| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01322/И |
| Дугаар | 01266 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 01266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 28-4 тоотод оршин суух, Бадрах овгийн Доржсүрэнгийн Дашмягмарын /ФБ-6103021/ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Дашмягмар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Дашмягмар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Д.Дашмягмар нь 1984-11-15-ны өдрөөс Эрдэнэт хотын Монгол Энергострой трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны авто баазад хүнд даацын авто механизмын жолоочоор 1990-12-20-ны өдөр хүртэл, 1990-12-27-ны өдрөөс 1996-01-02-ний өдөр хүртэл Байгаль орчныг хамгаалах газрын харьяа Ойн аж ахуйн ангид МАЗ авто машины жолоочоор, 2001-03-25-ны өдрөөс Металл индустрал ХХК-д Камаз маркийн автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан.Би Энергостройн удирдах газар хүнд даацын маркийн автомашины жолоочоор ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт “жолоочоор” гэж бичсэн нь миний Маз маркийн автомашинаар тасралтгүй ажилласан жилд орохгүй миний эрх зүйн байдал дордож болохоор байна.Энергостройн удирдах газарт Маз маркийн хүнд даацын автомашины жолоочоор хамт ажиллаж байсныг гэрч Баярхүү, Идэрхүү нар мэднэ.Иймд миний 1984-11-15-ны өдрөөс 1990-12-20-ны өдөр хүртэл Энергострой трестийн Монгол ажилчдын захиргааны авто баазад хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Дашмягмар нь 1984-11-15-ны өдрөөс 1990-12-20-ны өдөр хүртэл Монгол Энергострой трестийн Монгол ажилчдын захиргааны авто баазад хүнд даацын /МАЗ-509/ автомашины жолоочоор ажиллаж байсан болох нь түүний цахим үнэмлэхний баталгаат хуулбар, 145242 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, Монголэнергосторй трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1989-01-09-ний өдрийн 04 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал,түүний хавсралт, 1987-06-18-ны өдрийн 26 дугаартай “бригад шинээр зохион байгуулах тухай” тушаал, түүний хавсралт, 1989-12-26-ны өдрийн 88 дугаартай “хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай” тушаал, түүний хавсралт,хамт ажиллаж байсан гэрч С.Идэрхүү, О.Сүхбаатар нарын мэдүүлэг,хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,иргэний үнэмлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.Иймд Д.Дашмягмарын хүсэлтийг хангах үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бадрах овгийн Доржсүрэнгийн Дашмягмарыг 1984 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл “МонголЭнергострой трест”-ийн Монгол ажилчдын захиргааны авто баазад МАЗ-509 автомашины жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