөнбаганын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ад холбогдох М.Мөнгөнбаганын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мөнгөнбаганын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 010 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3, 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч М.Мөнгөнбаганын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд: ...Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 1. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заажээ. 1.1. Хариуцагч нь ус гоожсон гэх дээврийг үзэхээр 2024 оны 05 сарын үед хамт ажилладаг *******тай очиход дээврийн 2 давхрын бетоныг нураагаад овоолсон байдалтай байсан... гэсэн тайлбарыг гаргадаг. 1.2 Нэхэмжлэгч тал ...******* нь 6*6 харьцаатай ажлын байрыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж 2023 оны 07 сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн... гэж, 1.3 Гэрч ******* ...2023 оны 07 сарын эхээр байх өдрийг санахгүй байна. ******* нь М.*******, Х.******* нарт ажлын байрыг хүлээлгэж өгсөн гэж, 1.4 Гэрч Х.******* ...2023 оны 07 сарын эхээр байх өдрийг санахгүй байна. Бэхбат надад ажлын байрыг хүлээлгэн өгсөн. Миний мэдэж байгаагаар дээврээс 2 удаа ус гоожсон 2023 оны 07 сарын 28-ны өдөр биднийг Баяндалай сумын наадамд оролцоод гэртээ ирэхэд дээврээс ус гоожсон байсан.

2023 оны 8 сарын 15-ны өдрийн хавьцаа аймагт их бороо ороход тухайн байшингийн дээврээс болон хананаас ус гоожсон... гэж мэдүүлдэг.

Дээрхээс дүгнэвэл захиалагч М.******* ажил гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацааг зөрчөөгүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй. 2. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах гэж заажээ.

*******ын барьсан ажлын байрны зориулалттай барилгын дээврээс эхний удаа ус гоожиж доголдол илэрснийг М.******* нь н.*******аар доголдлыг арилгуулахаар сонгож, улмаар доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгч ******* хариуцсан болох нь талуудын тайлбар, гэрч Х.*******ын мэдүүлэг, диспозит дансны хуулга зэргээр нотлогддог. 3. ******* доголдлыг арилгахад шаардагдах зардлыг Н.*******ын дансанд 2023 оны 06 сарын 28-ны өдөр шилжүүлсэн байгаагаас үзвэл эхний удаа дээврээс ус гоожсон үйлдэл цаг хугацааны хувьд хэдийд үүссэн нь тодорхойгүй тухайлбал хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байгаа хэдий ч талууд эхний удаад дээврээс ус гоожсон талаар маргаагүй. 4. Харин 2 дахь удаагийн үйлдлийн улмаас илэрсэн доголдлын талаар талууд маргаж байна. 5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмсыг хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж, мөн хуулийн 247.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэжээ. 5. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч уг барилгыг захиалагч М.Мөнгөнбаганын өмчлөлд шилжүүлсэн тул эрсдэл өмчлөгч буюу М.*******д шилжсэн тэрээр өөрийн сонгосон этгээдээр эхний удаа үүссэн доголдлыг арилгуулсан нь талуудын тайлбар гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. 7. 2023 оны 8 дугаар сард дээврээс ус гоожиж илэрсэн доголдол нь ажил гүйцэтгэгч *******ын ажлын гүйцэтгэлээс үүссэн доголдол болох нь баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн ...2023 оны 08 дугаар сарын 15-ны үед 2 дахь удаагаа дээврээс ус гоожсоныг *******ад мэдэгдэж тэрээр ирээгүйн улмаас 2024 оны 08 дугаар сарын 24-ний үед 2-3 барилгын компани авчирч дээвэр янзлуулъя гээд үзүүлэхэд эхний ирсэн хүмүүс ажиллах боломжгүй гэж татгалзаад гурав дахь авчирсан компанийн хүмүүс чадах ядахаараа янзлаад үзье гээд дээврийг хуулсан... гэсэн тайлбар болон хариуцагчийн ...ус гоожсон гэх дээврийг очиж үзэхэд дээврийн 2 давхрын бетоныг нураагаад овоолсон байдалтай байсан... гэсэн тайлбараар тус тус няцаагдаж байна.

