| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0563/Э |
| Дугаар | 657 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 657
2019 8 26 2019/ШЦТ/657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Хулан,
Хохирогч С.Отгонбаяр,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төр овогт Эрдэнэчулууны Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн 1911 00761 0263 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 04 дугээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Банкны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 48-1086 тоотод оршйн суудаг, урьд ял шийтгэлгүй, Төр овгийн Э. Э. /РД: ......../,
Яллагдагч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.овогтой Э. нь 2019 оны 02 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 4-55а тоотод оршин суух Г.Солонгоогийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч “Самсунг” загварын печь 1 ширхэг, “Дэвүү” /Daewoo/ загварын ус буцалгагч 1 ширхэг, халуун тогоо 1 ширхэг, залгуур 1 ширхэг, хутга заазуурны ком,” Блэк Дэккер” /Black dekkar/ загварын цохилттой дрилл 1 ширхэг, гар жижиг дрилл 1 ширхэг, гоёлын төмөр ээмэг, зүүлт 1 ширхэг, “Желет” сахлын хутганы ком, матрын арьсан тэлээ 1 ширхэг, Сумо цагаан будаа 5 кг, “Atom” шүдний оо 5 ширхэг, 00 цаас 5 ширхэг, нүүрний ком /гуужуулагч/ 1 ширхэг, шампунь ангижруулагч 1 ширхэг, үсний индүү 2 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг, солонгос гарын саван 20 ширхэг, “Atom” шүдний сойз 5 ширхэг, газан плитка 1 ширхэг, “Гүччий” /Gucci/ загварын эмэгтэй цүнх 1 ширхэг, эрэгтэй костюм пиджак 1 ширхэг, индүү 1 ширхэг, “Лоуис дуаторзэ” /Louis duatorzе/ загварын эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, машины “МП-3” /mp/ 1 ширхэг зэргийг, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.918.003 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн яллагдагч Э.Э нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 18- ны өдрийн орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50-600а тоотод хамтран амьдрагч С.Отгонбаярыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 02 сарын сүүл орчимд яг хэдний өдөр болохыг сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 50-600 тоот хашаанд байх гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. 10 цагийн үед асфальтан замын цаана байх нэг давхар алаг өнгөтэй гоёмсог байшингийн хаалга хаалттай байсан удалгүй 14 цагийн орчимд харсан хаалга нь онгойгоод томоор дэлгэгдсэн байсан. Орой гэгээ тасрах үеэр замын цаана байх байшин руу очиж харсан чинь байшинд хүн байхгүй байхаар нь байшин дотор байсан халуун тогоо нэг ширхэг, үсний индүү нэг ширхэг, нүүр гарын саван гурван ширхэг зэрэг эд зүйлийг авч гараад хаалгыг нь хаагаад гэртээ орж авсан эд зүйлээ гэрийн хажуу талд тавьсан. 2019 оны 3 дугаар сарын эхээр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.Отгонбаяртай маргалдаад гэрээс гараад явсан. Тэгээд хэд хоног архи ууж яваад 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цагдаад баригдсан...” гэх /хх-ийн 66-67х/, “...Би тэр олон тооны эд зүйл хулгайлж авсан зүйл байхгүй. Би тэр айлаас халуун тогоо, нүүр гарын саван 2-3 ширхэг, үсний сэнс зэрэг эд зүйл авсан. Би бусдын орон байранд хууль бусаар орж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа учир хохиролд гарсан үнэлгээний дагуу хохирол барагдуулна.../хх-ийн 68-69х/,
Хохирогч Г.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрт урд өмнө нь хулгай орж байгаагүй. Манай гэрээс цахилгаан тогоо 70,000 төгрөг, самсунг брендийн печь ойролцоогоор 400,000 төгрөг уртасгагч залгуур 35,000 төгрөг гоёлын төмөр ээмэг, бөгж 4 хос 50,000 төгрөг цахилгаан дрилл 500,000 төгрөг одоогоос 2 жилийн өмнө Япон Улсаас авсан. Кен брендийн дрилл нь 35,000 төгрөг 100 айлын захаас авч байсан. Ус буцалгагч 40,000 төгрөг хутга заазуурын ком 50,000 төгрөг Желетт брендийн сахлын нэг удаагийн хутга ком 200,000 төгрөг, матрын арьсан тэлээ 120,000 төгрөг, будаа 5 кг 15,000 төгрөг, шүдний ОО 5 ширхэг 150,000 төгрөг, ОО цаас 5 ширхэг 6000 төгрөг, эмэгтэй нүүрний гуужуулагч 1 ширхэг 30,000 төгрөг, шампунь ангижруулагч 1 ширхэг 50,000 төгрөг үсний индүү 2 ширхэг 90,000 төгрөг, ор хөнжлийн даавуу шинэ 70,000 төгрөг нүүр гарын солонгос саван 40,000 төгрөг шүдний сойз 5 ширхэг 15,000 төгрөг, газан плитка 1 ширхэг 30,000 төгрөг хар саарал өнгийн “гуччий” брендийн гар цүнх 1 ширхэг, 700,000 төгрөг, эрэгтэй костюм өмдний хамт 300,000 төгрөг, ахуйн индүү 1 ширхэг 50,000 төгрөг зэрэг алдагдсан байсан. “... бид хоёр шинээр гэр бүл болж байгаа бөгөөд бүх юм шинэ байсан манай хадам ээж Солонгос улсад амьдардаг болохоор ахуйн хэрэглээний эд зүйлээ явуулдаг мөн манай нөхөр өөрөө Солонгос улс яваад аваад ирдэг байсан юм...”, “...манай гэрээс манай нөхрийн хэрэглэж байсан Louis quatorze брендийн 2018 оны 02 дугаар сарын үед Солонгос улсаас Монгол мөнгөөр 800.000 орчим төгрөгөөр авч байсан цаг алдагдсан байсан. Мөн машины МП-3 30,000 төгрөгийн үнэтэй алдагдсан байсан...”, “...тухайн үед хоёр цоож хоёулаа цоожилсон хамгийн сүүлд манай дүү Цэнд-Аюуш манай гэрээс очиж миний эмийг авсан юм байна лээ. Тухайн үед би гэрийн түлхүүрээ дүү Цэнд-Аюушид өгч явуулсан манай дүү миний бодож байгаагаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр очсон болж таараад байгаа ...” гэх /хх-ийн 14-16х/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Хохирогч Г.Солонгоогоос гаргаж өгсөн бичиг баримтын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 102-110, 238 дугаар хуудас/,
Гэрч С.Огоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед 02 дугаар сарын 17-ны шөнө гэрээ цоожилж надад гэрийн түлхүүрээ авчирч өгөөд мөн зурагтаа манайд үлдээгээд явсан юм. Би тэрнээс тэрнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 3 дахь өдөр байсан хүүхдээ аваад замаараа Дэлгэрдалайгийн гэрээр орж эргэж тойрч гэрт нь ороод явсан юм. Тэр үед цонх хаалга үүд ямар нэгэн асуудалгүй бүрэн бүтэн байсан юм...” гэх /хх-ийн18х/ гэх,
Гэрч А.Дэлгэржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...би 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байх ах Огоогийн гэрт очоод буцах замдаа дүү Дэлгэрдалайгийн гэрийн хажуугаар гарч явсан чинь манай дүүгийн гэрийн хаалга онгорхой байхыг хараад Солонгоотой утсаар ярьж гэртээ ирсэн байгаа юмуу гэж асуусан чинь Солонгоо гэртээ ирээгүй байна гэхээр нь дүүгийн гэрт очиж харсан чинь манай дүүгийн гэрийн хаалга онгорхой цоожгүй дэлгээтэй байсан юм. Тухайн үед би гэрт нь орж үзсэн гэрт нь хүнгүй байшингийн баруун хойд талын цонх онгойсон байсан ....” гэх /хх-ийн 24х/,
Гэрч Г.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Солонгоо манай төрсөн эгч байгаа юм. Би Г.Солонгоогийн гэрт 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шиг санаж байна миний санаж байгаагаар 4 дэх өдөр байсан юм. Би хичээлээ тараад Солонгоо эгчийн гэрт очиж Солонгоо эгчийн эмийг авсан юм...”, ”...тухайн үед намайг гэрт нь очих үед гэрийн бүх зүйл байрандаа ямар нэгэн цонх, хаалганд эвдрэл гэмтэл байгаагүй юм. Би Солонгоо эгчийн эмийг авч гэрээс гарах үедээ гэрийг нь хоёр цоожоор нь давхар цоожилж хаалгыг нь татаж шалгаж үзээд явсан юм. Тэгээд түүнээс хойш 2 хоногийн дараа манай эгч Солонгоо манай гэрт хулгай орсон байна чи хаалга үүдээ сайн түгжсэн биздээ гэж асуугаад байсан юм...” гэх /хх-ийн 31х/,
Гэрч С.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 20-ний орчимд би яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна шөнө 04 цагийн орчимд Э.Э гэртээ гаднаас печь, халуун тогоо, машины Эм-Пи, сахлын татуурга ком шинээрээ, бугуйн цаг, хутга заазуурны ком, эд зүйл цоолдог хайрцагтай дрилл, ус буцалгагч, хайрцагтай тэлээ, оо, үсний индүү, нүүр гарын саван, оо сойз зэрэг эд зүйлийг эрүүл саруул ганцаараа оруулж ирэхээр нь би юу юм гэж асуусан чинь би айлд орчихлоо гэж хэлсэн. Маргааш нь Э.Э өөдөөс харсан замын дээд талд байх саарал өнгөтэй байшинд орсон гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Э.Э өнгөрсөн шөнийн авчирсан эд зүйлээ гэрийн гадаа нуугаад байсан...”, “...намайг ажилдаа явсан хойно нэг тийш нь аваачсан байх намайг гэртээ байх хугацаанд ийш тийш нь зөөж харагдаагүй..” гэх /хх-ийн 26-28х/,
Гэрч А.Дэлгэрдалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил буугаад ирсэн чинь манай гэрээс маш олон тооны эд зүйл алдагдсан байсан бөгөөд бүх эд зүйлийг манай эхнэр хэлж бүртгүүлсэн байсан юм. Харин миний 2018 оны 02 дугаар сарын үед Солонгос улсаас Монгол мөнгөөр 800,000 /найман зуун мянга/ орчим төгрөгөөр авсан “Louis quatorze” брендийн бугуйн цаг мөн миний машин зарах үедээ авч үлдсэн байсан 30,000 төгрөгийн үнэ бүхий “Эм-Пи 3” зэргийг хэлээгүй намайг авч явсан гэж бодож байсан байна лээ...”, “...манай ээж Алимаа Солонгос улсад амьдардаг би өөрөө Солонгос улсад ирж очиж байдаг болохоор хэрэглээний бүх эд зүйлээ Солонгос Улсаас өөрөө болон манай ээж явуулдаг байсан юм. Би Солонгос Улсад 6 жил гаран амьдарч байгаад Монгол Улсад ирсэн юм...” гэх /хх-ийн 33х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10х/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 222-228Х/,