Түүнчлэн барилгын дээврийг 23.012.000 төгрөгөөр засах тооцоолол гаргасан гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбарт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Учир нь:

1.  Миний бие *******тай 2023 оны 04 сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9-р баг ******* тоот хашаанд 6*6 харьцаатай ажлын байрыг барьж ашиглалтад өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан өдрөө 20.000.000 төгрөг, явц дундаа 15.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. *******аас 2023 оны 7 сарын 03-ны өдөр ажлын байрны түлхүүрээ хүлээн авсан бөгөөд ******* нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т гүйцэтгэгч нь ажлын даалгаврын дагуу хийгдэх ажлуудыг стандарт, норм, дүрмийн дагуу чанартай хийж гүйцэтгэнэ гэснийг зөрчсөний улмаас бороо орсноос үүдэж барилгын дээврээс ус гоожсон, барилгын гадна дотор талын шавар хуурч ховхорч урссан доголдол илэрсэн учраас Бэхбатад хэлэхэд ирж үзээд ******* гэж хүнээр засуулахаар болж дагуулж ирсэн. Ингээд *******, Бэхбат, би, эхнэрийн хамт дэлгүүр гарч 105 цавуу авч тэр өдрөө ажлаа хийж дуусгасан. ******* дээврийн хууларсан хэсгийн шохойнуудыг хусаж үрээд, мөн хананы хууларсан хэсгийг хусаад өнгөгүй цагаан зуурмагаар зассан. Дараа нь өнгөгүй цагаан зуурмагаар зассан хэсгээ будсан. ******* үндсэндээ дотор талаас нь засаж янзалж өгөөд явсан. Гэтэл анхан шатны шүүх дээврийг бүрэн засварласан мэтээр үзэж хэт нэг талыг барьж хариуцагчийн тайлбар үнэн, нэхэмжлэгчийн тайлбар худал мэтээр дүгнэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх *******ыг чухам ямар материалаар юуг засаж янзалсан талаар дэлгэрэнгүй тодруулж асуугаагүй, 400.000 төгрөгийн хөлстэйгөөр дээврийг ус орохгүй бүрэн засварлах боломжтой эсэхэд шүүх дүгнэлт хийлгүйгээр *******аас доголдлоо шаардах эрхтэй мэтээр дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1,6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ ******* хэрэгжүүлээгүйгээс дээврээс ус гоожоод зогсохгүй барилгын гадна болон дотор тал нь барилгын наад захын шаардлага хангахгүй байгаа нь хэрэгт хавсаргаж өгсөн гэрэл зураг болон бичлэгээр хангалттай нотлогдож байхад *******ын ажлын гүйцэтгэлээс үүссэн доголдол болох нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь туйлын эргэлзээтэй байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1,8-д өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх гэж зааснаар ажил гүйцэтгэх үүргээ хэрхэн биелүүлж ажилласан бэ гэдэг нь бодит байдал дээр илэрхий, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд хэрэв ус ахин гоожоогүй бол дээврийг ахин засварлахаар хуулахгүй байсан юм,

*******ын чанар, стандартад нийцээгүй барилга барьж өгснөөс үүдэн одоог хүртэл барилгаа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй маш их хохирч байна.

Мөн анхан шатны шүүх барилгын дээврийг 23.012,000 төгрөгөөр засах тооцоолол гаргасан гэх боловч энэ баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа юм. Миний зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс энэ барилгыг хэвийн байдалд оруулж засаж сайжруулахад хэр хэмжээний төсөв, зардал шаардагдах талаар мэргэшсэн төсөвчнөөр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй атлаа бидний барилгын мэргэжлийн хүнд хандаж гаргасан тооцооллыг буруу гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол барилгын засварын материал болон ажлын хөлсөнд нийт 23.012.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн барилгын дээврийг

23.012.0                   төгрөгөөр засах тооцоолол гаргасан нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг маань буруу тодорхойлж, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн №313/ШШ2025/00390 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ. 

Нэхэмжлэгч М.******* нь *******ад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бариулсан байрын доголдлыг арилгуулахад шаардагдах зардал болох 23,012,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь миний хариуцлага хүлээх ажил биш учир төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ. 

 

Анхан шатны шүүх М.Мөнгөнбаганын гаргасан хариуцагч *******аас 23,012,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч М.******* эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байна гэх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн ба нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх ажлын хөлс болон нийт өртөг зардлын тооцоог тэргүүлэх төсөвчин *******гээр хийлгүүлэх, гэрчээр Х.*******, ******* нарыг асуулгах тухай хүсэлтүүд гаргасан байх ба

шүүх хуралдаан дээр гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэж, харин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг үнэн бодитой тогтоох буюу нотлох зорилгоор маргаан бүхий барилгын ажлын доголдлын засвар хийгдэхэд шаардлагатай зардлыг тогтоох нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болно. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг эдлүүлээгүй буюу өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,010 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Мөнгөнбаганын давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 313/ШШ2025/00390 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

2. М.Мөнгөнбаганын нэхэмжлэлтэй *******ад холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд буцаасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мөнгөнбаганын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Т.ДЭЛГЭРМАА