Хоёр: Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаад мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ганцаараа 0,5 граммын архи уугаад байж байсан бөгөөд эхнэрийн нууц амраг болох эрэгтэй надруу 13 цагийн үед залгаад энэ хүүхнээ аваачээ битгий хүний амьдралд гай болоод бай гэсэн тэгэхээр нь би тэр хүнтэй хоёулаа уулзая гээд хэрэлдсэн бөгөөд 2 нялх хүүхэд өнчрүүлээд хүний амьдралд битгий гай бол гэж хэлээд хэсэг хэрэлдсэн юм. Тэгээд тэр залуу намайг блоклосон юм. Тэгэхээр нь би эхнэрлүүгээ залгаад битгий хүн доромжлоод бай орой гэртээ битгий ирээрэй гэж хэлсэн юм. Учир нь манай эхнэр өнгөрсөн оны 05 дугаар сараас эхлэн нэг залуутай явж байгаа гэж надад өөрөө хэлж байсан юм. Орой 20 цагийн үед манай эхнэр гэртээ ирсэн бөгөөд энэ явдлаас болоод манай эхнэр бид хоёр маргалдаад би эхнэрээ алгадаад авсан юм тэгтэл манай эхнэр гарч гүйгээд орилоод байсан бөгөөд хажуу айлын Ганаа гэх эмэгтэй орж ирээд цагдаа дуудсан юм. Миний урд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв болохоор надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй болно...” гэх /хх-ийн 163-164х/,
Хохирогч С.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой намайг пивоны шилээр 3 удаа цохиод зугтахдаа чамайг шөнө ирж ална гэж хэлээд явсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх,
Хохирогч С.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би ажлаа тараад гэртээ 20 цагийн үед ирэхэд манай нөхөр болох Эрдэнэмөнх гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байсан бөгөөд согтуу байсан, би галаа түлэх гээд сууж байтал Эрдэнэмөнх сэрээд надаас тамхи нэхсэн юм...”, “...нүүррүү цохиод авахаар нь би цагдаа дуудна гээд утсаа авах гэсэн чинь миний утсыг булааж аваад үснээс чирээд намайг гадаа гаргаад гар зайл гээд хөөсөн...”, “...Эрдэнэмөнх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр...”, “...архи уусан үед миний толгой хэсэгт пивоны шилээр 3 удаа цохисон бөгөөд энэ талаар өмнө шалгаж байсан Номинзу байцаагчид энэ талаар хэлсэн байгаа намайг шүүх эмнэлэгт үзүүлэх шинжээч томилж өгсөн боловч би шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм Тухайн үед миний ажлын зав болоогүй тэгээд ч миний толгой бага зэрэг хавдсан байж байгаад зүгээр болсон байгаа...”, “...Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...”, Миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан бөгөөд нэлээд хэд хоног эмчилгээ хийлгэсэн байгаа. Энэ талаар ямар нэгэн баримт аваагүй...” гэх /хх-ийн 141-143х/,
Гэрч Ч.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нэг удаа намайг эмнэлэгт хэвтсэн байх хооронд Отгонбаярын нүүр нь хөхөрчихсөн байсан юм тэрийг л би мэдэх юм. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Эрдэнэмөнх согтуугаар манай гэрт согтуу ирэхдээ цагдаагаас зугтаж ирлээ Отгонбаярыг пивоны шилээр цохичихсон гэж хэлсэн юм өөрөөр зоддог талаар би мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 152-153х/,
Шүүхийн шинижпгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1516 дугаартай шинжээчийн
-С.Отгонбаярын биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 155х/,
Шүүгдэгч Э.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 168х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Эийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Эөөс 1,830,045 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Солонгод олгуулахаар шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгч Э.Эөд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 163 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.овгийн Э. Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Эийн 2 /хоёр/ жилийн хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 30 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Эөд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Эийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 163 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эөөс 1,830,045 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 4-55а тоотод оршин суух, Бошоо овгийн Гантөгсийн Солонго /РД: ВИ96073008/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД